Тархи сэтгэл минь бэлчээр юм

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 10

Уламжлал шинэчлэлийг хослуулан бүтээлээ туурвидаг, манай энэ цагийн туульсын зохиолын сод нэгэн төлөөлөгч Доржзовдын Энхболдын зиндаа тун өндөр билээ. Тэрбээр арав гаруй жил АНУ-д ажиллаж амьдрахдаа “XIII зуун”, “Гурван Тэсээс Чикаго хүртэл”, “Казиног номхотгосон нь” зэрэг роман, тууж, өгүүллэгийн ном бүтээж, өнгөрөгч жил “Өвс ногоо аниргүй” нэртэй өгүүллэгийн номоороо “Алтан өд” шагнал хүртжээ. Энхболд МЗЭ-ийн болоод Д.Нацагдоржийн шагналт, “Алтан өд”-ийн хошой шагналт зохиолч билээ. “Хоймор өнжих нар”, “Соёо” киног нь үзэгчид андахгүй. Наяад оныхон дотроосоо цойлон гарч, бүтээл туурвил нь дотоод гадаадад хэвлэгдсээр буй Энхболд хориод жилийн тэртээ “Бүйлс дахин цэцэглэнэ”, “Паанан” номуудаараа алдаршин уншигч, судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсан билээ. Амьдралыг уянгатай нь, зөрчилтэй нь, утга төгс урлан дүрсэлдгээрээ шинэ зууны шилдэг уран бүтээлч болон тодорсон Энхболдын тууж, романуудын ботиуд удахгүй уншигч түмний ширээнээ очих ажээ.

 

“Тархи сэтгэл нь бэлчээр юм түүнийг даган бэлчих адуун сүрэг молхи хүний чадавхи юм” гэж Энхболд хэлсэн нь буй. Түүний өгүүллэг, таталбараас “Зиндаа” онцолж байна. Ухаарал, харуусал, эмзэглэл шингэсэн бүтээл нь уншигч танд ихийг бодогдуулна гэж бодож, энэхүү цөөн үгийг өмнөтгөл болгон тэрлэв.

Э.Хархүү

 

БӨӨСТЭЙ ОРЧЛОН


/Өгүүллэг/


Даахьтай дэлхий, ярьдаг ганц хүүгээ шарлачихаж гэдгийг дуулмагц даргын чих шуугиад хоолойд нь бөөн мөс чихэлдэх шиг болж хөшчихөв. Утасны цаанаас эхнэрийнх нь сандчин хашгичих осолдохгүй л сонсогдохоос биш юу гээд байгаа нь ойлгогдохоо больжээ. Хир удаан тийнхүү хөшсөнөө ч мэдсэнгүй. Сэхээ орж анзаарвал утас алин цагийн эзэнгүй “Дийд дийд” гэж гасалж байжээ. Эмнэлэг дээр даргын хүүг өөсдөө шарлуулчихсан мэт сандарч тэвдэн бөхөлзөж нахилзсан эмч нар харцаараа шал шүүрдэн гүйлдсээр угтлаа. Хүү нь зүгээр ч нэг шарлачихаагүй тун ч хүнд хэлбэрээр өвдсөн гэлцэнэ. Даргын толгойд “Одоо яадаг билээ” гэхтэй яг зэрэгцэн “Америк” гэсэн бодол авралын од шиг цахилан орж ирэв. Тэгээд аргагүй л нэг аав шиг, дарга шиг шийдэмгий шийдвэр гарган маргааш өглөө нь хүүгээ тэврээд Америк орныг зорилоо. Хүчирхэг баян Америк ч тэднийг тайвширч санаа алдтал нь элэгсэг дотноор угтаж зөвхөн өөрсдөөр нь л дутаж байсан мэт санагдах элбэг дэлбэгийн вант улс шиг цэмцийсэн эмнэлэгт хүүг нь хэвтүүлэн зүйл бүрийн эм тариагаар эмнэж гарлаа. Долоо хоног, нэг сар, хагас жил эмнүүлээд хүү нь эдгэсэн ч үгүй, басхүү муудаад ч сүйд болсонгүй. Хийсвэр зураачийн зураг шиг л учир нь үл ойлгогдох сүүмийсэн харцтай, эм тарианы ханаж цаддаггүй хөхүүр болж орхих нь тэр. Чухам яагаад эмчилгээ таарахгүй байгааг гайхсан сайхан зантай эмч нар хүүд хийдэг эм тариа, сэлбэдэг цусыг байсгээд л солино. Хар, еврей тэр ч бүү хэл гарал нэгтэй юм гэнэлээ хэмээгээд индиан хүний цусаар хүүг тарив. Нэмэр байдаггүй. Нүд нь ширгэж хацар нь улам цонхийсоор. Аргаа барсан эмч нар ази хүний цус таарах юм биш байгаа даа гээд гэлцэж байгаад, япон, солонгос, хятад, энэтхэг хүний цус хийлээ. Ямар ч хувирал гарсангүй. Хамгийн сүүлд нь газар нутаг нь ойролцоо юм даа гээд сибирийн орос хүний цусаар тарив. Өчүүхэн ч нэмэр алгаа. Тэгээд эцсийн ганц аргаа хэрэглэн эцэг эхийнх нь цусаар тарив. Яг л урдынх шигээ үр дүнгүй өнгөрлөө. Ингээд нэг л өдөр Америк эмч нар гараа алдлан санаа алдацгааж “Аваад яв даа, нутгийнх нь нар агаар эмнэж юуны магад” гэсэн ажгуу. Өөр яахав. Онгоц дүүрэн эм тариа ачаад хүүгээ тэврээд л буцацгаав. Авчиж жижигрээд тэвэрт нь тайрдас мэт холхих, өд адил хөнгөрсөн хүүгээ тэврээд нутгаа тэмцэж яваа даргын сэтгэл хамхуул дэмбүүлээс өгсүүлээд замдаа өртсөн хад чулууг ч гэлээ хаман хуйлрах хаврын нүдгүй хавсарга шиг чиг баримжаагүй шуурна. Залуудаа үр хүүхдээр өнөр баян болчихгүй даанч яав даа гэж халаглана. Алин цагийн Америк явуулчихсан бол энэ бохир өвчин тусаа ч үү, үгүй ч үү хэмээн шогширно. Гэвч одоо бүх юм нэгэнт өнгөрчээ. Гэтэл ... Гэнэтхэн үлгэр амилах шиг “Нутгийн хэн нэгэн ачтан ямар нэгэн навч авчирч идүүлээд эдгээчих юм биш байгаадаа” гэсэн горьдлого хуй салхи шиг дэгдэн бос ирсэнээ

 

-Тийм ч юм гэж хаа байхав дээ гэсэн харууслаар солигдон тэргүүнийг нь доош чирлээ. Тэгээд нутагтаа ирмэгцээ хамаг л алдар цуутай лам нарыг урьж, төрөл бүрийн ном уншуулдаг ажилтай болов. Үдийн цайгаар гэртээ ирэхэд нь сангийн утаанд гэр нь бүүдийгээд манан дундаас бөртийх хад цохио шиг бүүр түүр харагдах лам нар дүнгэнэтэл ном уншиж, хонх дамар тачигнан, үй олон тэдгээр лам даргын хүүд шигдчихээд салж өгөхгүй зовоогч чөтгөр шулмасуудтай сэхээ сэвгүй нанчилдавч гэр орноос нь дайжуулах хүч нэг л хүрэхгүй байгаа бололтой хөлсөө урсган номын шидээр тэмцэлдсээр угтана. Багшран баагих сангийн утаан дундуур эрдэмт гэвшүүдийн ном нь чөтгөрөө сөгтгөж байгаа юмуу, элдэвт уран чөтгөрүүд мань гэвшүүдийн номыг бурантаглаад хөтөлчихсөн яваа юм уу бүү мэд. Долоо хоног, нэг сар, хагас жил энэ тулаан үргэлжиллээ. Чөтгөр шулмасуудад хүү нь соруулан улам бүр бүүдийсээр. Даргын сэтгэлд давхар томсон дээс шиг санагддаг асан хүүгийнх нь амь нас өдгөө гэвэл чивчиртэл чангарсан утас шиг санагдах болж хэзээ тасарчих бол гэхээс л хаашаа ч хамаагүй гараад гүймээр бодогдоно. Гэвч хүү тэссээр л байлаа. Тэгсэн нэг өдөр хаалгыг нь зориггүйхэн тогших дуу гарч зөвшөөрөл өгмөгц цэвэрлэгч хөгшин орж ирээд хоолойгоо зассанаа таг дуугүй нам зогсов. - Аа Должин гуай ... Та ямар хэргээр явна.

 

-Таны хүүд нэмэр болох болов уу л гэж...

 

-Юу вэ? Эм үү?

 

-Үгүй ээ ... Юу л даа ... Тэр жил манай нэг охин ингэж шарлаад ...

 

-Тэгээд эдгэсэн үү?

 

-Тэгсэн

 

-За Должин гуай минь тэр авралаа хурдан хэлээтэх ...

 

-Бөөс л ...

 

Даргын урам хугарч “За за” гэсхийгээд цэвэрлэгчээ гаргав. Залхаг юм гэж бодогдоод байсан ч өдөржингөө шаналсан тархи толгойд нь нэгэнт өөр арга үгүй юм чинь гэсэн бодол төрж энэ тухайгаа авгайдаа дуулгавал “Ондоо арга мөргүй юм чинь тэгдэг л хэрэг байх даа” гэсэн хариу сонсож өнөө нэр муутай эрдэнэ, аврагчийнхаа эрэлд мордов. Олдсонгүй. Нарийн бичгийн дарга нь өглөө бүр ажилчдаа эрэлд хуваарилан өдөржин сэтгэл дэнслэн холхиод үдэш бүхэн бүтэлгүй хариу сонсоно. Бүтэн сар эрцгээлээ. Сарвайтал хөөцөлдөх тусам л олддоггүй эрдэнэ аж. Хөдөөгүүр явцгаасан боловч хавьтуулсангүй. Айлын авгайцуул

 

-Түй ... Түй ... Энэ муусайн хотынхон бохир заваан юм болохоор л маниусаас эрнэ шүү. Бид л гэж дундад зуунаараа байж байх ёстой юм уу. Байхгүй гэж байна. Тэр чинь устаад хагас зуун жил болж байгаа эд. Элдэв балай мухар сүсэгт автаад салдиргалж явахаар Мастер Маргарита хоёрыг уншдаг болоосой гэж хангинаад эрлийнхнийг нь мухардуулжээ. Нэг өглөө даргыг ажил руугаа явж байтал замын хажуугийн нүхнээс загайсан саарал толгой цухуйж байх нь тэр.

 

-Зогс. Цаадахаа бариад ав. Жолооч бууж гүйгээд бээлийн чинээ хүүхэд тэвэрсэн тохойн чинээ охин чирч ирэв. Өнөө охин жолоочийн гараас мултарчих санаатай цахдана.

 

-Бушуул ... Машинд оруул ...

 

Тэд буцаад гэр рүүгээ давхилаа. Өнөө мухардтал эрүүлсэн амьтан жаал охинд ч, бээлийн чинээ хүүхдэд нь ч ёстой нэг буцалж байнаа. Үсийг нь ялигүй ярмагц л бултасхийх тэдгээр хонгор шаргал “Амь тарианаас” тавыг тоолж аваад охиныг хүүхэдтэй нь үүднийхээ өрөөнд төвхнүүлэв. Эмчилгээ долоо хоног үргэлжлээд л үр дүнгээ өгч хүүгийнх нь харцанд оч гялалзан хацар нь бумбайгаад ирлээ.

 

Сарын дараа нэгэн лүглэгэр хар тэрэг мөнөөх нүхний дэргэд зогсоод жолооч нь бөөн боодолтой юм нүхний ам хавьцаа овоолж тэрэгнийхээ арын хаалгыг нээн цав цагаан өлгийтэй хүүхэд тэвэрсэн дэрэвгэр хувцастай жаахан охин буулгачихаад өдрөөр харавсан од шиг цахилан төдөлгүй шөнийн тэнгэрт сүлжилдэн харвалцах одод шиг нааш цааш цахилах олон хээнцэр тэрэг машины цуваанд нийлэн алга болов. Жаал бүсгүй нүхний ам руу хөлөө унжуулан сууж хүүхдээ хөхүүлснээ

-За хоёулаа гэлтээ олъё доо хэмээгээд дээд тэнгэрээс хүй тасрах газрын гав руу намсхийн шингэвэй.

 

ЭВГҮЙ... ЭВГҮЙ... ТУН ЭВГҮЙ...

 

/Таталбар/


Энийг чинь одоо юү ч гэмээр юм бэ дээ. Эвгүй гэдэг нь. Турсик гэж яавч хэлэхгүй. Бандаж бас биш. Ингээд бодоод байсан бас их сонион. Монгол хэл баян ч гэсэн яг энэ нөхрийг нэрлэсэн, одоо миний сэтгэхүйд яваа үгс нь цөм орос юм. Бид ичимтгийгээсээ болоод энэ нэрсийг мартав уу, аль эсвэл өмдөө шууд л углачихдаг байснаас дотуур хувцасны нэргүй үлдсэн юм уу? За энэ ч яахав өөр асуудал.

 

Үгүй ээ тэрээ. Ичнэ гэсэн ойлголт огт алгаа. Хоёр барам чинь босоод явлаа гүм. Хөхөвч нь гэж болжморийн үүр шиг. Аягүйтвэл болжмор ч ийм даавууны өөдөс шиг хавтгай юманд тоож өндөглөхгүй дээ. Нуруу бэлхүүсний тухайд ч үнэхээр хараад баймаар амьтас юм аа. Ий наашаа эргэлээ. Ус руу харж хэвтээг хараа хар.

 

Үгүй ээ тэр шилбийг нь ээ. Суналзаад л... Хонго өгзөг нь амаа булаалдах морь шиг. Эдний өмссөн гэх юм уу, зүгээр бүчилчихсэн ч гэмээр юм уу энэ өмсгөлийг нь амгайвч гэчихсэн ч болохоор юм шив дээ. Хөлд нь орооцолдох элс ч байсан болоосой доор би. Тэр туялзсан шилбэнд наалдаад ганц хором ч болтугай нисээд унахгүй юу...

 

Пээ өтөлчихөөд ичээсэй билээ. За яадаг юм. Энэ бүх эрчүүдийн харц горьдлого хоёр одоо тэр хоёрын хөлд элстэй холилдоод л цацарч явна биш үү. Тэр нэг нөхрийгээ. Хиймэл дагуул аятай. Нүд нь ч уналаа л даа. Аз болоход эхнэр нь нүүрэн дээрээ сэтгүүл тавьчихаж. Унтчихсан даа. Наадахдаа хичнээн их итгэдгийн л гэрч. Гэтэл нөгөөдөхийг хараарай. Хулмалзаад л... Тэр харж байгааг нь ээ... Чааваас даа... Нүднээс шүлс гоождог бол ч тэр нөхрийн шүлс энэ хоёрыг дэвтээлээ л дээ. Хүүе... Нэгнийх нь амгайвчны бүч тайлагдчихав уу даа... Уаа золиг. Яасан урт санжиганасан хижиг вэ? Ингээд л хэвтээд байдаг хэрэг үү. Өөр ч яах вэ дээ. Нуруу хорсч байх чинь. Түлэгдчихээгүй байгаа. За тэр зэрэг ч бага хэрэг. Иймэрхүү, амьсгал нь мэдрэгдмээр ойрхон өрнөдөг үйл явдалтай кино гэж байхгүй. Хөдөлдөг зурагтай сэтгүүл гэж бүр ч байхгүй. Хараад л байя... Үгүй ээ... нэг л эвгүй лүд юмаа даа... Тэхдээ л ...

 

2014 он. Грин бэй.

2017 он 04-р сар "Зиндаа" сэтгүүл №04/504/

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top