Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүтэй ярилцлаа.
-Тантай шинэ ажил авснаас чинь хойш уулзаагүй юм байна. Жил гаруйн хугацаанд хийсэн ажлын тань талаар тодорхой ярилцахаар зорьж ирлээ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
-Зорьж ирсэнд баярлалаа. Өнгөрсөн жилүүд (2012-2016 он)-д Үндэсний статистик, бүртгэлийн ерөнхий газар нэртэйгээр ажиллаж байсан бүртгэлийн байгууллагыг жинхэнэ утгаар нь ажиллуулахын тулд шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлахдаа статистикийг салгаж, Оюуны өмчийн газрыг (хуучнаар) нэгтгэсэн юм. Тэгэхээр одоогийн ОӨУБЕГ бол шинэ тутам байгуулагдсан агентлаг гэж ойлгож болно. Улсын бүртгэл гэдэг ямарваа нэг зүйлийг үүсгэн бий болох, жишээлбэл, хүүхдийг мэндэлмэгц л бүртгэж авдаг алба юм шүү дээ. Иймээс оюун ухаанаас төрсөн шинэ бүтээлийг бүртгэж баталгаажуулдаг гэдэг утгаараа Оюуны өмчийн газрыг нэгтгэсэн нь буруудах зүйлгүй бүтэц байсан.
-Гэхдээ хууль эрх зүйн талаасаа хэр нийцтэй байсан юм бол?
-Нэг асуудал бий. Оюуны өмчийн бүртгэл нь одоо зохиогчийн эрх, аж үйлдвэрийн өмч, патент, шинэ загварын гэсэн дөрвөн тусдаа салбар хуульд харьяалагдаж байгаа юм. Энэ бүхэн манай Бүртгэлийн ерөнхий хуулийн өөрчлөлт, шинэчлэлд суучихсан явж байна. Хуулийн төсөл батлагдангуут оюуны өмчийн эрхийн бүртгэл гэдэг шинэ нэр томъёо бий болж, энэ асуудлыг хариуцсан манай нэг хэлтэс хэлбэрээр ажиллах тогтолцоо бүрэлдсэн. Үүнээс үндэслээд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд бидний ажил эмхлэн байгуулах чиглэлд өрнөсөн гэж дүгнэж болно. Энэ хугацаанд орон нутаг, Ерөнхийлөгчийн гээд гурван том сонгуулийн бэлтгэл ажлыг хангах томоохон үүрэг ногдсон. Ер нь аль ч шатны сонгуулийн ажлын 65 хувийг манай бүртгэлийн байгууллага үүрч гардаг юм шүү дээ. Сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн байр, хурууны хээ таниулах төхөөрөмж, компьютерийн систем, дэлгэц дээр гарах тоо баримт гээд маш олон ажлыг манайх хариуцаж, ажилтнууд маань өдөр шөнө, өглөө оройгүй ажилласны хүчинд амжилттай давж гарсан.
-Таныг авсан ажлаа өөд нь татаж, ажилласан хүмүүстэйгээ гар нийлдэг гэж намын нөхөд тань үнэлдэг. Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байхаас тань мэдэх юм. Шинэ юм эхлээд үр дүнг нь харах сайхан биз?
-Таатай үг сонсоход урамтай байна, баярлалаа. Аливаа шинэ ажил авахад “Атрын II аян”-ы үед Баянхараатын сангийн аж ахуйд даргаар нь томилогдон очиж, Мануухайтын ферм дээр майхнаа босгочихоод өргөн дэлгэр атаршсан газрыг хараад зогсч байсан үе минь санагдаад байдаг юм. Тийм л байдлаар энэ ажилдаа орж байсан бол одоо бүх юм гарт орлоо. Ямар ч хүн энд ирээд залуураа бариад хурдасгуураа гишгэхэд бүртгэлийн ажил урагшилна. Энэ хооронд их зүйл хийсэн.
Юуны өмнө манай бүртгэлийн байгууллага Монголын төрийн ой санамж гэж боддог. Учир нь, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа нь манай улсын иргэд юм. Тэгвэл эхийн хэвлийгээс мэндэлсэн нялхаас эхлээд ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртэлх бүх бүртгэл манайд байна. Түүнийг бүгдийг цахимжуулчихсан, 65 мегабайт мэдээллийн баазыг бид хариуцдаг. Төрөл бүрийн мэдээллийн сантай 58 сервер, технологижсон найман том төхөөрөмж ажиллаж байна. Сум, хороонд үүргээ гүйцэтгэж байгаа манай ажилтнууд гэхэд зургийг нь авах аппарат, хурууны хээ унших төхөөрөмж, хүүхэд төрөнгүүт бүртгэж авах компьютерийн системтэй том сүлжээнд холбогдсон байна. Үндэсний аюулгүй байдал хэмээх чиг үүрэгтэй энэ нүсэр сүлжээнд бид эрсдэлийн үнэлгээ хийж, “Үндэсний ой санамж 1.2.3” гэсэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Монгол Улсынхаа хүн амын бүртгэлийн нэгдсэн системийг эрсдэлгүй болгож, урьдчилан сэргийлж чадлаа. Дахиад нэг жил болсон бол байдал хүндрэх л байсан байх.
-Иргэний бүртгэл мэдээлэл, хуулийн этгээдийн бүртгэл энэ тэр дээр багагүй хүндрэл гардаг байсныг санаж байна. Одоо харьцангуй гайгүй болсон байх, тийм үү?
-Тагнуулын ерөнхий газар, “Дата” төв зэрэг холбогдох байгууллагатай хамтран үнэлгээ хийсний үр дүнд Засгийн газраас хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, маш олон ажлыг амжууллаа. Ирэх онд гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгаж өгсөн. Үүгээр бид найман серверээ шинэчилнэ. Энэ бүхний үр дүнд бүртгэл, мэдээллийн ажил илүү түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй явах боломж улам л нэмэгдэж, эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Энэ бол зөвхөн нийслэлийн төдийгүй улсын хэмжээний өргөн далайцтай ажил гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй.
-Өнгөрсөн жилээс хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийж эхэлсэн. Энэ ажлын ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ?
-Хамгийн наад зах нь хөдлөх хөрөнгөө барьцаалаад зээл авч болно. Үүнийг улам нарийвчилж “Үндэсний ой санамж 1.2.3” хөтөлбөрөө бид “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөртөө багтааж үргэлжлүүлнэ. Энэ нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан хөтөлбөр юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид боловсон хүчнээ чадавхжуулах сургалтыг өргөн бүрэлдэхүүнд явуулсан. Үүний үндсэн дээр сум, хорооныхоос бусад улсын бүртгэгч нарынхаа мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн төвшинг тогтоолоо. Манайх нийтдээ 1200 гаруй ажилтантай. Хэдийгээр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, технологийг боловсронгуй болгож байгаа ч эцэстээ түүнийг чинь хүн л ажиллуулах юм байгаа биз дээ. Тэгэхээр ийм төвшний техникийн чадвар, хуулийн мэдлэг, ажлын чадавхитай болгож сургах ёстой. Одоо компьютерийн дундаас дээш төвшний чадвартай л байхгүй бол манай бүртгэлийн байгууллагад ажиллаж чадахгүй. Намайг ийм төвшин тогтоох шалгалт аваад эхлэхэд Төрийн албаны зөвлөлөөс “Манайхаас өөр ямар шалгалт аваад байна, нөхөөр” гэж л байсан. Гэтэл одоо Төрийн албаны тухай хуулийг шинэчилж, төрийн захиргааны болон тусгай үүрэг бүхий албаны ажилтны төвшинг мэргэжлийн нь хувьд тогтоох тухай заалт ороод явж байна. Үүнийг бид аль эрт хийчихсэн.
-Таныг ажлаа авсан даруйдаа баахан хүнийг хоморголон халсан мэтээр ярьж бичиж байсан. Тэр талаар тайлбар хэлнэ үү?
-Нэг үхрийн эвэр доргивол гэдэг шиг ганц хүний буруу үйлдэл хамт олны дунд сөрөг уур амьсгал бий болгодог. Тиймээс ийм хүнээс салах нь буруу гэж үү. Ажлын цагаар архи дарс уудаг, дур зоргоороо гадаад дотоодод дэмий тэнэдэг, мөнгө хөрөнгөтэй холбогддог, хээл хахуульд өртдөг 20 гаруй хүнийг би ажлаас нь халсан, үнэн. Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн дагуу зүй ёсоор нь явуулсан.
Өмнө нь хяналтын байцаагч ганцаараа шалгалт хийдэг байхад албан тушаалаа урвуулан ашиглах байдал ажиглагдсан. Тиймээс би тогтолцоог нь өөрчилж, Даргын зөвлөлийн гишүүн, газар хэлтсийн дарга ахалж 9-10 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг хяналтын байцаагчийн хамт шалгалтыг хийдэг болгосон. Гэхдээ энэ нь шалгаж зовоох биш мэргэжлийн зөвлөгөө өгөх, алдаа дутагдлыг засч залруулах, сайн ажиллаж байгааг нь магтаж урамшуулах чиглэлийг баримталж байна.
Хамгийн сүүлд дөрвөн аймаг, нийслэлийн дөрвөн том дүүрэгт энэ аргачлал, тогтолцоогоор шалгалт хийж, саяхан болсон ойн баярын өмнөхөн Даргын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн хэлбэрээр хийж, алдаа дутагдалтайг нь хэлж шүүмжилж, арга хэмжээ авч, сайныг нь магтаж шагнасан нь томоохон сургалт сургамж болсон. Ширээний ард суугаад хяналт шалгалтын дүнг сонсч, шийдвэр гаргадаг байсан дарга нар өөрсдөө орон нутгаар явж, газар дээр нь очиж үзэхээр ажлынхаа гүнд орж, жинхэнэ ёсоор мэдэрч эхэлж байна. Үүнд үндэслээд хэлэхэд бид хяналт шалгалтын арга зүйг боловсруулан гаргасан нь томоохон алхам болсон гэж үзэж байгаа юм.
-Таны хийсэн ажлын зах зухаас сонслоо. Та газар тариалан, хөрөнгийн зах зээл, хууль тогтоох байгууллага гээд олон салбарт ажилласан. Тухайн салбар бүрт эргэж дурсах ажил үйл арвин байдаг байх. Харин бүртгэлийн салбарт хийсэн ажлаасаа гадна бахархал нь юу байдаг вэ?
-Бид НҮБ-д жилд хоёр удаа Монгол Улсын нэрийн өмнөөс мэдээлэл өгдөг юм. Энэ нь хүн амын тоо. Гурван сая гаруй монгол хүн 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутаг дээрээ тооноо наранд өргөж, тоосоо хадаан амьдарч байна гэж мэдээлдэг. Энэ л миний бахархал. Анх ажил авч байхдаа ч “Хүнд хэцүү болгон дээр намайг тавьж байдаг. Би яачихсан хүн юм бэ” гэх бодлоор дургүйцэж байсан үе бий. Гэвч өнгөрсөн жил хагасын хугацаанд санасан, бодсоноо гүйцэлдүүлж чадлаа. Одоо бүх юм сайн сайхан боллоо. Хамт олны минь хүч, сахилга хариуцлагатай байсны үр дүн гарч л байна.
-Ажил хийж байгаа хүн алдаатай оноотой л байдаг гэдэг. Тантай холбоотой яригдаж байгаа нэг асуудал бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг бүртгэсэн нь хууль ёсны байсан эсэх талаар хэл ам гарсан. Үүнийг яаралтай улсын бүртгэлд оруулах ёстой гэж таныг шахаж шаардсан юм уу?
-Би хуулийн хүрээнд үйл ажиллагааг үнэнч шударгаар гүйцэтгэнэ гэж гар өргөж, тангараг тавьсан төрийн захиргааны жирийн л нэг ажилтан. УИХ, Засгийн газраас гаргасан аливаа шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой л хүн шүү дээ. 2016 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр УИХ-ын 23 дугаар тогтоолд ОХУ-ын мэдэлд байсан “Эрдэнэт” улсын үйлдвэрийн газрын 49 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмч болгож, улсын бүртгэлд бүртгэх тухай заалт байгаа. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 145 дугаартай тогтоол гаргасан. Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрээ эцэслэж, манайд хүсэлтээ ирүүлсний дагуу би цохолт хийж, хоёр хоногийн дотор бүртгэлд авсан. Ийм л юм болсон. Үүнд миний оролцоо гэж юу байх вэ дээ.
-Та хөрөнгийн зах зээлд цөөнгүй жил ажилласан хүний хувьд хэр бодитой үйл явдал гэж харж байгаа юм бэ дээ?
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьд анхдагч зах зээлийн арилжаагаар 51 хувь нь Монголын талд, үлдсэн нь Оросын талд хуваарилагдчихсан байдаг. Харин хоёрдогч арилжаагаар Монголын төрийн өмчид 100 хувь шилжчихэж байгаа хэрэг. Тус компани хязгаарлагдмал хариуцлагатай, нээлттэй бус компани учраас арилжаа нь лангууны цаана болдог юм. Энэ нь УИХ-ын тогтоолоор хийгдсэн арилжаа гэж ойлгож болно, хуулийн хүрээнд. Манайд одоохондоо ХХК-ийн хувьцааг арилжаалдаг бирж байхгүй шүү дээ. Тиймээс улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа ч хуулийн дагуу болсон гэж ойлгож болно.
Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-т авсан 49 хувийг шийдвэрлэх комиссыг шинэчлэн байгуулсан. Содхүү дуртайдаа ч юмуу албан тушаалаа ашиглаад хууль бус бүртгэл хийчихсэн юм шиг олон нийтэд ойлголт төрүүлээд араас нь миний тухай мянган яриа, түмэн шуугиан дэгдээж байна л даа. Би дээр хэлсэн. Төрийн албан хаагчийнхаа, төрийн өмнө хүлээсэн үүргээ л зохих ёсоор нь биелүүлсэн хүн, би. “Аливаа албан тушаалыг хашиж чадна гэвэл гуйгаад ч хамаагүй ав. Чадахгүй бол өгсөн ч битгий оч” гэсэн миний нэг зарчим байдаг юм. Гэтэл одоо хүмүүс албан тушаалд ямар ч их дуртай болчихсон юм бэ. Тийм хүмүүс дээр нэмэгдээд албан үүргээ ёс журмаар нь гүйцэтгэж чадалгүй халагдсан эсвэл “Үер” киноны Молом шиг эгзэгтэй үед чулуун жинстэй малгай өмсчих гэж санаархсан хүмүүс л над руу дайралт хийгээд байна уу даа гэж хардаад байгаа юм. Тэр хүмүүст “Төрийн албанд өөрийгөө сайтар бэлд, боловсор” гэж зөвлөмөөр санагдаж байна.
-Та ч өөрийн тань албан тушаалд санаархсан хүмүүст зөвлөгөө өгөөд залуур, хурдасгуураа сайн зохицуулж чадвал ажил чинь бэлэн гэж хэлээд байгаа юм уу даа?
-Яалаа гэж дээ. Би жил хагас хүрэхгүй хугацаанд энэ ажлыг ийм үр дүнтэй хийж чадлаа. Үүнд их хүч хөдөлмөр, зүтгэл шаарддаг юм шүү гэж сануулахын хамт өөрийнхөө ажлыг дүгнэж хэлж байгаа минь энэ. Монгол төрөөс надад итгэж найдаж даалгасан ажлыг хоёргүй сэтгэлээр, чадлынхаа хэрээр гүйцэтгэж, чөмгөө дундартал зүтгэсний хойно элдэв хар буруу үг сонсохоор заримдаа гомдох сэтгэл төрөх л юм.
Одоогийн Засгийн газрын харьяа 27 агентлаг байдаг. Дээгүүр нь оффшор энэ тэр гэж том харайлдаад дундуурх мань мэтийг мөн ч их гөвж байна аа. Бид энэ ажлыг дуртайдаа хийгээд байгаа юм биш. Төр, түмнийхээ төлөө гэсэн сэтгэл, гүн итгэл үнэмшлээрээ идэвх зүтгэлээрээ төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа улс. Тийм болохоор төр биднийг бас хамгаалах л учиртай байх.
-Танайхаас халагдсан хүмүүсийн тухайд та дээр тайлбар хэлсэн. Харин хамаатан садны цөөнгүй хүнээ авч ажиллуулсан гэх яриа гарч байлаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Одоо хүн ажилд авах процесс чинь их нарийн болсон, надад тийм эрх ч байхгүй. Манайд нэг ажлын орон тоо гарахад Төрийн албаны зөвлөлд захиалгаа өгнө. Тэнд өрсөлдүүлээд шалгарсныг нь нааш явуулахаар АТГ-т ашиг сонирхлын зөрчлийг нь шалгуулж байгаа юм. Эцэст нь би тушаал гаргадаг л хүн. Энэ ажлыг авснаас хойш миний тушаалаар 386 хүнийг томилсны дотор Төрийн албаны зөвлөл, АТГ-ын тодорхойлолтгүйгээр шийдсэн нэг ч асуудал байхгүй. Үүнийг би хаана ч бардам хэлнэ.
-Та тэгээд өөрөө мэдэж нэг ч хүнийг аваагүй гэсэн үг үү?
-Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа шадар туслахаараа сонгож, 20 гаруй жил хажуудаа авч явсан ажилтан, өөрийнхөө жолоочийг дэргэдээ байлгаж болно биз дээ. Намайг энд ирэхээс өмнө ажиллаж байсан, ажил үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа миний холын хамаатан хоёр хүн байдаг юм билээ. Тэднийг би ажлаас нь халах юм уу. Надад шууд хамааруулбал ийм л хэдэн хүн байгаа юм. Ер нь ч тэгээд Содхүүгийн хамаатан гэхээрээ л ажилгүй байх учиргүй шүү дээ.
-Таныг онцгой байдлынханд хандивласан 21 сая төгрөгийг “идчихсэн” тухай шуугиад байсан. Та тэгтлээ ядарчихсан юм уу?
-Өнгөрсөн намар ой хээр, тал нутгийг гал түймрийн аюул нөмөрсөн хэсэг хугацаанд төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлах хөдөлгөөн өрнөсөн дөө. Тэр үед манай байгууллагын аймаг, нийслэл, ерөнхий газрын ажилтнууд тус тусынхаа шугамаар цуглуулсан хандиваа тухайн газрынхаа Онцгой байдлын хэлтэс, газарт нийт 21 сая төгрөгийг дансаар өгсөн юм билээ. Үүнийг нь би данснаас нь татаж авч төвлөрүүлээд “идчихсэн” шиг байгаа юм (инээв).
-Иймэрхүү хэл яриа гараад таныг их л ядарч дээ гэж бодсон чинь хэсэг ажилтнаа Америкт “зугаалуулах” нь гээд л бичсэн. Тэгэхээр задарчихсан ч юм шиг. Энэ ямар учиртай юм бэ?
-Манайх Бүртгэлийн тухай багц хуулиа шинэчлэн боловсруулаад дотор нь оюуны эрхийн бүртгэл гэхчлэн шинэ юмнуудаа оруулчихаад байгаа юм. Энэ дагуу хүмүүсээ бэлдэх, гадаадын бүртгэлийн систем, тогтолцоо зэргээс суралцуулахаар АНУ-ын элчин сайдын яамаар дамжуулан Төрийн департаментад нь хүсэлтээ явуулсан юм. Гэтэл өнгөрсөн оны наймдугаар сард урилга ирүүлж, таван мужийнхаа иргэний болон бусад бүртгэлийн ажилтай танилцуулахыг зөвшөөрсөн. Тэнд байх бүх зардлыг нь АНУ-ын тал бүрэн хариуцахаа мэдэгдэж, бид онгоцны тийзээ л зохицуулахаар боллоо. Манайд 12 хүний хоёр талын зардал, тус бүрдээ 2.7 сая төгрөг гаргадаг хөрөнгө байхгүй шүү дээ. “Ийм сайхан боломж олдож байхад...” гээд манайхан бүгд цалингийн зээл авахаар шийдсэн. Ийм л юм.
Харин нийслэлийн Улсын бүртгэлийн газраас явах хоёр хүний зардлыг ЗДТГ-аас шийдсэнд талархаж байгаагаа илэрхийлье. Хэдийгээр 3-4 сарынхаа цалинг барьцаалж зээл аваад явж байгаа ч гэсэн манай залуучууд юм үзэж, нүд тайлах гэж байгаадаа баяртай байгаа. Уг нь энэ маань Монгол Улсынхаа ой санамжийг сайжруулахын төлөө хийж буй иргэний сайн сайхан үйлс юм шүү дээ. Би ийм л хамт олонтой хүн. Тэднээрээ бахархаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Tөрдөө хэлэх үгтэй хийсэн ажилтай Төрийн түшээ бол яах аргагүй Содхүү дарга
Амар мэнд үү? #NextStop #25жилийнОй-д дараах 4 төрөлд ХЭНИЙГ нэр дэвшүүлэх вэ? #Шилжилт25Final