“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн чиглэлд орох өөрчлөлтүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 06

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-нд болно.

Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 9 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Энэ өдөр “Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах бөгөөд  энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Нийтийн тээврийн  32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэлд  07:00-17:00 цагийн хооронд өөрчлөлт орох юм байна.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилнэ.

"УЛААНБААТАР МАРАФОН" ХОЁР АНГИЛЛААР ЯВАГДАНА.

Image result for Улаанбаатар марафон“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ жил марафонд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлж, олон улсын тамирчдыг түлхүү хамруулах зорилго тавьсан байна. Марафон сонирхогчийн болон марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр ангиллаар явагдах ба сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насны хүмүүс оролцох бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ оролцоно. Түүнчлэн хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улс орнуудын тамирчдыг урьж урилга хүргүүлснээс Кенийн өндөр зэрэглэлтэй 6 тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлээд байгаа ажээ. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Их Британи, АНУ, БНГУ, Австрали, Нидерланд, Финланд, Канад, Итали зэрэг 15 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл бүртгүүлсэн байна.
“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтэнд www.ub-marathon.ub.gov.mn сайтаар бүртгүүлэх юм байна.

 

А.Түвшин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top