Ч.Батсансар: Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан

2018 оны 04 сарын 14

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа.

-Богдхан ууланд зөвшөөрөлгүйгээр барьсан барилгуудыг буулган, газар чөлөөлөх арга хэмжээг БОАЖЯ-наас авч эхэлсэн.

Харамсалтай нь, иргэн, аж ахуйн нэгжүүд төрийн шийдвэрийг үл хүндэтгэн, барилгаа үргэлжлүүлэн барьсаар байна. Цаашид хэрхэх ёстой вэ?

-Хуулиа л биелүүлнэ. Төр тусгай хамгаалалттай газраа гэрээний үндсэн дээр түр ашиглуулж байгаа шүү дээ. Тусгай хамгаалалттай газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах ёстой. Харамсалтай нь, өнөөдөр Богдхан ууланд Үндсэн хуулийн цэц, ХААИС, эмнэлгүүд, дээр нь хорих газар хүртэл бий. Бас уугуул, суугуул иргэд амьдарч буй.

Хөөхөөр хүний эрх зөрчих гээд байдаг. Бид Богдхан уулын дархан цаазат газар болон тусгай хамгаалалттай бусад газар дахь иргэн, аж ахуйн нэгжүүдийг шинэчилсэн бүртгэлд хамруулсан. Нэгдсэн дүн хараахан гараагүй. Богдхан уулан дахь аж ахуйн нэгжүүдээс 700 орчим нь одоо болтол бүртгүүлээгүй. Шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцална.

Газар олгоход алгаа тосож авчихаад, хуулийнхаа дагуу бүртгүүлэх болохоор хойш суух нь ямар учиртай юм бэ. Үүнээс гадна гол дагуу 70 орчим иргэн, аж ахуйн нэгжид газар олгожээ. Үүний долоо нь объекттой. Эхний ээлжинд 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг Н.Цэрэнбат сайдын тушаалаар цуцалсан. Дээр нь 35 аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийг нь цуцлах мэдэгдэл хүргүүллээ.

-70 газраас долоо нь объекттой, бусад нь хоосон гэхээр ашиглах эрхийг цуцлах тийм ч хэцүү биш байх.

-Дахин хэлье, төр гэрээний үндсэн дээр түр ашиглуулж байгаа газар. Эзэмшүүлж, өмчлүүлсэн юм биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Гэтэл манайхан авчихсан л бол миний юм гэж боддог. Үгүй шүү дээ. Төр хүссэн үедээ газраа буцаан авах эрхтэй. Гэхдээ төр аваад, дахиад өөр нэгэнд эзэмшүүлэхгүй, нийтийн эзэмшлийн талбайг зориулалтаар нь ашиглах зорилго тавьж буй.

-Барилга байгууламж барьчихсаныг нь яах вэ?

-Буулгаж эхэлсэн. Бурхан багшийн хөшөөний хойно зөвшөөрөлгүй барьсан карказыг буулгах хөрөнгийг шийдэж байна. 39 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хажууханд нь бас нэг зөвшөөрөлгүй барилга бий. Танктай хөшөөний ойролцоо бас нэг байх жишээтэй. Бүгд нэг хүнийх. Ингэж даварч, төрийг доромжилж болохгүй. Зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн барилгуудыг системтэйгээр буулгаж, төр газраа эргүүлэн авна гэдгийг хатуу мэдэгдье.

-Төр өөрийн хөрөнгөөр бүгдийг нь буулгах юм уу?

-Буцаан төлүүлнэ. Мөн өөрсдөө буулгах хугацаа, боломж олгоно.

-Өнгөрсөн жил “Энигма” компанийнхан нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхгүй, бидний газар гэж нэлээд маргаан үүсгэсэн. Төр тэднээс газраа эргүүлэн авч чадсан уу?

-Шийдэгдсэн. Гурван га газраа төр эргүүлэн авч, нийслэлээс санхүүг нь шийдээд, 300 гаруй машины зогсоол барьсан. Уг газарт цаашид тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг барина. Түүнчлэн Экологийн боловсрол олгох төв байгуулахаар төлөвлөсөн.

-Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар олгох ёстой. Гэтэл Богдхан ууланд өчнөөн орон сууц бий. Нэгэнт ийм болчихсон учраас тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгохоор төлөвлөж буй гэсэн байх аа?

-Би ажлаа аваад “Богдхан ууланд байгаа бүх байшин барилгыг нурааж, онгон дагшин болгож чадахгүй” гэдгээ хэлсэн. Нуугаад яах вэ, би дийлэхгүй. Үндсэн хуулийн цэцээс авахуулаад, шорон хүртэл байна гэж дээр хэлсэн дээ. Тиймээс одоо хилийн цэсэнд нь өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд Богдхан уул хамрагдсан.

Уг сүлжээний амин сүнс нь тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдийг дэмжих, экологийн ач холбогдлыг нь хүртээх. Өөрөөр хэлбэл, гол шалгуур, шаардлага нь орчны бүсийн иргэдийг дэмжих юм. Гэтэл Богдханы дархан цаазат газарт орчны бүс гэж алга. Тус газар ойролцоогоор 42 000 га-г хамардаг. Үүнээс нэгэнт суурьшил болчихсон 6000 га талбайг тусгай хамгаалалттай газрын хилийн цэсээс гаргаад, нийслэлд өгье гэсэн байр суурийг БОАЖЯ барьж буй.

Энэ нь зөвхөн хилийн цэсийг өөрчлөх тухай асуудал юм. Гэтэл хүмүүс тэр чигт нь тусгай хамгаалалтаас гаргах нь гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл, 6000 га-г нь хасаад, газрыг нь өөр тийш тэлж 42 000 га хэвээр үлдээх боломжтой.

-Хилийн цэсийг шинэчлэн тогтоох зураг төсөл юм уу, шийдвэрийг хэзээ гаргах бол?

-Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах Засгийн газрын тогтоол гуравдугаар сард гарч, БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Зөвхөн яам бус, холбогдох бусад байгууллагынхан ч ажлын хэсэгт багтсан. Уг асуудлыг энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Цаашид УИХ-аар хэлэлцэж, хилийн цэсийг шинэчлэх, эсэхийг шийдэх ёстой.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чадваргүй гар(202.179.31.124) 2018 оны 04 сарын 16

Хэрвэн ажлаа хийж чадахгүй гэсэн юм бол ажлаа өгөөч яадаг тэнэг мал вэ намын нэр хүндийг унагаагаад чиний оронд өөр хийх өчнөөн олон чадалтай залуучууд байгаа шүү дээ. Чадахгүй бол ажлаа өг

0  |  0
Надад санал байна(122.201.21.184) 2018 оны 04 сарын 15

Богдхан ууланд аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл авчихаад барилга барьж ашиг олсон болон олж буй компаниудад тусгай татвар ногдуулах хэрэгтэй. Нөгөө алтны гэнэтийн ашгийн татвар гэдэг шиг.

0  |  0
Анч(112.72.14.251) 2018 оны 04 сарын 15

Худлаа бураад ичихгүй хүмүүс шүү. Тэр том том барилгуудыг дуртай цагтаа нурааж буцааж авах юм уу. Ингэж тархи угааж яаж чадаж байнаа.

0  |  0
Зочин(103.57.95.253) 2018 оны 04 сарын 14

Хэзээ ч буцааж авах эрхтэй газарт монгол гэр, модон жорлон барина гэсэн үг үү. Стандартын дагуу барьсан хөрөнгийг буцааж авах бол нөхөн төлбөр өгнө гэсэн үг үү

0  |  0
Top