Э.Дөлгөөн: 10 жилийн хугацаанд 1000 даашинз цуглуулж, бүсгүйчүүддээ түрээсийн үйлчилгээ үзүүлж байна

2017 оны 12 сарын 06

Манай сайт уншигч бүсгүйчүүддээ зориулан нэгэн сонирхолтой зочныг урьж ярилцлаа. Энэ бол БНХАУ-ын Цунчины их сургуулийн кино найруулагчийн ангийн төгсөх курсийн оюутан Э.Дөлгөөн. Тэрбээр багаасаа даашинз цуглуулах хоббитой байсан бөгөөд энэхүү сонирхолдоо хөтлөгдөн 1000 шахам даашинзыг цуглуулан, сүүлийн дөрвөн жил шинэ жилийн баяраар түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Анхны бизнесээ 16 настайдаа итгэл дүүрэн эхэлсэн охин өнөөдөр ч сонирхолдоо үнэнч хэвээр ажлаа үргэлжлүүлж байгаа аж.

Хэзээнээс даашинз сонирхох болсон бэ?

-Багаасаа. Хэдэн настай ч юм бэ дээ... Яг тэдийд гэж хэлэх хэцүү. Ээж маань яг надтай ижил даашинз цуглуулах дуртай, хоббитой. Миний сонирхол ээжээс маань өвлөгдчихсөн байх гэж боддог. Намайг жаахан байхаас эхлэн ээж надад маш их даашинз авч өгдөг байсан. Би ч үүнд нь дуртай байсаар өнөөдрийг хүрсэн байна.

1000 шахам даашинз гэдэг бол бага тоо биш. Энэ бүгдийг бий болгоход хэдэн жил зарцуулсан бол?

-Яг шинэ жилийн даашинзыг цуглуулж эхэлснээ тооцох юм бол 10 жил гэж хэлж болно. Ээжийн минь цуглуулга надад өвлөгдөн би нэмж цуглуулсаар энэ тоонд ойртсон байна.

Яагаад шинэ жилийн даашинзын түрээсийн үйлчилгээ үзүүлэх болов?

-Ер нь миний хувьд, эмэгтэй хүнийг гоёмсог тансаг байгаасай гэж хүсдэг. Үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүд, ойр дотны хүмүүстээ шинэ жилийн даашинзыг нь сонгож өгдөг болсон. Зөвлөгөө бүр минь тухайн хүмүүстээ таалагдаж, шинэ жилийн цэнгүүндээ хамгийн хөөрхөн нь байж чадаж байгааг харах явдал үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Эхэндээ ойр дотны хүмүүс намайг мэддэг учраас тусламж авдаг байсан бол одоо олон хүний санал хүсэлтийн дагуу энэ чиглэлийн ажлыг эрхлэх болсон.

Хэзээнээс түрээсийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн бэ?

-Би 2014 оноос эхлэн энэхүү үйлчилгээг явуулж эхэлсэн. Тухайн үед БНХАУ-ын ... их сургуульд элсэн орсон бөгөөд 12-р сард амралтын үеэ тааруулж ирээд энэ ажлаа эхлүүлсэн юм. Анхны жил гэхэд миний үйлчилгээ олон хүнд таалагдсанд би маш их баяртай байдаг. Үүнээс хойш жил алдалгүй энэхүү үйлчилгээгээ үзүүлж байна. Одоо нэлээн олон байнгын үйлчлүүлэгчтэй болсон шүү.

Таны мэргэжил кино найруулагч гэж байна. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-Би анх загвар зохион бүтээгч болох сонирхолтой байсан. Яг бүх сонголт өмнө минь ирэх үед кино найруулагч гэдэг мэргэжил илүү их таалагдсан юм. Кино найруулагч гэдэг мэргэжил бүх салбар руу хөрвөх боломжтой. Нарийн мэдрэмж шаарддаг учраас энэ салбартай холбогддог юм болов уу гэж боддог. Одоо ч сонирхлоо орхилгүй мэргэжлийн хичээлийн хажуугаар загварын дугуйланд хамрагдаж байгаа.

12-р сар гарахтай зэрэгцэн шинэ жилийн арга хэмжээ эхэлдэг. Энэ онд хэзээ хамгийн анхны даашинзаа түрээсэлсэн бэ?

-Ер нь жил ирэх бүр албан байгууллагын шинэ жилийн баяр эрт болоод байх шиг анзаарагддаг. Тухайлбал, энэ жил 11-р сарын 25-нд эхний даашинзаа түрээсэлж иж бүрэн гоёл чимэглэл, туфли гэх мэтээр гоёж өгөөд явуулсан. Сэтгэгдэл ч их сайхан байсан. Ер нь хүмүүсийн баярлаж талархсан сэтгэл зүйг харах сайхан шүү.

Таныг анзаарч байхад бүх зүйл дээр уян хатан хандаж үйлчилдэг юм байна. Мэдээж, улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед олон төрлийн хүмүүс үйлчлүүлж байгаа байх даа?

-Тийм ээ. Миний үйлчлүүлэгчдийн дийлэнх нь оюутан, 10 жилийн хүүхэд, залуучууд байдаг. Тэдэнд мөнгөний боломж бусад хүмүүсийг бодоход арай дутагдалтай байдаг нь нүдэн дээр ил харагддаг. Заримдаа нэг найзыгаа дагаж орж ирээд аль нэг даашинз өөрт нь таалагдсан боловч өмсөж үзэж чадахгүй байгаа дүр төрх цөөнгүй гардаг. Энэ үед би сонирхож байгаа даашинзыг нь өмсөж үзэхийг хүсэн, хамгийн доод үнийг санал болгодог. Ихэнх нь энэ хандлагад минь таатай хандаж баяртай байдаг юм.

Ямар ч үйлчилгээний үнэ ханш хамгийн чухал асуудлуудын нэг шүү дээ. Танай үйлчилгээний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Манайд өнгө размерын өргөн сонголт байгаа. Таны биений хэлбэрт зохицох гоёмсог даашинз бүгд байгаа гэж ойлгож болно. Энэ бол хамгийн том давуу тал. Ямар ч хүн ирсэн гэсэн бидэнд танд таалагдах даашинз байх л болно гэж хэлмээр байна. Энэ жилийн хувьд бусдаас үнийн хувьд харьцангуй уян хатан байх зорилгоор 10,000-40,000 төгрөгийн хооронд гэж тогтсон байна.

Бүх размер, өнгө байна гэдэг маш том давуу тал. Танайх энэхүү даашинзаа хаанаас оруулж ирдэг вэ?

-Дэлхийн зөвхөн гар утасны зах зээлд гэхэд л, 80 хувийг БНХАУ-д үйлдвэрлэж байна. Үүнтэй ижил ихэнх салбар чиглэлийн үйлдвэрлэлт мөн л тэнд хийгдэж байна. Манайх БНХАУ, Япон, Солонгос, Герман, Турк, Орос зэрэг улсуудаас ирсэн байдаг. Бүх хэмжээнд тааруулахын тулд олон улсаас оруулж ирэх шаардлага заавал тулгардаг. Жишээ нь, БНХАУ-ын размер арай жижиг талдаа байдаг шүү дээ.

Түрээсийн үйлчилгээ гэдэг бол түр өмсөөд буцаагаад өгөх гэсэн үг. Даашинзныхаа угаалга цэвэрлэгээг хэрхэн хийдэг вэ?

-Манайх нэг гэр бүлийн хоёр хүнтэй гэрээгээр хамтран ажилладаг. Үйлчлүүлэгч баяртаа зориулж даашинзаа сонгоно. Өмсөөд бидэнд хүлээлгэж өгнө. Үүний дараа бид гэрээтэй газартаа хүлээлгэж өгч тусгай машин, угаалгын бодисоор ариутган цэвэрлэгээг хийдэг учраас санаа зовох зүйл байхгүй. Дэлхийн хэмжээнд зөвхөн даашинз биш автомашин, өрөө, орон сууц гээд бүхий л зүйл түрээсийн үйлчилгээтэй байдаг. Энэ нь олон нийтийн эрх ашигт тохируулан боломж олгож байгаа нэг зүйл учраас зөвөөр ойлгоосой гэж их хүсдэг.

Зарим хүмүүс буруугаар ойлгох тохиолдол гардаг байх. Энэ талаар яривал?

-Ер нь тиймэрхүү зүйл их, бага хэмжээгээр гарч байсан. “Сайны хажуугаар садаа мундахгүй” гэж үг бий. Бүх зүйл сайхан байна гэж байхгүй. Бэрхшээл гарч л байдаг. Хамгийн гол нь бидэнд  итгэж ажил үйлсийг минь дэмжиж байдаг хүмүүсийн сайн сайхан үг үйлдэл нь муугаасаа хавьгүй илүү байдаг учраас өнөөдрийг хүртэл оршин тогтнож байна л гэж боддог.

Тийм шүү. Та өөртөө болон үйлчилгээндээ ийм итгэлтэй, сэтгэл хангалуун байна гэдэг бүх зүйлийн баталгаа мэт санагдаж байна.

-Баярлалаа. Хийж байгаа зүйлдээ дуртай, хайртай байх юм бол бүх зүйл сайхан. Саад тохиолдсон ч даваад л гардаг. Бидэнд итгэхэд хэцүү зүйл гэж байхгүй учраас та сонголтоо хийж амжаагүй байгаа бол миний даашинзуудыг ирж сонирхоорой.

Таны ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

А.Хишигдэлгэр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top