“АЯЛАЛ БОЛ АЗ ЖАРГАЛЫГ ХАМГИЙН ИХЭЭР ОЛБОРЛОЖ БОЛДОГ ИЛ УУРХАЙ”ГЭСЭН ҮГ БИЙ. БИД УНШИГЧДАДАА АЯЛЛЫН ХӨТӨЧ БОЛОХ МЭДЭЭЛЛИЙГ ЦУВРАЛААР ХҮРГЭХ ҮҮДНЭЭС ЭНЭХҮҮ БУЛАНГ ХӨТӨЛДӨГ БИЛЭЭ. ЭНЭ ДУГААРТАА “МОНГОЛ АЯЛАЛ” КОМПАНИЙН УЛААНБААТАР-МАНЖУУР АЯЛЛЫГ ОНЦЛОН ТАНИЛЦУУЛЖ БАЙНА .
АЯЛЛЫН НИЙТ УРТ: 1070 КМ
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ: УБ-НАЛАЙХ –БАГАНУУР –ХЭНТИЙ –ЦЭНХЭРМАНДАЛ –ЖАРГАЛТХААН –МӨРӨН-ӨНДӨРХААН –ТҮМЭНЦОГТ- ХӨЛӨНБУЙР-БУЛГАН-ХАВИРГА БООМТ-АРХАШААТ- АЛТАН-ЭМЭЭЛТ –МАНЖУУР ХОТ
МАРШРУТ: УБ-ЦОНЖИН БОЛДОГ 56 КМ, УБ-БАГАНУУР 130, УБ-ХЭНТИЙ 330, УБ-ДОРНОД 650 , УБ- ХАВИРГЫН БООМТ 830, УБ-АЛТАН ЭМЭЭЛТ 920, УБ-МАНЖУУР ХОТ 1070.
АЯЛАЛ ГАРАХ ӨДРҮҮД: 4 САРЫН 6,13,20,27 АВТОБУС АЯЛАЛ, МӨН 7 ХОНОГ БҮРИЙН 1,3,5 ДАХЬ ӨДРҮҮДЭД ОНГОЦООР НИСЛЭГТЭЙ АЯЛАЛД ЯВУУЛНА.
ЦОНЖИН БОЛДОГ : Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог хэмээх газарт Чингис хааны аварга том морьт хөшөө бий. Уг хөшөө суурь барилгын хамт 40 метр өндөр, цогцолборын нийт талбай 212 га. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей болон бусад үйлчилгээтэй. Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээжээ.
ТӨВ АЙМАГ:
Төв аймаг Монгол Улсын дорнод төв биед оршдог аймаг. Засаг захиргааны төв нь Зуунмод. 74 мянган км² нутаг дэвсгэр, 88 мянган оршин суугчтай, 27 суманд хуваагддаг. Төв аймаг дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ. Монгол Улсын Их хурлын 2003.01.02-ны өдрийн 01 тоот тогтоолоор Зуунмод хотыг “Төвийн бүсийн тулгуур төв”-өөр баталсан билээ.
БАГАНУУР ДҮҮРЭГ : Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог. 30 орчим мянган хүн амтай. Багануурын нүүрсний уурхай нь жилд 4.0 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Дулааны станц, Хязгаарын цэргийн анги, Мод боловсруулах үйлдвэр, Хар төмөр хайлуулах үйлдвэр, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх буюу дамжуулах сүлжээний газрууд бий.
ХЭНТИЙ АЙМАГ : Хэнтий аймаг 1923 онд байгуулагдсан. Газар нутгийн хэмжээ - 80,311 км². 21 аймгаас газар нутгийн хэмжээгээр 9-рт орно. Засаг захиргааны төв нь Чингис хот. 17 сум, 83 багт хуваагддаг. Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг.
ДОРНОД АЙМАГ: 1931 оны 11 сарын 6-ны өдрийн тогтоолоор Дорнод аймгийг байгуулсан. Тал хээр болон ойт хээр хосолсон 123.5 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Өвөг дээдсийн түүхийг өгүүлсэн X-XI зууны Киданы үеийн Хэрлэн барс хотын туурь, Хэрмэн зам, XI зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, Хүн чулуунууд, Угтамын хийдийн тууриудаас гадна 1939 оны ялалтын хөшөөнүүд зэрэг түүхийн дурсгалт газрууд олонтой.
МАНЖУУР ХОТ : Түүхийн янз бүрийн үед энэ хотын буй газарт хүннү, дүнхү, кидан, сяньби, монгол гээд янз бүрийн үндэстэн, омог амьдарч байсан гэдэг. Чин гүрний үед Орос Хятадын газар нутгийн Аргунь голоор тусгаарлаж. 1901 онд Орос-Хятадын хэлэлцээрээр Хятад- Дорнодын төмөр замыг барьж дуусгасан нь Манжуурыг Сибирь, Алс дорнодтой холбож хилийн дэргэд энэ өртөөг байгуулсан нь өнөөгийн том хотын суурь болжээ. 1909 онд энэ нутагт Хятад улс Хуйлунзян мужийн Лубинь гацаа байгуулжээ. 1931 оноос Хятадын зүүн хойд нутагт япончууд орж ирэн, 1932 онд Манж-Го улсыг байгуулсан бол 1941 онд Манжуурыг хотын статустай болгож, Синянь мужид хамааруулжээ. 1949 онд БНХАУ байгуулагдсанаар Манжуурыг ӨМӨЗО-ны Хун аймгийн бүрэлдэхүүнд оруулсан байна. 1992 онд энэ хотыг БНХАУ-ын Төрийн зөвлөл “Хилийн нээлттэй хот” гэж зарласнаар хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжих боломж бүрдэж Орос, Монголын харилцаа, хил орчмын худалдааны үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх болсон байна. Улмаар 2010 оны зургадугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөл Манжуур хотыг “Нээлттэй эдийн засаг хөгжлийн туршилтын бүс” хэмээн тодорхойлсон ажээ. Манжуурт аялагсдын очиж үзэх дуртай хэд хэдэн газар бий. Тухайлбал Манжуур хотын 100 жилийн ойн хөшөө бүхий хотын төв талбай. Энэ талбай дахь хөшөө, барилга архитектурын байгууламж нь европ загвараар баригдсан байдаг нь аялагчдын сонирхлыг ихэд татдаг. Орос жуулчдын хамгийн ихээр сонирхдог газар нь Матрёшкагийн талбай юм. Энд зургаан том, 200 орчим ширхэг жижиг матрёшка, өнгө өнгийн 30 өндөг байдаг нь Орос, Хятад, Монголын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог аж. Манжуур хотын хоёрдугаар гудамжинд Зөвлөлтийн Улаан армийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө цогцолбор бий. Манжуурын парк гэж нэрлэгдэж байсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнд 1945 онд зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан хөшөө барьснаар “Улаан армийн амь үрэгдсэн дайчдын цэцэрлэгт хүрээлэн” хэмээн нэрлэгдэх болжээ. Манжуур хотод зуны улиралд зочилсон хүмүүсийн үзэх дуртай тансаг үзмэрийн нэг нь хөгжмийн аяар гэрлийн өнгө солонгоруулан оргилох усан оргилуур юм. Энд хүмүүс хөгжим сонсон амарч тухлахын зэрэгцээ бүжиглэдэг ажээ. Харин өвлийн улиралд аялагчид том том мөсөн баримал, шилтгээн бүхий Мөсөн хотхонд зочлох дуртай. Хотхон шөнөдөө өнгө өнгийн гэрлэн чимэглэлээ асаан гайхалтай өнгө гэрлийн увдисаар амьсгалдаг нь газар газрын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг байна. 1999 оноос өвлийн аялал жуулчлалын хүрээнд жил бүр мөсөн хотхон байгуулж, цас мөсний баяр зохион байгуулдаг уламжлал өнөө ч хэвээр байна. Аялагчдын очиж үздэг байгалийн үзэсгэлэнт газрын нэг нь Далай нуур юм. Хятадын цэнгэг устай нууруудын эхний тавд ордог Далай нуур Манжуур хотоос 36 км зайд оршдог.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/mongoliantravel Утас: 70112646 www.mongolayalal.mn
2017- 04 сар "Зиндаа" сэтгүүл №04 /507/
Сэтгэгдэл ( 0 )