С.Болормаа: Улсын баяр наадмыг ”Нийслэл дэлгэц”-ээр шууд дамжуулна

2018 оны 01 сарын 17

Төрийн ордны урд байрлах дэлгэцээр сурталчилгаагаа цацах уу? Өнөөгийн тренд болж буй энэ асуултыг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэе хэмээн зорьж буй байгууллага, ААН төдийгүй хувь хүмүүс ч нэг нэгэндээ тавьж, Нийслэл дэлгэцийн үйл ажиллагааг сонирхох болсон нь нууц биш юм. Яагаад гэвэл Улаанбаатар хотод том хэмжээний 12 дэлгэц үйл ажиллагаагаа явуулж байгаагаас цөөхөн нь цэвэр ашиг орлогын төлөө зах зээл дээр өрсөлдөж, ихэнх нь өөрийн бүтээгдэхүүний сурталчилгаа, постер байршуулах хэлбэрээр ажиллаж буй билээ. Судалгаанаас харахад, зөвхөн ЛЕД томхон дэлгэцүүдийн зах зээл дээр жилд 8-10 тэрбум төгрөг эргэлдэж байгаа нь энэхүү үйлчилгээний эрэлт хэрэгцээ, өргөн цар хүрээг илтгэх ажээ.  

“Үндэсний үйлдвэрлэгч” булангийнхаа шинэ оны анхны зочноор “Нийслэл дэлгэц” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Болормааг урьж ярилцлаа. Монголын хамгийн анхны контентын бодлоготой тус дэлгэцийн тухай илүү дэлгэрэнгүйг та эндээс уншаарай. 

Маркетеруудын анхааралд онцгой өртөх болсон Нийслэл дэлгэцийн түүхээс ярилцлагаа эхэлье?

Бид тус дэлгэцийг 2016 оны 11 сард угсарч дууссан ба дэлхийн дэвшилтэт технологийн дэлгэц дээр Монголын бизнесийн байгууллагууд өөрийн реклам сурталчилгааг бусдаас ялгарч, илүү үнэ цэнэтэйгээр сурталчлахад нь туслах зорилготойгоор анх оруулж ирсэн. Анх ашиглалтад орсны дараа ердөө 5 байгууллага манайхтай хамтран ажиллаж байсан бол 2017 оноос тогтмол харилцагчидтай болж,ашиг орлого нь тогтворжиж, том компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн.Өнгөрсөн жил бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.

Та бүхэн зорилгодоо хүрч чадсан уу?

Анх тус дэлгэцийг бүтээн байгуулахаас эхлээд бидний зүгээс олон улсын жишигт нийцсэн дэлгэцийг бий болгох зорилготой байсан. Тиймдээ ч Нийслэл дэлгэц бол хамгийн сүүлийн үеийн бүх технологийг өөртөө шингээх ёстой гэж удирдлагын зүгээс хатуу шаардлага тавьж байсан. Аливаа бизнест I-т байршил, II-т байршил, III-т байршил гэсэн зарчим буюу бичигдээгүй хууль байдаг. Бид ч хамгийн шилдэг байршилд дэлгэцээ байрлуулахаас ажлаа эхэлсэн гэж хэлж болно.



Нийслэл дэлгэцийн бусдаас ялгагдах давуу тал, онцлог нь юу вэ?

Нэгдүгээрт, БАЙРШИЛ. Улаанбаатар хотын хамгийн их хөл хөдөлгөөн өрнөдөг цэг, Төрийн ордны өөдөөс харсан байршил маань бидний хамгийн том давуу тал юм.

Хоёрдугаарт, ТОД ҮЗҮҮЛНЭ. Өнгөний нягтрал хамгийн сайн P8 нягтралтай тул хаанаас ч хамгийн тод харуулна. Мөн дэлгэцийн хэмжээ хамгийн зөв харьцаатай тул ямар ч дүрсний хэлбэрийг өөрчлөхгүй, дэлгэц нь нугарахгүй, хуваахгүй.

Гуравдугаарт, ШИНЭ ТЕХНОЛОГИ. Хамгийн сүүлийн үеийн SMD технологи, цаг агаарын бүх эрсдэлээс хамгаалагдсан, ажиллах температур нь -50-с +50 градус.

Дөрөвдүгээрт, ТОМ ХАРУУЛНА. Газрын хөрснөөс 14 м өргөгдсөн байршилтай, 9.2*16.4 м харьцаатай, 151 м/кв том дэлгэцтэй, Сүхбаатарын талбайн хамгийн хойд цэгээс ч тод харагдана.

Тавдугаарт, БҮГДЭД ХҮРГЭНЭ. Сүхбаатарын талбай орчмоор өдөрт дунджаар 50 000 хүн явган зорчдог, ойролцоо авто замын уулзвараар 12.000 автомашин нэвтэрдэг, тус талбай орчмоор сард дунджаар 5 арга хэмжээ зохион байгуулагддаг, давтагдсан тоогоор сард дунджаар 2.500.000 хүн таны сурталчилгааг үзнэ гээд бодохоор үнэхээр давуу талтай.

Үнэ тарифын хувьд ямархуу байдаг бол?

Манай дэлгэц хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан тул ижил төрлийн дэлгэцүүдээс бүтээмж өндөртэй, өртөг багатай. Энэ давуу талаа ашиглан бусад дэлгэцээс үнийн хувьд 2 дахин хямд байдаг. Урт хугацааны гэрээ хийх компаниудад үнийн уян хатан санал өгдөг.

Нийслэл дэлгэцийн арын албанд хэдэн хүн ажилладаг вэ?

Манай дэлгэцийн арын албанд бусад дэлгэцүүдийг бодвол олон хүн ажилладаг. Энэ нь үйл ажиллагааг жигд явуулахаас гадна олон нийтэд жинхэнэ хүрч чадах контентыг бүтээхэд сайн боловсон хүчин хэрэгтэй гэж үздэгтэй холбоотой. Инженер техникийн алба, борлуулалтын алба, санхүү, маркетингийн баг гээд зөвхөн энэ дэлгэцийг ашигтай ажиллуулахын төлөө 12 хүн ажиллаж байна.

Контентын бодлого гэж ярьсан, үүнийгээ дэлгэрүүлбэл?

Бид зөвхөн харилцагч байгууллагуудынхаа зар сурталчилгааг цацахаас гадна нийгэмд хэрэгтэй, ард иргэддээ ашигтай мэдээ, мэдээлэл хүргэх бодлогыг баримталдаг. Үүнийгээ ч илэрхийлж 2017 онд Контентын бодлоготой анхны дэлгэц болохоор зорьж ажилласан. Тухайлбал, “Маамуу” хүүхэлдэйн кино албан ёсны эрхтэйгээр өдөр бүр 18:30 цагт, Монгол HD телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөр өдөр бүр 20:00 цагт, мөн цаг агаар, агаарын чанарын үзүүлэлтийн мэдээлэл болон цаг тутамд Нийслэл хотын цагийг иргэдэд хүргэж байна. Спорт сонирхогч залууст зориулж амралтын өдрүүдээр SPS сувагтай хамтран NBA-ийн улирлын тоглолтуудыг гаргадаг.

Цаашид хөл бөмбөгийн дэлхийн аваргын тоглолтууд, зарим чухал арга хэмжээг шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн онд бид “Single Lady’s 3“ киноны нээлтийн арга хэмжээг өөрийн дэлгэцээр шууд дамжуулан үзүүллээ. Тус арга хэмжээ үзэгчдэд маш сайн хүрсэн.

2018 онд ямар зорилт тавьж байна вэ?

Бид маш олон ажил төлөвлөж байна. Жишээ нь Улсын баяр наадмыг Нийслэл дэлгэцээрээ шууд дамжуулах, NBA Play-Off тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэх, дурлалт хосууддаа хайраа илэрхийлэх, гэрлэх санал тавих гэх мэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохоор ажиллаж байна. Нийслэл дэлгэцээр дамжуулж хуримаа хийж буй хосуудад мэндчилгээ дэвшүүлбэл гайхалтай биш гэж үү? Тухайн хосууд нь Сүхбаатарын талбай дээр явж байхад хайртай дотны хүмүүсийнх нь мэндчилгээ шууд дамжуулагдана гэсэн үг юм.

Нэлээд шинэлэг өнгө төрхтэй, амьдралд хүртээмжтэй болох чиглэл рүүгээ хөгжүүлэх нь ээ гэж ойлгогдож байна?

Бидний зорилго бол зүгээр энгийн зар дамжуулдаг дэлгэц биш илүү бүтээлч, илүү сэтгэлтэй, илүү шинэлэг байхад анхаардаг. Цаашдаа ч энэ чиглэлээ бид улам хөгжүүлэн ажиллах болно.

Хамтран ажилладаг байгууллагууддаа хандаж хэлэх үг?

Өнгөрсөн хугацаанд бидэнтэй 90 гаруй бизнесийн байгууллага, 10 орчим төрийн байгууллага, 32 олон нийтийн байгууллага мэдээлэл сурталчилгаагаа байршуулж хамтран ажилласан. 2018 онд ч гэрээгээ сунган үргэлжлүүлж байна. Бидний ажлыг дэмжиж хамтран ажилладаг бүх байгууллага, хувь хүн, харилцагч нартаа танай сэтгүүлийн хуудсаар дамжуулан талархал илэрхийлж буйг хүлээн авна уу.

Бид нэн тэргүүнд чанартай, соёлтой, уян хатан үйлчилгээг харилцагч нартаа үзүүлэхийг хичээдэг. Бид хариуцлагатай ажиллаж байж жишиг болсон бизнесийн суурийг тавина гэж боддог.

Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Илүү их амжилтыг хүсэн ерөөе.



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(103.26.195.59) 2018 оны 01 сарын 21

UUNIIG INGEJI GAYKHUULAAD BAYKH YU BAYNAA?

0  |  0
Top