Сүүлийн өдрүүдэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг чиглэсэн дайралт илт ширүүсэв. Хотгор шанагын уурхайгаар Сангийн сайдыг гогодох ажиллагаа бол аль эртнийх. АН-ын бүлгээс Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах асуудлыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тэдний ард Ерөнхийлөгч байх нигууртай. Ерөнхийлөгчийн цаана З.Энхболд сууж байж мэднэ. Яагаад ингэж хардах болсны шалтгаан энгийн.
З.Энхболд 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Увс аймагт очоод хөөгдөж ирсэн түүхтэй. Уг нь, АН-ын дарга, УИХ-ын дарга чухамхүү дуртай бүхэн рүүгээ ноцох эрх мэдэлтэй, эртэй бяртай байсан ч энгийн түмэнд хөөгдөж ирсэн нь түүний уур омгийг хөдөлгөсөн бололтой. Түүнээс хойш Ч.Хүрэлбаатартай “өсөрхөх” болсон гэдэг. У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим бүрдэж байхад ганцхан Ч.Хүрэлбаатарыг сугалж, улмаар Ерөнхийлөгч Сангийн сайдаар томилохыг зөвшөөрөхгүй гэж байлаа. Энэ санамсаргүй зүйл биш. Үүний цаана нөгөө л З.Энхболдыг байсан гэж хардах нэгэн бий. АН, Ерөнхийлөгч, ЕрөнхийлөгчийнТамгын газрын даргын оролцоотой байж мэдэх улс төрийн энэ үйл явцыг л Чөтгөрийн тойрог гэж нэрлээд байгаа юм. З.Энхболд Н.Алтанхуягийнхаа Засгийн газрыг унагаахад ихээхэн хувь нэмэр оруулсан хүн. Фракцийнхаа нөхдийг дутааж, бултуулаад. Тэр ч яах вэ. Ер нь, алив улс төрчид уг нь гэр бүлийнхэн, ойр дотнынхных нь асуудал хамаагүй л дээ. Гэвч нааж авчраад муулдаг муухай монгол зан бидэнд бий. Энэ хувь тавилан Ч.Хүрэлбаатарыг тойрсонгүй.
Б.Алтангэрэл АН-ын ҮБХ-ны гишүүн учраас түүнээс асуусангүй юу?
Түүний ах Ч.Гантулга цахим хуудсаараа дамжуулан байр сууриа хэрхэн илэрхийлэв. Тэрбээр, Нэгэн эмэгтэй телевизээр гүтгэлэг тараасан байна. Миний дүү Хүрлээг харлуулан гүтгэх, цаашилбал Засгийн газрын байр суурийг ганхуулах улс төрийн бүлэглэлийн санаархал цухалзаж байгаа учраас энэ тайлбарыг бичиж байна. Чимэд овогтой Гантулга миний бие цөмийн физикч мэргэжилтэй, физик-математикийн ухааны доктор, одоо “Тохир” ХХК-ийн захирлаар ажилладаг. 2008 онд “Хотгор шанага” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл нь үйл ажиллагаандаа зориулж санхүүжилт хэрэгтэй байна гэж тодорхой хэмжээний мөнгө зээлдүүлэхийг хүссэн.
Тухайн үед манай компани барилгын бизнес эрхэлж байсан тул холбогдох Зээлийн гэрээг байгуулж Б.Алтангэрэлийн өөрийнх нь тавьсан саналын дагуу “Хотгор шанага” ХХК-ийн 30 хувийг барьцаалж мөнгө зээлдүүлсэн юм. Зээлдүүлсэн мөнгийг богино хугацаанд эргэж төлнө гэж байсан ч төлөлгүй гурван жил болсон. Нэг өдөр Солонгосчуудтай хамтран ажиллах боллоо, зээлийг чинь төлье, дансны дугаараа өгөөч, итгэмжлэлд гарын үсгээ зураач гэснийг ёсоор болгосон. Тодорхой хугацааны дараа бидний дансанд тухай үеийн ханшаар нийт 2,4 тэрбум орчим төгрөг орж ирсэн юм. Иймд уг компанийн барьцаалсан 30 хувийг буцааж Б.Алтангэрэлд нь шилжүүлснээр бидний харьцаа дуусгавар болсон. Энэ бол түгээмэл байдаг л бизнесийн харилцаа. Болсон явдал бол ердөө энэ. Үүнийг буруугаар тайлбарлаж, манай гэр бүл, ах дүү найз нөхөд рүү дайрсан гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Захиалгагүй, бодит үнэнийг тогтоох зорилготой нэвтрүүлэг хийхийг хүссэн бол энэ хэлцлийг бид гардаж хийсэн бол яах гэж итгэмжлэл олгож өөрсдийнхөө өмнөөс хүн явуулж хэлэлцээр хийлгэх юм бэ? Компанийн үйл ажиллагаатай холбоотой гол шийдвэрийг 30 хувь, эзэмшигч гаргах уу, 70 хувь эзэмшигч гаргах уу?Увс, Солонгос явж сүржигнэж байхаар 70 хувийг эзэмшиж хэлцэл хийсэн Б.Алтангэрэлээс яагаад нэг үг өгүүлбэр, ярилцлага авахгүй байгаа юм бол. Б.Алтангэрэл нь АН-ын ҮБХ-ны гишүүн учраас уу.Эцэст нь бидний үйл ажиллагаа ямар нэг хэлбэрээр хууль зөрчсөн буруу үйлдэл байсан бол бид Татварын албанд тайлангаа гаргаад, банкин дахь хувийн дансаа өгөөд явах байсан уу зэргээр олон асуудлыг тодруулах байлаа гэжээ. Улс төрчийн нэр хүндийг унагаахын тулд ойр дотнынхноор нь оролддог гажуудлын нэг илрэл энэ юм. Улс төрийн ийм “Чөтгөрийн тойрог”-оос хэзээ салах бол оо.
А.Эрдэнэ
www.zindaa.mn