Хятад, Монголын ЭКСПО-д оролцохоор явсан аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21

 

2017 оны  есдүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдсан Монгол- Хятадын II ЭКСПО арга хэмжээний үеэр БНХАУ-ын хилийн хорио цээрийн байгууллагын шаардлагын улмаас дотоодын зарим компанийн бараа бүтээгдэхүүн хил нэвтэрч чадалгүй, тодорхой хэмжээний хохирол амссан.

Уг хохирлыг барагдуулахаар ХХААХҮЯ, МҮХАҮТ шаргуу ажилласны үр дүнд Хятадын тал 78 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсон юм.

Үзэсгэлэн худалдаанд оролцохоор мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нийт 39 ААН бүтээгдэхүүнээ ачуулснаас 26 нь МҮХАҮТ-ын шугамаар оролцсон. Эдгээр ААН-ийн төлөөллийг тус танхимын орлогч дарга М.Сарандаваа тэргүүтэй  ажлын хэсгийнхэн хүлээн авч уулзаж учирсан хохирлын хувь хэмжээг нягтлан, нөхөн олговор өгөх ажлыг зохион байгуулж байна.

Энэ үеэр бүтээгдэхүүний тоо ширхэг, нэр төрлийн мэдүүлгийн зөрчилгүй компаниуд хохирлоо 100 хувь хүлээж авлаа. Зарим компанийн хувьд дахин тодруулах, тулгах шаардлага байгаа ч Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим уг арга хэмжээг зохион байгуулагчийнхаа хувьд асуудлыг аль болох шуурхай зохицуулахаар ажиллажээ. Одоогоор 18 компанийн төлөөлөлтэй уулзаж, 12 аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулаад байна.

 “Монгол маркет” ХХК-ний захирал Д.Тунгалаг:

  • Сар шинийн босгон дээр хохирлоо 100 хувь барагдуулж авсандаа маш баяртай байна. Санасныг бодоход богино хугацаанд асуудлыг шийдэж өглөө. Хэдий асуудал хоёр орны Засгийн газар хоорондын хэмжээнд хүрсэн ч МҮХАҮТ бизнес эрхлэгч, гишүүн ААН-үүдийнхээ талд тууштай зогссонд талархаж байна. Дараа дараагийн арга хэмжээнд аль аль талдаа туршлага боллоо.

“Очир дагинас” ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны дарга Ж.Айбек:

  • Манай компани уг үзэсгэлэнд махан бүтээгдэхүүнээр оролцсон. 2015 онд анхдугаар ЭКСПО-д бас оролцож байсан. Хятадын талын хорио цээрээс болоод бүтээгдэхүүн маань Хөх хотын хил дээрээс буцаагдаж, улмаар устгалд орсон. Гэхдээ бид хохирлоо барагдуулж, нөхөн олговор авлаа. Ямар ч байсан хохиролгүй боллоо. Энэ ажлыг зохион байгуулсан бүх хүнд баярлалаа.

“Номин сүү” ХХК-ийн захирал Г.Сонороо:

  • Хятадын талаас үзүүлж байгаа дэмжлэгийг шуурхай, шударга зохион байгуулж, тахиа жилдээ багтаан олгож байгаад сэтгэл өндөр байна. Манай компанийн хувьд нэр төрөл, хувь хэмжээн дээр харьцангуй зөрчил бага учир асуудалгүй байлаа. Ер нь бол цаашид бараа бүтээгдэхүүнээ хил давуулахдаа тухайн улсынхаа хорио цээр, тээвэрлэлт, хадгалалтын горимыг сайтар судлах, мэдээлэл авах хэрэгтэй юм байна.

“Сарлагийн цагаа” Хоршооны захирал Х.Эрдэнэ:

  • Бид сүү, сүүн бүтээгдэхүүнээр оролцохоор бэлтгэсэн. Хэдийгээр бараа бүтээгдэхүүн маань хил гаалиар гарч чадаагүй ч ямар ч байсан нөхөн олговор авч, хохиролгүй боллоо.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.142.120) 2018 оны 02 сарын 21

Alban jurmaar daatgald hamruulah ny zuitei baikh, gehdee daatgal ny export credit ersdelees hamgaalsan daatgal baikh estoi baikh, ene udaa hohirloo baragduulj chdjee, gehdee tsaashid aj ahuin negjuudee hohirol amsuulahguin uudnees Hudaldaa aj uildveriin tanhim ene terliin daatgald daatguulah estoi bolob uu

0  |  0
Нямка(202.70.47.158) 2018 оны 02 сарын 21

Балайзандан л бахь байдгаараа ТВ гараад өвчигнөөд байсан түүгээр төлүүлэх хэрэгтэй, тэр тэртээ тэргүй Хятад пүүсийн төлөөлөгч шүү дээ.

0  |  0
Top