Сарьсан багваахай “80 сая” төгрөгийн олз хайрлахгүй, галзуу өвчин ТАРААНА

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Монголчуудын дунд гэнэн, итгэмтгий зам,  амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаархал газар авчээ. Ийм  л зангаасаа болоод бид олон зүйлийг алдсан. Улаанбаатар хотын гудамжаар бэлчиж явдаг асан халиун бугын сүргээ эвэр, эд эрхтнийг нь өмнөд хөрш рүү өндөр үнээр худалдах гэж хядсаар бараг дууссан.

Юун хотын гудамжинд харагдах. Хустайн нуруунд нэг хэсэг нь амь хоргодож байгаа. Дархан цаазат Богд хан ууланд цөөн тоотой үлдсэн. Наад захын гашуун сургамж энэ  шүү дээ. Энэ бүхэн зөвхөн эхлэл байсан. Эмийн ховор ургамлууд, жил гаруйнхны өмнө монгол адуугаа хил давуулна гэж хэрхэн тамалж байгаа дүр төрх олон нийтэд ил болсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тухайн үед Шадар сайд байхдаа  тушаал гаргаж 2016 оны 11дүгээр сараас  эл явдлыг таслан зогсоож, Монгол хүн, монгол адуугаа тарчилгаах “үйлсэд” цэг тавьсан юм. Энэ явдал 2008 оноос үүдэлтэй байсан гэдэг. Жилд 3-7 мянган адууг 8-9 аж ахуйн нэгж гаргадаг байжээ. Сүүлдээ Монголд 400000-500,000 төгрөгөөрр үнэлэгддэг адуу, урагшаа хил даваад  нэг сая төгрөгийн үнэд хүрдэг гэсэн нь манайхны шуналыг хөдөлгөсөн хэрэг. Үүгээр зогсохгүй ямааны махыг ч үнэд хүрлээ гэх аман яриа цуурхал тардаг.

Эмийн ургамал, эрдэнийн чулуугаа ч зөөвөрлөнө

Бид мөнгө олно, үнэд хүрнэ гэвэл юугаа ч зөөвөрлөж мэдэхээр эдийн шуналд автсан үндэстэн болж хувирчээ.  Газар  шорооныхоо салшгүй хэсэг болсон үнэт чулуунуудаа өмнөд хөрш, удаалаад эмийн ховор ургамлууд, баавгайн сарвуу, хүдрийн заарыг хүртэл зөөв. Энэ тухай албан ёсны мэдээлэл ч өчнөөн.  Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газрын ажилтнууд , иргэн Т 40 кг байгалийн үнэт улаан чулууг түлхүүр багажны савны дотор нуусан,  жолооч Г нь байгалийн үнэт 10 кг улаан хас чулууг тос маслын сав, оймс зэрэгт савлаж нуусан, иргэн Н нь байгалийн үнэт 50 кг улаан чулууг суудлын доогуур нууж хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн, Гаалийн тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, зөрчилд холбогдсон 110кг чулууг хураан улсын орлого болгосон байна.

Мөн иргэн М нь өөрийн эзэмшлийн”УАЗ-Фургон” автомашинд  байгалийн үнэт 420 кг улаан хас чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан зэрэг үйлдлүүдийг Гаалийн ажилтнууд илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Монголд бүртгэгдсэн 2800 гаруй зүйл ургамлаас 382-ыг нь эмчилгээ, хүнсний зориулалтаар ашигладаг гэнэ.

2008-2009 оны үед цагаан, улаан гоёо, чага мөөг нийт 170 кг  эмийн ховор ургамал гаргахыг завдсан хэрэг гарч байсан нь хууль, хяналтын байгууллагынхны дансанд тэмдэглэгдэн үлджээ.  Ер нь, бид хачин, хүний санаанд оромгүй зүйлд итгэнэ. Ажил хийж мөнгөолхоос илүүтэй аав, ээжээсээ үлдсэн юухан хээхнийг ч болов худалдаж, амь зогоохыг илүүд үзнэ.

Тэр сэтгэхүй дээр гадаадынхан гэлтгүй Монголчууд гарамгүй тоглоно. “СССР” гэсэн бичигтэй туухай, “zinger” гэсэн бичигтэй оёдлын машин, “Зил” хөргөгчийг  өндөр үнээр авах тухай зар хээрийн түймэр шиг тархсан. Гэхдээ хэн хэрхэн ашиг олж баяжсан тухай сураг ажиг өнөөг хүртэл байхгүй.

Сарьсан багваахай 200 төрлийн вирус тээдэг

Сүүлийн үед бол сарьсан багваахайн үүрийг 50-80 сая төгрөгөөр худалдаж авах тухай яриа газар авсан. Хаанаасаа хэн нь гаргасан золбин  яриа юм бэ. Түүнд нь итгээд хөдөөгүүр хэсч, уул, хад  нэгжиж байгаа бол эмгэнэлтэй үйлдэл, эгдүүцэлтэй дүр төрх. Дээрх яриаг мэргэжлийн судлаач, эрдэмтэд үгүйсгэдэг. Тодруулбал, сарьсан багваахай үүр засдаггүй. Орогногч амьтан гэж нэрлэдэг аж. Айлын  байшин, модны хөндий  зэрэгт  амьдарна.

Манай улсын хувьд сарьсан багваахайг улаан номд оруулсан байдаг. Уг нь, байгалийн тэнцвэрт байдлыг  хадгалдаг олон талын ач холбогдолтой амьтан юм байна. Нэгэнт “Улаан ном”-д орсон учраас эд эрхтнийг нь худалдаж, наймаалахыг оролдох аваас эрүүгийн хариуцлага хүлээх гэмтэй. 200 гаруй төрлийн вирус тээж явдаг.  Хамгийн аюултай нь галзуу өвчний вирус. АНУ-д сарьсан багваахайнаас үүдэлтэй галзуу өвчин их хэмжээгээр гардаг байна. Тэгэхээр 50-80 сая төгрөгийн олз олох бус үндэстэнг сөнөөж мэдэх галзуу өвчин тарааж мэдэхээр нөхцөл байдал үүсгэх аюултай  байж мэдэх нь.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shag(103.57.93.135) 2018 оны 03 сарын 03

amigui holboogui yum gej baihgui sarsan bagvaahai ustchihval suirne

0  |  0
Оюун(202.9.43.149) 2018 оны 03 сарын 02

Би юу монгол хүмүүс шунаоын туоам болжээ мөнгөнөөс өөр вм мэдэхээ нэг үе өсөж өндийсөн бна мөнгөөр эцэг эхээ эх орноо худалдахад бэлэн бна их хурлын гишүүд нь үйлдвэрээ зараад эхэлсэн одоо монголд зарах юм аймгууд л үлджээ хойтон дорнолбг зарна

0  |  0
Top