Сүүлийн үед орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Орхон аймагт гэмт хэргийн тоо өслөө гэх утга бүхий мэдээллүүд гарах болсон. Үүнтэй холбоотойгоор аймгийн Цагдаагийн газраас олон нийтэд мэдээлэл хийлээ.
Аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Д.Энх-Ертөнц хэлэхдээ “Энэ оны 7-р сарын нэгнээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө Цагдаагийн байгууллагад ирсэн нийт өргөдлийг гэмт хэрэг, зөрчил гэж ангилдаг байсан. Энэ нь хохирлын хэмжээнээс хамаардаг байсан гэсэн үг. Тодруулбал, Хохирол 240 мянган төгрөгт хүрээгүй бол гэмт хэрэг гэж үздэггүй байсан юм. Харин шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Цагдаагийн байгууллагад ирсэн өргөдөл бүрийг гэмт хэрэг гэж үздэг болсон. Нэг төгрөг хулгайлж, дээрэмдсэн л бол гэмт хэрэг гэж үзэж байгаа. Түүнээс гэмт хэрэг өсөөд, хэргийн илрүүлэлт буурсан зүйл байхгүй” хэмээн ярьлаа.
Өнгөрсөн долоо хоногт тус цагдаагийн газар 185 гомдол мэдээлэл хүлээн авсан байна. Үүний 25 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Мөн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 зөрчил илэрсэн нь өмнөх долоо хоногоос 9.3 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Шинэ жилийн баяр болж буйтай холбоотойгоор аймгийн Цагдаагийн газраас нийт бие бүрэлдэхүүнээ 5 хэсэгт хуваан эргүүл, шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа талаар Мөрдөн байцаах тасгийн дарга Д.Энх-Ертөнц мэдээлэлдээ дурдлаа.
Сэтгэгдэл ( 0 )