“Сургуулийн эргүүл” хөтөлбөр орон нутагт ч амжилттай хэрэгжиж байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаа, сумдын долоон сургуульд эцэг, эхчүүд “School police”-ийн үүргийг гүйцэтгэж хэвшжээ.
Аймгийн цагдаагийн газраас “School police” эргүүлийг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулах санаачилга гаргасныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжин Сургуулийн орчинд эцэг, эхчүүдийн үүрэг гүйцэтгэх журмыг баталсан байна. Энэхүү журам батлагдсанаар “School police” эргүүлийн үүрэг гүйцэтгэх эцэг, эхчүүдийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хантааз, дохиур мод зэргээр хангаж өгчээ. Түүнчлэн “School police” эргүүл ажилласнаар энэ оны эхний 11 сарын байдлаар сургууль орчимд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдээгүй эерэг үр дүн гарсан байна.
Даланзадгад сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан С.Цоодол “School policе” хөтөлбөрийн талаар “Манай сургууль бага ангийн 900 сурагчтай. Нэг сурагчийн гэрээс жилд 1-2 удаа л “School police” гардаг бөгөөд эцэг, эхчүүд өөрийн болон бусдын хүүхдийн аюулгүй байдлын төлөө идэвхтэй оролцдог” гэж ярилаа. Мөн тус сургууль нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1-5 дугаар ангийн сурагчдыг “Гараас гарт” буюу хичээлд ирэх цагт эцэг, эх, асран хамгаалагчаас нь хүлээн авч, тарахад нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )