Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Намянжү дасаны төгөл”-ийг нээлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 13

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн онд Намянжү хотын дарга И Сог Ү Монгол Улсад айлчлах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой “Намянжү Дасаны ой” төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурж байсан юм. Энэхүү санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг “Намянжү Дасаны төгөл”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж байна. “Намянжү Дасаны төгөл” байгуулах арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул бусад албаныхан оролцлоо. Энэ үеэр хүндэт зочид төлөөлөгчид “Намянжү Дасаны төгөл”-д анхны нарс модыг суулгасан юм. Энэ жил Улаанбаатар, Намянжү хотууд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн онд Намянжү хотын дарга манай улсад айлчлах үеэрээ хоёр хотын 20 жилийн ойн хүрээнд хийх ажлаа төлөвлөсөн. Өнөөдөр бүх нийтийн мод тарих өдрийн хүрээнд И Сог Ү дарга ирж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулж, 3000 мянган төгөл тарих ажлыг эхлүүлж байна. Түүнчлэн бид ойрын хугацаанд Улаанбаатар хотын ногоон бүс Улиастайн голын сав газарт 100 га газарт ойн төгөл байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Улаанбаатар хотын ногоон хөгжилд найрамдалт хотууд маань санаачилга гаргаж хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ярилаа. 

 

“БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү “Ойрын таван жилдээ бид мод тарих үйл ажиллагааг дэмжиж, тогтвортой ажиллана. Улаанбаатар хотын иргэдийн идэвхи маш чухал. Мод тариад, арчилж, ургуулахад иргэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэдийг хамтарч ажиллахыг уриалж байна” хэмээв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул “Хоёр хотын дарга нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд “Намянжү Дасаны ой” төсөл өнөөдөр бодит ажил болж буйд маш их баяртай байна. Та бүхний байгуулсан төгөл нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалж, ногоон байгууламжийг нэмэгдүүлээд зогсохгүй хоёр хотын өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны илэрхийлэл байх болно. “Намянжү Дасаны төгөл”-д мод тарих энэхүү ажлыг хариуцан ажиллаж буй “Ногоон Ази Сүлжээ” ТББ-ын дарга ноён Шин Гиху танд талархал илэрхийлмээр байна. Танай хамт олны цөлжилтийн эсрэг хэрэгжүүлсэн бодит ажил, манай хамт олны арваад жилийн туршлага “Намянжү Дасан төгөл”-ийг цэцэглүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.Төслийн хүрээнд энэ хаврын мод тарилтаар улиас, чацаргана, шар хуайс гэсэн 3 төрлийн 3000 мод таригдана. Мод тарих ажлыг Монгол Улсад байгаль орчин, цөлжилт, ойжуулах чиглэлээр олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн “Ногоон Ази Сүлжээ” ТББ хариуцан ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top