Жүжигчин Э.Алдар: Би дипломатч болохоор шийдчихсэн байсан

2018 оны 01 сарын 29

Энэ удаагийн “Breakfast time” буландаа жүжигчин Э.Алдарыг урьж оролцууллаа.

 Өглөөний мэнд хүргэе!

Өглөөний мэнд ээ. Танай сайтыг уншиж байгаа бүх хүмүүст мөн энэ өдрийн мэнд хүргэе.

Жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болов. Гэр бүлд нь урлагийн хүн байв уу?

Манай аав Дуурийн театрт хийлчээр ажилладаг байсан. Тухайн үед аав маань мэргэжлээ дээшлүүлэх зорилготой ОХУ-ыг зорьж, бид гэр бүлээрээ тэнд амьдрах болсон л доо. Тэр үед бол би шууд дипломатч болно гэж дотроо их боддог байсан.  Харин буцаж Монголдоо ирээд 10 жилийн урлагийн үзлэгт орох гэж байхад “ТВ Коктейл”-ийн Цоомоо /Жүжигчин Э.Цолмонбаяр/ ах маань бид нарыг бэлтгэж өгч байлаа. Яг урлагийн үзлэгийн өдөр миний гарах хэсэг дээр хөгжим гацаад, тэгээд хүмүүсийг уйдаахгүйн тулд жүжиглэх л хэрэгтэй байх гэж бодоод Цоомоо ахтай шууд тайзан дээр харьцаад, ямар ч алдаа байхгүйгээр урлагийн үзлэгээ авч гарч байсан юм. Урлагийн үзлэг дууссаны дараа Цоомоо ах: “Алдар аа, чи СУИС-ийн жүжиг ангид  шалгалт өгөөч” гэж байсан, тэр үед би 8-р анги байсан болохоор дүү нь өөр хүсэл мөрөөдөлтэй гээд л нэг их тоогоогүй. Ер нь, МУИС-ийн Олон улсын харилцааны ангид сураад, шууд дипломатч болоод буцаад Орос руу явж амьдарна гэсэн бодлоосоо салаагүй байсан. Тэгээд 10-р ангид ордог жилээ өөрөө урлагийн үзлэгээ найруулан тавьж эхлэхэд манай ангийнхан ч гэсэн “Алдар аа, чи жүжигчин болооч” гэж хэлж байлаа. Төгсдөг жилээ МУИС, СУИС хоёрт хоёуланд нь шалгалт өгч, хоёуланд нь тэнцсэн. Яг сонгох үед за ер нь жүжигчний мэргэжил гоё юм байна гээд, өөрийгөө их сайн хөгжүүлэх юм бол болох юм шиг санагдаад сонгосон доо. Жүжигчин болъё гэсэн бодол их хожуу төрж байсан гэх юм уу даа.

Жүжигчин Цоомоо их нөлөөлсөн байх нь ээ..

Мэдээж л дээ. Шал өөр бодол, хүсэл мөрөөдөлтэй явж байсан хүүхдэд чамд авьяас байна гэдгийг хэлж,сургаж өгсөн. Магадгүй тэр үед тэгж хэлээгүй байсан бол би аль хэдийн Дипломатч ч болчихсон явж байж мэднэ.  

Энэ хүртэл явахад шантрах үе байсан л байх. Магадгүй энэ мэргэжлийг сонгочихоод харамсаж байсан тохиолдол бий юу?

Харамсаж, шантарч байсан зүйл огт байхгүй ээ.

Ер нь хүн мэргэжлээ зөв сонгоод, өөрөө түүндээ шамдан суралцахад шантраад байх шалтгаан байхгүй гэж би боддог.

Залуучууд маань юу хүсч байна, ямар мэргэжил сонгомоор байна гэдгээ зөв тодорхойлоод, дээрээс нь тэр мэргэжилдээ дурлаж чадвал амжилт ойрхон байдаг гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Хамгийн гол нь мэргэжлээ  хэн нэгний хэлснээр биш, өөрийн хүсэл мөрөөдлөөрөө сонгох ёстой юм болов уу. /Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top