Гашуунсухайтын боомтоор 6 замаар автомашин нэвтрүүлж эхэллээ
БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганц модны боомтоор энэ сарын 16-ны өдрөөс нүүрсний тээврийн автомашинуудыг гурван эгнээ замаар нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр нэг өдрийн дотор нүүрс тээвэрлэсэн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт болсон юм. Энэ бүхнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Мөн манай улсын Гашуунсухайт боомтоор зургаан эгнээгээр автомашин нэвтрүүлж байна.
Өнгөрсөн оны сүүлээс Ганц модны боомт зөвхөн хоёр эгнээ замаар нүүрсний автомашинуудыг нэвтрүүлж байсан нь Монголын нүүрсний экспорт огцом буурах, хил дээр урт дараалал үүсэхэд хүргээд байсан юм. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөх баримт бичигт гарын үсэг зурсан юм. Баяннуур хот Ганц модны боомтыг бие даан хариуцах эрхтэй болох учраас “Эрдэнэс Таван толгой” компанитай шууд гэрээ байгуулан 10 сая тонн нүүрс авч боловсруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Г.Занданшатар Рио-Тинтогийн төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Татварын Ерөнхий газар энэ оны эхээр Оюутолгойд 155 сая долларын татварын акт тавьсан. “Рио Тинто”-гийн удирдлагууд Дубайн гэрээний дагуу энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байсан.
Засгийн газраас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн РиоТионтогийн удирдлагуудтай хийсэн удаа дараагийн уулзалтуудын үр дүн эхнээсээ гарч эхэлжээ. Оюутолгой татварын маргаанаа эцэслэж эхний ээлжид 11 тэрбум төгрөг шилжүүллээ. Нэг цэцэрлэг барих дундаж зардал нэг тэрбум төгрөг гэж үзвэл Г.Занданшатар сайдын ахалсан ажлын хэсгийн эхний үр дүн 11 цэцэрлэг барих хөрөнгийг шийдвэрлэж чадсан юм.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганыг яллагдагчаар татав
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булган Тагнуулын ерөнхий газарт өчигдөр дуудагдан очиж, нууцын баталгаанд гарын үсэг зурсан тухай мэдээлэл гарсан. Гэвч нууцын баталгаанд гарын үсэг зураагүй, яллагдагчаар татагдсан нь маргааш нь тодорхой болсон юм.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман "ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс, ЦЕГ-ын мөрдөн байцаах албатай хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан С.Зоригийн амь насыг хохироосон эрүүгийн дугаартай хэргийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганд дөрөвдүгээр сарын 18-нд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, байцаалт авсан. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэлээ. Б.Булганыг саатуулсан эсэх ямар зүйл ангиар эрүүгийн хэсэг үүсгэж, яллагдагчаар татсаныг нууцалсан юм. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно” гэсэн байдаг. Одоо Б.Булганыг захиалагч, зохион байгуулагч, гэрч хэн болгох нь хуулийнхны мэдэлд байна.
Газар өмчлөлийн хугацааг 10 жилээр сунгана
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацаа ирэх сарын 1-ний өдрөөр дуусч байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар газар өмчлөх хугацааг 10 жилээр сунгах асуудлыг хэлэлцэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хууль хэрэгжсэн эхний таван жилд улсын хэмжээнд нийт өрхийн 28.14 хувь нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран газар өмчилжээ.
2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчилж авсан байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээдгишүүдийн олонхийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.
МҮБХ, бөхчүүдэд Ерөнхийлөгч сануулга өгөв
МҮБХ хоёр хуваагдаж хоёр тэргүүнтэй болсон маргаан олон өдөр үргэлжилсэн нь сүүлдээ төрийн тэргүүний сонорт хүрсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг авч уулзсан. Маргалдагч талуудад маргаанаа яаралтай э шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсныг уламжиллаа.
МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзах, үл ойлголцлоо таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хурааж, Монгол бөхийн өргөөг төрийн өмчид авна гэсэн хатуухан сануулгыг Ерөнхийлөгч өгсөн юм.
Оффшор бүс дэх дансаа шилжүүлсэн 20 хүний нэрс тодров
АТГ-аас оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн, уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлсэн талаар зарлалаа. Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дууссан.
Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй нийт 20 хүн, түүний дунд Монгол банкны нэг албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах 1 албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж бүртгүүлсэн юм.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 6 )
Захиалагч нь аль хэдийн тогтоодсон, ил гарган хэлж чадахгүй , маш том дарамтанд орчихоод байгаад хамаг учир байгаа юм.Түүнийг шууд барих хэрэгтэй.
Энэ сдак бүхнийг мэдэж байгаашт
Б.Булганыг захиалагч, зохион байгуулагч, гэрч хэн болгох нь хуулийнхны мэдэлд байна gene uu? Unen gedeg zuil ugui baidag horvoo yu? Huuliinhan medeed l hen negniig hen negen bolgodog yum baijee. Haramsaltai...
Харамсалтай нь хэрэг гарсан өдөр олон хүн дуудаж гэрт нь оруулж ул мөрийг нь балласнаас эхлээд баримт устгах ажил эхэлсэн юм шиг байгаа юм. Орцны шатан гитар тоглоод сууж байсан 3 хүү бүгд удалгүй хорвоог орхисон гэдэг. Тэгээд бодохоор Зориг агсныг хөнөөсний дараа тэр гэрт цугларсан хүмүүс дотор захиалагч байж байсан хэрэг. Тэр захиалагч их эрх мэдэлд хүрсэн, өөрийг нь хамгаалах, эсэргүүсэн хүнийг намнах бүтэн бүлэгтэй, шүүх, цагдаа тагнуул гээд бүгдийг айлгаж захирч байгаа гэсэн үг л болж таараад байна.
Хуулийнхний мэдэлд гэдэг ортой ч байж мэднэ. Хуулийнхан жинхэнэ захиалагчийг ихэд хамгаалж байгаа юм шиг үйл явдлууд болоод удаж байна. Хамгаалах албан тушаалтангүй хэдэн хүнийг гүжрээр шийтгэсэн нь ил болсон болохоор олны сэтгэлд нийцүүлэх ч гэх үү, илүү будлиантуулах ч гэх үү, үнэн хэрэгтээ захиалагчийг далдлах зорилгоор Булганыг золигт гаргаж байж ч болно. Булган яалаа ч захиалагч биш. Харин захиалагчид тусалсан, нэг ёсондоо хуйвалдсан байж болно. Энэ хэргийн үнэний шалгуур юу вэ? Гагцхүү хөдлөшгүй баримт л үнэний шалгуур болно.
Хуулийнхны мэдэлд бус хуулийн дагуу байх естой бус уу?