Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааныг даргалагч, Монгол Улсын Гавьяат хуульч Н.Чадраабалтай ярилцлаа.
-Таны даргалсан анхдугаар хуралдаанаар шангаа татсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ой тохиож байна. Анх тавьсан зорилтоо бүрэн биелүүлсэн болов уу?
-Шинэ Үндсэн хуулийн үзэл санааны хүрээнд шүүхийн захиргааг бие даалгаж Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсан шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны хуралдааныг ахмад настайгаараа анхны гишүүдийн нэг Б.Цэрэндорж даргалах байсан ч хуралдаа сууж амжаагүй. Дараагийн ахмад настай хүн нь би учраас 1993 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн анхны хуралдааныг даргалсан түүхтэй. Тэр үед Шүүхийн ерөнхий зөвлөл 12 гишүүнтэй байсан. Зөвлөл цаашид ингэж ажиллана гэдэг дүрэм журмаа анхны хурлаараа баталсан. Зөв байгууллагын шанг татаж, зөв суурь тавьсан байна гэж өнөөдөр бахархаж байгаа. Анхны хуралдаанаар хэлэлцсэн асуудлын үр дүнд шүүх эрх мэдлийн байгууллага өдий зэрэгт хөгжсөн. Үндсэн хуульд заасан шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хамгаалах, шүүгчийг шилж сонгох, шүүгчийг хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүргийнхээ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл маш их ажил хийсэн. Бидний бүтээх нь бүү хэл, мөрөөдөж чадахгүй түвшинд шүүхийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл зорилгоо хангалттай биелүүлсэн.
-Шүүгчийн хэвийн ажиллах нөхцөлийг мөрөөдөж чадахгүй түвшинд хүргэсэн гэлээ. Та шүүгчээр ажиллаж байсан үеэ өнөөдрийнхтэй харьцуулаач?
-Би социализмын үед 25 жил шүүгчээр ажилласан. 25 хууль, энд тэндэхийн дүрэм, журмыг барьж асуудлыг шийддэг байсан. Өнөөдөр 500 гаруй хууль, 5000 гаруй эрх зүйн акт үйлчилж байна. Шүүгч бүрийн компьютерт энэ хууль тогтоомж нь бий. Шүүгчийн ажиллах нөхцөл маш сайжирсан. Монголын төрд хэнд ч олдоогүй хишгийг шүүгчдэд хүртээж чадсан шүү. Шүүгч бүр туслах, нарийн бичгийн даргатай, бүх хууль нь компьютерт нь байгаа. Энэ бүхний цаана асар их хариуцлага, шүүхэд итгэх итгэл байх ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл ажлаа сайн хийснийг шүүхийг мэддэг хүн бүр хэлнэ. Ажиллах нөхцөл, цалин хангамжийг нь Монголын нөхцөлд сайн шийдэж чадсан.
Харин шүүгч нарын сэтгэлгээ, шударга ёсны баталгаа болсон чадвар, чанар нь байна уу гэдгийг бодох ёстой. Ингэж байж үр дүн тооцох боломж гарна. Хүмүүс шүүхдээ итгэх итгэлтэй болсноор л үүний үр дүн харагдана гэдгийг хаа, хаанаа бодох ёстой.
-Та шүүгчдэд шүүмжлэлтэй байна уу?
-Шударга ёсны баталгаа шүүх. Шүүх, шүүгч шударга байж шударга ёс тогтоно. Шүүгчийг сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх, хэвийн ажиллах нөхцөлийг хангах үүргийнхээ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл хангалттай ажилласныг дахин хэлмээр байна. Эрх зүйн орчин ч зөв бүрдсэн. 2014 онд Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр шүүгчийн цалин хангамж, ажиллах нөхцөл сайжирсан. Улам сайжруулах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөл ажилласаар байгаа.
Гэтэл ноцтой гэмт хэргийн тоо гаарч, ял шийтгэл нь оновчтой биш байгаа тухай нийгмийн бухимдал байгаад дүгнэлт хийх цаг болсон. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүн таслах ажиллагаанд оролцдоггүй онцлогтой. Шүүгч шударга, ажил хэргийн чадвартай бол шаардлагатай хууль, ажиллах нөхцөл бүгд байна. Энэ бүгд цогцолбол шударга ёс тогтох ёстой.
-Та Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуульд заасан шүүгчийн хэвийн ажиллах нөхцөлийг хангалттай бүрдүүлсэн гэлээ. Харин таны хэлснээр шүүгчийг шударга, ажил хэргийн чадвартай ажиллахад шүүхийн захиргааны байгууллага яах ёстой бол?
-Шүүгчийн сэтгэхүйг өөрчлөх талаар жич ярих юм их бий. Шилж сонгож байгаа шүүгчдийн сэтгэл, чадварыг үнэлэхэд улам бүр анхаарах учиртай. Ингэхийн тулд бодлогын түвшинд Шүүхийн ерөнхий зөвлөлийг улам бүр бэхжүүлж ажиллах нөхцөлөөр хангаж өгөх ёстой.
Шүүх эрх мэдлийн байгууллагыг яаж бэхжүүлэх, шүүгчдийг шударга ёсны төлөө тэмцэх түвшинд хүргэх талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд үе үе ажиллаж байсан, шүүхийн ажлаа мэдэх хүмүүс уулзалт хийсэн. Энэ уулзалт үр дүнгээ өгнө гэдэгт найдаж, хүлээж байна.
Г.Баттүвшин
Сэтгэгдэл ( 3 )
Тэр яасан бэхжиж ханадаггүй зөвлөл бэ? Ядахпаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга болчих шүүгч байдаггүй, философчдоос ”зээлээд” байдаг нь ч юу юм билээ дээ.
Бэхжүүлэхээсээ өмнө ЦЭВЭРЛЭГЭЭ Х ИЙХ ХЭРЭГТЭЙ...
Гавьяатын яриа бөөрөнхии байна шүү . Муул ярилцлага байна түс тас хэлээч гавьяат аа