Энэ сарын 1-ээс эхлээд БСШУ-ы сайдын тушаалаар бүх музей долоо хоногийн турш олон нийтэд “үнэ төлбөргүй” үйлчлэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан манай улсын төв музей хэмээн нэрлэгддэг Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатартай музейн хөгжил, орчин үеийн чиг хандлага, цаашид явуулах үйл ажиллагааны хөтөлбөр, зорилго, зорилтын тухай ярилцлаа.
-Бүх музейг үнэ төлбөргүй үзүүлэх сайдын тушаал гарсантай холботойгоор өчигдөр буюу энэ сарын 1-ээс бүх музей олон нийтэд үйлчилж байна. Ачаалал нэлээн их байгаа байх. Танай музейн зүгээс ямар, ямар хөтөлбөр боловсруулсан бэ?
Энэ бол маш чухал асуудал л даа. Нэг ёсондоо монголын түүх соёл, зан заншил, бидний бахархал, үнэт зүйлсийг сурталчлан таниулах зорилгоор музейн үзэсгэлэн гаргах, төрөл бүрийн боловсролын ажил зохион байгуулах ажлыг жил бүр явуулж хэвших нь хамгийн гол зорилго байгаа юм. Музейн хөгжил алхам алхмаар урагшилж, чиг хандлага нь ч гэсэн дэлхийн олон улсын музейн хөгжил рүү дөхөж яваа энэ цаг үед энэхүү тушаал гарч байгаа нь музейчдийн хувьд тун олзуурхууштай сайн зүйл. Бид есөн танхимд байгаа үзүүллэг дэглэлт, байгаа үзэсгэлэнгээ эргэлтэнд оруулахын тулд шинэчлэл хийлээ. Мөн сан хөмрөгт хадгалагдаж байгаа, өмнө нь огт дэлгэгдэж байгаагүй уран зургуудаасаа музей сонирхож ирсэн үзэгч олондоо дэлгэн үзүүллээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд монголчуудын хосгүй үнэт бүтээлүүд, уран зураг зэрэг үзмэрүүдийг шинээр дэлгэн үзүүлсэн нь хүмүүст маш их таалагдаж байгаа хэмээн итгэж байна. Мэдээж хамгийн гол нь бид музейг 7 хоногийн турш үнэ төлбөргүй үзүүлнэ.
-Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хэд орчим үзмэр байдаг вэ. Үүнээс хэчнээнийг нь ил гаргаж, олон нийтэд үзүүлдэг юм бэ?
Манай музейд хадгалагдаж байгаа үзмэрийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Одоогоор бол 19,187 дэсийн 59,193 ширхэг үзмэр байна. Ирэх онд үзмэрийнхээ тоог 60 мянга болгочихно гэсэн тооцоо гаргасан байгаа. Үзмэрийн тоо яагаад жилээс жилд нэмэгдээд байна гэхээр бид үзмэрийн баяжилтаа гурван янзаар хийж ирсэн. Нэгдүгээрт, бэлэглэлийн журмаар үзмэр хандивлах тохиолдол байдаг. Энэ нь олон үеэрээ хадгалж, хүндэтгэж явсан бүтээл, эд өлгийн зүйлээ бид цааш авч явж чадахгүй боллоо, үндэсний музейдээ хадгалуулъя хэмээн ирдэг хүмүүс байна. Хоёрдугаарт, археологийн судалгааны явцад баяжилт хийгддэг. Жилдээ “Монгол-Америк”-ийн гурав, БНСУ-ын “Мон-Сол” гээд хамтарсан төслийн баг, мөн манай музейн санхүүжилтээр шаваа тавьсан “Айргийн гозгор” төсөл гээд нийт таван судалгааны баг гаргадаг. “Айргийн гозгор” гээд манай өөрсдийн баг маань Эрдэнэтээс наана 16 км-ийн зайд “Улаан толгой” гээд газар дөрөв дэх жилдээ малтлага хийж байрлаж байна. Гуравдугаарт, үзмэр худалдан авах гэж бий. Энэ нь хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан хосгүй үнэт бүтээлийг худалдаж авдаг гэсэн үг. Шийдвэрийг бол яаман дээр гаргадаг. Ийм гурван аргаар үзмэрээ баяжуулсаар үндсэндээ 60 орчим мянга болжээ. Үзмэрүүдээс 2000 орчим нь байнгын үзүүлгийн есөн танхимд дэлгэгдэг. Заалны багтаамж маань бага, дээрээс нь заалыг шинэчлэх шаардлагатай байгаа учир үнэт, хосгүй үнэт гээд бусад үзмэрээ боломжоороо сэлгээд явж байгаа.
-Үндэсний музейн тооллого маш муу хийгддэг, дээрээс нь ангилал ч хийгддэггүй гэх шүүмжлэл 2015 оны үед их гардаг байсан. Одоо Үндэсний музейн үйл ажиллагаа нэлээд цэгцэрч, дотоод ажлын хувьд ч хэл ам дагуулахааргүй болж чаджээ дээ?
Манай музейд хадгалагдаж байгаа бүх үзмэр бүртгэлтэй болсон. Өнгөрсөн онд бид АНУ-ын ЭСЯ-аас зарлагдсан төсөлд хамрагдаад үзмэрүүдээ бүгдийг нь бар кодтой болгосон байгаа. Энэ ажлыг монголын музейн түүхэнд манайх анх удаа хийсэн гэж ойлгож болно. Бусад музейд руу энэ төсөл удахгүй хэрэгжиж эхлэх байх. Дөрвөн жилд нэг удаа улсын, хоёр жилд нэг удаа байгууллагын дотоод тооллогын ажил явагддаг. Бидний хэрэгжүүлсэн төсөл эдгээр тооллогын ажлыг маш их хөнгөвчилсөн. Тухайн үзмэрийн бар кодыг компьютерт уншуулахад он цаг, түүх нь гарахаас гадна эрдэм шинжилгээний бичигтэй үгүй нь, хаана байгаа нь хүртэл харагддаг. 13 удаа захиргааны зөвлөлийн хурал хийж байж бүтэн нэг жилийг зарцуулж энэхүү тооллогын ажлыг дуусгасан байгаа. Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа үзмэрүүд ширхэг бүрээрээ ямар нэгэн дугаарын давхардалгүй байх ёстой. Гэтэл өмнөх олон жилүүдийн тооллогын явцад давхардаж олгосон дугаар, дугааргүй үзмэр гэх мэтийн асуудлууд их байсан. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд бүх үзмэрээ жигдэлж авлаа.
-Музейн сан хөмрөгийн хэд орчим нь хосгүй үнэт өвд ангилагддаг юм бэ. Жишээлбэл, ямар, ямар үзмэрийг хосгүй үнэт хэмээн нэрлэх бол?
Музейн үзмэр хэдий үеийн, хэний хэрэглэж байсан эд өлгийн зүйл гэдгээсээ хамаараад үнэ цэнэ нь янз бүрээр тодорхойлогддог. Манай музейд хосгүй үнэт, үнэт өвд багтах 22 төрлийн үзмэр байна. Үүнийг музейн бүх үзмэртэй харьцуулахад бага сонсогдож байгаа гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ бид цаашид музейн үзмэр дээр анхаарч ажиллах, улсаас өөрийн үнэт өв болсон бүтээлүүд дээр онцгойлон анхаарах шаардлагатай байгаа юм. Хэн нэгэнд байгаа үнэт өвийг хэдий цаг үед хамаарагдаж, хэчнээн үнэ хүрэхийг нь улсаас тогтоож өгөөд бүртгэж авдаг болох хэрэгтэй. Энэ нь өөрийн улсын үнэт зүйлсээ гадагшаа алдахгүй байх, цаг хугацааны явцад элэгдэж, алга болохоос сэргийлж чадах хамгийн зөв зам гэж боддог. Энд тэндэхийн дуудлага худалдаагаар нэг бүтээл ордог, аан энэ Үндэсний музейгээс алдагдсан зүйл байна гэх хардлагад ч бид өртөхгүй. Тэгэхээр цаашид улс орны үнэт өв болсон соёлын дурсгалт зүйлүүд дээрээ нэлээн анхаарч ажиллах ёстой гэдэг нь эндээс харагдаж байгаа байх.
-Үндэсний музейд тулгамдаж байгаа асуудал, нэн даруй шийдэх ёстой байгаа зүйлсийнхээ талаар?
Бид хүүхэд, залуучуудад түүх соёл, зан заншил, үндэсний бахархал болсон энэ бүхнээ өвлүүлэн үлдээхийн тулд боловсролын ажлыг нэлээн сайн хийх шаардлагатай болжээ. Улсын хэмжээнд “Соёл урлагийн газар”-тай хамтраад дан боловсролын ажилтнуудаар нэлээн томоохон сургалт хийлгэж байгаа. Үүний гол зорилго нь музейд хадгалагдаж байгаа бүх үзмэрийг хүүхэд, залуучуудад таньж мэдүүлэх, ойлгуулах юм шүү дээ. Мөн олон улсын жишгээ дагаад музейд сайн дурын ажилтан бэлтгэх, явуулах шаардлагатай байна. Ялангуяа Зүүн Өмнөд Азийн орнуудад тэтгэвэртээ гарчихсан эсвэл оюутнууд сайн дураараа музейдээ үнэ төлбөргүй ажиллаж, музей үзэж сонирхохоор ирсэн хүмүүст өөрийн мэддэг бүхнээ ярьж, тайлбарлаж өгдөг юм байна. Нэг музей л гэхэд 250 сайн дурын тайлбарлагчтай байх жишээтэй. Тэгэхээр бид цаашид энэ талаар ажиллахаар төлөвлөөд явж байна.
-Өнгөрсөн жил Үндэсний музейг тун амжилттай ажилласан гэж дуулсан. Улсын төсөвт төвлөрүүлэх ёстой мөнгөө бараг 2 дахин нугалсан гэсэн байх аа?
Тийм ээ. Бид өнгөрсөн жил нийтдээ 83,593 хүнд үйлчилсэн байна. Үүнээс 52 мянга нь гадны жуулчид байгаа юм. Манай музей жуулчдад ерөнхийдөө хоёр янзаар үйлчилдэг. Эхнийх нь жуулчны компаниудтай гэрээ байгуулаад оны эцэст төлбөрөө барагдуулах журмаар, харин хоёр дахь нь бэлэн мөнгөөр үйлчилдэг. Харин 30 мянган хүн нь манай дотоодын үзэгчид байсан гэсэн тоо судалгаа гарсан байгаа. Үүнийг сүүлийн хоёр жилтэй харьцуулахад дуруй 10 гаруй мянган үзэгчээр өсчээ. Тэгэхээр манай байгууллага 2017 онд сайн ажилласан гэдэг нь үүгээр харагдаж байгаа байх. Мөн өнгөрсөн жил гурван удаа музейг үнэгүй үзэх арга хэмжээ зохион байгуулсан байна. Үнэгүй үзүүлэх арга хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгөөр баяр, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан явуулсан. Тухайлбал, “Монгол бахархал”-ын /11.19/ өдрөөр 437 хүн, Улс тунхагласны баярын /11.26/ өдөр 382 хүн, “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол”ын /12.29/ өдрөөр 925 хүн буюу бид нийтдээ 2000 орчим хүнд музейгээ үнэ төлбөргүй үзүүлсэн байгаа юм.
-Музейн үзвэрийг үнэ төлбөргүй үзүүлснээр танай байгууллагын төсөвт ямар нэгэн хүндрэл учрахгүй юу?
Бид өмнө жил улсын төсөвт төвлөрүүлэх ёстой орлогоо 263 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн. Жилдээ 238 сая төгрөг тушаах ёстой л доо. Тэгэхээр бид 2017 онд 500 гаран сая төгрөгийн орлого олсон байгаа юм. Орлогоо давуулан биелүүлсэн нь өнөөх 83 мянган үзэгчтэй шууд холбоотой шүү дээ. Магадгүй бид Улаанбаатар хотод байгаа музейдээс хамгийн ашигтай ажиллаж чадсан газар нь байх. Төсвөө давуулан биелүүлсэн учир үнэ төлбөргүй үзүүлж байгаа асуудал маань хүндрэл учруулахгүй байх хэмээн бодож байна. Мөн энэ долоо хоногийн үнэгүй үзвэр ч тэр байдаг л асуудал.
-Үнэ төлбөрийн тухайд танай музей хэд орчим байдаг юм бэ. Миний ойлгосноор гадных, дотоодых гэсэн ямар нэгэн ялгаа байдаггүй гэсэн?
Дэлхий нийтийн жишиг, олон улсын музейн баримталж байгаа чиг, хандлагыг харахад дунд сургуулийн сурагчид музей үнэгүй үздэг юм билээ. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд бол үнэ төлбөргүй үзэж байгаа. Тэгэхээр манай музей үүн дээр санал санаачлага гаргаад дунд сургуулийн хүүхдүүдийг үе шаттайгаар үнэ төлбөргүй үзүүлэх зорилго тавиад ажиллаж байна. Нийгмийн бодлого, боловсролын байнгын хороо, БСШУ-ны яаманд энэ саналаа хүргүүлсэн байгаа. Ингэснээр дунд сургуулийн хүхдүүд үнэ төлбөргүй музей үзнэ, нөгөөтэйгүүр энэ асуудлыг шийдэхийн тулд бидний тогтмол зардлыг нэмэгдүүлж өгөх асуудал гарна. Нэг ёсондоо төсвийн санхүүжилтийн зохицуулалт хийж байж хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх асуудал улсын хэмжээнд шийдэгдэнэ. Үүний ач холбогдол нь түүх соёлоо дээдлэх, соёлын өвийг сурталчлах, таниулах, монгол хүн болж төлөвших, дээрээс нь энэ сайхан өвөөрөө бахархах, дээдлэх ийм сэтгэлзүйг хүүхдүүдэд багаас нь төлөвшүүлэхийн тулд энэ алхам бол хийгдэх ёстой. Жишээлбэл, ОХУ, БНХАУ гэхэд дунд сургуулийн хүүхдэд музей үнэ төлбөргүй үзүүлэх, үүнтэй холбоотой тусгай хууль гарсан байгаа. Тэгэхээр төсвийн санхүүжилт дээр жаахан өөрчлөлт хийгээд, үйл ажиллагааны урсгал зардлыг нь нэмээд өгчихөд л болчих асуудал. Энэ асуудал дээр болгоомжтой хандах хүмүүс бий. Гэхдээ ажлаа системтэйгээр эхлүүлэх, ялангуяа хотод байгаа музейдтэйгээ нийслэл хамтран ажиллах шаардлага гарна. Яагаад гэвэл, манай хотод ерөнхий боловсролын маш олон сургууль байна. Эдгээр сургуулийн хүүхдүүдийг үе шаттайгаар музей үзүүлэхийн тулд музейтэйгээ холбоо тогтоож тусгай график гаргах хэрэгтэй. Энэ ажил хэрэгжээд эхэлбэл бид билетийн орлого гэдэг зүйлээс салж эхэлж байнаа гэсэн үг. Ер нь тэгээд бусад орнуудын музей дунду сургуулийн хүүхдүүдэд үнэгүй байдаг. Бид л тэр жаахан хүүхдүүдээс мөнгө аваад байна шүү дээ.
Нөгөө талаас бид олон улсын музейн үнэ ханшийг судалж үзсэн. Үнэ нь дунджаар 40 доллар хавьцаа байгаа юм. Манай билетийн үнэ гадна, дотно ялгаагүй 8000 төгрөг. Үүнд асар том ялгаа байгаа биз. Бид бол нийгэмд үйлчилдэг ашгийн бус соёлын байгууллага. Монголд ирж байгаа жуулчдаар авч үзвэл 8000 төгрөг дөрөв хүрэхгүй доллар байгаа юм. Манай энэ уламжлалт, түүх соёлыг үзэж сонирхох гэж ирж байгаа хүмүүс музей нь хямд юм билээ гэж ирээгүй нь ойлгомжтой. Тэд 40 доллараар үздэг жишгээрээ л манайд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр билетийн үнийн зохицуулалт заавал яригдана. ССАЖЯ гэж байхдаа Олон Улсын конвенцид Монгол Улс нэгдсээн, хүнийг алагчилж болохгүй гээд энэ билетийн үнийг тогтоосон юм билээ. Уг нь хуучин бол ялгаатай байсан. Тэгээд бүгдийг нь адилхан болгохын тулд монгол хүний худалдан авах чадварт нийцүүлж 8000 төгрөг гэж тогтоосон байгаа юм. Жишээлбэл, жуулчид ирээд манайхаас бусад урлаг соёлын байгууллагуудын тоглолт, үзвэрийг 15, 25 доллараар үздэг. Гэтэл музей нь ердөө 3 гаруйхан долларын ханштай. Ямар сайндаа музей үзэх гэхээр задгай доллар байдаггүй гэсэн шог яриа хүртэл гарч байхав дээ. Тэгэхээр энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байгаа биз.
-Хосгүй үнэт, үнэт үзвэрүүдийг олон нийтэд дэлгэж үзүүлэхээс гадна хадгалан, хамгаалж, арчлах гэж том ажил байдаг шүү дээ. Үндэсний музейн хувьд энэ тал дээр хэрхэн ажилладаг вэ?
Үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулахын тулд бид бүх үзмэрээ мэддэг байх ёстой. Мөн бид өнөгрсөн жилүүдэд музейн сан хөмрөг, үзмэрүүдийн хамгаалалт дээр нэлээн сайн хичээж ажилласан. Гэхдээ л музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, цаашлаад музейн бүх үзмэрт тодорхойлолт хийх асуудал бидэнд бий. Ер нь яваандаа музей үзмэр дээрээ түшиглэж судалгааны ажлыг хийх шаардлагатай байгаа. Үе бүхэнд байдаг түүхийн дурсгал манайд байна. Хөгжлийн чиг хандлага бол түүх судлах судлаачдад, архивын бичиг баримт, хэрэглэгдэхүүн, музейн үзмэрүүд, археологийн судалгааны олдворууд гээд энэ бүхэн чухал судалгааны бааз суурь болдог. Манай музейн эрдэм шинжилгээний ажлын цаашдын зорилго бол энд байгаа бүх үзмэрүүддээ эрдэм шинжилгээний тодорхойлолт гаргах. Энд байгаа үзмэрийн ердөө 30 хувь нь л ийм бичигтэй байгаа. Энэ бол маш чамлалттай тоо. Гэхдээ энэ их үзмэрийн ширхэг бүр дээр тодоройлолт гаргана гэдэг маш их цаг зав, ажил орно. Манай хамт олны тэргүүн зэргийн зорилт учир болно гэж итгэж байгаа. Мөн үзмэрүүдээ материалаар нь төрөлжүүлэх ажил бас байгаа. Музейд хадгалагдаж байгаа үзмэрүүдээ материаллаг шинжээр нь ангилж, ялгах нь олон улсын жишиг байдаг. Тэгэхээр бид энэ ажлыг хийж л таарна. Төмөр, метал эдлэл хэдэн хэмийн дулаан, агааржуулалтанд байх ёстой юм, бөс, даавуун эдлэлийг яаж хадгалах юм гээд хадгалалтын горимыг нь өөрчлөх нь хамгийн чухал асуудлуудын нэг л дээ.
-Жилд хэдэн удаа үзэсгэлэн гаргадаг юм бэ. Тухайлбал, өнгөрсөн онд хэдэн үзэсгэлэн гаргав?
Бид өнгөрсөн онд л гэхэд 13 удаа үнэгүй үзэх хөтөлбөр боловсруулж, олон нийтэд хүргэжээ. Он гарснаас хойш бол гурав дахь удаагаа үзэсгэлэн зохион байгуулж байна. 13 үзэсгэлэнгээ дандаа музейд хадгалагдаж байгаа 59,391 үзмэрээсээ сонгож гаргасан. Тэгж байх хугацаандаа хэвлэл мэдээллийн салбартайгаа нягт уялдаа холбоотой ажилласан байна. Оны төгсгөлд “Нээлттэй музей” гэсэн өдөрлөгийг зохион байгуулсан. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид манай музейн хөгжлийн чиг хандлагад тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг. Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, биднийг сурталчилж, энэ талын мэдээ, мэдээллийг олон нийтэд цогцоор нь хүргэж байгаа та бүхэндээ талархах нь зүйтэй. Хэдийгээр улс орны эдийн засаг хямралтай байгаа ч бид сүүлийн гурван жилийн хугацаанд төсөвт ойролцоогоор хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
-Зөвхөн музей үзэж байгаа хүмүүсээр энэ төсвийг бүрдүүлнэ гэдэг тийм ч амар биш. Тэгэхээр танайд төсвөө бүрдүүлдэг өөр аргачлал байна уу?
Энэ тал дээр хүмүүс их сонирхдог юм. Бид Олон Улсын байгууллагуудад төсөл бичсэн. Төслийн үр дүнд бид Японы “Жайка”, Туркийн “Дека”, “Юнеско”, Тайвань, АНУ гээд эдгээр орнуудаас дийлэнх төсвөө босгож чадсан. Тэгэхээр улсаас хоёр тэрбум төгрөг аваад музейдээ захиран зарцуулсан хэрэг огтоос биш. Бидний гадаад харилцаа хэдийгээр төслийн хүрээнд явж байгаа боловч Азийн үндэсний музейн холбооны гишүүн, “Нэг зам-Нэг бүс” гээд Олон Улсын хэмжээнд явагдаж байгаа том үйл ажиллагаанд оролцож, улс орнуудын музейн тэр том зөвлөлд нь орсон байна. Дээрээс нь БНСУ, Тайванийн хааны үндэсний музейтэй холбоо тогтоож байна. БНХАУ, Тува, Казакстан, ОХУ-ын Буриад улсын музейтэй хамтын ажиллагаатай байна. Эдгээр хамтын ажиллагааныхаа хүрээнд үзэсгэлэн гаргах ажил яригдаж байгаа. Үзэсгэлэн гаргана гэдэг бол монголын түүх соёлыг гадаадад танин мэдүүлэх нэлээн том ажилд тооцогдоно. Одоо дөрөвдүгээр сард Солонгост Богд хааны ордон музей, ШУ-ы академийн Түүх, Археологийн хүрээлэн, БНСУ-ын Үндэсний музей болон манай музей хамтраад үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх онд ОХУ-ын Санкт-Петербург Эрмитажад үзэсгэлэн гаргана. Гадаад харилцааг хөгжүүлж, төсөл бичиж мөнгө олно гэдэг тийм ч амар биш. Энэ бүхэн манай байгууллага, хамт олон, багийн ажил. Тиймээс манай эрдэм шинжилгээний ажилтнууд, манай аргазүйн төв, олон нийттэй харилцах алба, ард талыг маань авч явдаг хөдөө аж ахуйн алба гээд бүх хүмүүсийн итгэл, зүтгэл дээр тогтож байгаа юм.
-Музейн ажилчдын цалин хөлс, хангамж ер нь хэр байдаг юм бэ?
Манайхны цалин мөнгө үндсэндээ дунджаас багад орно шүү. Цалингийн сүлжээг нь аваад үзэхэд дундаж нь 500 мянган төгрөгийн цалинтай. 500 ч хүрэхгүй хүмүүс байна. Сан хөмрөгийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн маань цалин мөнгө, ажиллаж байгаа нөхцөл байдал нь цаашдаа яригдах байх. Тэтгэврийн насыг нь наашлуулах, ажлын нөхцлийг нь тодорхойлуулах, цалингийн сүлжээнийх нь нөхцлийг өөрчлүүлэх гээд ажлууд яригдаж байгаа. Ер нь бол музей хөгжлийнхөө шинэ шат руу аажим аажмаар дөхөж байгаа учраас манай хамт олон сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл бид өнгөрсөн онд төсвөө давуулан биелүүллээ. Үүнийхээ тодорхой хувийг ажилчдын цалинд нэмэгдэл болгоод оруулчихаж байна, музейдээ хөрөнгө оруулалт хийж байна гээд олон зүйлс байна.
-Үндэсний музейн цаашдын зорилго, зорилт юу байна. Тухайлбал, энэ онд юу, юу хийхээр төлөвлөсөн бэ?
Бид цаашдаа эрдэм судалгааны том төв болох зорилготой явж байна. Мөн дээр хэлсэнчлэн музейн үлдсэн үзмэрүүддээ эрдэм шинжилгээний бичгийг нь хийж дуусгах, гадаад харилцаагаа улам өргөжүүлэх, музейн байр савныхаа асуудлыг шийдүүлэх, хүүхэд залуучууддаа музейн боловсрол олгох ажлыг улс орон даяар зохион байгуулах гээд хийхээр төлөвлөсөн олон ажлууд бий. Мөн энэхүү үзэсгэлэнг тохиолдуулж боловсруулсан гурван төрлийн музейн боловсролын ажлаа цаашид бүтэн жилийн хугацаанд үргэлжлүүлэн ажиллана. Музейн боловсрол олгохын тулд улсын хэмжээнд 4,5 дугаар саруудад сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүний суурь болгож боловсролын ажлуудыг манай албаныхан зохион байгуулж байгаа. Ингээд яриад байвал бидэнд хийхээр төлөвлөсөн олон л ажил байна даа.
Танай хамт олны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
Б.Баргужин
Сэтгэгдэл ( 1 )
7 хоног багадаж байна. Музей узэх хусэлтэй хумуус маш их байдаг юм байна. Яг одоо музейн уудэнд уй олноороо зогсоцгоож байна лээ. Хоногоо сунгаасай.