АЙШОЛПАН БАЙГАЛИЙН ХЭЛЭЭР ДЭЛХИЙГ БИШРҮҮЛЭГЧ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 20

Монголыг дэлхийд таниулж буй аливаа өгөгдөл бүрийг бид уухайлан түрэх, уриалан алдаршуулах учиртай. “Дэлхийн Монгол” булангийн маань зорилго, утга учир үүнд оршдог. Энэ удаа “Оскар” наадмын баримтат киноны төрөлд шилдэг 15-д багтсан “The Eagle Huntress” киноны гол дүр, бүргэдчин охин Нургайвын Айшолпаныг онцолж байна. Тэр Монголын зүг дэлхийн нүд ширтэж эхлэхийн нэг шалтгаан болж чадсан билээ.

АЙШОЛПАН БАЙГАЛИЙН ХЭЛЭЭР ДЭЛХИЙГ БИШРҮҮЛЭГЧ

- Леонардо де Каприогийн аав ээж “Миний хүү бол мэргэжлийн,

танай охин бол байгалийн жүжигчин байна” гэж хэлсэн –

Монголын баруун хязгаар, Алтайн уулсын бэлээр нутагтай Казах үндэстний соёл уламжлалын нэгээхэн гайхамшгийг дэлхийд таниулж яваа улаан бутарсан царайтай, гэнэн цайлган яриатай Н.Айшолпан хэмээх охиныг өнөөдөр Монгол төдийгүй дэлхий дахинаа андахаа больжээ. Казахын ард түмний хосгүй уламжлалт бүргэдийн баяраар 80 гаруй эрийг ардаа орхиж түрүүлсэн жаахан охин Нургайвын Айшолпаны талаар дэлхийн хэвлэл мэдээллүүд шуугиж эхэлсэн цаг саяхан. Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденски “Бүргэдийн баяр”-ын үеэр нэг гар дээр шувуугаа суулган өндөр хавцал дээр алсыг харуулдан зогсоо Айшолпан охины зургийг барууны томоохон хэвлэлүүдэд илгээснээр түүний түүх эхэлж бяцхан охин дэлхийн хүн болсон билээ. Харин найруулагч Отто Беллийн, Айшолпаны амьдралаар бүтээсэн “Бүргэдтэй анчин охин” баримтат кино Сандэнсийн олон улсын кино наадмаар нээлтээ хийсэн даруйдаа судлаачид хийгээд үзэгчдийн сайн, муу олон сэтгэгдлийг араасаа дагуулж байв. Үүний дараа киноны нээлтээрээ олон улсад зочилж, түүний нэр хүнд улам бүр өссөн хэдий ч Айшолпаны даруухан инээмсэглэл, цэвэр ичимтгий цагаахан сэтгэл хэвээрээ үлджээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж асан Хиллари Клинтон, алдарт жүжигчин Умма Турман нартай хамт “Harper’s Bazaar” сэтгүүлийн “Эрэлхэг эмэгтэй” жагсаалтад хүртэл багтсан. Өвлийн хүйтэн салхи уулын оройд улин исгэрэх үед дөрөөн дээрээ өндийж, найман килограмм жинтэй бүргэдийг шуун дээрээ өргөөд явж буй түүнийг “хүчирхэг” гэхээс өөрөөр хэрхэн тодорхойлох билээ. Энгийн нэгэн учралаар Холливууд руу хөтлөгдсөн бүргэдчин охиныг сэтгүүлийнхээ “Дэлхийн монгол” буланд урин залж, түүний энгийн атлаа “хүчирхэг” ертөнцөөр аяллаа. Таалан болгооно уу.

Н.AЙШОЛПАН: НАМАЙГ БҮРГЭДЭЭР ГӨРӨӨЛДӨГ БОЛСНООС ХОЙШ МАНАЙ НУТАГТ ХОЁР Ч ОХИН АН ХИЙЖ ЭХЭЛСЭН

Н.Айшолпаны сурлага өндөр үү, сайхан өвөлжиж байна уу?

Сайхаан. “Зиндаа” сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Нэг хэсэг хичээлээ жаахан цалгардуулсан учраас нөхөж авах гээд шахуу л байна.

Ярилцлага авахаар залгах бүрт л зав муутай байна, амралтын өдөр ярилцъя гээд байсан. Үнэхээр завгүй ачаалалтай өдрүүдийн ард гарсан байх?

-Тийм ээ. Хичээлээсээ нэлээд хоцорсон байсан ч багш нар болоод ангийнхаа найзуудын тусламжтайгаар сайн нөхөж байгаа. Хоцорсон хичээлээ ойлгож авах үүднээс амралтын хоёр өдрөөс бусад үед интернэтэд холбогдохгүй, өөр ямар нэгэн зүйлд сатаарахгүй хичээлээ л хийж байна. Гэхдээ би онц сурдаг болохоор удахгүй нөхөөд дуусгачих байх аа.

-Хэдийгээр хичээл ном нь цалгардсан ч тухайн үеийн нөхцөл байдал өнөөдөр үр шимээ өгч таны тоглосон “Бүргэдтэй анчин охин” нэртэй баримтат кино дэлхийн хэмжээний дэлгэцийн бүтээл хэмээн үнэлэгдэж байна. Анх кинонд тоглооч гэсэн хүсэлт гэнэтийн санагдсан уу?

-Отто Белл гэдэг хүн аав, бид хоёртой уулзаад бүргэдийн ангийн тухай кинонд намайг тоглуулмаар байна гэхэд нь зөвшөөрч гэрээ хийсэн. Анх зураг маань гадаадын сайтад гарсны дараа сонин, сайт, телевизээс ярилцлага авахад биеэ бариад, ичээд, жаахан хэцүү байсан. Харин кинонд тоглосны дараа арай л гайгүй болсон. Кинонд бүргэдийг үүрнээс нь авахаас эхлээд ан барих хүртэл, мөн үхэр саах, цагаан идээ хийх зэргээр ээждээ туслах, сургуульдаа явах гээд миний амьдралыг байгаа чигээр нь оруулсан. Дээр нь аавтайгаа хамт тоглосон болохоор хэцүү байгаагүй. Гэхдээ хунгарласан их цасан дунд хөл шигдээд сайн явж чадахгүй байхаас эхлээд шантармаар үе их байсан. Киноны зураг авалт хоёр жил үргэлжилсэн. Бахгалга гээд өндөр ууланд очиж зураг авсан. Тэнд ан ихтэй. Зураг авалтын үед бүргэд маань гурван үнэг барьсан. Ид өвлийн хүйтнээр олон хоног зураг аваад ч тэр үү, зураг авалтын хүмүүс их даарсан байх шүү.

Тухайн үед кинонд тоглож байхдаа чиний кино ийм нэр хүндтэй болно гэж төсөөлсөн үү?

Ерөөсөө ийм юм болно гэж төсөөлж байгаагүй. Зүгээр л аавтайгаа хамт морь унаад, бүргэдээ бариад анд явж байсан. Одоо их гоё санагддаг. Ер нь миний аав, өвөө гээд удам угсааныхан маань бүгд бүргэдээр ан хийдэг байсан. Тиймдээ ч би ийм кинонд тоглож, түүгээрээ дамжуулаад бүргэдийн анг дэлхийд таниулж удмынхаа нэрийг гарган, Монголынхоо нэрийг дэлхийд арай өөрөөр сонсгож чадсандаа маш өндөр сэтгэгдэлтэй байгаа.

Америкт болдог “Сандэнс” кино наадмын үеэр “Бүргэдийн анчин охин” киноны анхны нээлт болсон. Дэлхийн хэмжээний тийм том наадамд оролцоно гэдэг их сонин содон, бас сайхан санагдсан байх?

Улаан хивсэн дээр явах их сонин байсан. Нэг л итгэмээргүй. Зурагтаар л харж байснаас тэгж алхана гэж зүүдлээгүй. Тэр үеэр хүмүүс бидэнтэй зураг их авахуулж байсан. Мөн киноны нээлтийнхээ үйл ажиллагааны хүрээнд амьдралдаа хараагүй өндөр, өндөр байшингуудыг Нью- Йоркт харлаа. Бас Америкийн эрх чөлөөний хөшөөг үзээд л гоё паркаар аялсан. Ялангуяа ээжийнхээ баяртай байгааг харах хамгийн сайхан байсан.

Мөн Канад, Дубай гээд хэд хэдэн улсад “Бүргэдтэй анчин охин” баримтат киноны нээлт болсон. Түүнд оролцсон шүү дээ?

Өнгөрсөн намар Канад руу киноныхоо нээлтэд аав, ээж хоёрыгоо дагуулж явсан. Тэнд манай Монголын элчин сайд их сайхан хүлээж авсан. Биднийг киноны нээлт дуусаад гарч явахад Холливудын алдартай жүжигчин Леонардо де Каприогийн аав, ээж хоёр тааралдаад гэртээ үдийн хоолонд урьсан юм. Тэгээд биднийг гэрт нь очиход дайлж, цайлсныхаа дараа аав, ээжид минь “Танай охин байгалийн жүжигчин. Манай хүү бол мэргэжлийн жүжигчин. Эрдэм номыг нь заалгаагүй мөртлөө ийм сайн жүжиглэнэ гэдэг бол хосгүй авьяас. Тийм болохоор манай хүүгийн хажууд охин чинь илүү чадвартай, Оскарт шалгарч чадна байх” гэж хэлсэн гэсэн. Тэд ирэх зун манайд ирнэ. Дараа нь Лос-Анжелест очиход киноны маань дууг дуулсан Их Британийн нэрт дуучин Сиа эгч, мөн “Оддын дайн” кинонд тоглодог Дэйси Ридли ахтай уулзсан. Энэ хүмүүсээс гадна Холливуудад алдартай хэд хэдэн хүн очсон. Би энэ киноныхоо ачаар аав, ээжтэйгээ Америкийн бүх хотоор аяллаа.

БҮРГЭДЭЭ 18 МЕТРИЙН ӨНДӨР ХЯСААНААС БУУЖ АВСАН

Кинонд тоглохдоо бүргэдээ үүрнээс нь барьсан гэсэн. Бүргэдийн үүр их өндөрт, эгц цавчим уул, хаданд байдаг. Дэгдээхэйг нь авах их л амь өрссөн ажил санагдаад байх юм?

Бүргэдээ 18 метрийн өндрөөс бууж авсан. Өндөр дээрээс доошоо харахад анхандаа толгой эргэдэг. Энэ үедээ аргамжаа хэрэглэхгүй бол болдоггүй. Аргамжааг үхрийн сураар хийдэг. Аргамжаагаараа доошоо бууж, дэгдээхэйг үүрнээс нь аваад, аргамжааныхаа үзүүрт уяад би өөрөө хамт гардаг. Аав маань болохоор дээрээс аргамжаагаа унжуулж, татаж авдаг. Кинонд тоглохдоо бүргэдийн баярт анх удаа оролцсон. Тэмцээнд нь түрүүлээд анхандаа нэг л итгэж өгөхгүй байсан шүү

Яагаад?

Урьд нь тэмцээнд ер орж байгаагүй. Бүргэдийн баярын тэмцээн есөн шүүгчтэй. Тэд бүргэдтэйгээ харьцаж байгаа байдал, хувцаслалт, ан бариулж байгаа зэргээр нь шилдгийг шалгаруулдаг. Миний бүргэд яагаад ч юм тавхан секундын дотор гар дээр ирж өмнөх амжилтыг эвдсэн. Тэгж хурдан ирнэ гэж бодоогүй. Аав маань урьд нь бүргэдийн баярт түрүүлэхэд бүргэд нь 12 секундэд ирж байсан гэсэн. Дараа нь морьтой хүн туулайны арьсан ширдэг чирж явахад нь бүргэд маань тэр арьсан дээр бас буух ёстой. Гэтэл тэр ширдэг дээр зургаан секундэд сууж бас рекорд тогтоосон. Тэгээд түрүүлсэн гэдгээ сонсоход уйлмаар ч юм шиг болоод байсан.

Тэгэхээр чи бүргэдээ их сайн сургасан гэсэн үг биз дээ. Ер нь яагаад заавал бүргэдээр ан хийх болсон юм бэ?

Манай гэрт дандаа л бүргэд байдаг болохоор би бүргэдэд их хайртай. Нэг л дотно байдаг юм. Бүргэд их хөөрхөн амьтан. Ялангуяа нүд нь. Хоолоо идэх болохоороо баярлаж байгаа нь хүртэл андашгүй. Нүд нь гялалзаад ирдэг. Ах цэрэгт явахад бүргэд нь үлдсэн юм. Тэгэхэд нь би ахын бүргэдээр ан хийж үзье гэж аавыгаа зөндөө ятгасан. Тухайн үед аав эмэгтэй хүүхэд байж тэрүүгээр яах гээв гэхээр нь “Эмэгтэй хүүхэд яагаад бүргэдээр ан хийж болдоггүй юм” гэж хариулж байсан. Дараа нь бүргэд барьж үзье гэж гуйхад аав зөвшөөрсөн. Тэр цагаас хойш би бүргэдийн ан хийдэг болсон.


-Бүргэдээр ан хийдэг болоод хэчнээн жил болж байна вэ? Энэ хугацаандаа хичнээн бүргэд сургав?

-Гурван жил болж байна. Ганцхан л бүргэдтэй. Тэрийг маань “Цагаан өд” гэдэг юм. Анх ахынхаа бүргэдийг анд хэрэглэдэг байгаад дараа нь кинонд тоглохдоо барьсан бүргэдтэйгээ өнөөг хүртэл байгаа. Ер нь бүргэдийг насан туршид нь дэргэдээ байлгаад байж болдоггүй. 3-4 жилийн дараа үржүүлж, өсгөхийн тулд байгальд нь тавьдаг.

-Байгальд нь тавьсан бүргэд буцаад ирэх тохиолдол байх уу. Өөрийнхөө бүргэдийг яагаад “Цагаан өд” гэж нэрлэсэн юм бэ?

-Нуруун дээрээ хэсэг газар жижиг цагаан өдтэй болохоор нь тэгж нэрлэсэн. Байгальд тавьсан бүргэд эргэж ирэх нь ховор. 2-3 хоног тавьсан газраа байж байгаад л явчихдаг юм.

-Чам шиг бүргэдээр ан хийдэг охид танай нутагт хэр олон бэ?

-Хамгийн анхных нь би. Тэрнээс хойш хүмүүс охидоороо бүргэдийн ан хийлгэдэг болсон байна лээ. Манай нутагт 2-3 охин бүргэдээр ан хийж, Бүргэдийн баярт оролцдог болсон. Харин дэлхийд хоёрхон эмэгтэй энэ урлагийг эзэмшсэний нэг нь би, нөгөөх нь Казахстаны Макпал Абдразакова гэж бүсгүй байдаг.

-Бүргэдээр ан хийхийн хамгийн хэцүү нь юу вэ?

-Хүйтэн нь хэцүү. Эхний үедээ даардаг байсан. Сүүлдээ дасдаг. Бас халтирахаас айдаг. Хэвгий газар их болохоор морины хөл халтирах гээд байдаг юм. Анд явахад ядрах нь гайгүй. Харин кинонд тоглох үед олон цагаар яваад их ядарсан. Гэхдээ л бүргэдтэйгээ ан хийхэд цаанаа л нэг гоё.

-Яг юу нь гоё гэж?

-Ангаа барьчихаад жигтэйхэн баярлаж байгааг нь харахад өхөөрдмөөр байдаг. Бүргэдээ ан барьж байгааг нь харахад бахархмаар ч амьтны амь хороож байгааг нь бодохоор муухай санагддаг. Заримдаа айх үе ч бий. Нэг удаа чоно барихад нь их айсан. Айсандаа болоод сайн ойртож очоогүй. Бүргэд маш хурц хараатай. Нэг километрийн өндөрт нисч байхдаа үнэг, хярс харагдах л юм бол шууд дайрдаг. Бүргэдийнхээ агнасан туулай, үнэг, хярсны арьсаар малгай, дээл, гутал гээд бараг бүх хувцсаа оёж өмсдөг. Шувууны арьсаар ч бас хувцас оёдог. Голдуу үнэгний арьсаар хувцас оёдог. Ээж маань надад ангийн арьсаар маш их хувцас оёж өгсөн. Киноныхоо нээлтэд явахдаа Америкт, Дубайд аялахдаа ээжийнхээ оёсон казак үндэсний хатгамалтай хувцсаар гоёсон. Ээж маань бүгдийг нь гараараа оёдог.

БИ МОНГОЛЫН САЙХАН ОРОНД АМЬДАРДГААРАА БАХАРХДАГ

-Казах охидыг багаас нь үйл урлуулж сургадаг шүү дээ. Чиний хувьд ээжээсээ хэр үйл сурч байна?

-Айлын том охин болохоор ээждээ аль болох туслахыг хичээдэг. Үйл урлахаас гадна хоол хийхээс эхлээд их олон зүйлийг ээж маань надад зааж өгдөг. Ялангуяа хатгамал хатгахыг заасан. Ээж маань зөвхөн миний хувцсыг гурван сар оёдог. Анд явахдаа ээжийнхээ оёсон арьсан нөмрөг, дах, үнэгэн малгайг өмсөхөд их дулаахан байдаг юм. Хамгийн анх ээжтэйгээ хамтраад их гоё хатгамалтай даашинз хийсэн. Би тэрийгээ өмсөх маш дуртай.

-Чиний үеийнхэн одоо нүүр будахаас эхлээд загварлаг байх, хуруу хумсаа янзлах талаар ярилцаж л байгаа байх. Чи ийм ярианд хэр оролцох уу?

-Би олон эмэгтэй найзтай. Гэхдээ нүүр будах, хумсаа элдэв өнгөөр будах гэх мэт асуудалд ёстой дургүй ээ /инээв/.

-Н.Айшолпан маань одоо 10 дугаар анги байх аа. Сургуулиа төгсөөд ямар мэргэжил эзэмших талаараа бодож, төлөвлөсөн үү?

-Би жүжигчин болохоор шийдсэн. Тиймээс сургуулиа төгсөөд Америк руу явж энэ мэргэжлээ эзэмшинэ. Үүнээс гадна Казахстан, Алма-Ата, Лондонгийн томоохон сургуулиудаас урилга ирсэн.

-Яагаад заавал Америк явна гэж?

-Анх кинонд тоглуулсан хүмүүстэйгээ хийсэн гэрээнд энэ талаар тусгасан. Аав, ээж нарийн асуудлыг мэдэж байгаа байх.

-Чамд дахин кинонд тоглооч ээ гэх санал ирсэн үү. Жүжигчдээс хүндэлж, үлгэр дуурайлал авдаг хүн байгаа юу?

-Киноны саналууд тасралтгүй ирж байгаа. Хамгийн сүүлд нэг япон найруулагчаас миний талаар анимейшн хүүхэлдэйн кино хийе гэсэн санал ирсэн. Одоогоор хариуг нь өгөөгүй байгаа ч, хэлэлцээр гэрээний түвшинд яваа байх. Хүндэлдэг жүжигчин гэвэл “Оддын дайн” уран сайхны киноны гол дүрд тоглодог Дэйзи Ридли.

-Баримтат кино хийсэн Отто Белл 18 нас хүртэл чинь кинонд тоглох, киног гаргах эрхийг мэднэ гэж бичээд байгаа. Энэ үнэн үү?

-Гэрээний дагуу бидэнд мөнгө явуулдаг. Отто Белл миний тоглосон баримтат киноноос гадна бас нэг киног Латин Америк, Хойд Америк, Герман, Австрали гээд хэд хэдэн улсад гаргах эрхийг нэг том кино компанид хоёр сая ам.доллараар зарсан гэсэн. Гэхдээ бидэнд тодорхой хувийг нь өгч байгаа. Цаашдаа бага багаар явуулж байна байх.     


-Анх зургийг чинь авсан зурагчныг нэгхэн доллараар гэрээ хийсэн гэх мэтээр шуугисан. Энэ үнэн үү?

-Тэр худлаа. Ашэр ах бидэнтэй байнга холбоотой байдаг. Манайд жилд заримдаа гурван удаа ирдэг. Тэр нэг долларыг мөнгө дуудах арга гээд гэрийн гадна наагаад явсан байсан. Тэрнээс гэрээ ерөөсөө биш. Э.Цэрэндолгор гэдэг эгч буруу ойлгосон юм шиг байна лээ. Аав бид хоёрыг бүргэдийн баярт явсан хойгуур хүмүүс ээжтэй маань уулзаад, буруу зөрүү ойлголцоод шуугиан болгосон. Харин сайд байсан Ц.Оюунгэрэл эгч гэрээг маань гурван хэл дээр албан ёсных болгож өгсөн. Тэр гэрээ манай гэрийн амьдралд маш их тус дэм болж байгаа.

Маш их тус гэснээс амьдралд тань нэлээд өөрчлөлт орсон байх. Зөвхөн танайхыг зорьсон жуулчдын цуваа тасардаггүй гэж сонссон юм байна?

Зун, намар жуулчин тасардаггүй. Аав маань тэдэнд зориулж хоёр ч гэр барьж өгдөг. Зарим нь майхантайгаа ирдэг. Ирээд бүргэдээс гадна ан амьтан, байгалийн үзэсгэлэнг их сонирхдог. Жуулчид тасардаггүй болохоор манайх хонь малаа хүнээр харуулахад хүрдэг. Жуулчидтай уулзахад англи хэл сурч байгаа надад хэлний сайн бэлтгэл болж байгаа. Жуулчид намайг англиар ойр зуурын юм ярихаар гайхаад байдаг юм.

Англи хэлийг яаж сурсан юм бэ?

Манай сургууль англи хэлний төрөлжсөн сургалттай. Өмнө нь би Монгол-Туркийн хамтарсан сургуульд сурч байсан бол одоо Монгол-Арабын хамтарсан сургуульд сурч байгаа. Герман, англи, турк, казах хэлээр ярьдаг. Оросоор ойр зуурхан бас ярина. Одооноос аав ээжид маань гадаад хэлний мэдлэг маш чухал байгаа болохоор англи хэл гэрээр зааж байгаа. Дүү нар манай сургуульд сурдаг болохоор англи хэл сурчих байх.

Ингэхэд ам бүл хэдүүлээ билээ?

Зургуулаа. Аав, ээж, ах, хоёр дүүтэйгээ амьдардаг. Эмэгтэй дүү маань VI анги, бага эрэгтэй дүү IV ангид сурдаг.

Дүү нар нь, тэр дундаа эмэгтэй дүү нь эгч шигээ бүргэд сургах сонирхолтой юу?

Одоо эмэгтэй дүү маань бүргэд сургаад эхэлчихсэн байгаа. Би анх бүргэд сургаж байхдаа юун дээр алдаж байсан, тэр бүгдээ дүүдээ зааж зөвлөдөг.

Чи бүргэдээр ан хийж эхлэхдээ аавдаа их зэмлүүлдэг байв уу?

Хэдийгээр зэмлэж, загнадаг ч аав, ээж минь хамгийн сайн зөвлөгч байдаг. Би нэг удаа бүргэдээ хооллохгүй удаагаад аавдаа загнуулж байсан. Тэр үед миний бүргэд ч их уурласан. Тэгээд уурлаад хумсаа надад аймаар шигтгэсэн.

Яасан аюултай юм бэ. Тэрнээс илүү гэмтээж байсан уу?

Үгүй ээ. Хааяа уурлахаараа хумсаа шигтгэчихдэг юм. Тиймээс их уурласан үед нь зүгээр л тавьчихдаг. Тэгээд л нисч байгаад тайвшраад хүрээд ирдэг.


Ер нь бүргэдийг өдөрт хэдэн удаа хооллох ёстой вэ. Хэтрүүлчихвэл бас болохгүй байх?

Өдөрт нэг удаа 500 грамм мах өгөх ёстой байдаг. Хэтрүүлээд хооллочих юм бол ан барихаа больчихдог.

Чиний хувьд бүргэдтэйгээ найз шиг л харьцдаг байх. Сургуульдаа явсан үедээ санадаг уу?

Тиймээ. Маш их санана. Бүргэд маань ч их санадаг юм шиг байна лээ. Санасан үедээ андашгүй. Нүд нь гялалзаад дуу гаргаад, толгойгоо өгөөд эрхлээд байдаг юм. Би аймгийнхаа төвд сургуулийнхаа дотуур байранд байдаг болохоор урт хугацааны амралтаараа л аавтай анд явдаг юм. Тэр амралт маань хурдхан болоосой л гэж боддог доо.

Ер нь бүргэдийн ан чамд яг юуг зааж сургасан бэ?

Тэвчээрийг л заасан. Би анх эхлэхдээ л зоригтой байсан учраас барагтай бол шантардаггүй. Үеийнхээ хүүхдүүдийг ч аливаа зүйлийг хийхдээ зоригтой байгаасай гэж хүсдэг. Яагаад эмэгтэй хүүхэд бүргэдээр ан хийж чадахгүй гэж, эрэгтэй хүүхдүүдээс юугаараа өөр юм гэж бодохоор би хүчирхэгждэг. Гадаадын хүмүүс ийм жаахан охин бүргэдээр ан хийнэ гэдэг ёстой зүүдэнд ч оромгүй явдал юм гэдэг. Харин би тэдэнд “Энэ бол зүүд биш бодит амьдрал. Монголд л байдаг юм” гэж хариулдаг.

Ан хийхээс гадна чи ямар авьяастай вэ?

Би гарбөмбөг, сагсанбөмбөгийн дугуйланд явдаг. Чөлөөт цагаараа уран зохиолын ном унших дуртай.

Тэгвэл чиний бахархал юу вэ?

Миний хамгийн том бахархал бол аав, ээж, эх орон минь. Хэдийгээр бид казах хүмүүс ч гэлээ, Монголд төрсөн. Миний өвөг дээдэс ч энд төрсөн. Би Монголын сайхан оронд амьдардгаараа бахархдаг. Бид үүнийг хэзээ ч мартах ёсгүй. Казахстаны иргэн болох уу гэж биднээс их асуудаг, гэвч үүнийг манай гэр бүл огт сонирхдоггүй. Монгол бол бидний эх орон.

Алс баруун хязгаарын Өлгий хотоос бидэнтэй цаг зав гарган холбогдсон чамд баярлалаа. Кино урлагт дүрээ мөнхөлсөн мундаг жүжигчин болоорой.

Баярлалаа. Би энэ баярлалаа гэдэг үгийг хамгийн их хэлэх дуртай. Монголын үгийн сангийн хамгийн гоё нь “Баярлалаа” гэдэг үг шиг санагддаг. Тиймээс намайг урьж оролцуулсан та бүхэнд болоод ярилцлагыг маань уншиж буй бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

Ярилцсан: О.Шинэтуяа

2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/


Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.131) 2017 оны 12 сарын 31

Мундаг ухаантай охин амжилт хүсье.

0  |  0
kiujh(41.85.161.164) 2017 оны 12 сарын 28

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
hasag bol(150.129.142.210) 2017 оны 12 сарын 22

hasag bol hasag kazahuudiig bugdiig n zailuulaasai

0  |  0
hahaha(59.153.114.124) 2017 оны 12 сарын 21

xinjaanaas shaahaigaa chirj irsen hasgyyd ikh yum boljdee

0  |  0
Od(38.127.143.248) 2017 оны 12 сарын 21

Ih uhaalag ohin yum. Eejiinhee bayartai baigaag haraad saihan baisan gej baina shuu...

0  |  0
Zochin(101.191.137.51) 2017 оны 12 сарын 20

Tseren Monch ikh setgel gargaj Ene ohinig odii zeregt hurhed ooriinhoo ohin shig zutgen baij unen moniig ni olj ogch zamig ni dardan shuluun huvhtei bolgoj ogson doo uhaantai bol bayarlaj yavah heregtei bh d...

0  |  0
Хотын залуу(43.228.131.110) 2017 оны 12 сарын 20

Мундаг охин. Амжилт хүсэе. Монголдоо хайртай энэ үг маш их таалагдлаа.

0  |  0
mongoliin baharhal(202.131.246.46) 2017 оны 12 сарын 20

zorigt anchin ohin min chi mongoliin baharhal shuu

0  |  0
zochin(5.48.252.91) 2017 оны 12 сарын 20

Mongoliin olon jyjigchnii xysej mereeddeg zyiliig ene oxin eeriin sursan zyileeree xiisen baina shyy dee Amjilt xysie Saixan kino bolson bailaa

0  |  0
боогий (203.91.118.180) 2017 оны 12 сарын 20

Залуучууд, хүүхдүүдэд тэмүүлэлтэй, зорилготой байхын үлгэр жишээ болсон энэ охинд амжилт хүсье.

0  |  0
Зочин(103.212.118.36) 2017 оны 12 сарын 20

Мундаг охин. Соелын яамны хийж чадахгүй байгааг ганцаараа хийчихсэн шүү

0  |  0
Top