Хан тайширын аялгуу

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Монголын сонгодог зохиолч, алдарт “Тунгалаг Тамир”-ын эзэн, Төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамба агсны 100 насны ойг баруун Алтайчууд, баян монгол хотлоороо тэмдэглэж эхэллээ. “Сэтгэл эзэмдэн дагуулагч” хэмээн эрдэмтэн зохиолч Л.Түдэв абугай нутгийнхаа энэ суут хүнийг гайхалтай тодорхойлсон байдаг. Лодойдамбын тухай хүмүүс, судлаачид нэлээд бичжээ. Үүн дээр миний нэмэрлэх зүйл юу гавихсан билээ. Гэвч нэгэн цагийн наран доор бараа юугий нь бишрэн харж, яриа юугий нь товчхон ч атугай сонсож явсных, мөн яруу сайхан зохиол бүтээлийг нь гучаад жил Монголынхоо зуу зуун багачуудад зааж явсны хувьд надад бас хэлэх үг байна аа.

"Хэдийгээр Тамирын голын тухай бичиж байвч өгүүлбэр болгоноос нь Тайширын аялгуу сонсогдоно"

Л.Түдэв

1917 онд Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутагт төрсөн энэ хүн Монголын уран зохиол, нийгэм улс төрийн амьдралд орь залуу цагаасаа идэвхийлэн оролцож, эрдэмтэн, зохиолч, соёл нийгмийн нэрт зүтгэлтэн гэдэг эрхэм дээд алдрыг ард түмнээсээ хүртжээ. Зөвхөн зохиолчийн талаас нь цөөн зүйлийг өгүүлье.

Би бол 1950, 60-аад оны сурагч. Бага сургуулийн гэнэн хонгор өдрүүддээ “Алтайд” романыг нь шимтэн уншиж, баруун Алтайн сүрлэг уулс, геологичдын бахархам бөгөөд сонирхолтой амьдрал, адал сониныг бишрэн сүсэлж, малчин Дамдингийн хурдан борлог морь орос цэрэг Пановын амийг хэрхэн аварч байгаа, зоригт эр Ганган Төгсийн домогт үйл явдал, галт угалз, ирвэсийн хүрхрээн зэрэг байгаль ертөнцийн түмэн сониныг гайхширан уншиж суусан минь эдүгээ ч оюун санаанд минь дурайсаар бүлгээ.

Яагаад ч юм Монголынхоо анхны хүүрнэл энэ том зохиолыг уншчихаад геологич гэдэг эрхэм үгийг ойлгож ядахын хамт их сайхан мэргэжил гэдгийг зөн совингоороо мэдрэн, дунд сургуульд орсон хойноо “Алтайдын” баатар Баяр, Панов нарын араас одохсон гэж хорхойсч байж билээ. Энэ бол их зохиолчийн үгийн ид шид, мөнөөх романы уран дүр дүрслэл, хорхой хүрэм адал явдлаас үүдэлтэй байсан нь мэдээж. Миний үеийнхэнд ийм явдал олон тохиолдсон юм билээ.

Лодойдамба гуайн тухай ярихад “Манай сургуулийнхан” тууж тэр чигээрээ ухаан санаанд буугаад ирдэг нь эл зохиолын нэгэн гайхамшигтай холбоотой. Арын хүрээний банди нар, тэнхимийн багачуудын зодооноос аваад бяцхан шавь нарынхаа төлөө амь насаа ч үл хайрлагч Далхаанямбуу, ууртай хэмээгч Ням гүн, дөлгөөн сайхан ааштай орос эмч, бурантаг хочит Дулмаа гээд олон шинэ содон дүрүүдтэй тавиад жилийн өмнө танилцсандаа бид азтай хүмүүс юм шүү. Хүүхэд цагийн хонгор сэтгэлд минь “Манай сургуулийнхан” тууж ямар аугаа ихийг өгснийг талархан дурсах учиртай. Өрөвдөн хайрлах, өшрөн хорсох гэдэг сэтгэлийн хоёр туйл энэ зохиолд маш гүнзгий шингэснийг их л амархан ойлгож авчээ. Энэ тууж хагас зуу гаруй жилийн турш Монголын хүүхэд багачуудын багш байлаа. Өөрчлөлт шинэчлэлт гэдэг нэрийн доор энэ алдарт зохиолыг дунд сургуулийн хөтөлбөрөөс хасчихсанд нь би гайхдаг. Цагийг эзлэн мөнхөрсөн сонгодог бүтээлийг хэн гэгч “мэргэн” түшмэл авч хаясан юм бол? Энэ бол хойч үедээ хийж буй нүгэл.

Хичээлийн гадуурх уншлагаар уншина биз гэж цэцэрхэх байх л даа. Ном зохиолоос сүрхий хөндийрч буй энэ үед сурагчид энэ бүтээлийг бие даан уншина гэдэг ёстой гонж биз.

ИХ ЗОХИОЛЧИЙН “ТУНГАЛАГ ТАМИР”-ЫН ТУХАЙ ТОВЧ ӨГҮҮЛЬЕ.

“Алтайд” романаас хойш арав орчим жилийн дараа Монголын энэ сонгодог роман гарчээ. “Тунгалаг Тамир"-ыг мэдэхгүй хүн Монголд бүү хэл, дэлхийн олон оронд бараг байхгүй гэж болно. Арав гаруй улсын хэл дээр асар богино хугацаанд хэдэн арван сая хувиар хэвлэгдсэнээрээ энэ роман Монголын бахархал болжээ. Өмнийн Вьетнам, умрын Орос, өрнийн Европын орнууд, далайн чанадын гүрнүүд Эрдэнэ засгийн унагаар эрвэлзүүлэнхэн жороолж, цахиур Төмөрийн эр зоригоор ухаан бодлоо хурцлан, Дулмаа, Долгор нарын цэвэр тунгалаг хайр, эмгэнэлт хувь заяанд хайлан уярч, хүний зовлонд цаддаггүй хорвоогийн хатуухан жамыг ухааран биширсээр бөлгөө.

Зууны шилдэг романаар шалгарсан “Тунгалаг Тамир”-ыг зохиогч мааньТамирын голоос өртөө алсад төржээ. Хуучин Засагт хаан аймгийн Засагт хааны хошууны гаралтай Лодойдамба гуай энэ зохиолоо “Ачит эцгийн дурсгалд зориулав” гэсэн байдаг. Аавынхаа ярьсныг эвлүүлж уул романыг бүтээснээ зохиолч нэг бус удаа хэлсэн байдаг. Эцэг Чадраабал нь өнгөрөгч зууны эхээр төрж өссөн Хан Тайшираасаа нүүдэллэн, Тамирын голд суурьшсан ажээ. Ингээд бодохлоор эл алдарт романы бүтээгдсэн түүх, үйл явдал, дүр тэргүүтэн нь тун ч тодорхой болоод ирж байна. “Тамирын хөндийд болсон явдлыг Тайширын нурууны хүн нарийн мэдэж, романдаа дүрслэх болзол буй болсон нь тодорхой” /Л.Түдэв/.

Хоёр хангай нутаг

Хүрэнтэж найгаад байна

Хошууны олон Тамир Санагдахуйяа янзтай гэдэг ардын сайхан дуугаар ишлэл хийн эхэлсэн “Тунгалаг Тамир" бол XX зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төрийн амьдралыг туйлын өргөн цар хүрээтэй, уран сайхны өндөр түвшинд зурж үзүүлсэн туульсын сонгодог бүтээл юм.

".. Эрдэнэ бусад хүн шиг зовохдоо зовж, өлсөхдөө өлсөж, баярлахдаа баярлаад, хорсохдоо хорсоод амьдарч болох байжээ. Гэтэл шинээр ширээ залгасан Засагт хаан Гомбожавын зан авир ширүүн, ард олныг зовоох нь хэр хэмжээнээс хэтрэхэд чуулган дарга, Монгол, Манж жургааныг дамжин заргалдав. Гэвч ноёнтой өшөөтэй бол хонгогүй, нохойтой өшөөтэй бол хормойгүй гэдэг дэмий үг биш болохоор Гомбожав хошууны хөрөнгөөр хөлөө хүрэх газар бүхэнд хээл хахууль цутгаж байгаад эзэн ноёнтойгоо харгалдсан тэрсүүд албатыг Улиастайн Бат гүнд хорив. Тэнд үс бөөсөндөө баригдан жил гаруй болж байтал Монгол улс Манжаас тусгаарлан Богд Жавзандамба өршөөл түгээж Эрдэнэ гяндангаас гарчээ. Бат гүнд сууж байхдаа дүүтэй нь хамт Говь мэргэн вангийн ноёны сүргээс таслан хөөж, Цэцэн сартуулын хошуунд дамжуулж байсан нэгэн эртэй дайралдаж, Төмөрийн тухай өдий төдий домог шиг яриа сонсчээ. Морины сайныг харуут таньдаг, санаа нь сүү шиг, чадал нь хар хул шиг эр дээ. Долоо хоногийн өлийг дуулж байгаад давдаг хүн, далан өртөө газрыг дөрөөн дээрээ туулдаг эр гэх зэргээр Төмөрийг шагшин магтжээ “Тунгалаг Тамир” романы үг хэллэг ийм ажгуу. Туульсын зохиолын илүү дутуугүй, чухам л Эрдэнэ засгийн унаганы жигдхэн хатираагаар урсан галгидгийг уншигчид сайн мэднэ. Тиймээс ч энэ роман Монголын сор роман гэгддэг буй заа. Ах дүү Эрдэнэ, Төмөр хоёр ийнхүү зохиолын эхнээс уншигчийг хөтлөн Хан Тайширын аялгуугаар илбэдэн татнам билээ. Энэ тухай эрхэм анд асан, эрдэмтэн, зохиолч Б.Ганбат гайхамшигтай ном туурвиж бидэнд үлдээснийг онцлон дурдах естой. Энэ романаар гурван ангит кино бүтээгдсэнээс хойш гуч гаруй жил өнгөрсөн ч үзээд уйдашгүй сайн кино хэвээрээ авай. Ардын жүжигчин А.Очирбат гуайгаас аваад ард түмнийхээ зүрх сэтгэлийг татсан олон шилдэг дүрүүд энэ романы ач буянаар бий болжээ. Зохиолчийн олон арван өгүүллэгийнх нь тухай багтаан бичих боломжгүйгээ энд цухас өчье. “Малгайтай чоно”-оос аваад хэлмэгдлийн хар шуурганд босоогоороо үлдсэн “Хугараагүй ноён нурууны” эзэн Дорж хийгээд, хайр дурлалын долгилоос сайхан бүхнийг сэтгэл татам дүрсэлсэн “Солонго” болон “Төмөр багана”, “Гэрээс”, “Шаргачин” гээд тоочвол Ч.Лодойдамба гуайн өгүүллэг зөндөө.

Шинэ соёлын бадрал мандал, шинжлэх ухааны эмнэлгийн хөгжил, хуучин шинийн зөрчил, Алтайгаас молибден гэдэг үнэт эрдэнэс нээсэн хайгуулчдын амьдрал, Халх даяар өрнөсөн үндэсний хувьсгалын дүрэлзсэн улаан гал, мухар сүсгийн хүлээснээс ангижирч буй хөдөөх нутгийн малчдын хөгжилтэй дүр "Малгайтай чоно”, “Өнгөрсөн үеийн баатрын өнөө үеийн явдал” / өгүүллэг/ зэрэг монгол амьдралын түмэн өнгө, буман явдлыг туульсын олон шилдэг бүтээлдээ мөнхлөн үлдээсэн Алтай нутгийн унаган хүү, Монголын бичиг эрдмийн нэгэн гэрэлт од Ч.Лодойдамба гуайн 100 насны өндөр хүндэтгэлт ойн энэ жилээр их зохиолчийн ном туурвилынх нь талаар товчхон бичсэн энэ тэмдэглэл бол түүний олон талт уран бүтээлийн тухай судлаачид, эрдэмтдийн бүтээсэн их чуулганд нэмэрлэж байгаа нэгэн дусал юмаа. Түүний эрдмийн бүтээл, кино, жүжиг гээд яривал асар их өв сан бий.

Товуу засгийн унага

Товолзсонхон жороо доо гэсээр “Тунгалаг Тамир”-ын цахиур Төмөр ажнай сайн хүлгээрээ дөмөлзөнхөн хатируулсаар айсуй. Төв Халхын алдарт гол Тунгалаг Тамир мэлтэлзэнхэн долгилсоор. Түүн лүгээ адил Хан Тайширын аялгуут үгийн сувд хэлхэгч монгол туульсын сүмбэр оргил Лодойдамба гуай ард түмнийхээ дунд мөнхөд амьдран авай.

Э.Хархүү

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/ 505

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GALAIR OBOGT SHUHERT(202.179.26.197) 2019 оны 04 сарын 19

SAIHAN HUTAG SANAG BAINA

0  |  0
ЗОЧИН(202.9.42.139) 2019 оны 04 сарын 19

МАНАЙ ТАЙШИР НУТАГ ГЭЖ НУТАГ УС ӨАГААР ГЭГЭЭН НУУР МӨНЧ САЙХАН НУТАГ ШҮҮ,,,,ХАЛХАД БАЙДАГГҮЙ НУТАГ ДАА ????

1  |  0
Монгол Иргэн(122.201.22.133) 2019 оны 04 сарын 19

Одоо амьд мэнд байгаа Эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэвийн Нобелийн шагналд дэвшүүлээсэй. Эрдэмтэн их хүмүүнийг Хоёрын хооронд нам гэдэг үзэл суртлаар бүү доош хийгээсэй...Сайн үйлс дэлгэхэх болтугай...

1  |  0
Зочин(68.100.15.100) 2018 оны 01 сарын 28

Тиймээ. Хүүхэд насандаа уншиж байсан Манай сургуулийнхан тууж, Алтайд романы дүрүүд одооч нүдэнд илхэн байдаг.

0  |  0
Zochin(88.130.50.37) 2019 оны 04 сарын 19

Gaihamshigtai. Lodoidambagian zohiol, romanuudyg unshaad ch uidahgui. Bi ”Tungalag tamir” romanyg daraallaad 2 udaa unshij bilee. Nudend haragdatal bichne. Ardchilal nereer soyol irgenshiltei holbootoi burijg ustgasan da.

1  |  0
Top