Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Манай улсад 750 гаруй мянган хүн жолооч, үүнээс 270 гаруй мянган иргэн автомашинтай байдаг ажээ. Тэгвэл иргэн та жолооны үнэмлэхтэй л бол жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагддаг болох нь. Заавал даатгал нь хуулийн дагуу албан журмаар авч байгаа хураамж учир татварын нэг төрөл болж байгаа юм. Харин энэ татварыг жолооны үнэмлэхтэй хүн бүхэн машинтай эсэхээсээ үл хамааран төлөхөөр боллоо. Монголын даатгалын зах зээл дээр 2011 оны хоёрдугаар сарын байдлаар ердийн даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулж байгаагаас бүгд жолоочийн болон авто тээврийн хэрэгслийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна. Одоо мөрдөж байгаа хуулиар машинтай жолооч л жолоочийн хариуцлагын даатгалд сайн дураараа хамрагддаг байсан. Өнгөрсөн оны байдлаар гэхэд дээрх машинтай жолооч нарын 10 хувь нь л энэ даатгалд хамрагдсан байна. Тэгвэл энэ даатгал сайн дурынх биш, заавал даатгал болж машинтай ч машингүй ч бүх жолооч хамрагдах болж байгаа юм. Жолооны ангиллаас хамаарч жилийн 12-53 мянган төгрөгийн хураамж даатгалд төлнө.
Харин заавал даатгалд хамрагдсан тухай албан бичгээ машиндаа заавал авч явах ёстойг иргэн танд сануулъя. Дээрх даатгалаас гадна иргэд автомашинаа даатгадаг. Хоёр даатгал хийлгэсэн тохиолдолд ямар нэг асуудал гарвал хоёулангаас нь даатгалын давхар нөхөн төлбөр авч болно . Даатгуулагчид олгож болох нөхөн төлбөрийн дээд хэмжээг таван сая төгрөг байхаар тооцсон байна. Дэлхийд авто тээврийн хэрэгслээ, нөгөө нь жолоочоо дагасан заавал даатгал байдгаас манайх жолоочоо дагасныг нь авч байгаа гэнэ. Ер нь бол өндөр хөгжилтэй, машиных нь тоо жолоочоосоо олон болсон оронд машинаа дагадаг бол манайх шиг олон жолооны үнэмлэхтэй иргэдтэй орнууд жолоочоо дагасан тогтолцоог авдаг байна.
Д.Сэндэр
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )