Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь аймгийн иргэдтэй уулзав

2018 оны 02 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2018.02.03/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, иргэдтэй хийсэн уулзалтад УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар оролцов.

Төрийн тэргүүн аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ орон нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцон, алслагдсан зарим сумдыг дахин төлөвлөх асуудлаар санал нэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар тус аймагт 65 мянга гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд арилжааны банкинд 70 мянга гаруй иргэн, ААН хадгаламжийн данстай гэж бүртгэгджээ.  Харин зээлтэй иргэн, ААН-ийн тоо 24 мянга гаруй болж, 2017 оны эцсийн дүнгээр 172.2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гарсан байна.

Төрийн тэргүүн эдгээр болон бусад нийгэм, эдийн засгийн мэдээлэл, шинэ Даланзадгад зэрэг орон нутагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй танилцсаны дараа аймгийн Хөгжимт бүжгийн театрт иргэдтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Улаанбаатар хотын болон зарим аймгийн иргэдтэй хийсэн уулзалтыг та бүхэн үзэж, сонссон байх. Иргэдтэй нүүр тулаад ярихаар ямар асуудал ярьж байна, орон нутагт ямар хүндрэлүүд байна, иргэд юу хүсэж байна гэдгийг иргэд өөрсдөө амаар болон бичгээр бидэнд дамжуулж байна. Өнөөдөр ч гэсэн энэ хэлбэрээр та бүхнийг сонсож, уулзалт үргэлжилнэ. Та бүхэн уулзалтад идэвхтэй оролцоорой. Та бүхнийг сонсдог Ерөнхийлөгч байна гэж хэлсэн учраас та бүхэн яриарай” гэв. Ингээд иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчид үгээ хэлж, санал хүсэлтээ дамжуулж, ярилцлаа.

Өмнөговь аймгийн Ноён сумын иргэн Бадамжунай

Монгол Улс парламентын засаглалтай болоод удаж байна. Парламентын засаглалын чанар нь муудсаар сүүлийн үед юу болж байгаа нь мэдэгдэхгүй байна. Монгол Улсын парламентын ёс зүйгүй үйл ажиллагаанаас болж Монгол төрөө, төрт ёсоо хүндэтгэж ирсэн байдлыг үгүй хийж байна шүү. УИХ гүйцэтгэх засаглалтай холилдож ямар үйл ажиллагаа явуулж байгаа болоод тэдэнд тавих хяналт нь суларч байна. Энэ бол буруу жишиг. Эхэндээ парламент ард түмэнтэйгээ бүдүүн олсоор уяатай байсан бол одоо нимгэн сатуркаар холбоотой болжээ. Тасрах юм бол нэг нь дээшээ, нөгөөх нь доошоо явах нь дээ. Тиймээс энэ асуудалд анхаармаар байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Буянтогтох 

Төр засгийн үйл ажиллагаатай холбогдуулан бухимдлаа ярихаас өөр аргагүй байна. Ард түмэн үнэхээр бухимдаж байна. Энэ төрийн тогтолцоо юу болов? Өнөөдөр Монголд ямар төр байна вэ? Нэг компанийн үгэнд ордог, нэг санхүүгийн байгууллагын нөлөөнд байдаг төр байдаг юм байна. Иргэд тэмцэл хийгээд төр хараагүй, сонсоогүй байна. Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд аливаа зөрчилтэй сайд, гаргаж байгаа түүхий түргэн хуульд хориг тавьдаг. Гэтэл хүлээж авахгүй, сонсохгүй байна. Ийм байдлаар Монголын төр цаашдаа амьдарч чадах уу? Би Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ дампуурал ялзралыг арилгана гэж ойлгодог. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулга гэж явагдсан. 18 настай хүүхэд тэр хэлэлцүүлэгт юу хийж байсан юм бол оо? Санал асуулга гэж бас нэг нэр төдий юм явагдсан. Энэ нь УИХ-ын чиглэлийн дагуу явагдсан. Та энд саналаа хэлж байсан. Монгол Улс тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бүх хүнээсээ асууж, бичиг үсэгтэй нь гарын үсгээ, бичиг үсэггүй нь хурууны хээгээ дарж бүх нийтээрээ оролцож байсан юм шүү. Гэтэл Ерөнхийлөгчийн эрх үүргийг хасахаар Үндсэн хуульд “хуурай, нойтон” өөрчлөлт оруулах гээд байна шүү.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Д.Батчулуун

Өмнөговь аймгийн иргэд бид танд их талархаж явдаг. Учир нь та Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа манай аймгийг улсын нийслэлтэй авто замаар холбоход ихээхэн анхаарч ажилласан. Манай аймаг аялал, жуулчлалын томоохон бүс. Бид эх дэлхийгээ, газар шороогоо ухаж хөгжих ёсгүй. Ухлаа гээд бидэнд наалдсан зүйл  алга. Байгаль экологи улам л сүйрч, нүүдлийн мал аж ахуйд бэрхшээл тулгарч байна. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлж, аймгийг аялал жуулчлалын бүс болгох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын иргэн, Сүхбаатарын одонт, Хөдөлмөрийн баатар

Шийдвэртэй, зохион байгуулалттайгаар цэргийн албыг гурван жил болгоно гэж та яриад байна билээ. Би үүнд баярлаж, таны саналыг дэмжиж байгаа. Гадаад, дотоодод их, дээд сургууль төгсөж ирсэн хүүхдүүд газар шороогоо ухахаас өөр зүйлгүй байна. Цэрэгт явбал ухамсартай болж, байр суурьтай, ажил хөдөлмөртэй болно гэж би боддог. Би энэ талаараа УИХ-ын гишүүдэд зарим нэг хурал дээр хэлдэг юм. Гэхдээ тэд юу болох вэ дээ. Гурван сая хүнээс сонгогдсон, дээд төрийн түшээ тул би танд санал болгож хэлж байгаа юм шүү. Би Хөдөлмөрийн  баатруудын уулзалтад орж байхад малчин ажилтан хүнээ уландаа гишгэлээ гэж бид ярьж байсан. Малчин  ажилчин хүн л Монгол Улсыг авч явна шүү.

Өмнөговь аймгийн 2-р багийн иргэн Оюунбилэг

УИХ-ын гишүүд хууль батлаад байна л гэдэг. 76 хүн суугаад хууль баталж байхыг би ер харсангүй. Сайн л бол 25-c дээш хүн суугаад л хууль баталж харагддаг. Хэрвээ ард түмнээсээ сонгогдсон юм бол бүгдээрээ сууж байгаад хуулиа батлаад, зөв бурууг нь ярилцдаг баймаар байна. Тэгэхгүй бол баталсан хууль нь нөлөөлж байгаа ч юмгүй байна шүү. Сая арай гэж тэтгэврийн насыг доошлууллаа. Манай аймагт ажилгүй залуус их олон байна. Тэднийг ажилтай болгомоор байна. Манай аймагт олон уурхай ажиллаж байгаа ч хотоос ирсэн залуус ажиллаад байгаа юм. Тиймээс залуусаа л ажилтай, орлоготой болгомоор байна.

Өмнөговь аймгийн Баяндалай сумын малчин Отгончимэг

Би сум орон нутагтаа хоёр хүүгийнхээ хамт мал малладаг. Говийн хөдөө дэндүү эзгүйрч байна гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Хөдөө орон нутгийг хөгжүүлбэл, арьс ширээ элдээд, суран эдлэл хийгээд амьдрах боломж бий. Та Дорноговь аймагт явж байхдаа хониноосоо ирж байгаа айлд очиж байхыг бид харсан. Үүн шиг малчдын амьралыг ингэж л хармаар байна. Гол нь хөдөөд залуусаа үлдээх бодлого байхгүй байна. Тэднийг дэмжээд өгвөл хөдөө эзгүйрэхгүй шүү. Малчдын амьдрал ахуй сайн байх юм бол Монголын эдийн засаг дордохгүй, дээрдэнэ л гэж бодож байна. Тиймээс хөдөөг хөгжүүлэх тал дээр анхаарч өгнө үү” гэв.

Уулзалтын дараа Төрийн тэргүүн иргэдийн асуусан асуултад дэлгэрэнгүй хариулж ярилцлаа. Мөн иргэдээс бичгээр ирсэн санал хүсэлтэд албан ёсоор хариулахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагаанд тусгаж ажиллана гэв.

Төрийн тэргүүн маргааш Дундговь аймгийн иргэдтэй уулзаж ярилцана.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орос шоучин(202.179.25.151) 2018 оны 02 сарын 06

Монголчуудыг доорд үздэг Оросуудын жүжиг худал орилоо хямдхан.

0  |  0
zochin(103.229.122.200) 2018 оны 02 сарын 05

erguu sdaa aril

0  |  0
быөыбөб(182.160.32.176) 2018 оны 02 сарын 05

ЖОНХУУ зайлаа

0  |  0
Top