Солонгосын алдарт “Арко Валено” брэндийн Монгол дахь салбарын suit дизайнертай уулзаад байна. Монголд “Арко Валено” брэндийг оруулж ирэхэд үйлчлүүлэгчид хэрхэн хүлээж авсан бэ?
Монголчууд маань манай брэндийг их талархалтайгаар хүлээн авч байгаа. Бид асар богино хугацаанд маш олон үйлчлүүлэгчтэй болж чадсан. Үйлчлүүлэгчид маань манайхыг дахин дахин зорин ирдэг. Манай үйлчилгээ Монголд эрэлт хэрэгцээтэй байсан нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үйлчлүүлэгчдийн маань захиалгаас харагдаж байна. Эх орондоо шинэ соёлыг түгээж байгаагаараа манай хамт олон бахархдаг.
“Арко Валено” брэндийн түүхээс товч өгүүлбэл?
Манай брэнд 2003 онд анх үүсгэн байгуулагдсан. “Арко Валено” гэдэг үг нь солонгын долоон өнгө гэсэн утгатай Итали гаралтай үг юм билээ. Тухайн үеийн Солонгосын нийгэмд захиалгын хослол гэхээр цагаан цамц, хар өмд пиджак, хар зангиа л санаанд буудаг байсан үе. Тийм ч учраас солонгын долоон өнгө шиг өнгөлөг, гэгээлэг өнгөөр захиалгын хослол хийж яагаад болохгүй гэж гэсэн санаагаар энэ нэрийг өгч байсан түүхтэй. Анх Солонгосын томоохон одууд манай дэлгүүрээр өдөр бүр орж ирэхэд их гоё санагддаг байсан. Сүүлдээ дасчихдаг юм байна лээ.
Та “Арко валено” брэндийн дазайнераар ажиллаад хэр удаж байна вэ?
Солонгост “Арко валено”-ийн suit дазайнер буюу хослолын дазайнераар хоёр жил ажилласан. Монголдоо энэхүү соёлыг түгээхээр салбарыг нь оруулж ирээд ажиллаж байна. Бид хүний биеэс хэмжилт авахдаа хүртэл нарийн ханддаг. Хүн болгон өөрийн гэсэн биеийн онцлогтой. Би Солонгост байхдаа олон үйлчлүүлэгч нараас хэмжээ авч, энэ тал дээр нэлээд сайн суралцсан. Бид Ази хүмүүс. Тэр дундаа Ази хүмүүсийн зүс царай, бие галбирт тохирсон загвар гаргаж ирнэ гэдэг их чухал. Царай зүс, бие галбиртаа зохисон хослол өмссөн хүн өөртөө итгэлтэй харагддаг шүү дээ.
Мэргэжлээ хаана эзэмшсэн бэ?
Анх 2009 онд Солонгост сурахаар очиж байсан. Тэнд эзэмшсэн мэргэжил маань visual дизайнер буюу харааны дизайнер юм. Энэ нь график, фэйшн, интерьер дизайн гээд дизайны бүхий л чиглэлд ажиллах боломжтой өргөн цар хүрээтэй мэргэжил. Энэ мэргэжлээрээ төгсөөд фэйшн дизайнерын чиглэл рүү, тэр дундаа эрэгтэй хүний хувцас болох suit буюу хослолын дизайнер мэргэжлийг сонгоод зургаан сарын мэргэшүүлсэн теллер академийг төгсөөд энэ чиглэлээрээ ажилласан.
Сургуульд сурч байх явцдаа “Арко валено”-г мэддэг байсан уу?
“Арко Валено” нь Солонгост маш их алдартай, хувийн хамгийн том үйлдвэртэй брэнд. Хувийн үйлдвэртэй, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг таваас зургаан мянган газар бий. Тэр дундаа хувийн хослолын үйлдвэртэй нь гарын таван хуруунд багтана. Тиймээс “Арко Валено”-г сонгож ажилд орж байлаа.
Та яагаад заавал “Арко валено”-г сонгосон юм бэ?
Солонгосын загварын ертөнц асар том л доо. Дэлхийд үүгээрээ танигдсан. Нэгдүгээрт, би Солонгост сургууль төгссөн. Хоёрдугаарт, бид өөрсдөө Ази хүмүүс. Дээрээс нь солонгосчууд гар аргаар хослол хийх урлаг талдаа маш чадварлаг хүмүүс. Гар аргаар урлаачдын дэлхийн хэмжээний том тэмцээнд сүүлийн 15 жил дараалж түрүүлсэн байдаг. Энэ бүхнээс суралцаж ажлын байран дээр туршлагажсаны үндсэн дээр энэхүү брэндийн салбарыг Монголдоо оруулж ирье гэж бодож зорьсондоо хүрээд байна.
“Арко Валено”-ийн давуу тал нь юу вэ?
Солонгост хуурамч даавуу маш их байдаг. Ялангуяа хослол анх захиалж байгаа хүмүүс бараг мэддэггүй. “Арко Валено” нь Солонгос, Япон, Итали, Англи гэсэн дөрвөн улсын даавуугаар хослол хийж үйлчилдэг. Дийлэнхдээ “Самсунг” группын “Golden tex” брэндийн даавууг хэрэглэдэг л дээ. Брэнд нэр хүндтэйгээс гадна Солонгосын нэр нөлөө бүхий хүмүүс болон Хонг Конгийн одууд сонгож өмсдгөөрөө алдартай. Энэ нь “Арко Валено” брэндийн нэг давуу тал нь болдог.
Манай хослолын даавууг тусгайлан бэлддэг, энгийнээр хэлбэл будаг гардаггүй, индүүдсэн ч гялайдаггүй, хамгийн сайн чанарын 100 хувь хонины ноосоор хийсэн даавуу байдаг.
“Арко Валено” Солонгост хэдэн салбартай вэ?
2017 оны нэгдүгээр сарын байдлаар Солонгост 40 салбартай гэсэн мэдээлэл гарсан байгаа. 2015 оноос хойш гадаадад салбаруудаа нээж эхэлсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Вашингтон хот, Канадад салбаруудаа нээсэн. Хятадад долоо, Монголд нэг гээд нийт 50-иад салбартай болсон. “Арко Валено” бол олон улсын глобал захиалгатай брэнд юм.
“Арко Валено” дан ганц эрэгтэй хослол хийдэггүй юм байна гэж би ойлгосон?
Тийм ээ. Эрэгтэй, эмэгтэй захиалгын хослол хийдэг. Захиалгын хослолыг үйлчлүүлэгчийн биенээс хэмжээ аваад зөвхөн тэр үйлчлүүлэгчид зориулж хийж өгдгөөрөө бэлэн хувцасны ямар ч үнэтэй брэндээс илүү үнэ цэнэтэй байдаг л даа. Захиалга өгөхдөө хослолын загвар, зах, товч, пиджакны дотор тал гээд бүгдийг хүссэнээрээ захиалах боломжтой.
Танай байгууллагад ямар төрлийн захиалга хамгийн их орж ирдэг вэ?
Өдөр тутмын захиалга их орж ирж байна. Залуу бизнесменүүд хослол их сонгодог. Ямар хослол өмсөх вэ, ямар загвар сонго вэ гэдгээ их асуудаг. Мөн даавууны өнгө төрх, хэлбэр, хээ нь их утга учиртай. Жишээлбэл, туранхай хүн чек даавуу буюу дөрвөлжин хээтэй даавууг сонгох хэрэгтэй. Чек нь дотроо таваас зургаан төрөлтэй байдаг. Хэрвээ том биетэй харагдахыг хүсвэл дөрвөлжин чек өмсөх, тарган махлаг хүн страйт буюу босоо судалтай даавууг сонгож өмсөх нь их байдаг.
Манай байгууллага хуримаа хийж байгаа хосуудад зориулан "Арко Валено" брэндийн ёслолын хувцас захиалгаар хийж үйлчилж байна. Хуримын үйл ажиллагаа, тэмдэглэлт өдөр, арга хэмжээнд тохируулан хослол хийж өгөөд дараа нь тухайн хувцсыг өдөр тутамд өмсөж болохуйц хувцас болгож өөрчилж өгдөг.
Улстөрчид, ажил хэрэгч хүмүүс хувцаслалтандаа онцгой анхаардаг. Ер нь гадаад орны улстөрчид хувцсаа захиалах хандлага нь их байдаг уу, эсвэл бэлэн хувцас авах нь их байдаг уу?
Гадаадын улс төрчид, тэр тундаа Солонгосын улс төрчид бэлэн хувцас авч өмсдөггүй. Бэлэн хувцаснаас илүүтэйгээр өөрийн биед таарсан, өөрт нь зориулж хийсэн хувцас тэдний хувьд хамгийн үнэ цэнэтэй байдаг. Жишээлбэл, хүний хэвлий хэсэг буюу бэлхүүс дээр хамгийн эхний товч байрлаж байх ёстой. Бэлэн хувцасны товч нь дээшээ хэтэрхий их гүйчихсэн байдаг л даа. Харин захиалгын хувцас бол зөвхөн таны биеийн онцлогт тохируулан хийж болдгоороо онцлогтой. Тиймээс энэ соёлыг л Монголдоо түгээх гэж маш их хичээж ажиллаж байна. Дашрамд хэлэхэд манайхаар үйлчлүүлээрэй.
Та үйлчлүүлэгчдэдээ юу амлаж чадах вэ?
Үйлчлүүлэгчдэдээ 100 хувийн сэтгэл ханамжийг хамгийн түрүүнд амлаж чадна. Бид ашиг хардаггүй. Хэрэглэгчийн сэтгэл ханамж, тав тух хамгийн чухал. Солонгосчууд аливаа зүйлийг copy, paste хийхдээ маш гаргууд, түүнийгээ төгс төгөлдөр хийдэг нь бүр ч гайхалтай. Үүн шиг гадна сурсан зүйлээрээ Монголчуудынхаа онцлогт тохирсон өөрийн гэсэн брэндийг бий болгох хэрэгтэй. Тиймээс яг над шиг гадны брэндийг нутагшуулж байгаа залуучууд маань ч гэсэн бидэнд юу үлдэх нь чухал вэ гэдэг дээр түлхүү анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.
“Арко валено”-оор үйлчлүүлэхээр орж ирсэн хэрэглэгчид хослол захиалгаас гадна өөр ямар үйлчилгээ авах боломжтой вэ?
Манай байгууллага хуримаа хийж байгаа хосуудад зориулан “Арко Валено” брэндийн ёслолын хувцас захиалгаар хийж үйлчилж байна. Хуримын үйл ажиллагаа, тэмдэглэлт өдөр, арга хэмжээнд тохируулан хослол хийж өгөөд дараа нь тухайн хувцсыг өдөр тутамд өмсөж болохуйц хувцас болгож өөрчилж өгдөг. Мөн хуримын хослол захиалсан тохиолдолд хуримын дурсгалын зураг авахуулах боломжтой. Мөн эрэгтэй, эмэгтэй пальто, цув, сорочкан цамц захиалах боломжтой байгаа. Тэгэхээр та манай байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд гутал, сорочка, пальто, цув, зангиа гээд бүгдийг өөрийнхөө хүссэн өнгө, загвараар захиалж, өмсөх боломжтой гэсэн үг юм.
Захиалгын хувцас бол хүний биеэс бүх талын хэмжээс авдаг учраас зөвхөн таны биед зориулж урлаж байна гэсэн үг.
Танайх хослолоо ямар даавуугаар хийдэг юм бэ?
Манай хослолын даавууг тусгайлан бэлдсэн байдаг. Энгийн үгээр тайлбарлахад будаг гардаггүй, индүүдсэн ч гэсэн гялайдаггүй, хамгийн сайн чанарын 100 хувь хонины ноосоор хийдэг. Хүмүүс дэлгүүр ороод хувцас авахдаа биедээ биш хувцсандаа тааруулж авдаг болчихжээ. Энэ хандлагыг л бид өөрчлөхийг хүсэж байна. Дашрамд хэлэхэд манай сорочканы даавууны хувьд 100 хувь хонины ноосон даавуугаар хийдгээс гадна сорочканы захыг үл ялиг норгож индүүдэхээр илүү индүүдлэг авдаг гэдгийг хэлмээр байна.
Үйлчлүүлэгчийн захиалсан хослол хэд хоногийн дараа бэлэн болох вэ?
Захиалга ерөнхийдөө 7-14 хоногийн дотор гарч ирдэг. Пальтогоо 90 хувийн ноос, 10 хувийн кашимер, мөн 70 хувийн ноос 30 хувийн кашимер гэсэн хоёр төрлөөр захиалга авдаг. Энэ илүү удаан эдэлгээтэй байдаг гэж ойлгож болно.
Та бэлэн хувцас, захиалгын хувцас хоёр хоорондоо маш их ялгаатай гэж хэлсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?
Бэлэн хувцас илүү ашиг сонирхлын чиглэлтэй л дээ. Жишээлбэл, 44-48 размерын эрэгтэй хослолыг хэдэн мянган ширхэгээр нь үйлдвэрлэдэг. Гэвч тэр нь хүн болгоны биед яг таг таарахгүй байгаа юм. Захиалгын хувцас бол хүний биеэс бүх талын хэмжээс авдаг. Энэ нь зөвхөн таны биед зориулж урлаж байна гэсэн үг. Хугацааны хувьд бэлэн хувцаснаас арай удаан ч гар аргаар хийж байгаа нь илүү үнэ цэнэтэй байдаг.
Гадаадын улстөрчид, тэр дундаа Солонгосын улстөрчид бэлэн хувцас авч өмсдөггүй. Бэлэн хувцаснаас илүүтэйгээр өөрийн биед таарсан, өөрт нь зориулж хийсэн хувцас тэдний хувьд хамгийн үнэ цэнэтэй байдаг.
Таны цаашдын зорилго юу вэ?
Би Солонгост мэргэжлээрээ сурч боловсроод тэндээ ажиллах боломж бололцоо байсан. Гэвч би Монголд нэг л том зорилготойгоор ирсэн. Suit хослол, тэр дундаа Монголд гар урлалын хувцасны үйлдвэрлэл гэж байхгүй. Тэгэхээр “Монгол поп” гэдэг шиг “Монгол suit дизайнер” гэж юу юм бэ гэдгийг гаргаж ирэхийг хүсэж байна. Монгол хүний биед тохирсон үйлчилгээг үзүүлэх, Монголдоо гар урлалын түүхийг бий болгох, тэр дундаа зөвхөн хослолын гар урлалын түүхийг бүтээх зорилготой. Монголд suit фэшн мэргэжилтэй өөр хүн байгаа үгүйг би одоохондоо хэлж мэдэхгүй байна. Жишээлбэл, Солонгост зөвхөн үйлдвэр дээр нь гар урлалаар 40, 50 жил suit оёчихсон хүмүүс байдаг. Зөвхөн гар урлалаар явсан энэ соёлыг Монголдоо нутагшуулъя, Монголдоо гар аргаар шууд оёдог болъё гэсэн хүсэлтэй байна. Гадуур ихэвчлэн оёдлын машинаар оёдог газрууд байдаг. Үүнийг хийх хоёр арга байдаг. Нэгдүгээрт, хагас гар аргаар оёдлын машин буюу даавуунуудын хоорондох хайлдаг утсыг наах арга. Нөгөөх нь 100 хувь гар аргаар оёх. Би хоёр дахь аргыг түгээх гол зорилоготой. Ямар ч улс гүрэнд жийнс болон suit хослол байдаг. Хэзээ ч хоцрогддоггүй. Надад хувцасны соёлоор ашиг олъё, баяжъя гэсэн ямар ч зөвхөн мөнгөнд чиглэсэн бодол байхгүй. Хамгийн гол нь зөв зохистой хувцсыг хүнд хүргэе. Энэ соёлыг Монголдоо түгээн дэлгэрүүлье гэсэн л зорилго бий. Солонгост алдаршсан “Арко Валено” брэндийг Монголд оруулж ирсэндээ баяртай байна.
Манай сэтгүүлд ярилцлага өгсөнд баярлалаа. Монголдоо шинэ соёлыг түгээх үйлсэд тань амжилт хүсье.
Ярилцсан: Г.Энх-Уянга
2017 он 04 сар "Зиндаа" сэтгүүл №05/504
Сэтгэгдэл ( 0 )