Өвөрхангай, Ховд аймгуудад болсон улсын хоёрдугаар зөвлөгөөн өндөрлөлөө

2018 оны 01 сарын 31

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Өвөрхангай, Ховд аймгуудад өчигдөр, өнөөдөр хоёр өдөр болж өндөрлөлөө. Ховд аймагт болсон зөвлөгөөнд Ховдын ЕБС-ийн багш, ажилчдаас гадна, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн багш, ажилчид, Арвайхээр хотод болж буй зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Өвөрхангайн багш, ажилчид тус тус оролцлоо.  Зөвлөгөөний хүрээнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулагдлаа.

Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл” салбар хуралдаанаар “Багшийн ажлыг үнэлж, дүгнэх журам”-ыг, багшийн ажлыг гүйцэтгэлийн үр дүнд суурилан, суралцагчийн сурлагын ахиц, амжилтаар үнэлж дүгнэх, багшийн хөгжлийг дэмжих  зорилгоор шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлсэн юм. Багшийн хөдөлмөрийг үнэн, зөв бодитой үнэлэх, тэдний авч буй цалин хөлс нь амьдрал, ахуйн зайлшгүй хэрэгцээг хангадаг байх, хийж гүйцэтгэж буй үндсэн ажилтай нь уялдсан байхаар үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхэд энэ нь ихээхэн чухал үүрэгтэйг багш нар онцолж байна.

Арвайхээр хотод болсон зөвлөгөөнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” сэдвээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар, “Суралцагчийн үнэлгээний журмын шинэчлэл, чанарын хяналт, үнэлгээний тогтолцоо” сэдвээр Боловсролын үнэлгээний төвийн Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гантуяа, “Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн А.Мөнх-Оргил нар илтгэл хэлэлцүүлсэн байна.

Ховд аймагт болсон зөвлөгөөнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл” сэдвээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн А.Цолмон, “Багшийн цалин хөлсний шинэчлэл” сэдвээр 
БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ж.Ганбаатар, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” сэдвээр
Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам нар илтгэл хэлэлцүүллээ.

Багш нар ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, сургалтын чанарыг сайжруулах багшийн хөгжил, ур чадварыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг нэмэх асуудлыг хөндөн ярилцлаа. Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-аас санаачлан зохион байгууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top