Арай гэж олдсон суудлаа тийм ч амар алдахгүй шүү !!!

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Өнгөрөгч 2016 оны сонгуулийн дараа Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболдыг батламжлахгүй мөн ч удаан зовоосныг уншигч та санаж буй.

Уг нь тухайн үед Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболд ИТХ-аараа саналаа цуглуулчихаад зүтгээд байхад Ерөнхий сайд батламжлахгүй буцаасаар байв. Учир нь түүнийг АТГ-аас илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон хэмээн үзэж Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн нь ийнхүү Засаг даргын суудалд залрахад чөдөр тушаа болж байлаа.

Сүүлдээ аймгийнхаа ИТХ-аас удаа дараа нэрийг нь дэвшүүлээд байгаа  Л.Ганболдын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхээр болжээ. Ийнхүү түүний хувийн эрх ашгийн сонирхолд АТГ-аас шалгалт хийхэд чамгүй том гарын бизнесмэн гэдэг нь тодорхой болж байсан даа.

Түүний эзэмшилд ноос ноо­луурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Лидеркашемир” ХХК байдаг төдийгүй тухайн үед захирлаар нь ажилладаг байжээ. Мөнхүү барилга, сантехникийн холбох хэрэгслийн худалдааны “Лидерконнект” ХХК байдаг бөгөөд түүний 51 хувийг эзэмшдэг байна. Мөн мал аж ахуйн түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэл явуулдаг “Таван эрдэнийн ундарга” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга байсныг тухайн үед илрүүлэн мэдээлж байв. Үүнээс харвал тухайн үед түүнд аймгийн Засаг дарга болох ямар ч шаанс байсангүй.

Гэтэл Л.Ганболдыг удаа дараа зүтгүүлж байж, дээрх хувийн эрх ашигт нийцэх зөрчлүүдийг арилгасан гэх нэрээр Засаг даргын албан тушаалд Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжаар томилсон байдаг. Гэсэн хэдий ч энэ маргаан нь гурван оны нүүр үзэн дэгдэж, эцэстээ Үндсэн хуулийн Цэцэд маргаанаа таслуулахдаа тулжээ.

Шалтгаан нь Л.Ганболдыг Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж буй. Тиймээс түүний томилгоог хууль бус эсэх маргааныг өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байв. Гэвч дээрх асуудлаар Цэцэд хандсан нэр бүхий иргэн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, мөн хуралдаанд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлттэй байгаагаа Үндсэн хуулийн цэцэд албан ёсоор мэдэгдсэн байна. Үндсэн хуулийн цэц ийнхүү хүсэлтийг  үндэслэн хуралдааныг хойшлуулах тухай шийдвэр гаргажээ.

Арайхийж олдсон суудлыг тийм ч амар өгөхгүй тэмцэж байгааг дээрх баримтаас харж болно. Гагцхүү үндэслэл тавьж байгаа тал нь Л.Ганболдыг оргүй гүтгэж байна уу, эсвэл Л.Ганболд дарга гүрийж байна уу гэдгийг Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар шийдвэрлэх ажээ.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (59.153.114.121) 2018 оны 03 сарын 03

Арай хийж олдсон суудал гэхээр их ашиг орлоготой суудал байх нь дээ.Ашиг хонжооны төлөө амиа өгөхөд бэлэн үү

0  |  0
Top