Сүрэг сармагчин мод, холтос барин довтлоход найз маань ухаан жолоогүй зугтааж билээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

Хот суурингаас хэт алслагдсан халуун орны Жунглид хэдэн сар олон улсын мандаттай тусгай үүрэг гүйцэтгэхэд цаг уур, халдварт өвчин, ажлын хүнд нөхцөл гээд бэрхшээл зөндөө ч янз бүрийн араатан амьтанг нүдээрээ үзэх завшаан их тохиолдоно. Бидний амьдардаг өрөө тасалгаа бүгд агааржуулагчтай тул халуунаас зугтаах гүрвэл,могой,мэлхий сэрүүхэн газар хайн өрөөнд тэд хаагуур ч хамаагүй нүх сүв олоод ороод ирнэ.

Нэг шөнө унтаж байтал ямар нэг юм миний хүзүүнд дээр арвагнаад байх шиг болохоор авч шидээд гэрлээ асаагаад хартал энэ нэг мэлхий өрөөний буланд багвайтал сууж байх нь тэр. Манайхан байрнаас зэвсгийн объект руу чиглэх зам дээр том алаг эрээн бар харсан гэх ч би хувьдаа тэр зам дээр үүрээр сэрүүцэн хэвтэж байгаад ачааны хүнд даацын машинд бяц дайруулан үхсэн арван метр орчим урт аварга том могойг хараад сэтгэл жихүүцэж билээ.

Мөн модноос модонд үсрэн дүүжлэгдэн тоглож өдөр шөнөгүй бидний байрны орой дээр хорь гучаараа түжигнэх сармагчингуудыг хараад залхана гэж үгүй. Тэд хүнийг ямар сэтгэлээр, ямар харцаар хандаж байгааг андахгүй. Тэднийг сайхан сэтгэл дулаан харцаар өхөөрдөнгүйгээр харах тутам хоорондоо эрхлэн тоглож хамгийн гоё гоё үзүүлбэрүүд, ид шидээ бидэнд харуулахыг хичээнэ.

Харин нэг өдөр би сармагчингуудын талаар надад байнга уурлаж уцаарлаж гомдоллож явдаг серб найзтайгаа хоёулаа салхинд гараад байрны ойролцоо замаар алхаж байтал хашаан дээр зүв зүгээр сууж байгаа сармагчингуудыг хараад тэр маань “Энэ муусайн сармагчингууд зайлбал таарна, түжигнээд хүн ч унтуулахгүй юм” гэж хашхирахад сармагчингууд жижиг мод холтос барин бидний зүг муухай хашгиралдан ухасхийх нь тэр.

Би ч зогтустал ум хумгүй хар хурдаараа жирийх мань хүний хойноос хөөн арай л гүйцэлгүй орхиж билээ. Ер нь, миний тэр найз маань их пээдгэр аливаа юманд байнга гомдоллож явна.

Нэг удаа бид Арабын Йорданы вант улсад НҮБ-ын аюулгүй байдлын гүнзгийрүүлсэн сургалтанд орж байтал мань хүн нөгөө л зангаараа НҮБ-ын сургагч нарын өмнө пээдэлзээд байгааг ажигласан тэд Таныг энэ цаг мөчөөс эхлээд барьцаанд орсон шинжээчийн дүрд 24 цаг тоглуулна гээд  ухасхийн гарыг нь мушгин газар дээр унаган өвдөглөөд хоёр эрхий хурууг нь нарийн утсаар боож, амыг нь скочдон толгойд нь хар шуудай углан хүзүүгээр нь олсоор оосорлон өдөржин, шөнөжин уул хад элсэн цөлөөр бидний нүдэнд дээр чирч гулдран явж алан хядагч босогчид исламын дайчдын барьцаанд орсон ийм нөхцөлд шинжээчид бид яах ёстойг найзын маань бие махбодь сэтгэл зүй дээр амьд сургалт тоглолт хийхэд мань эрийн ёстой хулхи нь бууж билээ.

Олон улсын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top