”Хүүхдийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бэлгийн хүчирхийллийн талаар”

2018 оны 03 сарын 23

УЕПГ-ЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦЛИЙГ СУДЛАХ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ, АХЛАХ ПРОКУРОР Ph.D Б.ӨНӨРМААГИЙН БИЧСЭН ИЛТГЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

 

 Шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжээд хагас жил гаран болж байна. Монгол Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 18.7 хувиар өсчээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өссөн дүр зураг харагдаж байна. Тухайлбал:

-Хүний амь, бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9.7 хувиар

-Хүүхэд, гэр бүл, ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 49.2 хувиар өсч

-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 11.2 хувиар буурсан тоон мэдээ гарчээ.

Хүний халдашгүй эрхгэж өөрийнх нь төрөлх жам ёсны хэрэгцээнээс үүдэлтэй, мөн чанарын хувьд төрөөс тогтоосон биш зөвшөөрсөн бөгөөд эрх зүйн хэм хэмжээгээр бэхжигдэж, хамгаалагдсан ямар ч тохиолдолд хөндлөнгийн хэн ч дур мэдэн хөндөж хязгаарлаж болохгүй хэд хэдэн туйлын эрхийн тухай цогц ойлголт юм

.[1][1]Уг эрх нь:

-чөлөөтэй байх эрх

-бие эрхтэний халдашгүй эрх

-орон байр халдашгүй эрх

-нууцын халдашгүй эрх

-нэр төрийн халдашгүй эрх

-өмчийн халдашгүй эрх гэсэн элементүүдээс бүрдэнэ.

Эдгээр эрхүүд нь ямар ч тохиолдолд нэг нь нөгөөгөө зайлшгүй байдлаар нөхцөлдүүлсэн хүний хувийн эрхийн цөм эрх мөн.

Хүний жам ёсны эрх нь хүүхдийн жам ёсны эрх мөн бөгөөд насанд хүрэгчдийн санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас хүүхдийн халдашгүй байдал олон талаар зөрчигдсөөр байна. Тухайлвал:

·Насанд хүрэгчдийн давуу байдлаа ашигласан сэтгэл зүйн хүчирхийлэл

•Гэр бүлийн харилцаан дахь бие махбодийн хүчирхийлэл

•Бэлгийн халдашгүй байдлын эсрэг хүчирхийлэл

•Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан хүчирхийлэл

•Санхүүгийн боломжоор хүүхдийн хэрэгцээг хязгаарласан хүчирхийлэл

•Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах эрхийг хязгаарласан хүчирхийлэл

Үүнээс хүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар та бүхэнд эмгэнэлтэй тоо баримт, шалтгаан, нөхцлийг хүргэе.

Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн үйлдэгдэх арга, хамрах хүрээ, орчин, нөхцөл, өөрийгөө хамгалах чадваргүй байдал, эцэг, эх, асран хамгаалагчаас бүрэн хараат, хамааралтай байдал, учруулах хохирол зэргээс шалтгаалж, тухайн хэргийг илрүүлэх, шалгах ажиллагаа нь онцгой нөхцөл, мэргэжлийн байгууллагын туслалцаа, өндөр ур чадвар шаардахаас гадна тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онцгой арга, ажиллагааг шаардаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн ахуйн хүрээнд, далд аргаар үйлдэгддэг бөгөөд хохирогчийн бие махбод, сэтгэл зүйд хүнд хор уршиг учруулдаг, тухайн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад хохирогчийн аюулгүй байдал, нэр төрийн баталгаа, хувийн нууц мэдээлэл гээд олон талын хамгаалалт хөндөгдөж байдаг.

Дээрх гэмт хэргийн хохирогчдын хамгаалалт хязгаарлагдмал, гэр бүлийн дарамт, шахалт, сүрдүүлгээс айж хохирогчид хэргийн талаар бүрэн мэдүүлдэггүй, мэдүүлгээсээ буцдаг эсхүл тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл гэмт хэрэг үйлдсэн хүнээс тусгаарлагддаггүй, бага насны хүүхдийн хувьд эцэг, эхээс бүрэн хараат байгаа нь хууль ёсны эрх ашгаа бүрэн хамгаалуулж чадахгүй байгаа нь нууц биш юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч өмгөөлөгчөөрөө дамжуулан эрх зүйн бүхий л туслалцааг авах боломж хуульчлагдсан хэдий ч хүчиндэх гэмт хэргийн халдлагад өртсөн 18 насанд хүрээгүй хүүхэдтэй харьцах, дээрх хэргийн талаар мэдээлэхэд мэргэжлийн тусгай ур чадвар шаардагдаж байна. Үүнийг тодруулахын тулд зарим нэг тоон мэдээллийг хүргье.

1. Хүчиндэх гэмт хэргийн гаралтын талаар

2016 - 2017 оны 3 дугаар улирлын байдлаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаас Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан "Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах”, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр "Хүчиндэх” нийт 228 гэмт хэрэгт хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан байна.

Нийт хэргийн 89.9 хувь буюу 205 гэмт хэрэгт бага насны 213 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон байна.

2016-2017 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан "Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” нийт 52 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 67.3 хувь буюу 35 нь бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэг байна.

Мөн дээрх хугацаанд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр "Хүчиндэх” нийт 176 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 95.6 хувь буюу 170 нь бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэг байна.

2. Бага насны хохирогч нарын 2.8 хувь буюу 1-3 настай 6 хүүхэд, 9.4 хувь буюу 4-6 настай 20 хүүхэд, 37.1хувь буюу 7-10 настай 79 хүүхэд, 50.7 хувь буюу 11-13 настай 108 хүүхэд байсан байна.

Бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон бага насны 213 хүүхдээс 2.8 хувь буюу 6 хүүхэд эрэгтэй, 97.2 хувь буюу 207 хүүхэд эмэгтэй байна.

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирогч нарын 10.8 хувь буюу бага насны 23 хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туссан, 5.6 хувь буюу бага насны 12 хүүхэд жирэмсэлсэн, 4.2 хувь буюу бага насны 9 хүүхэд "гэмтлийн дараах дарамтат эмгэг”, "хүчирхийллийн дараах сэтгэл гутрал”, "сэтгэл гутрах сунжирсан хариу урвал бүхий дасан зохицох эмгэг” зэрэг сэтгэцийн эмгэгтэй болсон байна.

Мөн энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирогчдын 0.9 хувь буюу 2 хүүхдийн бие махбодид хүнд, 2.8 хувь буюу 6 хүүхдийн бие махбодид хүндэвтэр, 6.1 хувь буюу 13 хүүхдийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

3. Бага насны хохирогчдын 26.3 хувь буюу 56 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд давтан өртсөнөөс 30.4 хувь буюу 17 хүүхэд удаан хугацааны турш буюу 3-7 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүмүүсийн 77.9 хувь нь бага насны хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эх, 7.5 хувь нь төрсөн болон үрчилж авсан эцэг, 2.7 хувь нь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтан, 1.1 хувь нь төрийн бус байгууллагын ажилтан, 9.6 хувь нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч /үүний 2.7 хувь нь эмээ, өвөө, 6.9 хувь нь ах, эгч/ байна.

Хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийн аюулгүй байдалд хамгаалалтын арга хэмжээ авсан тохиолдол 6 байна.

3. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн талаар:

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын 15 хувь буюу 32 нь бага насны хохирогчтой ямар нэгэн хамааралгүй буюу танихгүй хүн, 85 хувь буюу 181 нь бага насны хохирогчийн гэр бүлийн гишүүн, хамаатан садан, танил хүмүүс байна. Тухайлбал:

9.8 хувь буюу 21 нь төрсөн эцэг, 21.6 хувь буюу 46 нь хойд эцэг, 22.1 хувь буюу 47 нь хамаатан садан, 31.5 хувь буюу 67 нь бага насны хохирогчтой танил байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 206 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 76.2 хувь буюу 157 хүнийг цагдан хорьсон, 21.8 хувь буюу 45 хүнд хувийн баталгаа авсан, 1.9 хувь буюу 4 хүнд бусад таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

4. Хэргийн шийдвэрлэлтийн талаар:

Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл: 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 73 шүүгдэгчийг 3.5-24 жилийн хугацаагаар хорих /үүнээс 4 хэрэг завдалт/, 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 шүүгдэгчийг 5-20 жил хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлд зааснаар 35 шүүгдэгчийг 3.6-9.6 жилийн хугацаагаар хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлд зааснаар 2 шүүгдэгч тус бүрийг 9.7 сая төгрөгөөр торгох, 1 жил 6 сар хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 1 шүүгдэгчийг 5 жил 1 сар хорих, 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 шүүгдэгчийг 1.1-4 жил хорих ялаар тус тус шийтгэсэн байна.

Дүгнэлт

1.Бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын хууль ёсны эрх ашиг бүрэн хамгаалагдаж байгаа юу гэдэгт анхаарлаа хандуулах болжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 77.9 хувь нь бага насны хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эх, 7.5 хувь нь төрсөн болон үрчилж авсан эцэг тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгч нь гэр бүлийн амьжиргааг залгуулдаг эсхүл хууль ёсны төлөөлөгч хамаатан садны нөлөөлөл, гэр бүлийн далд хүчирхийллийн дарамт, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цагдан хориогүй тохиолдолд түүний нөлөөнд орсон, хараат байдалд байгаа тохиолдолд хохирогчийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

2.Бага насны хохирогчдын 26.3 хувь нь бэлгийн хүчирхийлэлд давтан өртсөн. Үүнээс 30.4 хувь нь 3-7 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байснаас үзэхэд,бага насны хохирогч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дарамтанд орж үйлдсэн хэргийнхээ талаар хүнд хэлэхгүй байхыг шаардах, хэлбэл ээж болон ойр дотны хүмүүст нь муу зүйл учруулна, ална гэх зэргээр айлган сүрдүүлэх, дарамтлах зэрэг нь тэдний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг бөгөөд хохирогч болсон явдлыг удаан хугацаагаар бусдаас нуух, ичих, айх зэрэг байдлаас шалтгаалж тухайн этгээдийн гэмт халдлагад дахин өртөх, бие махбодийн болон сэтгэл зүйн хүнд хор уршиг бий болох зэрэг нөхцөл бүрддэг байна.

3.Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч нь нуугдмал, далд орчинд үйлдэгддэг гэмт хэргийн халдлагад өртсний улмаас, өөрсдийнхөө аюулгүй байдал, хамгаалалтад эргэлзэж, сэтгэл зүйн дарамтад байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг бүрэн илрүүлэхэд сөргөөр нөлөөлж байна.

4.Бэлгийн хүчирхийлэлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ хохирогчийн нэрийг дурьддаггүй ч оршин суугаа хаяг, сургууль анги, нас, эцэг эх зэрэг ерөнхий мэдээллийг оруулснаар цөөхөн хүн амтай газарт хохирогч хэн болохыг таньж мэдэх шууд боломжтой байгаа нь хохирогч цаашид энгийн амьдралын хэв маягтаа эргэн орох, шинэ хүрээлэлд ороход хамгийн том саад бэрхшээлийг учруулдаг.

5.Хохирогчдыг цагдаагийн байгуулагад хандсан үеээс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн сэтгэл судлаачийн зөвлөгөөгөөр хангаж сэтгэл зүйн хувьд тогтвортой, хэвийн болоход нь туслах хэрэгтэй. Мөн дан ганц сэтгэл зүйн дэмжлэг гэлтгүй гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүст тухайн нөхцөл байдлыг мартахад тус болох орчин нөхцөл нэн чухал юм

Санал

1. Дээрх гэмт хэргийн халдлагад өртсөн хохирогчдын нээлттэй чөлөөтэй ярилцах, хууль зүйн туслалцааг авах хүн нь өмгөөлөгч тул энэ төрлийн хохирогчдын өмгөөлөгчийг мэргэшүүлэх.

2. Насанд хүрээгүй хохирогч нь "өөрийн хамгаалуулах эрхийн талаар” мэдэх, ойлгох, эрх зүйн чадвар чадамжгүй хүн тул Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 19 дүгээр зүйлд"гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа... бол хамгаалуулах эрх үүснэ” гэж заасныг бүрэн хэрэгжүүлэхийн тулд дараахь зүйлийг судлах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн нөхцлийг заавал тогтоож хэвшүүлэх.

Үүнд:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үүргээ биелүүлж чадаж байгаа эсэх эсхүл төлөөлөх боломжгүй нөхцлийн талаар судлах

-Эрсдэлтэй, эргэлзээ бүхий үндэслэл буюу хохирогч сэтгэлзүйн хувьд тогтворгүй, мэдүүлэг өгөх чадваргүй, айдастай байгаа эсэхэд дүгнэлт хийх

-Хууль ёсны төлөөлөгч нь гэр бүл, төрөл садангийнхаа нэр төрийг хамгаалахаар хохирогчид нөлөөлөх нөхцөл тогтоогдвол ЭХХШТТХ-ийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны төлөөлөгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргаж биелэлтийг хангуулж үр дүнг тооцдог байх

-Хүчирхийллийн халдлагад өртсөн бага насны хүүхдийг халдлагад өртсөн орчиноос тусгаарлах шаардлага, үндэслэлийг дүгнэлт хэлбэрээр гаргаж хэвших, биелэлтийг хангуулахад сум, хорооны Засаг даргаар ахлуулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх

3. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага эрх нь зөрчигдсөн хүүхдийг дагнасан үйлчилгээгээр хангаж, хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, асрамжийн зэрэг шаардлагатай үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй”, мөн Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд "хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа, нийгмийн халамжын үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, холбон зуучлан үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг ажиллуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд цагдаагийн байгууллага гүүр нь болж байх.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийн 67.1.1-д "эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох”-оор, мөн зүйлийн 67.2 дахь хэсэгт"Тухайн хүнийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай байгаа тухай мэдээллийг аливаа байгууллага, иргэн холбогдох сум, дүүргийн Засаг даргад өгөх үүрэгтэй” гэж заасан дээрх хуулийн заалтуудыг ЭХХША-ны явцад биелүүлэхийг шаардах,

5.Тухайн засаг захиргааны нэгжид үүрэг гүйцэтгэдэг албан тушаалтаны үүрэг, оролцоо, хариуцлагыг дээшлүүлэх. Тухайлвал тухайн баг, хороонд хойт эцэгтэйгээ амьдардаг эсхүл эцэг эх нь архинаас хамааралтай болсон гэр бүлийн судалгааг өрх тус бүрээр гаргаж эрсдэлтэй гэр бүлийн судалгааг гаргаж хэвших. Ингэснээр тухайн өрхөд амьдарч буй хүүхдийг бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг тандалтын аргаар судлах, мэргэжлийн сэтгэлзүйчээр хүүхэдтэй ярилцлага хийлгэх, хүчирхийллийн эрсдэл байгаа эсэхийг судалснаар далд, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

6.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь хувь хүний мэдээллийг нийтэд зарласанаар үр өгөөжөө өгдөггүйг анхаарч дээрх төрлийн мэдээлийг нийтэд цацахдаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт үр хүүхдээ аюултай гэмт халдлага, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүргээ биелүүлэх ёстойг сануулахад мэдээллийн бодлогоо чиглүүлэх.

7.Цэцэрлэг, арван жилийн сургуулиудад хүүхэд гэмт халдлагаас өөрийгөө хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх, өөрийн биеийн нандин, нууц хэсгүүдэд бусдыг зөвшөөрөлгүй хүрэхийг хориглож сурахыг тайлбарлах зэрэг агуулгатай сургалт семинарыг зохион байгуулж мэдээлэл хүргэх нь нэн чухал юм.

Эх сурвалж: УЕПГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top