Хэд тасчуулсан “Эх орончдын өдөр” баяртай

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Намын пиар хүрээнд ойр зуурхан тэмцэл өрнүүлж, тэмдэглэлт өдөр, хэвшиж тогтсон баярыг булаалдаж түүхээ олон тасчин хуваах нь ирээдүй хойчид яавч сайнаар нөлөөлөхгүй. Нийгмийн сэтгэлзүйд ч сайн зүйл биш. Өчигдөр болж өнгөрсөн “Эх орончдын өдөр”-ийг гэхэд МАН уугуул дадал ёсоороо тэмдэглэж, МАХН “Эх орончдын өдөр”-ийг хэн нэгэн өмчлөх ёсгүй хэмээн туурга тусгаар тэмдэглэлээ. Гэтэл АН-ынхан энэ өдрийг үгүйсгээд зогсохгүй кино хүртэл захиалгаар хийлгэснээ дуулгав. Үүнээс үүдсэн хуваагдмал байдал ч нийгэмд өрнөөд авлаа. Уг нь улстөрийн хүчнүүд хамтарч суугаад түүхээ нэг болгоод нэгэн зүгт явахгүй бол ирээдүй хойчоо хорлосоор байх болно. Ингээд зогсохгүй олон улсын тавцанд ч аятайхан харагдахгүй л байх. Ерөөсөө энэ тэмдэглэлт өдрүүд нь аль нэгэн улс төрийн намын өмч биш ард түмний л баяр шүү дээ.

Олон жил ялагдлын хөлд дараатай байсан АН 2012 оны сонгуульд бага зэрэг илүүрхэсэн учраас МАХН-тай хамтран засаглав. Энэ үед хотын дарга болсон Улсын баатар Э.Бат-Үүл бүрэн эрхийнхээ хүрээнд юу юуны өмнө Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчилж, В.И.Ленины хөшөөг булга татав. Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Нийгэм гэгээрч, эдийн засаг сэргэхгүй. Харин ч эсрэгээрээ иргэд олон нийт улам л төөрөлдөнө. Уг нь Үүлээс өөр дарга байсан бол Сүхбаатарын талбайн сүрийг дарах, хүн бүхний хөл дарж байхаар Чингисийн талбай байгуулчих ёстой байсан. Бүрэн эрх нь ч байсан биз дээ. Э.Бат-Үүл ялагдсан ч, Үүлийг АТГ-аас аваад явсан ч Чингисийн талбай нь байж л байна шүү дээ. Хэнд ч гай тарих хөг нь өнгөрсөн В.И.Ленины хөшөөг буулгаж зардал чирэгдэл болохын хэрэг байсангүй. Нийгэм өөрөө аяндаа сэхээрч, цаг хугацааны өгөгдөл дунд өөрчлөгдөж байдгаас биш хэн нэгэн “баатар” хөшөө нурааж нэр сольсоноор өөрчлөх ямар ч боломжгүй. Магадгүй цаг хугацааны орон зайд Чингис мэт эрхэлхэг хөвгүүд төрж нийгмийг орвонгоор нь эргүүлэхийг үгүйсгэхгүй. Ямартай ч баатар нэртэй Э.Бат-Үүл биш.

Тэгээд ч түүх гуйвуулан улс төр хийнэ гэдэг дэндүү харалган ажил.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд А.Баатархуяг, “Херо” Б.Баатар нараар “Эх орончдын өдөр”-ийг үгүйсгэсэн кино захиалан хийлгэлээ гээд сонгуульд ялахгүй. Нэгэнт тогтсон нийгмийн чиг хандлагад өөрчлөлт орох нь бүү хэл анзаарах ч үгүй. Ингэж Х.Баттулгын мөнгийг үрж яадаг байна. Энэ чинь бүтэн зуугаад жил бүтээн босгож бий болсон түүх. Бүгдийг нь буудахгүй бол хэн ч мартах аргагүй зүйл. Хамгийн энгийн жишээ татахад Н.Энхбаяр МАХН хэмээх нэрийг үхэн хатан хөөцөлдөж авлаа гээд юуг өөрчилж чадав. Өөрийгөө болон өрөөл бусдыг л шоронд суулгаж чадсан. МАХН нэрийг авлаа гээд Монгол Улсыг мандуулсан уу, МАХН нэрийг авлаа гээд Төрийн эрхийг гартаа авсан уу гэвэл үгүй шүү дээ.

1911 онд боссон Үндсэний эрх чөлөөний хувьсгалын тухай нийгмийн суурь үзэл санаанаас хэзээ ч арчиж чадахгүйгээр бат бөх оршиж буй.  Энэ лугаа 1921 оны ардын хувьсгалын тухайд ч мөн ижил. 1911 оны хувьсгалын үр шимээр 1921 оны хувьсгал мандсан гэх хэн бүхний мэддэг санааг мушгин гуйвуулж кино хийлээ гээд ч яах юм. Бидний ад шоо үзэж буй социализмын үеийн бүхий л ном зохиол, кинонд энэ хоёр хувьсгалын локига санаа бодитоор зэрэгцэн оршсоор байна шүү дээ. “Хатанбаатар Магсаржав”, “Ард Аюуш” гээд дурдаад барахгүй олон бүтээл бий.

Орчин цагийн “хувьсгалчдад” тодруулж хэлэхэд нэг том бүтээн байгуулалтын ажлыг 1911 онд шавийг нь тавьж суурь цутгаад арван жилийн турш бариад 1921 онд босгосонтой л агаар нэгэн зүйл. Үүнд маргаад хоёр гурван тийш тасчаад байх ямар ч шаардлага алга. З.Энхболд нарын кино захиалан бухимдаж байгаагийн ар талд чухам юу байна вэ гэхээр 1921 оны гуравдугаар сарын 1-нд хувьсгал мандуулсан нөхөд нийлж МАН-ыг байгуулсанд л байгаа хэрэг. Ардын намын анхны долоон нөхөр босч ирээд З.Энхболдыг сонгуульд унагаагүй биз дээ. С.Данзан тэргүүтэн АН-ыг байнга ялагдлын туган дор бөхөлзүүлээгүй шүү дээ.

Нүүдэлчид бид 1921 оноос хойш туурга тусгаар улсын хувьд хөгжлийн олон үе шатыг туулж, хоёр нийгмийн нүүр үзэж, олон ургальч санаа бүхий нийгэмд олон намын системтэйгээр амьдарч байна. Тэгэхээр бид түүхчдийн баг гаргаж нэгдмэл байр суурьт албан ёсоор хүрэхгүй бол яагаад ч болохгүй.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (59.153.114.121) 2018 оны 03 сарын 03

Эх орончдын өдрийг арай өөр сэтгэхүйгээр хийж болохгүй юу.Нэг нам баяр хөөр болоод л нэг л утга алга.

0  |  0
Top