Шаардлагатай хүмүүсийг эмнэлгийн хяналтанд авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 31
Өвөлжилт хүндрэхийн зэрэгцээ хүн малгүй зутрах янз нийт нутгаар анзаарагдаж байна. Тиймд Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар отрын бүс нутагт өвөлжиж байгаа бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гаргаж, шаардлагатай хүмүүсийг эмнэлгийн хяналтанд авчээ.

Тус аймгийн зарим сумынхан нутаг сэлгэн Дарьганга, Мөнххаан, Халзан сумдын нутагт өвөлжиж байгаа аж. Дээрх сумдын нутагт нярай болон бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн гээд хяналтандаа авбал зохих 80 гаруй тооны иргэн байна. Тодруулбал, нярай нэг, 0-5 хүртэлх насны хүүхэд 48, жирэмсэн эмэгтэй тав, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр, 65-аас дээш насны 26 иргэн тус бүс нутагт байгаа аж.
 
Тэдгээр иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, эмчилгээ хийх, эмнэлгийн байгууллагын хяналтанд авах ажлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулжээ. Одоогоор хүнд, хүндэвтэр өвчтөн байхгүй бөгөөд нярай болон жирэмсэн эхчүүдийг эмчийн байнгын хяналтанд аваад байгаа аж. Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор бүх сумдын эмийн нөөцийг 80-85 хувьтай, нэн шаардлагатай эмийн нөөцийг 90 хувьтай хангасан гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top