Монголчууд Улаан армид 400 сая төгрөгийн мал, эд материал, 300 кг алтаар тусалжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

"Сайн морьдоо улсдаа худалдъя"

 Дэлхийн II дайны ялалтын 73 жилийн парад уламжлал ёсоор ОХУ-ын Улаан талбайд өчигдөр сүр дуулиантай болсон. Эх орны дайны үед  ЗХУ-ын холбоотон БНМАУ-ын төр засаг, ард түмэн Улаан армид их хэмжээний тусламж дэмжлэг үзүүлж байсныг Оросын ард түмэн өдгөө ч халуун дотноор дурсдаг. Яг хэдий хэмжээний тусламж, дэмжлэг, агт морьдоо бэлэглэсэн бэ. “Сайн морьдыг улсдаа худалдъя” уриан доор 413 мянган агт морийг тус бүрийг нь  29 төгрөгөөр худалдан авсан байна.

Дэлхийн хоёрдугаар дайнд үзүүлсэн монгол морьдын тэсвэр хатуужлын тухай домог мэт яриа, дурсамжууд шинэхнээрээ байдаг.  ОХУ-ын нийслэл Москва хотод "Хүндэтгэлийн дэнж"-д "Дайны зам"-аар нэртэй хөшөө босгож Монгол морьдыг алдаршуулсан билээ. Монголчууд юу байгаагаар тусалсан байдаг. Ингээд Улаан армид  Монголын бэлэг, тусламжийн анхны цуваа 1941 оны 11 дүгээр сард, II цуваа 1942 оны хоёр дугаар сард хүрчээ. 237 вагонд мах 155 тонн, ангийн мах 10 тонн, тос 40 тонн, архи 10 торх, дах 2718, тамхи 220000 хайрцаг, нэхий хантааз 4102, нэхий дээл 1300, богино нэхий дээл 16300, бээлий 21000 хос, задгай эсгий 4500, суран бүс 17000, эсгий гутал 18000 хос, үстэй хантааз 19000, ботинк 2000 хос зэрэг нийт 7 сая 200 мянган төгрөгийн бараа болжээ.  

Ард түмэн сайн дураараа ч тусалж байв

Дөрөвдүгээр цуваа  236 вагонаас бүрдсэн  бөгөөд нэхий дээл, эсгий гутал, хантааз тус бүр 30000 ширхэг, хүнс 660 тонн, 27000 зээрийн мах  багтсан бол  1942 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Улаан армид зориулан бэлэглэсэн  төгрөг 7.2 сая байсан бол 1943 онд 8.3 сая төгрөгт хүртэл өссөн гэнэ. Зөвхөн төр засгийн “шахалт”-аар  биш ард түмнээс хувийн бэлэг бэлтгэж, фронтод явуулж байсан бөгөөд мөнгөн дүнгээрээ 1.913.705 төгрөг болсон ажээ.   

Маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид “Хувьсгалт Монгол улс” танкийн цувааг 1943 оны 1 дүгээр сарын 12-нд хүргэж, 1943 оны есдүгээр  сарын 25-нд  байлдааны 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг гардуулсан байна.  Зөвлөлтийн ард түмэн тусламж үзүүлэхийн зэрэгцээ БНМАУ-д байнга сууж байгаад фронтод дайчлагдсан Зөвлөлтийн харьяат нарын гэр бүлд ч Засгийн газраас тусалж байлаа. 1942, 1944 онд улсаас сар бүр 20-100 төгрөгийн тэтгэмж олгож,хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгуулсан ажээ. Дайны жилүүдэд монголчуудаас  32 мянган агт морьд бэлэглэж, найман удаагийн цуваагаар нийт 400 сая гаруй төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл, 300 орчим кг алтыг Зөвлөлтийн ард түмэнд тусламж болгон хүргүүлсэн байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.190.22) 2018 оны 05 сарын 10

түүнийхээ хариуг ч бишгүй авсан байх тусгаар тогтнол маань байгаа оросуудын гавьяа байх даа

0  |  0
Top