Эх орны зүүн хязгаар Эрээнцавын амар амгалангийн төлөө

2018 оны 02 сарын 24

“Сумын цагдаа” буландаа Дорнод аймгийн Чулуунхороот сумын хэсгийн төлөөлөгч буландаа цагдаагийн ахлах дэслэгч Ганбаатарын Мөнхзолбоог онцоллоо.

Эх орны зүүн хязгаар Эрээнцав, Члуунхороот сумын хэсгийн төлөөлөгч залуухан алба хаагч эхнэр хоёр хүүхдийн хамт ажиллаж, амьдарч байна. Цэргийн алба хаагаад л цагдаагийн дамжааг суралцаж төгсөн, Хэнтий аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасагт хэв журмын цагдаа, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасагт эрүүгийн туслах төлөөлөгч, Баянхутаг сумын хэсгийн төлөөлөгч хийж байгаад Дорнод аймгийн Чулуунхороот сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдож, цагдаагийн байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байна.

“Анх Хэнтий аймгийн цагдаагийн газарт НХЖХТ-т эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар томилогдон ажиллаж байгаад 2013 оны намарын нэг өдөр жижүүрээс буугаад орой нь эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга цадаагийн хурандаа П.Оростогоо намайг өрөөндөө дуудаад орж ирэхэд чамайг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн цагдаагаар томилон ажиллуулах болно гэхэд би ихэд гайхсан. Тэгээд П.Оростогоо дарга чи чадах уу гэхэд нь даргаа би сайн ажиллана гэж бардаж амалж чадахгүй гэхдээ би бүх хүчээ дайчлан хичээх болно гэхэд дарга миний өөдөөс харан инээснээ би ч гэсэн малын хулгайн гэмт хэргийг байхгүй болгоно гэж амлахгүй гэхдээ хоёулаа хичээж ажиллах болно" гэж байсан.

Тэр цагаас хойш дэд хурандаа Д.Дэлэг даргатай эрүүгийн төлөөлөгч хошууч Отгонжаргал, ахмад Оюунбат, Батжаргал, ахлах мөрдөн байцаагч хошууч Г.Болор-Эрдэнэ, ахмад Чойжав нарын бүрэлдхүүнтэй мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж тэднээс олон зүйлийг сурч мэдсэн.

Тэгээд Хэнтий аймгийн 4 бойны цэгүүд, мал мах худалдан борлуулдаг захуудыг хариуцан ажиллахаар болсон. Албан үүрэг гүйцэтгээд явж байхдаа цаг наргүй өсгөж үржүүлэн амьдрал ахуйгаа залгуулан яваа хэдэн малаа малын хулгайч нарт алдчаад явж байгаа иргэд мадчидын малыг хулгайлсан хүмүүсийн хамт олж өгчөөд тэдний баярлаж байгааг хараад тэдний баярлалаа гэх урмын үгээр болон хамт олноороо бахархан урамшиж явдаг.

Сэтгэл зүрхээ зориулан өөрийгөө дайчлан ажилласан хчээл зүтгэлийг минь хараад дарга нар маань намайг дэмжиж офицер болгосон байхаа гэж боддог. Хэнтий аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга дэд хурандаа Д.Батчулуун бид нарт цагдааг сайн хийж байгаа хүн офицер болсон ч сайн хийнэ офицерийг муу хийж байгаа хүн цагдаа болсон ч муу хийнэ гэж хэлдэг байж билээ. Тиймээс аливаа ажлыг сэтгэл зүрхээ зориулан хийвэл хэзээ нэгэн цагт үр дүнгээ өгнө гэж бодож явдагдаа.

Сэтгэлээсээ угаасан шал хүртэл ондоо харагддаг шүү дээ. Анх намайг энгийн иргэний амьдралаас цагдаа гэх хүссэн аавын хүү нь хийгээд байдаггүй энэ нэр хүндтэй албанд орж ажиллахад тусалж дэмжиж зааж сургаж байсан Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга нар болон хамт олондоо баярлаж явдаг. Одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олноороо ч мөн адил бахархан баярлаж явдаг. Хэсгийн төлөөлөгчөөр 3 жил ажиллаж байна. Хэсгийн төлөөлөгчийн ажил нь бусад албан тушаалуудаас их онцлогтой ажил хариуцсан сум орон нутагт ямар л зүйл болно тэр бүгдэд хүрч ажилладаг хариуцсан суманд гэмт хэрэг гарлаа гэхэд шинжээч, мөрдөн байцаагч, замын байцаагч болно эргүүлдээ гарна гээд бүх л зүйлийг хийдэг учраас надад сурах зүйл их байна” гэж ярьлаа.

Чулуунхороот сум нь бусад сумдаас их онцлогтой монгол улсын хамгийн зүүн хязгаар 3 улсын хил дээр байдаг 3 улстай хиллэдэг МУ-ын хамгийн нам доор газар далайн түвшинөөс дээш 552 м өргөгдсөн. Аймгийн төвөөс ОХУ-тай холбогдсон төмөр замтай, хилийн заставуудтай, нутгийн иргэд нь мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдардаг ард түмэнтэй. Эрээнцав шалган нэвтрүүлэх боомттой өдөрт дунджаар 4-5 тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрдэг ба ОХУ-нь визгүй болсонтой холбоотой хилээр нэвтрэх иргэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэх хандлагатай . Тиймээс Гааль боомтын ажилчидтай цаг алдалгүй мэдээ мэдээлэл солилцон ажиллаж байна.

Чулуунхороот суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа минь их хувь төөрөгтэй гэж бодож бэлэгшээж явдаг. 1980-аад онд миний өвөө Б.Бямбажав гэж хүн Чулуунхороот суманд Сангийн аж ахуйн дагаар ажиллаж байсан. Өвөө маань энэ Эрээнцав гэх газар ажиллаж байсан болохоор Эрээнцавын ард түмэн намайг хүндэтгэн хүлээн авч харьцдаг тийм учраас өвөөгийнхөө нэр хүнд болон монголын цагдаагийн нэр хүндийг өндөрт өргөж ажиллах юмсан гэж бодож явдаг гэж энгийн даруухан өгүүлж, ажилаа мэдэж, амьдралаа сайхан авч явж, хэн бүхний хийж чаддаггүй энэ сайхан албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж явна.

Сэтгүүлч, цагдаагийн ахмад Б.Төгсжаргал

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top