Даланзадгадад нийтийн тээврийн үйлчилгээнд явах эко автобуснуудыг хүлээлгэж өглөө

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 02

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад энэ сараас Монголчуудын өөрсдөө үйлдвэрлэсэн эко автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явахаар болж байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын  Тамгын газрын санаачлагаар, Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалттай  Говийн оюу-Хөгжлийг дэмжих сангийн 396 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай “” Даланзадгад сумын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд найман эко цахилгаан автобусыг Өмнөговь аймаг руу явуулахаар болов. Уг автобусыг Номинхолдингийн салбар “Экологбус” ХХК-ийн хамт олон үйлдвэрлээд байгаа ажээ. Эко автобуснуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ Сүхбаатарын талбай дээр өнөөдөр боллоо. Нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ, “Оюутолгой” компанийн захирал Г.Батсүх,  Оюутолгой компанийн Орон нутгийн харилцааны ерөнхий менежер бөгөөд “Говийн оюу-Хөгжлийн сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Байгалмаа нарын албаны хүмүүс, Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл оролцсон юм. Автобус нэг бүр нь 50 сая орчим төгрөгийн үнэтэй бөгөөд найман автобус авах юм байна.

Агаарын бохирдол ихэсч байгаа энэ үед цахилгаанаар ажилладаг эко автобусыг оруулж ирж байгаа нь давуу талтай юм. Мөн Даланзадгад сумын хувийн таксинаас өөр нийтийн тээвэр үйлчилгээ байдаггүй учраас алслагдсан гэр хорооллоос иргэд, хүүхдүүд ажил, сургуульдаа явах нь хүндрэлтэй байдаг асуудал шийдэгдэж байгаа ажээ. 
Өмнөговийн Даланзадгад сум нь 8365 өрхийн  25016 хүн амтай юм. Эдгээр иргэдийн нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм.

"Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Монгол GPS-тэй, “J-800EV-3” загварын найман цахилгаан автобусыг “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 396 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Монголдоо угсарч, бүтээжээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн нийт хүн амын гуравны нэг нь амьдардаг Даланзадгад хотод нийтийн тээврийн үйлчилгээ шинэ шатанд гарч, хотын алслагдсан хороо, гэр хорооллын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүрэх юм байна. Мөн нийтийн тээврээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд үнэ төлбөргүй зорчих бололцоотой юм байна. Үйлчилгээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр болжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Агаарын бохирдолтой үед байгаль орчинд сөрөг нөлөөгүй экобус үйлдвэлэсэн Жаргалсайханд баярлалаа.

Жаргалсайханыг 10 гаруй жилийн өмнөөс мэдэх юм. Монголд машин үйлдвэрлэдэг болно гэж ярьдаг. Энэ хугацаанд 80 экотрейлобус үйлдвэрлэсэн. Иргэд гайхаж байж магадгүй. Энэ төсөл яагаад Өмнөговь аймагт хэрэгжээд байгаа юм бэ гэж. Оюутолгой компани 380 сая төгрөгийн санхүүжилт оруулсан байна. Автобус үйлдвэрлэх бүтээгдэхүүний 70 орчим хувийг гадаадаадс авсан гэсэн. Цаашид дотооддоо эд ангийг нь угсарч монголчууд өөрсдийнхөө үйлдвэрийн машинаар зорчдог болно гэдэгт итгэлтэй байгаа. Энэ ажил цаашид үргэлжилж олон аймагт хэрэгжээсэй гэж хүсье.

УИХ-ын гишүүн Л.Энхболд:Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.

Өмнөговь аймгийн удирдлагууд, үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж, бас иргэдийнхээ сайн сайхны төлөө энэ ажлыг  хэрэгжүүлж байна. Өмнөговь аймагт  бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа. Аймгийн төвд шинээр хатуу хучилттай авто зам баригдсан. Орчин үеийн шаардлагад нийцсэн агаар, орчинд хор хөнөөлгүй унаагаар иргэдэд нийтийн тээврийн үзүүлэх боломж нь бүрдсэн гэсэн үг юм.

Н.Амарзаяа: Агаарын бохирдол ихтэй, иргэдийн нийтийн хомсдолтой үед  монгол инженерүүдийг анхны бүтээл Өмнөговь аймаг руу аян замдаа гарах гэж буйд баяртай байна.

Энэ бүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Оюутолгой компанийнханд талархал илэрхийлье. Эл ажлыг саначлан, хамтарч, дэмжиж ажиллаж байгаа Өмнөговь аймгийн удирдлагуудад талархал илэрхийлье.Цаашид иргэдийнхээ сайн сайхны төлөө хамтарч ажиллахын зэрэгцээ байгалийн зөв менежмэнт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Агаарын бохирдол анхаарал татсан асуудал болсон үед эко автобусыг нийслэл хотын агаарын бохирдолд ашиглах шийдэл хайвал яасан юм бэ гэсэн бодол төрж байна.

Д.Жаргалсайхан: Бидний, монгол инженерүүдийн бүтээсэн, "Экологбус" компанийн найман ширхэг эко цахилгаан автобусыг  хүлээн авсанд талархаж  байна.

Монголчуудынхаа, үндэсний үйлдвэрлэлээ  дэмжиж байгаад Өмнөговь аймгийн удирдлагуудад ч талархъя. Аймгийн төвүүдээс анхдагч болж агаар, байгальд хөнөөлгүй, орчин үеийн шаардлагад нийцүүлсэн эко машиныг нийтийн тээвэрт ашиглаж  байгаа та бүхэнд улам их амжилт хүсье” гэсэн юм. Ийнхүү өнөөдрөөс  Даланзадгадчууд эко цахилгаан автобусаар үйлчлүүлэх  нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм.

 

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top