Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Түүний дагуу арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Онцгой комисс шуурхай хуралдан малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн Хар ам, Хар толгой хэмээх газруудад пост гарган ажиллуулжээ.
Түүний дараахан мөн Сүмбэр сумын нутаг Бага мухрын ам гэдэг газар малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Шивээговь сумын Онцгой комиссын 2018 оны 01 сарын 11-ний өдрийн хурлын шийдвэрээр сумын зүүн тал, замын гарман дээр дахин нэг пост байгуулсан байна.
Тус сумынхан Сар шинийн үеэр эрсдээлээс сэргийлэх үүрэгт ажлаа эрчимжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын захирамжийн дагуу зээрийн сүргийн сэг зэм устгах ажлыг хийжээ. Мал эмнэлэг үржлийн тасгийхан болон төмөр замчид хамтран төмөр замын хамгаалалтын торонд орооцолдож үхсэн нийт 39 зээрийн сэг зэмийг тээвэрлэн ариутгаж халдваргүйжүүлжээ.
Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын төвөөс баруун хойд зүгт 20 гаруй км-т 500-гаас 800 гаруй зээр Дорнодын уудам талаас идэш тэжээл хайж нүүдэллэн ирсэн нь дээрхийн адил хамгаалатын торонд орооцолдох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж буй гэнэ. Төмөр замын хамааглалтын торноос дотогш борог өвс ургамал арвин учир мал болон зээрийн сүрэг тийш тэмүүлж торонд орооцолддог байна.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )