Орландо Блум: Би хөгширч, Леголас залуужсан

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 05

Багадаа үсгээ хооронд нь хольж солиод уншиж чаддаггүй, сургуулиа төгсөх үедээ ч маш их алдаатай бичдэг нэгэн хүүг ирээдүйн кино од болно чинээ хэн ч төсөөлөөгүй гэдэг. Түүний тоглосон “Бөгжний эзэн”, “Карибын тэнгисийн дээрэмчид”, “Сайн эмч”, “Хуйвалдааны онол”, “Шадар гурван цэрэг”, “Хоббит: Таван армийн тулаан” зэрэг олон кино түүнийг алдаршуулжээ. Ингээд Орландо Блум “The Sunday Times” сонинд өгчээ.

 

-Та өдгөө 41 настай. “Бөгжний эзэн” кинд тоглосноос хойш 15 жил өнгөрч. Танд хөгширч байгаа мэдрэмж төрж байна уу?

-Мэдээж. Цаг хугацаа зугуухан өнгөрч байгааг мэдэрч байна..  Яая гэхэв, бүсгүйчүүд шиг “Бурхан минь, 15 жилийн өмнө би ямар залуухан байгаа вэ” гэж уулга алдалтай биш..../ инээв/  Юутай ч, амьдралын маань нэг шинэ үе эхэлсэн бололтой... Миний дэврүүн мөрөөдөл тээсэн гэнэн үе ард хоцорч, одоо жинхэнэ бодит байдалтай тулгараад байна. 
-Өнгөрсөн хугацаанд хийж ирсэн ажилдаа ямар дүн тавих вэ? 
-Тав хасах... Би маш сайн ажилласан, гэхдээ үүнээс илүү сайн тоглож болох байсан гэсэн мэдрэмж дандаа төрдөг. Леголас миний ажлын амжилтыг тодорхойлогч дүрүүдийн нэг. Энэ эльфийн  түүхээс бид Дундад дэлхий гэдэг юу болохыг бүгдийг нь мэдэж чадна.

-Энэ дүрийг бүтээхийн тулд амьдралынхаа 15 жилийг зориулсан. Эдгээр он жил өөрийн чинь хувьд, нүд ирмэхийн зуур өнгөрөв үү эсвэл дуусашгүй мэт удаан үргэлжилсэн үү?
-Кино зураг авалт маш баялаг сонирхолтой байсан тул уйдах зав гараагүй. Нөгөө талаар энэ нь олон чухал, сонирхолтой зүйлийг өөртөө агуулсан миний амьдралын томхон хэсэг байлаа. Леголос бол үнэн хэрэгтээ бодит байдал дээр надад тохиолдсон үйл явдлуудын хэсгийг хооронд нь холбож өгсөн дүр юм.

-Энэ киноны найруулагч Питер Жексоны талаар ямар дүн тавих вэ?

-Кино зургийн талбайд гарсан эхний өдөр санаанд минь  тод үлджээ. Би буруу хувцас өмсчихсөн байсан... Зураг авах үеэр л үүнийгээ мэдсэн. Тэгэхэд найруулагч надад “ Чи киноны дараагийн хэсэгт гарахдаа өмсөх хувцасыг өмсчихсөн байна” гэж хэлсэн юм. Би ичиж зовсондоо болоод хэлэх үгээ мартаж, сандарсандаа хамаг хөлс цутгачихсан. Ер нь бол Питер Жексонтой хамт ажиллана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
-Та өмнө нь Бродвейн театрт “Ромео, Жульетта”-д тоглодог байсан. Тэр үед үнэнээсээ уйлдаг байсан уу?
-Эргээд бодоход тэгэхэд амьдралын маань бас нэг сонирхолтой үе байжээ. Би Лос-Анжелест амьдардаг  болохоор  Нью-Йоркт байргүй байсан юм. Тэгсэн чинь Питер Жексон өөрөө надад “ Бродвейд ажиллаж байх хугацаанд манай байранд бай “ гэсэн. Түүний байрны нэг өрөөнд бас илбэчин Гэндальфийн дүрд тоглосон Йен Маккелен амьдарч байлаа. Тэр Бродвейн театрын өөр нэг жүжигт тоглож байсан юм. Бид ажлын дараа бааранд орж, хундага дарс тогтоон, амьдралын талаар ярьдаг байлаа. 
-Анх кинонд тоглож байсан үеэс чинь хойш зураг авалтын талбайд ямар өөрчлөлт гарав?
-Би хөгширч, Леголас залуужсан /инээв/ Ер нь бол орчин үеийн кино үйлдвэрлэл хөгжингүй технологи ашиглаж, гайхалтай тусгай дүрслэлээрээ олныг алмайруулж байна.. Хөгжмийн урлаг, кино ертөнц аль аль нь сонирхолтой тал руугаа хувьсан өөрчлөгдөж байна. 
-Таны тухай сонин хэвлэлд гардаг мэдээлэл анхаарлыг чинь татдаг уу?
-Миний талаар бичсэн элдэв зүйлийг уншихгүй байхыг хичээдэг. Ямар нэг үдэшлэг, уулзалтын үеэр хэн нэгэн сайхан бүсгүйтэй ганц хоёр үг солиход л маргааш нь биднийг дотно харилцаатай болсон мэтээр бичиж эхэлдэг.
-Та Австралийн нэрт загвар өмсөгч Миранда Керртэй гэрлэсэн. Гэвч харамсалтай нь,  энэ гэрлэлт бүтэлгүйтсэн...?
-Үнэндээ би өөрийнхөө баатар Леголаст атаархдаг. Ойн савдаг буюу эльфүүдийн хайр дурлал, бусдад ээнэгшин дасах сэтгэл нь  жирийн хүмүүсийнхээс илүү гүн гүнзгий, тогтвортой байдаг. Тэд үхэшгүй мөнх оршдог тул хайр сэтгэл нь ч хувиршгүй юм. 
-Сүүлийн үед та өмнөхөө бодвол арай өөр дүрд тоглодог болжээ... Энэ нь  зориуд хийж байгаа сонголт уу?
-Чи хүүхэдтэй болчихоороо эргэн тойрноо өөрөөр харж, аль чухал сонирхолтой гэсэн талыг нь нээхийг хичээхийн зэрэгцээ ямар дүрд тогловол зохих вэ гэдгээ ч эрэгцүүлэн боддог. Би амьдралыг улам гүнзгий авч үзэхийг хүсэж байна. Энэ нь миний ажилд ч, дүрийн сонголтонд ч тусгалаа олох болно.  
-Та гэнэтийн золгүй явдалд өртөмхий хүн үү?
-Ярих ч юм биш. Есөн настайдаа цанаар гулгаж яваад хөлөө гэмтээчихсэн. Насанд хүрсэн хойноо хавиргаа хугалж, тархиа хагалж байлаа. Гар, хөлийн хуруугаа хугалах нь энүүхэнд... Хачирхалтай нь, энэ бүхэн кинонд тоглосноос бус зүгээр л өөрийнхөө хайхрамжгүй байдлаас үүдсэн хэрэг. Нэг л мэдэхэд санаандгүй явдал тохиолддог юм. 
-Бүтээх юмсан гэж боддог дүр бий юу?
-Байлгүй яахав. Гамлетэд тоглохыг хүсдэг хэдий ч энэ бодол маань намайг жаахан айлгадаг. Ийм боломж олдох эсэхийг мэдэхгүй байна. 
-Хамгийн хайртай дүрээ нэрлэ гэвэл... ?
-Леголас... Гайхалтай сайхан домгийн өгөөмөр сэтгэлтэй баатар.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top