Ц.Оюунгэрэл: Хоолой минь ЗАНГИРЧ баярын НУЛИМС унагана гэж бодсонгүй

2017 оны 12 сарын 11

Хэлмэгдүүлэлтийн үеийн түүхийг харуулсан “Ногоон нүдэн лам” роман 2008 онд хэвлэгдэн гарснаасаа хойш өнөөг хүртэл арван жил тасралтгүй хамгийн шилдэг борлуулалттай номуудын жагсаалтыг тэргүүлсээр яваа билээ. 

Олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж шилдэг номоор шалгарсан энэхүү бүтээл хэвлэгдсэн цагаасаа хойш дунджаар 72000 ширхэг борлуулагдсан гэх тоон мэдээлэл бий.

Тэгвэл тус номын хоёрдугаар дэвтэр “Жаран цагаан хонь” номын нээлт өнөөдөр “Интер” номын их дэлгүүрт болж өнгөрлөө. “Ногоон нүдэн лам” романы үнэнч уншигчид тус номын дэлгүүрт олноороо хуран цугларч, зохиолчийн гарын үсгийг авахаар урт дараалал үүсгэсэн юм.  

Эрхэм уншигч та бүхэн “Ногоон нүдэн лам” зохиолын гол дүр Баасан, Сэндмаа нарын хайр дурлалын түүх хэрхэн үргэлжлэх бол хэмээн шинэ зохиолоо тэсэн ядан хүлээж суусан нь мэдээж.  “Жаран цагаан хонь” номонд түүхийн сурах бичигт огт ороогүй, хэний ч сонсож байгаагүй 2000 он хүртэл Монголчууд өөр хоорондоо шивнэн ярьдаг байсан түүхийг өгүүлснээрээ түүх судлаачид ч хөндөж амжаагүй зүйлийг хөндсөн чухал ач холбогдолтой бүтээл болжээ.

Монгол Улсын түүхийн хэнд ч мэдэгдээгүй олон саад бэрхшээлийг тус номноос унших боломжтойг холбогдох хүмүүс хэлж байлаа.

Номын нээлтийн үеэр МУГЖ, Хөвсгөлийн Хотгойд дууны их мастер, уртын дуучин Д.Надмид хүрэлцэн ирж “Жаран цагаан хонь” дуугаар ая өргөн барьж, морин хуурын эгшгээр жавар үргээсэн юм.

Мөн тус зохиолд бичигдсэн гол дүрийн баатар буюу Хандмаа, Бэлэгдэмбэрэл нар өөрсдийн биеэр хүрэлцэн ирснээрээ онцлог байлаа.


Цэдэвдамбын Оюунгэрэлийн нээлтийн үгнээс...

Та бүхэн дөнгөж сая “Жаран цагаан хонь” дууг сонсохдоо нэгийг бодсон байх. Энэ бол бид нарын эмээ өвөө нарын жаргал зовлонгийн тухай түүх юм. Би өнөөдөр хоолой минь зангирч баярын нулимс унагана гэж бодсонгүй. “Ногоон нүдэн лам” номын хоёрдугаар дэвтрийг бичихдээ арай илүү аз жаргалтай түүхийг бичих байх гэж төсөөлсөн боловч бодит түүх тийм байсангүй. Ганц Баасан ламын зовлон биш, Монголын нийт ард түмний зовлон гарч ирсэн. Ямар ч номон дээр гарч байгаагүй, ямар ч киноноос үзэж байгаагүй тийм зовлон гарч ирсэн юм. Миний хувьд энэ түүхийг олон жил бичье гэж бодож байлаа. Баасан ламын үлдсэн бүх амьдралыг бичихийг хүссэн. Гэвч чадаагүй. Яагаад гэвэл, тавхан жилийн амьдралыг бичихэд 600 гаруй хуудас зохиол болчихсон. Энэ номын ихэнх түүх бол настай хүмүүсийн чин сэтгэлийн хүүрнэл юм. Зарим хүмүүс маань надад заавал энэ түүхийг бичээрэй ч гэж захиж байсан удаатай.



Танд энэхүү гайхалтай өдрийн мэнд хүргэе. Нээлтийн үг хэлэхдээ сэтгэл тань хөдөлж баярын нулимс гаргалаа. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-          За баярлалаа. Би уул нь номынхоо нээлтэн дээр уйлахгүй гэж их хичээсэн. Баяр баясгалантай сайхан нээлт хийчихье гэж бодсон юм л даа. Гэхдээ ном маань надад үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлсэн учраас тэссэнгүй. Тодруулбал, зохиолд гарч буй гол дүрийн баатруудын зовлон жаргалын тухай түүхийг сүүлийн нэг жилийн хугацаанд хүнд хэлчих юмсан, бусадтай хуваалцах юмсан гэсэн бөглөрөл үүсгээд байсан. Тэгээд тэр бөглөө маань сая мултарчих шиг боллоо. Би Сэндмаа маань хэр их зовсон, Баасан маань ямар зовлон үзсэн талаар нөхөр болон эгч нартайгаа ярихаас цаашаа хэтэрч чадахгүй байсан. Яг өнөөдрийн энэ мөчийг хүлээж байсан юм болов уу гэмээр нулимс маань өөрийн эрхгүй гарчихлаа.

Нэгдүгээр дэвтэр болон хоёрдугаар дэвтрийн  онцлох ялгаа нь юу байсан  бэ?

-          Нэгдүгээр дэвтэр бол МУ-ын тусгаар тогтнолыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэхийн тэмцэл дунд яаж МУ-ын  иргэд хэлмэгдэж хохирсон тухай өгүүлдэг. Хоёрдугаар дэвтэр бол дөнгөж тусгаар тогтнолоо олж хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улс түүнийгээ бэхжүүлэх зорилго дор ард түмэн хэрхэн яаж зовж зүдэрсэнг харуулдаг. Тэгэхээр нэг талдаа хоёуланд нь тусгаар тогтнолын түүх өгүүлэгддэг. Нөгөө талдаа энэ бол жирийн нэгэн айлын амьдралаар Монгол Улсын нийт малчин ардын туулсан бодит амьдралыг л үзүүлэхийг зорьсон бүтээл юм.

Номынхоо нэрийг яагаад “Жаран цагаан хонь” хэмээн нэрлэсэн бэ?

-          Би зохиолуудаа бүлэг бүлгээр нь бичиж найруулсан боловч нэр өгөх тал дээр оролцоогүй юм. Харин Жеффри Л.Фолт номоо удаа дараа уншсаны эцэст 14-р бүлэг буюу “Жаран цагаан хонь” хэмээх дууны нэрээр нэрлэх шийдвэр гаргасан. Энэ нь мэдээж номынхоо үйл явдалтай нягт холбогдож байгаа юм.

Тус зохиолд  ямар зүйл дээр илүү их шүүмж гарсан гэж бодож байна?

-          Найруулгын талаас хамгийн их шүүмжлэл гарсан. Монгол хэлнийхээ найруулга дээр би их анхаарахыг хичээсэн. Гэхдээ яаж ч хичээсэн Сонгодогуудын хэмжээнд хүрч чадаагүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл, миний бичих арга зүй гэж тогтчихсон зүйл байдаг. Үүнийгээ хамаагүй эвдэж чадахгүй учраас шүүмжлэл үргэлжлэх байх гэж бодож байна. Гэхдээ хайнга алдаа гараагүй болов уу гэж найдаж байна. Баримтын хувьд нэгдүгээр дэвтэр дээр тухайн үеийн дотоод яамныхны цол хэргэм буруу бичигдсэн байсан. Түүнийгээ залруулахыг олон хүн хүссэн боловч залруулж чадаагүй. Яагаад гэвэл, засвар орох үед цоо шинэ өгүүлэмж гарах гээд байгаа юм шиг болчих гээд байсан учраас түр алгассан.

Олон жилийн зайтай бичигдэж нээлтээ хийж байна. Шинэ номоо гаргах амаргүй байсан биз?

-          Тэгэлгүй яахав, маш олон саад бэрхшээлийг туулсан шүү дээ. Анх “Ногоон нүдэн лам” ном бичигдэж нээлтээ хийсний дараа аав минь тэнгэрийн оронд очсон. Энэхүү ном 10 жилийн хугацаанд бичигдсэн. Энэ хугацаанд надад бодит амьдралаа, түүхээ хуваалцсан олон ахмад хүмүүс тэнгэрийн орондоо заларсан байна. Аав минь амьд сэрүүн байхдаа энэ номыг бичиж гаргах их үйлсэд минь зориулж өөрийн зүгээс хийж чадах бүхнийг хийсэн. Тэр их хичээл зүтгэлээр өнөөдрийн шинэ ном гарсан гэхэд хилсдэхгүй.

Танд гуравдугаар дэвтэр гэж гаргах төлөвлөгөө бий юу?
- Байгаа. Гэхдээ хугацаа нь тодорхойгүй. Бодит амьдралаас сэдэвлэн хийж байгаа учраас маш их судалгаа, хүч хөдөлмөр шаарддаг. Тиймээс хэзээ гэдгийг хэлж чадахгүй нь...

Уншигчдадаа хандаж юу гэж хэлмээр байна?

-          “Жаран цагаан хонь” номын нээлтэд ийм олноороо үерлэн орж ирсэнд баярлалаа. Номон дээр гарын үсэг зуруулах гэж  дугаарлан зогсож байгаа та бүхнийг харах үнэхээр таатай байна. Халуун сэтгэлээр өлгийдөн авч байгаа та бүхэндээ ахин баярлалаа, “Ногоон нүдэн лам” номын уншигч байсанд баярлалаа.

Ц.Оюунгэрэлийн хүү Б.Идэр-Од

Таны ээж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өнөөдөр “Ногоон нүдэн лам” романы хоёрдугаар дэвтэр болох “Жаран цагаан хонь” номын нээлтээ хийж байна. Сэтгэгдлээсээ хуваалцвал?

-          Маш их бахархаж байна. 10 жилийн дараа хоёрдугаар дэвтэр нь гарч байна. Сайн бүтээл. Их олон жил чадварлаг хүмүүсийн мэргэн оюунд боловсорсон. Монголын түүхэнд байхгүй хар бараан үеийн талаар нээлттэй хүүрнэсэн. Миний хувьд сүүлийн хэвлэгдсэн хувилбараар нь уншаагүй. Тиймээс шимтэн уншихыг тэсэн ядан хүлээж байна.

Маш их судалгааг хийсэн талаар дурдсан. Таны хувьд тусалсан уу?

-          Тусалсан гэх зүйл миний хувьд байхгүй. Яахав, гэртээ ээж, аавыгаа ажиглаж байсан. Манай ээж, аав хоёр сүүлийн жилүүдэд зун болохоор л Хөвсгөлийн уулуудаар хэдэн сараар аялдаг байсан. Ямар ч байсан “Жаран цагаан хонь” номон дээр гарч байгаа  бүх төлөвлөсөн газар дээр очсон. Би ч гэсэн эцэг, эхтэйгээ хамт Хөвсгөлийн 5,6 сав газраар явсан. Тус номон дээр гардаг “Үүрийн гол” гэх мэт.

Залуу хүний хувьд энэхүү номноос суралцах хамгийн чухал зүйл нь юу байсан гэж харж байна?

-          Ямар ч сайн бүтээл, сайн зүйл бүхэн уйгагүй хөдөлмөр л байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгож байна. Манай ээж өдөр алгасахгүй номынхоо хуудас болгон дээр өгүүлбэр болгон дээр ажилладаг. Энэ бүхнийг хажуугаас нь харж байсан хүний хувьд залуу хүнийг уйгагүй хөдөлмөр бүтээдэг гэдгийг олж харлаа.  

Залуу уншигч нартаа хандаж юу гэж хэлэх вэ?

-          Би ээжийнхээ бичлэгийн хэв маягт их дуртай хүн л дээ. Дэлхийн шинэ уур амьсгалыг Монгол уран зохиолд шингээсэн, уншууртай, дүрслэл сайтай гэх мэт. Тийм учраас ялангуяа залуучууд заавал уншаарай гэж хэлье. Та үүнийг уншсанаар ямар ч гадаад хүний өмнө нүүр бардам эх орныхоо түүхийг мэддэг болсон байх болно. 

А.Хишигдэлгэр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НУТГИЙН ИРГЭН(59.153.115.72) 2017 оны 12 сарын 12

НОГООН НҮДЭН ЛАМ ЗОХИОЛ ЭНЭ ХАТАГТАЙГ ТӨРӨӨГҮЙ БАЙХАД БИЧИГДСЭН ЗОХИОЛ ШҮҮ ДЭЭ

0  |  0
Монгол(77.242.87.121) 2017 оны 12 сарын 11

Сайн байцгаана уу? Сайхан өвөлжицгөөж байна уу? ”Ногоон нүдэн лам”-ыг хамт ажилласан нэгэн бүсгүй, надад зээлж, би амтархан уншаад үргэлжлэлийг их хүлээсэнсэн. ”Жаран цагаан хонь”-ийг одоо л мэдэж, маш их баярлан уншихыг би тэсэн ядан байна. Зохиогч, хэвлэгч, мэдээг хүргэгч нарт маш их баярлалаа. Та бүгдэд амжилтыг хүсэн ерөөе!

0  |  0
Top