Өвөрхангайн уугуул иргэдийн золголт өргөн дэлгэр боллоо

Админ | Zindaa.mn
2018 оны 02 сарын 24

Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг сар шинийн  золголт ХҮII жарны хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Хүндэтгэлийн суудалд өврийн сайхан хангай  нутгаас төрөн гарсан эрдэмтэн мэргэд, урлаг соёл, спорт,  улс төрийн зүтгэлтнүүд, алдар гавьяатнууд, хүндтэй буурлууд суудлаа эзэлж, золголтод ирсэн зон олон бөхийн өргөөг тойрон сум тус бүрээрээ сууж сайн үйлс, сайхан үгс уралдуулан золголоо. 

Золголтын үйл  ажиллагааг Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн С.Чинзориг нээж, улиран одож буй тахиа жилд  Өвөрхангайчуудын  ололт амжилт бүтээлээс товч дурьдан мэндчилгээ дэвшүүлэн, cap шинийн билэгтэй сайн ерөөл айлдсан юм.

Өвөрхангай аймгаас төрөн гарсан уртын дуучидгүйгээр төрийн найр, хүндэтгэлийн цэнгүүнийг төсөө­лө­хийн аргагүй. Тиймээс аймгаасаа төрсөн авьяастнуудаараа ая дууны мэндчилгээ дэвшүүлж  хурсан олны сэтгэлийг баясгалаа.

Энэ үеэр хүрэлцэн ирсэн аймгийн Засаг дарга болон УИХ-ын гишүүд нутгийн олонтойгоо золгож, амар мэндийг мэдэв.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд

"Жил бүрийн сар шинийн дараа Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, аймгийн Иргэдийн хурал, Засаг даргын тамгын газар болон сумдын тамгын газартай хамтран нутгийн золголтыг зохион байгуулдаг. Золголтын гол ач холбогдол ахмаддаа хүндэтгэл үзүүлэхээс гадна тухайн жилдээ хийж хэрэгжүүлсэн ажлаа Улаанбаатар хот дахь нутгийн иргэддээ тайлагнадаг уламжлалтай. Золголт маань жил ирэх тусам өргөн дэлгэр сайхан болж байна.  Өнгөрөн одсон гал тахиа жил Өвөрхангайчуудын хувьд ажил төрөл нь өөдрөг, амжилт бүтээл дүүрэн жил байлаа. Сүүлийн гурван жил дараалан хамгийн их малтай аймгаар шалгарлаа. Энэ жил хэдийгээр өвөлжилт хүнд байсан ч гэлээ малчдын маань уйгагүй хөдөлмөрийн үр дүнд болон Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Засгийн газар, УИХ-ын  гишүүдийн дэмжлэгтэйгээр өвлийг өнтэй давж урин хавартай золголоо. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нийт Өвөрхангайчууддаа сар шинийн мэнд дэвшүүлье. Ирж буй нохой жил бидний хувьд олон түүхэн явдлуудаар дүүрэн жил болно. Энэхүү түүхэн ойн баяруудыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нутаг орноо гэсэн сайхан сэтгэлтэй олон түмний дэмжлэг тусламжтайгаар сайхан зохион байгуулах болно".

 

Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн С.Чинзориг

"Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Өвөрхангайчууд жил бүрийн сар шинийн дараа уулзаж, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ хамтран сар шинийн золголт хийгээд 10 гаруй жил болж байна. Энэ жилийн тухайд нь иргэдийнхээ хамрах хүрээг өргөжүүлж, сум бүрийг жигд өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулах зорилгоор Бөхийн өргөөнд зохион байгууллаа. Нутаг усныхаа өвгөд хөгшид  уулз­­аж тэд маань  хөөрөг зөрүүлж, айраг зооглон хуучны сайхан цагийн түү­хийг хуучилж суух боломжийг энэхүү золголт олгодог гэж хэлж болно. Мөн энэ үеэр хамгийн өндөр настай ахмадад гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлдэг.Түүнчлэн  нутаг орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнан урамшуулдаг зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ юм.

Өнгөрсөн зун зуншлага тааруу гарсны улмаас энэ өвөл малчдын маань хувьд хүндхэн өвөл байлаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумдын малчдад малын тэвээрэг алдахаас өмнө өвс, тэжээл хүргэх шийдвэр гаргасан. Үүний дагуу манай аймагт Улсын нөөцөөс 570 тн өвс үнэ төлбөргүй, 550 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгосон. Энэ нь өвөрхангай аймгийн малчин түмэн хатуу өвлийг хохирол багатай даван туулахад тус дэм болсон болов уу. Өвөрхангай аймагт төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх зорилготой хөрөнгө оруулалтын ажлууд  өнгөрсөн жил багагүй хийгдсэн. Ялангуяа ахмадыг дэмжсэн жил байлаа. Энэ жилийн тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ".

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

"Улаанбаатар хотод амьдран суугаа   өврийн сайхан хангай нутгийн уугуул  иргэдийн золголтыг билэгт сайн шинийн 8, 9-ны аль нэгэнд  зохион байгуулдаг  уламжлал тогтоод удаж байна. Энэ жил хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр зохион байгууллаа. Энэ жилийн золголтод нутгийн зон олон маань өргөнөөр оролцож Бөхийн өргөн дүүрлээ. Өнгөрсөн тахиа жил  Өвөрхангайчуудын хувьд сайхан жил боллоо. Аймгийн хөгжлийн түүхэнд хамгийн олон толгой мал тоолуулсан жил болов. 2018 он Өвөрхангайчуудын хувьд их бүтээн байгуулалтын  жил байх болно. Цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, аймгийн төвийн цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлууд олноор хийгдэнэ".

 

 

 

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.228.96.94) 2018 оны 02 сарын 24

butsaach nutag ruugaa

0  |  0
Top