Хэвлэлийн мэдэгдэл: Оюу Толгой төслийн талбайд гарсан ослын тухай

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолдсон 2 ажилтны гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Осолд өртсөн ажилтнууд нь Монголын нэгэн гэрээт компанид ажилладаг байсан бөгөөд осол гарах үед ариутгалын саванд суурилуулсан усны татуургыг засах ажил гүйцэтгэж байх үедээ ийнхүү харамсалтайгаар осолдсон байна.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей гадаад дахь албан томилолтоо цуцалж Оюу Толгой төслийн талбайд маргааш өглөө хүрэлцэн очихоор болоод байна.

“Оюу Толгойд ажиллаж буй хүн бүр энэхүү ослыг гашуудан хүлээн авч байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд хамт олныхоо өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.” хэмээн тэрээр мэдэгдсэн байна.    

Осол гарсныг мэдэгдсэн даруйд Оюу Толгой төслийн зүгээс Аврах багт дуудлага өгч, цагдаа, бусад холбогдох байгууллагуудад мэдэгдсэн.

Мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагууд үзлэг шалгалтаа үргэлжлүүлэн явуулж байна.

Ослын шалтгааныг тогтоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Рио Тинто, Флюр, Оюу Толгойн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Оюу Толгойд очоод байгаа.

Өнөө өглөө төслийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож бүх ажилтан ажиллагсад, гэрээт байгууллагуудад ослын талаарх болон аюулгүй ажиллагааны мэдээлэл хийсэн.

Оюу Толгойн зүгээс гэр бүлийнх нь хүсэлтийн дагуу талийгаачдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор хүргэх боломжгүй байна.

Ослын талаарх нэмэлт мэдээллийг Оюу Толгой ХХК тухай бүрт нь мэдээлж, www.ot.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх болно.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top