Ажилгүй иргэд газар тариалан эрхэлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

Нийслэлийн ажилгүй иргэдийг зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр батлагдав гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам мэдээллээ. Хөтөлбөрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын энэ сарын 17-ны А/69 тоот тушаалаар баталжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2011 онд 577 сая төгрөгийг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулна. Үүнд зохион байгуулагдсан бүлгүүдийн боловсруулсан төслийг санхүүжүүлэх, аж ахуй эрхлэлт, газар тариалан зэрэг сургалт багтаж байна. Дэлхийн бусад орнуудад ч хүн ам төвлөрсөн хот суурин газрын ядуу, ажилгүй, орлого багатай иргэдийг газар тариалан эрхлүүлэх замаар хүнсний хангамж, орлогыг нь нэмэгдүүлж, хоол тэжээлийн хомсдолтой тэмцдэг баялаг туршлага байдаг байна. Энэ туршлагыг Монголд нутагшуулахаар НХХЯ, Нийслэлийн захиргаатай хамтран Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Тахилт, Хонхор хороодод ажилгүй байгаа 800 иргэнийг бүлгийн зохион байгуулалттайгаар төмс, хүнсний ногоо тариалуулж, борлуулахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ оны байдлаар улсын хэмжээнд нийт өрхийн 38.1 хувь, нийслэлд амьдарч байгаагийн өрхийн19.7 хувь нь ядуу.Нийслэлийн нэг өрхийн сарын дундаж зардал 596 мянган төгрөг байгаагийн 30.2 хувь хүнсний зориулалтаар зарцуулагддаг байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top