Сонгогчид алдар нэр, албан тушаал, мөнгө харж саналаа өгдөг цаг өнгөрсөн

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

Их улстөрийн тогоонд өдөр шөнөгүй буцалж байгаад нэг л өдөр хөөгдөх мэт алга болох нь улстөрийн өөрийнх нь хатуу хууль юм даа. Нөгөө талаар олон нийтээс сонгогддог учраас түмэн шалтгааны улмаас зодгоо тайлж тахимаа өгч байна.

Өвдөг шороодсон улстөрчдийн дийлэнх нь хөрөнгө мөнгөгүй учраас өрсөлдөгч мөнгөөр санал авчихлаа хэмээн тайлбарлах нь бий. Зарим нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, тэр ч сайдтай өрсөлдсөн болохоор сонгогчид албан тушаал хараад санал өгчихлөө гэх зэргээр өөрөөсөө холдуулсан тайлбар өгч байдаг. Эртхэндээ тооллогын комисс эсрэг талд ажилласан гэх, сүүлийн үед арга мухардахдаа “хар машинд залгилуулсан” хэмээн олон улсад зөвшөөрөгдсөн электрон цахимд буруугаа чихнэ, тэр ч бүү хэл өнөөх хар машинаа цаасаар дууриалган хийгээд шатааж хүртэл ялагдлаа тэмдэглэсэн. “Унасан бөхөд шалтаг мундахгүй” шүү дээ. Тэгэхээр сонгогчид маань хөрөнгө мөнгө дагаж саналаа өгдөг үү, алдар нэр дагаж санал өгдөг үү, эсвэл албан тушаал харж санал өгөөд байна уу гэдгийг тодруулъя.

Мөнгө төгрөг харж санал өгдөг үү

Нэг сая ам.доллараа дансанд мартах хүртлээ хөрөнгөжсөн С.Баярцогт 2016 оны сонгуульд “Наваанюндэн” сангийн тэргүүн гэхээс өөр тодотголгүй Н.Оюундарьд ялагдаад ирснээс харвал сэлэнгэчүүд лав мөнгө харж саналаа өгсөнгүй. Өвөрхангай аймгийг бүү хэл Хан-Уул дүүргийг худалдаад авчих хөрөнгө чинээтэй “АПУ”-гийн Г.Батхүү НИТХ-ын төлөөлөгч жирийн нэг залууд унасан гэхээр Г.Батхүүгийн архи зарж олсон мөнгө сонгогчдын саналд огтхон ч нөлөөлсөнгүй. Тэгвэл “Ажнай”-гаар овоглосон монголын тэргүүн баячуудын нэг Д.Бат-Эрдэнэ аймгийн намын үүрийн дарга асан гэх оргүй хоосон сэтрээс өөр зүйлгүй Л.Энхболдод унасан даа. Тэгэхээр энэ гуравхан жишээнээс харахад иргэд олон нийт мөнгөний төлөө саналаа өгдөггүй юм байна гэдгийг харах хэрэгтэй. Сонгогчид 10, 20 мянган төгрөгөөр саналаа худалддаг хэмээн байнга давшилдаг “Буян”-гийн Б.Жаргалсайхан ч бодолцох хэрэгтэй. Дашрамд дурдахад таныг сонгогчид тоодоггүй юм байна гэдгийг ойлгох цаг нь нэгэнт болчихож.  

Албан тушаал харж санал өгдөг үү

Өндөр дээд албан тушаалтанд тал тохой татдаг хүмүүс цөөнгүй байдгийг үгүйсгэх гэсэнгүй. Тэгвэл албан тушаал харж санал өгдөг үү гэдгийг аваад үзье. Өнгөрөгч 2016 оны сонгуульд өрсөлдсөн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн тэр өндөр сэнтийг нь огт тоохгүй унагаа биз дээ. Дүүргийн Засаг дарга асан гэхээс өөр тодотголгүй Б.Батзоригт л унасан гэхээр нэгийг хэлэх байх. УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд тойроггүй үлдсэн сул гишүүн Д.Лүндээжанцанд өвдөг шороодсон гэхээр албан тушаалын төлөө санал өгдөггүй бололтой. Хамгийн сүүлийн жишээ гэвэл өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ-ын дарга, 65 суудалтай эрх баригч намын дарга М.Энхболд Жудо бөхийн холбооны ерөхийлөгч гэх сэтрээс өөр юу ч үгүй Х.Баттулгад даруулчихсан биз дээ. Ингэхээр сонгогч олон албан тушаал, өндөр дээд сэнтий харж лав сонгууль өгдөггүй гэдгийг энэхэн жишээнээс харчих.

Алдар нэр харж сонгууль өгдөг үү  

Дуудах нэрийг эцэг эх, дуурсах нэрийг өөрөө гэдэг дээ. Дуурсах нэрээ өөрөө олж авсан хэн нэгний алдар хүндэд дулдуйдаж санал өгсөн тал байна уу. Хамгийн ойрын жишээ аваад үзэхэд өнгөрөгч сонгуулиар Баянхонгор аймагт өрсөлдсөн Монгол Улсын цуут хөвгүүдийн нэг Олимпийн алт мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр “Ачлал” дэлгүүрийн босс М.Билэгт гэх өөрийнхөө ээж шиг хүнд унасан. Баянзүрх дүүрэгт нэрт жүжигчин Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, Сэлэнгэ аймагт дуучин Г.Эрдэнэтунгалаг гээд нийгэмд алдар нэрээ дуурсгасан нөхөд өрсөлдөөд бүгд унасан. Хамгийн наад зах нь “Наран туул”-аар нийгэмд алдаршиж нэр алдарт хүрсэн Ш.Сайхансамбуу,  “UFC” группээр алдаршиж оргилд гарсан О.Амартүвшин нарын тэргүүтэй олон алдартай бизнесмэнүүд өвдөг шороодсон гэхээр сонгогчид нэр алдарт дулдуйдаж санал өгдөг гэдэг нь бас л худлаа болж байна.

Дүгнэлт

Уншигч та дээрх цомхон баримтуудыг хараад нэгийг бодож хоёрыг тунгаасан байх. Ялагдал өөрөө олон зүйл бодоход хүргэдэг. Өнөөдрийн ялагдал нь маргаашийн ялалт гэсэн сайхан үг ч бий. Гэхдээ Б.Жаргалсайхан, Л.Гүндалай мэтийн хувьд бол өнөөдөр ч ялагдана, маргааш ч ялагдана, нөгөөдөр ч ялагдана гэдгээ нийгэмд нэгэнт тодруулаад өгчихсөн байна. Өнгөрөгч цаг хугацаанд өвдөг шороодоод харьж яваа гишүүн олныг харжээ, хөөрхий үнэхээр өрөвдөлтэй. Амин хайртай зүйлээ алдсан мэт гуниглана, ялагдлынхаа бурууг хэнд ч хамаагүй тохох гэж стрессдэнэ гээд зөнөсөн өвгөн шиг л аашилна. Өнөөдөр 20 жилийн өмнө санал өгч байсан ард түмний сэтгэхүй өөрчлөгдсөн гэдэгтэй маргах хэрэггүй. Тодорхой дурдаад яахав, саяхны нэг сонгуулиар санал хураалт дуусах мөчид нэг саналын үнэ 100 мянган төгрөгт хүрсэн гэдэг. Ийнхүү саналын ханшийг өсгөсөн баатар маань өөрөө бүдэрсэн. Иргэд мөнгө өгвөл авна, гэхдээ өөрийнхөө үзэл бодлыг дагана гэсэн ухамсартай болчихсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямартай ч иргэд алдар нэр, албан тушаал мөнгө хөрөнгө харж саналаа өгдөггүй юм шүү гэдгийг эндээс харж болно.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen (103.57.95.33) 2018 оны 05 сарын 12

ene shig hulsnii bicheechid mungu tarasltssan garuud l daa

0  |  0
irgen (103.57.95.33) 2018 оны 05 сарын 12

zahialgat bicheech guai songuuli munguniih bolsniig medehgui l bna uu haa saigui l mungu taraagaa biz dee

0  |  0
Q(202.9.40.58) 2018 оны 05 сарын 10

Нэр нүүрээ барсанууд нь унасан бх. Мөнгийг хавтгай тарааж бгаа. Худлаа яриад яахав

0  |  0
зочин(112.72.14.72) 2018 оны 05 сарын 10

намын гишүүд гэж долигнуур ядуучууд байнаа сонгууль дууслаа хог дээр хаягдана нэг удаагийн бэлгэвч шиг үүнийгээ мэдэхгүй манай нам мам гэх шиг тэнэгтэж өгнө цаадуул нь худлаа хөөргөж намын шагнал гэх том том төмөр зүүж өхөөр бөөн баяр ёстой гайхаш бармаар тэнэг

0  |  0
ЗОЧИН(103.10.23.4) 2018 оны 05 сарын 10

2016 ОНЫ СОНГУУЛИАР УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙГ ХАМТАД НЬ ЯВУУЛСАН УИХ-Г ДАНГААР НЬ ЯВУУЛСАН БОЛ ИРЦ ХҮРЭХГҮЙ БАЙСАН ЮМ. ЭНЭ УИХ-ЫН 76 БИТГИЙ ӨӨРСДИЙНХӨӨ САЙНД ГАРААД ИРСЭН ЮМ ШИГ БОДООРОЙ. АИТХТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОН НӨХДҮҮД ЧИНЬ ТА НАРЫГ ЧИРЭЭД ГАРГААД ИРСЭН ЮМ ШҮҮ. УЛС ТӨР СУДЛААЧ,,,,,,,,,,,,,,,,,,

0  |  0
Top