Д.Отгонбаяр: Ука мэдрэмжтэй, Болд хөдөлмөрч, Ононбат маш аюултай хүн...

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

Дэлхийн алдарт The Voice шоу Монголд албан ёсны эрхтэйгээр “Mонгол HD телевизийн хамт олон анх удаа оруулж ирэн амжилттай зохион байгуулж байгаа билээ. Тус шоу өнөөдрийг хүртэл зохион байгуулагдаж ирсэн дууны тэмцээн, уралдаанаас дэлхийн хэмжээний гэх тодотголтой учир онцлог юм. Тэгвэл энэ нэр хүндтэй шоуны шүүгч, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай сонирхолтой яриа өрнүүлснээ уншигчдадаа дэлгэж байна.


-Дэлхийн алдарт “The Voice” шоу Монголд албан ёсны эрхтэйгээр эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хүндтэй шоуны шүүгчээр ажиллах болсон талаар тань ярилцлагаа эхлэе.

- Өмнө нь “The Voice of Mongolia” шоуг Монголд  “MongolHD” хийх гэж байна гэсэн сураг ажиг сонссон байсан. “Одоо л нэг жинхэнэ утгаараа гоё шоу, дэлхийн хэмжээний шоунд тооцогдох маш том зохион байгуулалттай контент орж ирэх нь” гээд сонсоход сайхан байсан л даа. Гэртээ сувгаа солиод бусдыг хараад шүүмжилж суудаг, авьяаслаг залуус маань одоо л нэг сэрэх цаг болжээ гэж анзаарч байлаа. Яах аргагүй энэ контент нүдээ олсон, цаг үеэ олсон шоу болж байна. Манай Монголд телевизүүдийн олон контент байдаг. Дуулж хуурддаг тэмцээн, уралдаан олон байдаг гэж шүүмжилдэг ч энэ нь байх ёстой л зүйл л дээ. Хүн бүр их бага хэмжээгээр хөдөлмөрлөж байгаа энэ үед улс орон маань ч соён гэгээрч хөгжих хэрэгтэй. Дуу хуур гэдэг бол өөрөө маш сайн амирлуулж, соён гэгээрүүлж чаддаг учраас “The Voice” шоуг зориглон Монголд оруулж ирж зохион байгуулж буй “Mongol HD” телевизийн хамт олонд талархаж байна. Өнөөдрийг хүртэл энэ шоу биднээс үнэхээр хол байсан. Гэтэл өнөөдөр ингээд аль хэзээний Монголын үзэгчдийн анхаарлыг татсан шоу болоод би шүүгч нь болоод сууж байна шүү дээ. Дэлхийн хэмжээний “Voice”-ийг үзэхэд маш өвөрмөц, гоё дуучид олон төрсөөр байдаг нь энэ шоуны онцлог юм. Мөн энэ шоуны тайз босго өндөр, хэн дуулж чаддаг нь шалгарч үлддэг цорын ганц тэмцээн гэж хардаг. Тиймээс би “Монгол HD” телевизийн тавьсан саналд эргэлзэх зүйлгүйгээр зөвшөөрсөн. Энэ бол миний хийх ёстой ажил. “Хурд” хэмээх энэ хамтлагийн хийсэн бүтээсэн зүйл үүрд мөнх эндээ үлдэх учраас би хийх ёстой. Бид энэ биеэ олж төрөөд тодорхой хэмжээнд амьсгалах, амьдрах өдөр байгаа шүү дээ. Тийм учраас зөв контент, зөв голдрилоор гарч ирж буй залуу хойч үеэ шүүж, сургаж, ухаантайг нь улам дээшлүүлж, туршлагагүйг нь туршлагажуулж ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

-Энэ шоуны шүүгч болсноор таны сэтгэгдэл маш өндөр байгаа юм байна, тийм үү?

-Тийм ээ. “Монгол HD” телевизийн Батка дүү маань надад санал тавихаар ирэхэд бид хоёрын санаа их нийлсэн юм. Яг л “Хурд” хамтлагийн боддог, баримталдаг тэр том философи олон жил Монголын урлагийн төлөө нэг цаг, нэг минут ч алгасахгүй явж ирсэн зорилготой маань нийлсэн. Мэдээж хэрэг, том шоуны шүүгч учраас маш хариуцлагатай, ёс зүйтэй, сахилга бат гэх мэтчилэн хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай байж энэ бүхний ард гарна шүү дээ. Зүгээр л нэг дурандаа очоод энэ шоуны оролцогчдыг шүүгээд байгаа зүйл байхгүй. Манай бусад шүүгч урлагийн тогоонд чанагдсан туршлагатай, урлагийн төлөө зүтгэсэн хүмүүс байгаа. Миний бодлоор маш нүдээ олсон дөрвөн шүүгч байгаа гэж харж байна.

-Таны сонгосон оролцогчид одоо нэг баг болон хоорондоо өрсөлдөж байна. Танай багийн бусад багаас ялгарах онцлог юу вэ ?

-Манай баг бэлтгэл сургуулилтыг маш сайн гүйцэтгэж байна. Өгсөн үүрэг даалгаврыг “Voice”-ийн дүрмийн дагуу хийж гүйцэлдүүлж байгаа. Мөн “Монгол HD” телевизийн графикт ажилд оролцож байна. Би үнэндээ аливаа нэгэн ажлыг урьдчилж төлөвлөн хийх дуртай. Одоогоор төлөвлөгөөнөөсөө гурван алхам урд алхаж явна аа. Манай багийнхны хувьд тэс ондоо зан араншинтай, тэс өөр орчинд өссөн, янз бүрийн ижий аавтай, олж авсан хүмүүжил нь өөр хүүхдүүд бий. Тиймээс энэ хүүхдүүдийг нэг баг болгоход маш их ур ухаан шаардагдаж байна. Гэхдээ бид дуу хуураар нэгдэж чадаж байна даа. Дуу хуур гэдэг зөвхөн дуулаад, аялаад өнгөрөх биш. Ёс зүй, амьдрах соёл, хүн болох ухаан гээд л бүх зүйл дуутай холбоотой юм. Тиймээс бидэнд багийн тоглолт маш чухал. Би өөрөө нэг хамтлагаа солилгүй 25 жил болсон хүн. Тиймээс баг хамт олон маань эв нэгдэлтэй, ёс зүйтэй, өндөр сахилга баттай байх ёстой юм. Өглөө дэмий фэйсбүүк ухаж суухын оронд дуугаа бэлдэх ч юм уу, аль эсвэл дууны сонголт дээрээ ярилцаж цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй.


-Өнгөрсөн ням гаригийн шоуг үзэж байхад танай багийн Наранхүү, Уранчимэг нар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж дууг дуулсан нь их өвөрмөц сонголт санагдсан шүү.

-Хүүхэд бүрийн дотоод ертөнц өөр байдаг юм. Би “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” дууг хэдхэн удаа телевизээр сонсож байсан  л даа. Гэтэл энэ дууг дуулсан Уранчимэг, Наранхүү хоёрт яг л энэ киноны дуу тохирох мэт санаанд буусан. Энэ хоёрт жүжгийн тавилттай, үйл явдалтай дуу тохирох байсан гэсэн үг. Энэ хоёроор мюзикл дуулуулбал “алах” юм байна даа гэсэн бодол төрсөн юм. Ингээд би дуунуудаас хайж байгаад хоёр октаваар дуулагддаг маш хатуу, үсэрч дуулагддаг дууг сонгосон. Энэ шоун дээр иймэрхүү хоёр октаваар дуулагддаг дуу бараг дуулагдаагүй. Гэхдээ хойшдоо дуулагдахыг үгүйсгэхгүй. Манай багийн хоёр энэ киноны дууг дуулснаараа бас нэгэн шинэ хувилбарыг гаргаж ирсэн. Маш их бэлтгэл хийсэн.

-Өөрийн сонгосон оролцогчдоо өөрөө хасна гэдэг хэцүү байгаа байх?

-Зөвхөн тайзан дээр дуу дуулаад л дуучин болно гэж байхгүй. Дуучин болно гэдэг бол сахилга бат, дэг журам, хүнтэй харьцах соёл, бусдыгаа хүндлэх хүндлэл гэх мэт бүх ухаан байж байж сая нэг урлагт хол явах юм. Тийм хүүхдүүд л дуучин болно. Би олон талын зарчим барьж, шүүж, шахаж, базсаны үндсэн дээрээс энэ өрсөлдөөнөөс сонголтоо хийж байна. Магадгүй сайхан хоолойтой хүүхдүүдийг хасч байгааг үгүйсгэхгүй. Гэтэл би тэр хүнийг дасгалжуулсан шүү дээ. Хэний дотор юу байна, хэн нь болж байна, хэн нь болохгүй байна, үгээ яаж мэдэрч байна, үгээ яаж хэлж байна, үгээ яаж гаргаж ирж ухааруулж байна, би бүгдийг харж байгаа. Мэдээж хэрэг, эн тэнцүүхэн хоёр хүүхдийг шүүх маш хэцүү. Гэхдээ би дасгалжуулсан учраас мэдэж байгаа. Хэн нь цаашаа явах вэ гэдгийг би сонгоно. Намайг энэ шоуны шүүгчээр сонгосон байгаа цагт надад эрх бий. Тиймээс би эрхээ эдэлж байна. Хэн юу гэж хэлэх нь надад ямар ч хамаагүй. Үүнийг 25 жил тасралтгүй хийгээд ирснийхээ үүднээс мэдэж байна. “The Battle” үед маш сайхан хоолойтой хүүхдүүд хасагдаж бөөн нулимс болж байна, тэгэх тусам нь хичээх хэрэгтэй шүү дээ. Хүн алдаа хийсэн бол эхлээд толинд харж байгаад өөртэйгөө ярь. Би өнөөдөр яасан бэ, яг юу болсон бэ гээд бүх бичлэгээ ухрааж үз. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн дуулах ур чадвар нь тэр цаг минутад бүрдэж дуугарсан хэсэг л надад хэрэгтэй. Бүгдээрээ яг адилхан бэлтгэл хийж байгаа. Нэг цагт цуглаад, нэг цагт хоолонд ороод, нэг цагт бэлтгэлээ хийж байгаа шүү дээ. Би багийнхнаа хариуцлагатай, нягт нямбай, хүчтэй байлгахыг хүсдэг. Энэ хорвоо дээр “Би хоолойтой, би мундаг дуучин” гэж хол явдаггүй байхгүй юу.

-“The Voice of Mongolia” шоуны шүүгч болсноор хамтлагийн ажил нилээн хойш тавигдаж байгаа байх. Удахгүй танай хамтлагийн 25 жил болох гэж байна шүү дээ. Хамтлагийнхан тань хэрхэн хүлээж авч байна вэ?

-Манай хамтлагийнхан бүгд дэмжиж байгаа. Одоогоор манай хамтлагийн бусад гишүүн ажлаа зохион байгуулаад явж байна. Одоогийн байдлаар би зөвхөн тоглолтон дээр очиж байна. “The Voice of Mongolia”-ийн сүүлийн шат дээр манай хамтлагийнхан оролцон тоглох байх. Удахгүй бид бэлтгэлдээ орно. Ер нь бол энэ нэвтрүүлгийг гэр бүлээрээ үздэг, найз нөхдөөрөө үздэг сайхан энергитэй шоу шүү дээ.Тийм учраас манай хамтлагийнхан бүгдээрээ дэмжиж байгаа. Манай хамтлаг өөрөө их гэр бүлсэг, гэр бүлээрээ байдаг халуун дулаан хамтлаг.  Манай хамтлагийн ажил “The Voice” шоу дуусаад л эхэлнэ. Өвөрмонгол руу аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Энэ жил төлөвлөсөн ажил их байна.

-“The Voice of Mongolia” шоунаас өмнө маш олон контент гарч байсан. Тэр контетуудын шилдэг оролцогчид хүртэл энэ шоунд орж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ шоу бусад шоунаас ялгарч чадаж байна гэж хэлж болох уу?.

-Би бусад тэмцээнтэй харьцуулж үзээгүй л дээ. Бусад телевизийн контентоос шалгарсан сайн дуулдаг хүүхдүүд яагаад хасагдсан нь надад хамаагүй. Миний харж байгаагаар 3000 гаруй оролцогч бүртгүүлснээс 1000 гаруй хүүхдийг шалгаж авсан. Түүнээс 140 нь тайзан дээр дуулсан. Ингээд дөрвөн шүүгчийн 16 хүүхдэд багтаж чадаагүй бол өөртөө л дүгнэлт хий. Түүнээс биш тэр сайн дуулдаг хүүхэд хасагдсанд гадна талын ямар ч хүчин зүйл нөлөөлөөгүй. Хэн ч нөлөөлж чадахгүй. Жишээлбэл, би аливаа зүйлийн үнэн зөв талд нь зогсож чаддаг. Тийм учраас “Хурд” хамтлагийг өдий зэрэгт хүргээд явж байна. Шоунд шүүгч хийснээс хойш “Дөрвүүлээ эргэх ёстой хүүхэд дээр яагаад эргэсэнгүй вэ” гэдэг шүүмж маш их ирж байсан. “Тэр хүүхэд чинь намайг эргэтэл, сэтгэл таттал сайн дуулж чадахгүй байна шүү дээ” гэдгийг хэлмээр санагдсан. Буруу тийшээ харж суугаад чихээрээ сонсож хүн шалгаж авна гэдэг хэцүү юм байна лээ. Ямар царайтай хүн байгаа бол гэхээс илүү тэр хоолойн мэдрэмж, өнгө хамгийн түрүүлж дууны эхлэлийг сонсоно. Би дууны эхлэлийг л сонсдог. Зөв л эхлэх юм бол зөв явчихна. Нэг л буруу бодолтой, айгаад, түгшээд, нэг л мэдрэмж нь өөрчлөгдчих юм бол өөр болчихно. Чи нэг “Маамуу нааш ир” гэдэг дууг зургаан өдөр зургаа дарааллаж дуулаад үз дээ.  Зургаан янзаар дуулна. Ийм л байна. Тийм учраас сайн дуулдаг хүүхдүүд хасагдаж байвал тэд өөр дээрээ анализ хий. Нэг зүйл хэлэхэд “The Voice of Mongolia” шоуны тайз маш их энергитэй тайз байсан. Би “Манан”-г тоглоход их сүрдмээр байсан. Би үнэхээр олон тайзан дээр гарч үзсэн. Тухайн үедээ ураад л хаячихдаг байлаа. Сая Чинбаатай хамт “Манан”-г тоглоход “The Voice of Mongolia”-ийн тайзан дээр гараад “Ёоо юу вэ” гэж бодогдож байсан. Анх удаа тайзан дээр гарсан юм шиг тийм мэдрэмж надад өгсөн шүү дээ. Тиймээс хүүхдүүд маань айх нь аргагүй.  Гэхдээ би ганцхан зүйлд маш их баярлаж байна. Энэ шоу орж ирснээр Монголын урлаг хөгжиж байна.

-Та өөрийн оролцогчдоосоо хасаад, дараа нь харамссан удаа бий юу?

-Байхгүй ээ. Харин туршлагажиж надтай хамт нэг баг болж ажиллах ёстой хүүхдүүд байгаа. Хасагдсан хүүхдүүд эргээд над дээр ирж байгаа. Эд нарыгаа яаж бэлтгэл хийж байна гээд бүгдийг нь харж байгаа. Зарим нь нялх байна аа, болоогүй байна. Аливаа зүйл чинь боловсрогдох хэрэгтэй. Дөрөв, таван жил болоод ирэхэд энэ хүүхдүүд жинхэнэ дуучид болж төрөх болно. Энд үлдсэн хүүхдүүд ч мөн адил нэлээн бэлдэх хэрэгтэй. Би жишээ нь гитарын дасгалыг нэг сая удаа давтдаг. Тэгж байж өөрийн болгоно. Нэг сая давтахын тулд би хэр зэрэг хугацаа зарцуулах уу. Тэгэхэд дууг нэг сая удаа дуулсан хүүхэд мундаг болно биз дээ. Тэр дуунаас маш олон мэдрэмжийг авна, маш олон зүйлийг олж харна. Одоо л өнөө сумогоор бол жинхэнэ “Башё” эхэлж байна даа. Одоо багийнхныхаа сэтгэл санааг тогтуун байлгамаар байна, айдсыг нь авч хаямаар, сандралуудыг нь үгүй хиймээр байна. Энэ ням гаригийн тоглолт дээр амьд хөгжимчидтэй тоглоно. Амьд хөгжимчдийн бөмбөр тас гээд дуугарвал түс гээд бодол нь өөр болно шүү дээ. Хэлэх гэж байсан үг нь хүртэл өөр болно. Тэгэхээр амьд хөгжимчидтэй бэлтгэл хийлгэж, фонограммтай ч хийлгэж байна. Ганц нэгээр нь  хөгжимгүй дуулуулж байна. Янз бүрээр л үзэж байна. Мөн туршлагатай мундаг ах, эгч нарыгаа авчирч үзүүлж байна. Би дан ганц Отгонбаярын бодол энэ дотор байх ёсгүй гэж боддог.

-Та өөрийн багаас сүүлийн шат хүртэл явах чадвартай оролцогчоо хэнийг гэж харж байна вэ?

-Байна аа. Би одоо нэрийг нь хэлэхгүй. Дөрвөөс таван хүүхэд байна. Сайн хүүхдүүд олон байна. Эн тэнцүүхэн өрсөлдөөн болж байна. Маш хэцүү сонголтын өмнө тулж ирж байна шүү дээ. Би тайзан дээр чансааг нь харна. Нэг л хүүхэд үлдэх байх. Дөрвөн хүн гараад дууллаа гэхэд нэг хүүхдийг үзэгчдийн санал тэртээ тэргүй, надтай надгүй аваад явчихна. Харин би гурван хүүхдээсээ сонгоно. Тэр гурван хүүхдээс би өгсөн даалгавар, амьсгаа, мэдрэмж гэх мэт бүх зүйлийг нь тайзан дээр харах болно. Яг ногоон гэрэл нь асч чадсан хүүхдийг би авч үлдэнэ. Гэхдээ хэцүү шүү дээ. Байдал газар дээрээ яаж эргэдэг билээ. Улсын баяр наадмын шөвгийн дөрөв яадаг билээ дээ. Аймгийн нэг арслан “бацаан” гарч ирээд бужигнуулчихдаг биз дээ.

-Таны санаанд огт ороогүй, нэг ёсондоо хэний ч төсөөлөөгүй “аймгийн арслан” түрүүлчихэж магадгүй гэж үү?

-Би багаасаа кассетны магнитофон сонсож гитарын техникүүдээ гаргадаг байсан. Сүүлдээ гитарын аялгуу хэдэн мянга дахин сонсоод ирэхээр хүний гар хүртэл харагддаг нүдэнд. Тэгтэл нь би сонсдог байсан юм. Тиймээс миний сонсгол дээд хэмжээнд хөгжсөн. Миний ард талд дуулж байгаа охиныг ийм дайны хүн байна даа гээд л бодоод эргээд харахад яг л тийм байгаа юм. Нэг эргээд харсныхаа дараа дэмий юман дээр эргэлээ гэсэн бодол төрж байгаагүй. Би дуу эхлээд л “За энэ хүүхэд дахилтыг нь л бут авчих юм бол би шууд эргэлээ” гээд л хүлээгээд суучихдаг байсан. Эхлэл нь гоё байгаад цаашаа 100 хувь хүрч чадахгүй бол би эргэхгүй. Яагаад гэвэл энэ хүүхэд миний сонголт биш байна. Дуу эхлэнгүүт амьсгаагаа зөв авсан бол энэ хүүхэд дуучин болох юм байна. Дуу эхлээд л явж байхад эхлэл хэсэгт сандралт, чичрэлт нь мэдрэгддэг. Төгсгөл рүүгээ бие нь тавираад хоёрдугаар бадаг, дахилт руугаа ороод оргил хэсгүүдээ оргилуулаад авчих юм бол  айж байсан гэдэг нь мэдэгдэнэ. Эргэж харна гэдэг амархан. Гэхдээ яг тэр мэдрэмж сонин юм. Тэрэн дээр ч эргэдэг байж уу гэх бодол миний тухайн үеийн мэдрэмж эмоцийн үед бодогдоно гэхээс биш дараа нь авсан хүүхдүүдээ голдог шилдэг асуудал байхгүй. Тиймээс одоо бүгд миний болон бусад шүүгчийн эргэж харсан оролцогчид үлдсэн учраас хэний ч санаанд ороогүй оролцогч гэж байхгүй. Хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ маш их ажиллах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ дотоод ертөнцийг маш сайн мэдрэх хэрэгтэй. Одоогийн энэ нийгэмд ер нь баг зүүдэг болсон юм биш үү. Тиймээс эдгээр хүүхдүүдийн багийг нь хуулж авч бүх зүйлийг нь үзүүлнэ. Манай хүүхдүүд одоо миний гарт ороод элдсэн сур шиг болж байна. Зарим нэг нь элдэгдэж өгөхгүй загнуулаад л байж байна. Зарим нэг нь уйлж байна, загнуулаад ганцаараа өдөржин дуулаад зогсох үе ч байж байна. Ер нь бол хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн л ажиллах ёстой юм шиг байгаа юм.

-Бусад шүүгчийн багууд ч мөн адил хүчтэй өрсөлдөгчид шүү дээ. Та өрсөлдөгчдөөсөө эмээж байна уу?

-Би урлагийн тавцан дээр хүнээс айж үзээгүй. Би ганцхан Энхманлай ахаас л айдаг. Тэр бол аймшигтай гитарчин хүн. Монголд ховорхон төрсөн гитарчин. Бусдаас нь би бол айхгүй ээ. Мэдээж хэрэг бусад баг зохион байгуулалтын тал дээр чамбай байна. Ялангуяа манай Ука орчин үеийн хөгжмийн урсгалыг өөрийнхөө стилээр гаргаж ирж залуучуудынхаа үлгэр дуурайлал болж чадаж байна. Укагийн хүүхдүүд ёстой нэг дэгдэж байна даа. Манай Ононбатын хүүхдүүд классик тал руугаа урлаг талаа бодсон тавилттай, гэрлийн өнгө, хувцаслалт, тайзны хэв маяг бүх зүйлд нь анхаарал тавьдаг. Ононбат шүүгч бол аюултай хүн шүү дээ. Тэр хүн зөвхөн дуулалтаа боддоггүй. Би Ононбаттай олон жил хамтарч ажиллаж, найзлаад 20 жил болчихлоо. Хамт концерт хийгээд би өдөржин шөнөжин туслаад л салахгүй явдаг байсан үе зөндөө бий. Ононбат бол Монголын рок попд үнэхээр толгой цохисон продюссер мөн. Хэн ч маргахгүй. Болд бол хөдөлмөрч. Миний бодлоор энэ дөрвөн шүүгч нүдээ олсон сонголт гэж бодож байна. Өрсөлдөөн ч ширүүн болох байх. Гэхдээ энэ бол хамгийн цагаахан өрсөлдөөнийг харуулсан, бие биенийгээ хүндэлсэн, үнэхээр час хийсэн шоу болно. Дараагийн ням гаригийн тоглолтонд амьд тоглолт хийнэ шүү дээ. Би өөрөө амьд тоглоод сурсан ямар нэгэн бичлэг тавих дургүй хүн. Амьд тоглолт болно гэхээр миний инээд хүрээд суугаад байгаа юм. “За яахав та нарт би үзүүлнэ дээ”. /инээв/. Манай хүүхдүүд миний энергийн хүчээр миний багт орж ирсэн. Тиймээс чадвартай жинхэнэ дуулдаг хүүхдүүд нь байгаа гэж би харж байгаа. Мэдээж хэрэг бусад багийнхан хөдөлмөрлөж байгаа. Адилхан байна, мөн дууны сонголтууд ч хүчтэй байгаа. Айж ичих зүйл алга. Гол нь өөрсдөө л хичээх хэрэгтэй. Хүний баг яах вээ, тэд хийдгээ хийгээд л явж байгаа. Тэдэнд амжилт хүсэх хэрэгтэй. Өрсөлдөгчөө хүндэлнэ шүү, үнэлнэ шүү. Тэд нарыгаа маш сайн үнэлж байж өөрөө мундаг болох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Танай баг хамт олонд амжилт хүсье.



Б.АМИРДАА

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кк(112.72.14.42) 2018 оны 04 сарын 17

Ононбат ука отгонбаяр шүүгчид гоё бга ука санасныг бодвол бүр хамгийн зөв дуу сонгож гоё тавилттай 2 дуучныхаа хоолойн чадлыг харуулж чадаж бга. Ганц бүсгүй минь хамгийн мундаг бга шүү. Болдыг сонгосон оролцогчид харамсаж бга бха

0  |  0
NG(124.158.79.148) 2018 оны 04 сарын 16

Сэтгүүлч мундаг байна. Гоё асуултууд, гоё ярилцлага хийж чадаж. ОНЦ

0  |  0
Bat(66.181.180.173) 2018 оны 04 сарын 15

Bold onigoo onigoo

0  |  0
Hand(202.9.40.69) 2018 оны 04 сарын 13

Otgonbayar Hurd best. Hen ch margashgui baigaliasaa aviyastai. Otgonbayar buun erch huch energitei mundag shuu. Amjilt!!!

0  |  0
Y(202.179.26.188) 2018 оны 04 сарын 13

TER NUGUU GEE MEE NUGUUH NI CH HEN BILEEDEE

0  |  0
zochin(202.9.41.181) 2018 оны 04 сарын 13

minii bodloor bol otgonbayar bas buruu songolt hiisen shuu Munkh-Erdeniig songoogui tom aldaa,uuchlaarai ene bol minii bodol

0  |  0
сайн байа уу(202.179.31.83) 2018 оны 04 сарын 13

гоё ярилцлага болжээ

0  |  0
zochuin(43.243.161.15) 2018 оны 04 сарын 13

Bold ch neeree gots goid garch irehgui baigaa shuu.Ystoi hudulmurluud l baigaa baih daa

0  |  0
zochuin(43.243.161.15) 2018 оны 04 сарын 13

Mundag yarultslaga boljee.Mundag hun shuu.Otgonbayardaa amjilt husie.

0  |  0
Зочин(66.181.177.105) 2018 оны 04 сарын 13

Болдмаагийн өмнөөс нүүр хийх газргүй.бнадаа бусад нь яахавээ, болоод бна.

0  |  0
Оогий(112.72.14.42) 2018 оны 04 сарын 13

Ононбат Ука 2 сонголт маш сайн оролцогчдынхоо чадлыг тод харуулж чадаж бн. Отгонбаяр ч сайн бга, их санасан газар 9 шөнө хоосон гэгчээр болд л сэтгэлд хүркү хайран дуучдыг баллаж бн

0  |  0
SELENGE(66.181.160.53) 2018 оны 04 сарын 13

HURD MUNDAG,UHAALAG SAIHAN ZALUUS SHUU. AMJILT

0  |  0
umu(43.228.131.90) 2018 оны 04 сарын 13

маш сайхан ярилцлага болжээ. уншихад урамтай байлаа. хурд мундаг шүүү.. амжилт хүсье

0  |  0
haga awaarai(66.181.186.109) 2018 оны 04 сарын 13

amjilt

0  |  0
зочин(202.179.24.2) 2018 оны 04 сарын 13

*дайснаа хүндэлж,үнэлж өөрөө мундаг бол*сайхан хэллээ

0  |  0
Top