Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзлаа

2018 оны 01 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт иргэдтэй уулзаж, ярилцлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ч.Улаан, аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат болон аймгийн удирдлагууд байлцав.

Уулзалтын эхэнд Төрийн тэргүүн “Сүхбаатар аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Иргэдээ сонсох зорилготой уулзалтыг нийслэлийн долоон дүүрэгт хийж, орон нутагт үргэлжлүүлж байна. Уулзалтаар ямар асуудал яригдаж байгааг та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байгаа байх. Ихэнх иргэд ядуурал, ажилгүйдэл ярьж, шударга ёсыг үгүйлж байна. Энэ уулзалтан дээр та бүхэн орон нутагт байгаа байр байдлаа илэн далангүй яриарай. Болох, болохгүй зүйлсээ хэлж, УИХ, Засгийн газрыг шахаж ажиллах юм. Ингээд та бүхнийг сонсъё” гээд уулзалтыг эхлүүлэв.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн иргэн Саарал

УИХ ажиллах чадваргүй, хуралдаа суудаггүй боллоо. УИХ-д хариуцлага тооцмоор байна. Монополь бүлэглэлийн эсрэг тэмцэхгүй бол ард түмэн элгээрээ хэвтчихээд байна шүү. Сүхбаатарчууд ядуу байна. Ажилгүйдэл асар их, амьжиргааны түвшин доройтож байна. Шударга үнэн ярьсан УИХ-ын гишүүн 390 сая еврогоор автомашин авч тансагласан байна. Хоёрдугаарт, оффшорчдод хариуцлага тооцож, хөрөнгийг нь хураах хэрэгтэй. “Рио Тинто” компаниас Оюутолгойгоо авахгүй бол алтаа ухуулаад өрөнд ордог Монголоос өөр улс алга.

Бид яагаад өрөнд баригдаж, өрөөр амьдрах ёстой юм. Дэндүү ичмээр юм. Гуравхан сая хүнтэй биз дээ. Эцэст нь хэлэхэд, авлигач, оффшорчдод хариуцлага тооцоход Ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол бүтэхгүй юм шиг байна. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог учраас ард түмэн учиргүй буруу хүн сонгоогүй байх. Нэг айхтар “хадны мангаа” гарч ирээд болохгүй болгочихно гээд биднийг айлгаад байх юм. Гэхдээ ард түмэн мэргэн сонголттой шүү.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багийн иргэн Галбадрах

Хүн амьд явахдаа олон юм үздэг юм байна. Сонгуульд оролцохдоо намууд мөрийн хөтөлбөр дэвшүүлээд, түүнийг нь ард түмэн харж байгаад сонголтоо хийдэг. Гэтэл амлалт нь иргэдийнхээ эсрэг болдог сонин юм. Татвар нэмэхгүй гэж байсан гэтэл нэмчихлээ. Ард түмэн элгээрээ хэвтлээ. Уг нь, ард түмэн сонин телевизээр их л ярих юм. Гэвч, хүлээж авахгүй юм. Хоёрдугаарт, тэтгэвэр нэмнэ, тэтгэврийн зөрүү арилах нь гээд л хөөрөөд байсан чинь бүгдийг нь 27 мянгаар л нэмэх юм гэнэ. Тэтгэврийн насыг бас нэмлээ. Залуу хүмүүст ажил олдохгүй байхад бид 65 хүртлээ лаглайгаад суугаад байх юм уу. Зарим нь тэтгэврээ авч чадахгүй бурхны орондоо явах юм байна. Энэ бүхнийг яахаа мэдэхгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихлоо, Ерөнхийлөгч өө. Одоо танд л хэлье гэж бодож байна.

Сүхбаатар аймгийн иргэн Цогдэлгэр

Идэр есийн хүйтэнд ард иргэдийнхээ санаа бодлыг сонсох гэж яваа эрхэм Ерөнхийлөгч танд баярлалаа. Сүүлийн үед эрх мэдэлд очсон, тамга тэмдэг барьсан хүмүүс Монгол Улсын баялгийг  гадаад, дотоодод зарж, ард түмнийг ядууруулж байна. Асар их хэмжээний мөнгийг цөөхөн хэдхэн хүн гадаадад гаргасан гэж байна. Тэр оффшорын хөрөнгийг улс, эх орондоо оруулж ирмээр байна. Хэрвээ, тэгвэл тэр мөнгөөр нь өр шир дарахад тус, нэмэр болох байх гэж бодож байна. Одоо татвар нэмчихээр ард түмэн дургүйцэж байгаа шүү гэдгийг танд захьж хэлье.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн иргэн Гансүх

Мянган зовлон, түмэн бэрхшээл тоочвол маш их байна. Үүнийг тоочихгүй. Өнөөдөр нам мафи болсон байна. Монгол Улсад намын гавьяа гэж алга. Улс орныг маань хооронд нь талцуулж, үзэл бодлоор нь хувааж, хэдхэн олигархи бүлэглэлийн төрийн эрхийг авах хэрэгсэл болсон байна. Тийм учраас нам гэдгийг үгүй болгомоор байна. Төрийн эрхэнд байгаа олон гишүүдийг тараая. УИХ тарахгүйгээр оффшорт байгаа мөнгө орж ирэхгүй. УИХ тараагүй байхад 60 тэрбумын асуудал шийдэгдэхгүй гэж бодож байна. УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна. Монгол Улс олон толгойтой болохоор мөхдөг түүхтэй шүү. Одоо ганц залбирах юм та л үлдлээ. Ард чинь ард түмэн зогсож байна. Баярлалаа.

Сүхбаатар аймгийн иргэн Чулуунбаатар

Монголын ажилтан анги хэлмэгдэж байна. 1990 онд ажилчин анги хүрзнээс өөр хөрөнгөгүй үлдсэн хүмүүс. Тэдэнд хөрөнгө, мөнгө үлдээгүй. Одоо хоёр дахиа буюу арай гэж тэтгэвэрт гарах гэж байхад нь тэтгэвэрт гарах насыг 65 болгоно гэж байна. Гэтэл хөөрхий бид бурхны оронд заларчихна шүү дээ. Та үүнийг дамжуулж өгөөч.

Хоёрдугаарт, би хувиараа бизнес эрхэлж 40-өөд хүнийг ажлын байртай байлгаж чадаж байсан. Өнөөдөр би 20 ажилтнаа тэжээх гэж үнэхээр их ядарч, зүдэрч байна. Үнэхээр хүнд байна. Зарим нь эхнээсээ Солонгос явах юмсан гэж байна. Тэнд очиж боолын хөдөлмөр хийж байгаа ч мөнгө олох нь сайхан байх л даа. Гэхдээ эх орондоо яагаад сайхан амьдарч болохгүй байгаа юм бэ. Энэ тал дээр бодлого баримталж дорвитой хөдлөх хэрэгтэй байна шүү.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэг төвийн иргэн Л.Нарангэрэл

Малчин бид өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл ажилладаг. Малчдын маань малын үнэ хямд, арьс шир мөн л хямд байна. Амьдрахад бэрхшээл тулгарч байна гэдгийг Ерөнхийлөгч болоод УИХ-ын гишүүдэд хэлмээр байна. Малынхаа түүхий эдийг боловсруулдаг үйлдвэр байгуулбал яасан юм бэ гэж манай малчид санал тавьдаг юм. Энэ саналыг хүлээн авна уу гэж хүсмээр байна.

Сүхбаатар аймгийн 1-р багийн иргэн Энхбаатар

 Та бол Монгол Улсын батлан хамгаалах салбарын тэргүүлэгч хүн. Энэ талаас нь хэдэн зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, цэргийн алба хаах хугацааг 2-3 жил болгохыг миний уулзсан иргэд хэлж, ярьж байдаг юм. Сүүлийн үед ч гэсэн яригдаад байгаа. Одоогийн бүтээн байгуулалтын үндэс суурийг цэргийнхэн тавьсан байдаг шүү. Үүнийг Сүхбаатарчууд мэдэж байгаа байх. Тиймээс хугацаат цэргийн албыг хоёроос дээш жил болгож, ялангуяа уул уурхай зэрэг томоохон төслүүдэд цэргүүдээ ажиллуулах хэрэгтэй гэсэн санал хэлмээр байна.

 Сүхбаатар аймгийн иргэн Батсайхан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах  эрхийг зөрчсөн үйлдэл гарах гээд байна. УИХ-ын гишүүд 10 мянга гаруй иргэнээс сонгогддог. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч 600 мянга гаруй иргэнээс сонгогдсон. Тэгтэл 10 мянган хүний төлөөллийн хууль санаачлах  эрх нь хэвээрээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах  эрхийг хязгаарлах гээд байгаа нь ёстой нөгөө олны хэлдгээр ариун явдал юм уу. Бид нар чинь бас тэнэг биш. Сошиал дээрээс энгийн тандалтын судалгааг 5000 хүний дунд хийхэд 3121 хүн хамрагдаж, 63 хувь нь Ерөнхийлөгчийн хууль санаачлах  эрхийг хасах нь буруу гэж байгаа юм. Тэгэхээр иргэдийг тэнэг, цагаан цаас гэж үзэж болохгүй шүү” гэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуусан асуултад хариулж, оффшор бүс, Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр, аж үйлдвэр, түүхий эд, татвар, тэтгэвэр, төрийн одон медаль, орон нутгийн хөгжил зэрэг олон сэдвээр яриа өрнүүллээ.

Мөн Ерөнхийлөгч “Уулзалтад идэвхтэй оролцсон Сүхбаатарчууд та бүхэнд баярлалаа. Хоосон ярьсан, лоозогносон уулзалт биш байгаасай гэж хүсэж байгаа. Та бүхний ярьсан чухал санал, санаачилга цаасан дээр бууна. Улс, эх орныхоо хөгжлийн төлөө надтай хамтран ажиллахыг уриалж байна” гэлээ.

Төрийн тэргүүн маргааш Дорноговь аймгийн иргэдтэй уулзана.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.24.114) 2018 оны 01 сарын 29

Женко боль доо. Зөвхөн өөрийнхөө төлөө, АН-ын эрх ашгийн төлөө ажиллахаа боль. Ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод өөрөө энэ орны эзэн суухыг мөрөөдөхөөс өөр юм толгойд чинь орохгүй байна уу? Таны тэнэг жүжигт монгол хүн бүр итгэх нь юу л бол... Ингэж айл, аймаг сум хэслээ гээд юу өөрчлөгдөх юм. Хөр цасан дээр Женко гишгэлээ гээд ногоо ургах юм уу?

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 01 сарын 29

Эв нэгдлийн бэлэг тэмдэг гэдгээ л битгий мартаарай. Та АН-ын ерөнхийлөгч биш шүү. УИХ-ыг тараана ч гэх шиг...

0  |  0
zochin(124.158.112.3) 2018 оны 01 сарын 28

Ug ni erunhiilugchiin hh ajil bish l bna daa. Erunhiilugch neg nsmd heseg hund uilchleed baimgui bh yu. aa

0  |  0
Бб(27.123.212.133) 2018 оны 01 сарын 28

Зээл тэглэх яасан бэ

0  |  0
zorchil(124.126.2.247) 2018 оны 01 сарын 27

Gadaadad ajillahiig booliin hodolmor yum bol ard irgedee iim baidald hurgehed erhem eronhiilogch Battulgiin oruulson huvi nemer bagagui . Busdiig olsson buged shig dairch dovlohdoo garamgai ch ooriin hiisen gem nuglee bol ondogoo darsan burged shig avirlahaa bolioch dee eronhiilogch mini. Ta yariad baigaa shigee ih shudrag tsever ariun hun mon uu?!Ulsiin bayalgiig tegsh huviarlah yum yaridag bolloo. Ta ih hurliin gishuuneer 3 udaa songogdoj,ulsiin hogjliin gol zutgeh huch bolson.zam teevriin bolon uildver hodoo aj uilveriin yaamiig tolgoilj baihdaa zov huviarlaluulahgui yaasan. .

0  |  0
zorchil(124.126.2.247) 2018 оны 01 сарын 27

Gadaadad ajillahiig booliin hodolmor yum bol ard irgedee iim baidald hurgehed erhem eronhiilogch Battulgiin oruulson huvi nemer bagagui . Busdiig olsson buged shig dairch dovlohdoo garamgai ch ooriin hiisen gem nuglee bol ondogoo darsan burged shig avirlahaa bolioch dee eronhiilogch mini. Ta yariad baigaa shigee ih shudrag tsever ariun hun mon uu?!Ulsiin bayalgiig tegsh huviarlah yum yaridag bolloo. Ta ih hurliin gishuuneer 3 udaa songogdoj,ulsiin hogjliin gol zutgeh huch bolson.zam teevriin bolon uildver hodoo aj uilveriin yaamiig tolgoilj baihdaa zov huviarlaluulahgui yaasan. .

0  |  0
Иргэн(139.5.218.244) 2018 оны 01 сарын 27

Улс эх оронд минь өөр хийх ажил алга уу. Тулгамдаж буй зөндөөн ажил байгаа санагдах юм

0  |  0
Irgen(112.171.251.95) 2018 оны 01 сарын 27

Dandaa beldsen humuus bnaa solongost ireheer booliin hudulmur hiine gej ayridag teneguudiig harahaar unen durgui hureh yamaa ajillaj chadval hulsuu zuv unluulj avna 2t nas zaahgui ter hun ajillaj baival tsalin avdag gazar shuu dee

0  |  0
zochin(150.129.140.13) 2018 оны 01 сарын 27

zadaaa

0  |  0
Top