Өмнөговь аймгийн зарим суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

2018 оны 01 сарын 31

Баяндалай, Мандал-овоо, Гурвантэс зэрэг сумдад өнгөрсөн зун, намартаа хур бороо бага гантай, малчид отор нүүдлийн байдалтай өвөлтэй золгосон бөгөөд одооч отор нүүдэл хийсээр байна. Баяндалай, Мандал-Овоо сумдад сумын ИТХ, ЗДТГ-аас Малчдын зөвөлгөөнөө зохион байгуулж малчдад тулгамдсан асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ болон аймаг, сум орон нутагт хийгдэж буй ажлуудын талаар малчдад мэдээлэл өглөө.

Баяндалай сумын малчид хэлэхдээ: Энэ өвөл маш хүйтэн, цастай, малын хоол муу байнгын отор нүүдэлтэй байгаа бөгөөд идэр 9-ийн хүйтэнд ч нүүж байна.

Өвс тэжээлийн үнэ өндөр байна, үнийн хөнгөлөлт үзүүлэх боломж байгаа эсэх. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалтыг хийх боломж нөхцөл хэр байгаа, бор зээрийн янзага хөлдөж осгож байна гэх зэрэг өвөлжилтийн байдалтай холбоотой хүндрэлтэй асуудлуудыг анхааралдаа авахыг хүсэв.  

Байгалийн тусгай хамгаалалттай газар нутагт гар аргаар алт олборлогчдын хууль бус үйл ажиллагаа, хатуу хучилттай автозамтай болсноор хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох асуудлаас үүссэн осол, аваар их гарах болсон, баруун уурхайн чиглэлд явж байгаа том оврын автомашинууд олон салаа зам гаргаж говийн зөөлөн хөрс ихээр эвдэрч сүйдэж байгаад үнэлэлт дүгнэлт хийж хаа хаанаа анхаарч ажиллах шаардлагатай байгааг малчид анхааруулж хэлж байлаа.

Мөн энэ үеэр малчид цагаан идээний үзэсгэлэн худалдаа гаргасан. Энэ үеэр Баяндалай сумын гаралтай уран бүтээлчид “Амин нутаг” тоглолт хийж нутгийн түмэндээ ая дуугаа өргөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top