Монголд улс төрийн нам гэж байхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 12

Унасан бөх “Би яагаад унав” хэмээн өөрийнхөө бичлэгийг харахаас эхлээд ялагдалдаа дүгнэлт хийн өрсөлдөгчөө судалж, өөрийгөө илүү их бэлдэж эхэлдэг байна. Дасгалжуулагчаа сольж байсан түүх ч цөөнгүй. Тиймдээ ч тэр өөрийгөө ялж, дараа дараагийн амжилтад бодитоор хүрдэг жишээг дурдах нь илүүц биз ээ.

Үүн лугаа адил улстөрийн намууд ялагдсан даруйд өөрчлөлт шинэчлэл ярьж дарга цэргээ сольж эхэлдэг. Ерөөсөө бүтэн дөрвөн жил өөрчлөлт шинэчлэл гэх малгай дор аян өрнүүлдэг ч ямар ч өөрчлөлт хийж байсан түүх үгүй. Магадгүй, тэд сонгуульд ялж болох ч өөрсдийгөө ялж байсан удаа үгүй. Зөвхөн дарга нараа сольж тойрон хүрээлэгчдээ бүрдүүлэхээс хэтэрдэггүй. Нэг олз нь гэвэл сонгогчид тэдэнд хууртаж саналаа юүлдэг л учиртай, өөр юу ч байхгүй.

Өнгөрөгч сонгуулиар АН ялагдал хүлээн тугаа бөхийлгөсөн цагаас хойш даргаа сольж өнөөдөр өөрчлөлт шинэчлэлтийн тухай бүр ч хүчтэй ярих боллоо. Н.Алтанхуягийг З.Энхболдоор солиод яах юм, З.Энхболдыг С.Эрдэнээр солиод яах юм. Үзэл баримтлалын шинэчлэл байхгүй, хуучин хөрсөн дээрээ дарга солиод шинэчлэл ярих нь даанч өрөөсгөл. Тэгээд ч цагаа тулахаар бүгд л эрх ашиг нэгтэй хүмүүс цугларч нэг нь нөгөөгөө шинэчлэл нэрээр өргөмжлөх нь утгагүй. МАН ч 2012-2016 онд ялагдсан даруй Сү.Батболдыг Ө.Энхтүвшингээр сольж, дараа нь Ө.Энхтүвшинг М.Энхболдоор гээд даргаа сольж удирдах багтаа шинэчлэл хийсэн ч тэд үзэл баримтлалдаа огтхон ч анхаарал тавиагүй.

Үнэхээр улс төрийн намууд шинэчлэгдье, өөрчлөгдье гэж байгаа бол бүгдээрээ татан буугдаад хууль ёсоор эргэн байгуулагдахдаа үзэл баримтлалын эрс өөрчлөлт хийх цаг нь эрт болсон. Тодотгож хэлбэл, үзэл баримтлалаа нэгэн гараанаас зэрэг уралдуулж, алдаа оноогоо цэгнэх цаг нь болсон. Түүнд олон зүйл ч хэрэггүй. Аль нам нь үндэсний язгуур эрх ашигт нийцсэн үзэл баримтлалтай байх, аль нь иргэд олон нийтийн хандлагад дөхөж очсон байх, аль нь эх орны оршин тогтнох, улс үндэсний мандан бадрах эрх ашигт нийцсэн байх гэсэн үндсэн шалгуур тавихад болно. Энэхүү үндэс дээрээ суурилсан зөв бодлого гаргаад мөрийн хөтөлбөрөө уралдуулах л чухал болжээ. Түүнээс бус сонгууль болохоор нэг нөхөр зураг хөргөө цэвэршүүлэн татаж, эртний сургаал үгсээс иш татан цэцэрхээд байх хэрэггүй. Нэр дэвшигч намынхаа үзэл баримтлал дээр суурилсан мөрийн хөтөлбөрийн дагуу бодлого гаргаад өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлчихэд л болно. Үүнээс гадна намууд үзэл баримтлалаа нэгнээсээ салгаж ялгаж ойлгохын зэрэгцээ сонгогч олон нийтэд сурталчлан таниулсан байх үүргийг ч хүлээх цаг болсон. Энэ тал дээр нэг дэвшигч маань ч төөрөлдсөн байх нь элбэг.   

Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 28 нам үйл ажиллагаа явуулж байна гэх статистик баримт бий. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тун цөөн. Сонгууль дөхөхөөр гарч ирдэг бусад цагт унтаж байдаг нь хавьгүй олон. Тэр хэрээр тэдний үзэл баримтлал бүгд ижил. Баруун зүүнээ ялгаж байгаа улстөрийн хүчин тийм ч олонгүй. Сонгуулиар дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрөөс нь харахад л эд нарт ямар ч ялгаа алга гэдгийг мэдэж болно. Өнөөдөр баруун төвийн үзэл баримтлалтай гэх АН ямар ч онол дүрэмгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тэд Төрийн эрх барих үедээ халамжийн чиглэлд үйл ажиллагаа явуулахаас эхлээд өөрсдийнхөө үнэт зүйлстэй байнга зөрчилдөж байдаг. Энэ үнэт зүйлээ хадгалж, үзэл баримтлалаа мөрдөж яваагүй учраас өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л улс төрийн намуудад утга учир гэж байхгүй болсон. МАН зүүн төвийн үзэл баримтлалтай ч үүнийг дагаж мөрдөж байгаа эсэхэд ч ихээхэн эргэлзээтэй. Хамгийн наад зах нь МАХН-д МАН-аас ялгарах ямар үзэл баримтлал байгаа юм бэ. Яг адилхан зүйлийг яриад сонгуульд ордог тийм л илүү гэр шиг нам байна. Бүгд адилхан зүйлийг 20 талаас нь яриад л ороод ирдэг. Нийт массад өөр сонсогдоод байгаа болохоос бус тэнд бүтэлтэй зүйл гэж үгүй. Ямар сайндаа л “Монгол Улсын бүх иргэдийн өрийг дарна” хэмээн нэр дэвшигчээ илгээж байгаа нам байхав дээ. Үүнээс ямар үзэл баримтлал харагдаж байгаа юм бэ. Уг нь зүүн төвийн үзэл баримтлалтай нам нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд илгээж байгаа царай нь энэ.

Ил далд сэлэм эргүүлж, бодлого яриад байгаа болохоос биш яг үнэт зарчмаараа Монгол Улсад улстөрийн нам гэж байхгүй гэж үзэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Зарим нам нь үзэл баримтлал ч үгүй байна. Жишээ нь Ногоон нам бол мэдээжийн хэрэг ногоон үзэл баримтлал малгай дор байгаль, эх дэлхийгээ хайрлах аян өрнүүлж, цагийн дөрвөн улиралд энэ тал дээр анхаарч ажиллах ёстой. Дэлхий нийтийн хандлагад өгүүлснээр ногоонтнуудад Төрийн эрх барих тийм чухал биш байдаг аж. Харин тэд Төрд өөрийнхөө үзэл баримтлалын дагуу ногоон хөгжил, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад зориулагдсан төсөл хөтөлбөр боловсруулан санал болгохоос эхлээд сайн хуулийн төсөл бэлдэж өгдөг тийм л үйл ажиллагаатай аж. Гэтэл манай ногоонтнууд Төрийн эрхэнд санаархахаас эхлээд уул уурхайн чиглэлээр шантааж хийдэг төдий л ажиллаж байгааг нуух юун.

Тэгвэл Иргэний зориг намын үзэл баримтлал бол АН-ын үзэл баримтлал дээр суурилсан, түүнийг хуулбарласан байх жишээтэй. Уг нь байгуулагдсан шалтгаан нь бол иргэний чиглэлд үйл ажиллагаа өрнүүлэх, ардчилсан ёсыг жинхэнэ иргэнд чиглүүлсэн байх үүргийг хүлээсэн гэдгээ баримт бичигтээ өгүүлсэн нь байдаг.

Мөнхүү жижгүүдээс Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам нь ардчилсан нийгэмд хүний эрх чөлөөг, тэр тусмаа санхүүгийн эрх чөлөөг хэрэгжүүлэх жанжин шугамтай ч АН-ын ч МАН-ын үзэл баримтлалаас авч тусгаад үг үсэг өөрчилсөн төдий байх жишээтэй. Энэ мэт жишээ дурдаад байвал үзэл баримтлалаа гаргаагүй нам ч байгаа. Тэгэхээр улс төрийн намууд бүгд татан буугдаад ахин үзэл баримтлалаа уралдуулан байгуулагдах цаг нь болжээ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hu van(172.56.42.84) 2018 оны 03 сарын 12

Uchriig magadlae. Taivan amgalan baitsgaa.

0  |  0
зочин(202.179.26.95) 2018 оны 03 сарын 12

Үнэхээр өнөөдөр Монгол улсад Улс Төрийн нам гэж үнэхээр огт байхгүй, одоо байгаа Намууд гээд байгаа нь Нам нэртэй Гэмт бүлэглэлүүд Гишүүд нэртэй Гэмт хэрэгтэнгүүд л байгаа шүү дээ,

0  |  0
МХ(202.179.2.242) 2018 оны 03 сарын 12

Ардын нам, Ардчилсан нам 2 бол одоо бэлдээд ч хэрэггүй дээ. БҮХЭЛ БҮТЭН УЛСАА ӨРӨНД ХИЙЖ, МОНГОЛ УЛСЫГ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД НЬ ГАНЦААРАА АВЧ ЯВСАН ГАНЦ ҮЙЛДВЭР ЭРДЭНЭТИЙГ ХУВААГААД ХУЛГАЙЛСАН, МОНГОЛ БАНКЫГ ХӨГЖЛИЙН БАНКТАЙ НЬ САМАРЧ ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙЛСАН. ОДОО ӨНӨӨДӨР ГЭХЭД Л 14-Н НАСТАЙ ХҮҮХДИЙГ ХҮҮХЭН ГЭЖ БОДДОГ ГЭЭД ХУУЛИЙНДАА ОРУУЛЧИХСАН ГАЖ ДОНТОНГУУД НЬ ДОТРОО БӨӨН БАНДААШНЫ ХЭРҮҮЛ.

0  |  0
зочин(202.9.43.150) 2018 оны 03 сарын 12

нам нийлж хулгай хийх гэсэн чөтгөр шулмасуудийн нэгдэл

0  |  0
БАГШ(103.212.117.150) 2018 оны 03 сарын 12

НАМ БИШ МАФИЙН БҮЛЭГЛЭЛҮҮД Л БИЙ.

0  |  0
Top