Ноён ууланд ашиглалт, олборлолт явуулахыг хориглосон ч тусгай зөвшөөрлийг ЦУЦЛААГҮЙ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 14

Зиндаа.мн сайт “Дуулиан” булангийн энэ удаагийн дугаараар "Ноён" уулын эргэн тойронд өрнөсөн үйл явдлаас онцлон хүргэж байна.

Тэмцлээс шүүх рүү

Ноён уулаа аварья” хөдөлгөөнөөс  Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул орчимд олборлолт явуулахаар “Сентерра Гоулд” компанийг эсэргүүцэж багагүй хугацаа өнгөрсөн. Ноён уул орчимд Хүннүгийн үеийн булш, түүхийн ховор дурсгалууд байдаг.

Тэмцэл сүүлдээ шүүхийн шатанд шилжсэн. 2016 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр  “Сентерра Гоулд” компанийн эзэмшилд байдаг дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий маргаан үүсээд хоёр жилийн нүүр үзжээ. Уг нь, Захиргааны хэргийн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д зааснаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценз бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай шүүгчийн тогтоол гарсан юм. 

Сэлэнгийн Захиргааны хэргийн шүүхийн  шийдвэр гаргасан ч...  

Нийслэлийн Захиргааны хэргийн  шүүх дээр байдал хүндрээд байсан учраас Ноёын уулаа аваръя хөдөлгөөний өмгөөлөгч Г.Батбаяр нар Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус аймгийн Мандал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар ханджээ.

Учир нь, орон нутгийн тусгай хэрэгцээнд Ноён уул орчимд авсан байсан 31000 га талбайгаас “Сентерра Гоулд” компанийн  эзэмшлийн талбайг чөлөөлснөөр тусгай газрын хэмжээг 105 га болтол бууруулсан юм байна. Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж уг тогтоолыг хүчингүй болгосноор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 31000 га талбай эргээд орон нутгийнхаа мэдэлд шилжиж байгаа ажээ. Тиймээс Сентерра Гоулд компанийн тус талбайд багтаж байсан дөрвөн лиценз хүчингүй болох үндэслэлтэй“ гэж “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний өмгөөлөгч Г.Батбаяр  тайлбарлажээ. Тэрбээр, Мандал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 31 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй. Уг тогтоолыг гаргах хурлыг хийхдээ 16 Төлөөлөгч оролцсон гэсэн боловч 10 төлөөлөгч оролцсон тогтоогдсон. Тухайн шүүх хуралд ирсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн гэжээ. Мандал сумын ИТХ-аас давж заалдахгүй гэснийг иргэний хөдөлгөөнийхөн талархалтай хүлээн авсан байна.

Ноён уул ямар нөөцтэй вэ?

Тус газрын алтны нөөц анхаарал татдаг. Алт байгалийн гагнаас гэдгийг баталж байгалийн сайхан болсон Ноён уул орчимд ийнхүү алтны томоохон  орд илэрсэн нь энэ.  Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул орчмын хүдрийн нөөц  27 667 378 тонн, алтны нөөц  75 942,11 тонн гэж тогтоогдсон гэх.

Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон ч ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцээд байгаа гол зүйл нь Хүннүгийн үеийн булш бунхан, түүхийн ховор дурсгалууд устах аюулд орох вий гэсэн болгоомжлол. Байгалийн тэнцвэрт байдал алдагдана ч гэдэг.  Дөрвөн тусгай  зөвшөөрөлд багтсан дөрвөн уулын доор 250 тонн алт бий гэж “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн үздэг ажээ. Нөөцийн тухайд товч өгүүлэхэд ийм.

Маргаан үргэлжилсээр...

Маргаан яагаад үргэлжлээд байгаа вэ. Яагаад шүүх хурал 35 удаа хойшлов. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний өмгөөлөгч Г.Батбаяр “Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан учраас ахин дахин хэлэлцэх шаардлагагүй” гэжээ.

Ноён уулаа аваръя хөдөлгөөн, “Сентерра Гоулд”  компанийн маргааныг таслах учиртай шүүх хурал  Монголын шүүхийн түүхэнд “анхны” гэж тодотгож болохоор олон удаа хойшлов.  34 дэх шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд товлогдсон ч хариуцагч тал өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих хүсэлт гаргаснаар хойшилсон. Гуравдугаар сарын 5-нд болсон хуралд  итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад албан томилолттой. Шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргаснаар 35 дахь удаагаа хойшилсон юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bars(66.181.161.53) 2018 оны 03 сарын 14

Tanai hogiin site haagdaasai. Hogiin bichcheed. Zgr uuchlal guigaal boldog te. Tegwel medeenii site bish shar medee gj yarij bai

0  |  0
Top