Мөс цөмөрч дөрвөн хүүхэд осолдох шахав

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11
Өвлийн улирал дундаа орж, хүйтний эрч чангарсан ч гол мөрний ус төдийлөн хадаалж гүйцээгүй байна. Мөн иргэд анхааруулга сэрэмжлүүлгийг үл тоон мөсөн дээгүүр машин унаатайгаар зорчих явдал багасахгүй байгаа аж.
Энэ сарын аравны Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Ширнэнгийн тохойн орчим Орхон голын мөс цөмөрч Nissan Pulsar маркийн автомашин доош живэх аюулд хүрсэн тухай дуудлагыг аймгийн ОБГ-т ирүүлжээ.
 Аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн дарга, хошууч С.Батсүхээр ахлуулсан зургаан албан хаагч ажиллаж, 17 цаг 20 минутад татан гаргасан байна. Уг автомашинаар иргэн А нь 8-12 насны дөрвөн хүүхдийн хамт зорчиж явжээ.
Тус аймгийн ОБГ-аас иргэдэд хандаж голуудын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг  өдөр бүр анхааруулж байгаа аж. Харин ард иргэд мөс цөмрөх аюулыг үл ойшоож цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах нь дээрхийн адил аюулд хүргэж болохыг ухаарахгүй байна гэж Сэлэнгэ аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top