Б.Төрболд: Манай улсад 20 гаруй орны 93 төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна

2018 оны 04 сарын 23

Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, татан буулгахтай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Харьяатын газрын мэргэжилтэн Б. Төрболдоос зарим зүйлийг тодрууллаа. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулах олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газруудад ямар үндэслэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог вэ? 

Гадаадын иргэн, харьяатын газар нь гадаад улсын иргэдэд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл, оршин суух үнэмлэх олгох, бүртгэл, хяналт, гадаадынн иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, Монгол Улсын харьяат болох харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох зэрэг төрийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Үүнээс гадна олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, татан буулгахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх чиг үүргийг хуулийн дагуу хэрэгжүүлж байна.

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар нээн ажиллуулах, зөвшөөрөл олгох асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Төрийн бус байгууллагын тухай болон Иргэний хуулиар ерөнхий харилцааг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаалаар баталсан “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, татан буулгах” журмаар илүү нарийвчлан зохицуулсан байдаг. Эдгээр хууль болон журамд заасан шалгуурын дагуу гадаад улсын төрийн бус байгууллагуудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгодог.

Байгууллагууд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэхдээ Монгол Улсад тухайн салбар, төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах хүсэлтэй байгаа тухай төв байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр, явуулах үйл ажиллагааны чиглэлээр гаргасан төлөвлөгөө, санхүүжилтын эх үүсвэр зэргээ тодорхой  ирүүлэх хэрэгтэй. Манай байгууллагын зүгээс үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн хүсэлттэй танилцсаны дараагаар тухайн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах газар дээр нь очиж хянан шалгах арга хэмжээ авдаг.

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй хичнээн орны төрийн бус байгууллага байдаг вэ? Дийлэнхи нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд байна вэ?

Манай улсад одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй улсад төвтэй 93 салбар, төлөөлөгчийн газар байна. Үүнээс дийлэнхи хувь нь боловсрол, хүмүүнлэгийн салбарынх байна. Мөн байгаль орчин, халамж, эдийн засаг, улс төр, эрүүл мэнд, хөдөө, аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, манайхны дунд нэг ташаа ойлголт байдаг нь хэн дуртай бүхэн манай улсад гадаад улсын төрийн бус байгууллага байгуулаад, үйл ажиллагаа явуулдаг юм шиг ойлгодог. Гэтэл хууль тогтоомжийн дагуу маш нарийн шалгуурыг хангаж чадсан байгууллагад энэхүү зөвшөөрөл олгогддог. Зарим хууль тогтоомжоор нэмэлтээр тусгай зөшөөрөл аван үйл ажиллагаа явуулах ёстой гэж зохицуулсан чиглэлүүд ч бий. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, халамж гэх мэт салбарууд хамаардаг. Энэхүү тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны байгууллагаас авч, ажлын 5 хоногт багтаан манай байгууллагад бүртгэлээ хийлгэдэг.

Эдгээр байгууллагуудад хэдий хэр хугацаагаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог вэ?

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл олгохдоо манай байгууллагад ирсэн хүсэлтийг хянан шалгаж, Удирдлагын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн эхний ээлжинд нэг жил хүртэлх хугацаагаар олгодог. Уг зөвшөөрлийн хугацааг сунгуулах тохиолдолд хугацаа дуусахаас 45-аас доошгүй хоногийн  өмнө манай байгууллагад хандах ёстой. Сунгахдаа хоёр жил хүртэл хугацаагаар сунгаж болно. Төрийн бус байгууллагууд нь тогтмол, тогтвортойгоор дүрэмдээ нийцсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа тохиолдолд гэрчилгээний хугацааг тухай бүр өөрсдийнх нь хүсэлтээр сунгах боломжтой.

Холбогдох зөвшөөрөл олгосны дараа хэрхэн, ямар хяналт тавьдаг вэ?

Манай байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулдаг. Шалгалтаар жилийн орлого зарлага, татвар төлөлтийн байдал, зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг нь хянан шалгадаг. Хэрвээ хяналт шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох  хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Зөвшөөрөл олгох үйл явц хяналт сайтай, шалгуур өндөртэй байдаг учраас зөрчил харьцангуй бага байдаг.

Тухайн төрийн бус байгууллагыг ямар тохиолдолд татан буулгадаг вэ?

 Төрийн бус байгууллагыг татан буулгах үндэслэлийг Төрийн бус байгууллагын тухай хуульд тодорхой заасан. Тухайлбал, тухайн төрийн бус байгууллага зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан, эсхүл өөрийн дүрэмд заасан үндэслэлээр салбар, төлөөлөгчийн газраа татан буулгах хүсэлтээ гаргаж болно. Харин төрийн бус байгууллага холбогдох хууль тогтоомжид заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан бол албадан татан буулгана. Манай байгууллагын хяналтаар илэрсэн зөрчилд үндэслэн албадан татан буулгах асуудлыг шүүх байгууллага шийдвэрлэдэг.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Wow(112.72.11.117) 2018 оны 04 сарын 23

Aay jijig turuu bnshd kakakaka

0  |  0
Top