Байнд уралддаг бөхчүүд барилганд уралдах болов

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 09

 Бөхчүүд маань улс орны хөгжил цэцэглэлт, эдийн засаг, бүтээн байгуулалтад ямар ч үүрэггүй хүмүүс учраас эд нарын талцал хэнд хамаатай юм гэхээр фенүүд нь чулуу нүүлгэх байх. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл бөхчүүдийн хэрүүл рүү хальтирч орох ямар учиртай юм гэхээр “Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” учраас гээд ам руу алгадах байх. Гэхдээ л өнгөн талаас нь харвал ард түмний хандив дээр суурилж Төрийн тусламжтай боссон нэг дугуй барилгын төлөөх тулаан мэт харагдах болсон нь санамсаргүй хэрэг биш л дээ.   

Даяаршлын шуурга нүдэж буй энэ цагийн салхинд нүүдэлчдийн өв соёлыг тээж яваа нэгэн том талбар бол үндэсний бөх яах аргагүй мөн учраас тэдэнд талархах нь зүй ёсны хэрэг. Түүнээс дугуй барилга булаалдаж буй цөөн тооны нөхдөд талархах ямар ч шаардлага алга.

Цагийг эзэлсэн дархан аварга нь зодоон цохион дээрээ тулсан хурал зохион байгуулж Бөхийн холбооны тэргүүн болохоор улайрах ямар хэрэгтэй юм бэ. Гэтэл өөрийг нь залгамжлан гарч ирсэн нэг дархан аварга нь өндөр хамгаалалт бүхий хуралд амь насаараа дэнчин тавин очиж зодуулах ямар хэрэг байсан юм бэ. Тэгээд болсон процессыг хэвлэл мэдээллээр тайлагнаж гоншигнох бүр ч хэрэггүй. Нөгөө талаас үндэсний бөхийн домогт аварга Х.Баянмөнх хэвлэл мэдээллээр шүүхийн тогтоол танилцуулаад явж байгаагийн цаана ямар шалтгаан байгаа юм бэ. Их спортод бүх насаа зориулсан домогт аварга маань үндэсний бөхийн төлөө сэтгэл чилээлээ хэмээн цагаатган бодлоо гэхэд бизнесмэн Л.Чинбатад ямар хамаатай юм бэ. Тэр ч бүү хэл хаа байсан яруу найрагч Ү.Хүрэлбаатарт юуны хамаа байна вэ. Хэний эрх ашгийг энд хамгаалаад байгаа юм бэ. Бөхийн холбоог 20 жил удирдсан Р.Нямдорж дахин дахин энэ суудалд шигдээд байгаагийн цаана юу байна вэ. Энэ олон асуултын хариу нь өөрөө “дугуй барилга” гэсэн ганцхан хариулт өгч байгаа учраас ийн бичиглэж сууна.

Уг нь нэг нь хуралдаад, нөгөө нь хуралд орох гэж боолгуулаад байгаа хоёр эрхэм маань ард түмнээ Төрд төлөөлсөн УИХ-ын гишүүд биз дээ. УИХ-ын дугуй танхимд хууль ярьж суух ёстой болохоос бус Бөхийн өргөөний дугуй барилга тийш сэтгэл чилээх учиргүй хүмүүс. Тэр ч бүү хэл Үндсэний бөхийн холбоог тэргүүлэх хүсэлтнүүдийн гомдол шүүх цагдаад хүртэл очсон байхыг харвал яах аргагүй нүдэнд үзэгдэж гарт баригдах ямар нэгэн зүйл булаалдаж байгаа мэт ойлгогдоно. Жудагтай монгол бөхчүүд хэзээ албан тушаал, байшин барилгын төлөө шүүхдэлцээд явж байсан юм бэ. Тойрч суугаад дүрэм журамдаа заасны дагуу “Их Эе”-ээ хуралдуулахад ямар асуудал байна вэ.

Нөгөө талаас бизнесмэн Л.Чинбатад монголын Төр Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цол өгөхдөө бизнесээ илүү сайн хөгжүүлээд улсдаа арвин татвар төлөөрэй л гэж өгсөн байх. Бөхийн холбоог очоод бужигнуулаадах гэж өгөөгүй нь лавтай. Яруу найрагч Л.Хүрэлбаатарт Соёлын гавьяат цол гардуулахдаа ч тодорхой уран бүтээлийг нь үнэлж илүү ихийг хийхийг хүссэн байж таарна. Түүнээс бус бөхчүүдийн хэрүүлийг дэвэргээд бай гэж өгөөгүй биз. Бид өнөөдөр агуулга ярьж маргахаа больж, гарт баригдаж нүдэнд үзэгдэх эд хөрөнгө булаалдан маргах, эсвэл хэлбэр дүрс хөөх нь элбэг болжээ. Уг чанартаа бол Ү.Хүрэлбаатар найрагч яруу найрагч, эрдэмтэн хүний хувиар монгол сайхан эх хэл маань өдрөөс өдөрт цөөрч байгаа тухай гомдол санал ярьж байх ёстой хүн сэн. Таны залгамж хойч үеийн нэлээдгүй хэсэг нь өөрсдийгөө яруу найрагч хэмээн андууран харь үзлийг түмэнд тулгаж байгааг та ойлгож байгаа биз дээ.  

Бөхчүүд гэхэд олон зуун жил, бүр мянгаар тоологдох настай үндэсний бөхийн эртний уламжлалт хэлбэр, агуулга алдагдаж байна гэж нэг ч удаа дуугарсангүй, гагцхүү 20-хон жилийн түүхтэй дугуй барилга тойрон эргэлдэж байгаа нь харамсалтай.

Уг нь үндэсний өв соёл тээж яваа энэ спорт уламжлалаа хадгалж, монгол хэмээх үндэстнийг дэлхийд харуулахад үүрэг хүлээсэн болохоос биш, өнгө төрх агуулгаа өөрчлөөд бай гэсэн үг ч биш байх. Эрдэмтэн мэргэд монгол бөхийн спорт нь гарал үүслээрээ өнө эртний бөгөөд зөвхөн барилдаан бус спорт, соёл, зан үйлийн бүхэл бүтэн цогц агаад энэ онцлогоороо монгол үндэстнээс хүн төрөлхтний спортын сан хөмрөгт оруулсан өвөрмөц нэгэн хувь юм хэмээн үздэг юм шүү. Үүнийг л хадгалах, дэлхий нийтэд таниулах тал дээр талцаад маргаж баймаар юм.

Мөн нэгэн сурвалжид Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон нь хүрлийн үеийн дурсгалд холбогдож, үүнээс улбаалахад 7,000- 11,000 жилийн өмнө бөхийн барилдаан байжээ гэсэн зүйлийг ч гаргаж тавьдаг. Ямартай ч эртний үнэт сурвалж “Нууц товчоо”-нд “Бүри бөх нь улсын нэртэй бөх байв” хэмээснээс харвал 800 жилийн өмнө овог аймгийн, улсын хэмжээнд бөхчүүдийг ангилсан байдал ажиглагдаж байна. Тодотговол, улсын начин, аймгийн начин, сумын заан гэсэн цол олгодог шиг бөхчүүдийг ангилдаг байсан нь энэ сурвалжаас харагдана.

Ийм л эртний түүхтэй, үндэсний уламжлалыг өнөө бидэнд тээж ирээд маргааш руу хүргэж өгөх учиртай бөхчүүд маань дундаа барилга булаалдаж байгаа нь харамсалтай.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.193.40) 2018 оны 05 сарын 09

н. Чинбатад Үндэсний холбооны тэргүүн болж болохгүй н. Хүрэлбаатард Монголын бөхийн холбооны цэцдийн гишүүн битгий болоорой гэж нэгэнд нь Хөдөлмрийн баатар нөгөөд нь Соёлын гавьяат зүтгэлтэн өгсөн болж байна уу. Хүн юу хийж хүмүүсийн санал болгосон ажилыг хийж болохгүй болж байна уу. Бөхийн 20 -р зууны их Аварга Үндэснийхээ их спортод санаа зовж санал бодлоо илэрхийлж явж болохгүй юу .

0  |  0
Иргэн(59.153.113.151) 2018 оны 05 сарын 09

ШУНАЛ, ШУНАЛ, ШУНАЛ. БАЯНМӨНХ БОЛ ШУНАЛ, НЭР ТӨР... БҮР БӨХИЙН ӨРГӨӨНД ”СҮНС ХОРГОДООД” ҮХЭЖ ДАЛД ОРЖ ЧАДАХГҮЙ НЬ Л ДЭЭ... ТҮРГЭН ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ.... ЭСВЭЛ ЭНЭ БАЛГАСЫГ НУРААЖ УТГАХ ХЭРЭГТЭЙ....

0  |  0
Зочин(182.160.4.89) 2018 оны 05 сарын 09

шунал.

0  |  0
Зочин(202.179.26.179) 2018 оны 05 сарын 09

Ү. Хүрэлбаатар бол үнэний төлөө тэмцэгч хүн шүү

0  |  0
Мөнхжаргал(202.179.26.179) 2018 оны 05 сарын 09

Мөнгө авч захилгат мэдээ бичиж байгаа бол баримттай олигтойхон юм бич. Зиндаа.мн-ы С. Ууганбаяраа

0  |  0
Top