Монголд анх удаа зохиогдож буй “The Voice of Mongolia” шоу үзэгч олныг байлдан дагуулаад хэдийнээ хоёр сарыг үдээд байгаа билээ. Энэ цаг мөчид тус шоунд авьяас билгээрээ гайхагдан бишрүүлж байгаа оролцогчид маш олон. Тэр дундаас онцлон тус шоуны бүх шатанд Монгол дуугаараа, эх хэлээрээ өрсөлдсөн Т.Наранхүү хэмээх эрхэмтэй цөөн хором ярилцсан юм. Тэрбээр Булган аймагт төрж өссөн бөгөөд арван жилийн сургуулиа төгсөөд Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн ангид урилгаар орж суралцсан юм.
-Таны бүх шатны дуунууд дандаа Монгол дуу байсан. Тэр дундаа маш хүнд дуунууд. Яагаад зөвхөн Монгол дуугаар энэ тэмцээнд оролцъё гэж бодсон юм бэ?
-Миний сэтгэл дотор байгаа зүйл гэх юм уу даа. Voice-д орж байгаа хүүхдүүд гадаад дууг үнэхээр сайн дуулж байгаа. Гэхдээ гадаад дуунаас Монгол дуу илүү. Надад Монголоо гэсэн сэтгэхүй, үндсэрхэг үзэл байдаг юм. Би чадахгүйдээ гадаад дуу дуулаагүй биш шүү дээ. Ямар дууг яаж дуулбал Монголчууд арай илүү их омогших вэ гэсэн бодол надад байдаг юм. Яруу найраг уншиж, бичиж, сонирхдог болохоор бусад хүмүүсээс арай өөр мэдрэмжтэй юм болов уу. Гэхдээ би цаашаа үлдсэн ч, үлдээгүй ч Монгол дуугаа л дуулъя гэж бодож байсан. Үүн дээр манай шүүгч хүртэл санал нэг байж намайг их дэмжсэн. Миний далд санаа нь баатарлагийн туйлыг л харуулъя гэж бодож байсан. Түүндээ ч хүрсэн гэж бодож байгаа.
-Таны хэлснээр та үнэхээр баатарлагийн туйлыг харуулж чадсан байх шүү?
-Тийм ээ. Дэлхийн тайзан дээр Монгол дуугаа дуулах үнэхээр сайхан байсан. Монгол дуу дуулахаас илүүтэйгээр би хасагдсаныхаа дараа нэг зүйл хэлсэн юм. “Voice хэмээх энэ том хөлөг онгоцноос өнөөдөр би бууж байх шиг байна. Гэхдээ би энэ шоуны шат болгон дээр эх хэлээрээ дуулсандаа баяртай байна. Эх хэл минь, Эх орон минь Мандтугай!” гэж энэ үг ард түмний зүрхэнд маш их хүрсэн юм шиг байна лээ. Түүний дараагаар надад маш олон хүмүүсээс эерэг сэтгэгдлүүд ирсэн. Үнэхээр би өөрийгөө нийгэмд гоё мэссэж болохоор үг хэлсэн гэж бодож байгаа шүү. Манай баг дотор хүртэл хүмүүс хэлж байсан. Зарим нэг нь,
“-Та яагаад гадаад дуу дуулахгүй байгаа юм бэ?,
-Би Монголоо л дуулъя лдаа.
-Биднийг Дэлхий харж байгаа шүү дээ” гэж байсан. Гэхдээ бид нарыг дэлхий харж байгаа гээд би дэлхийн хэлээр дуулж яах юм бэ? Тийм биз дээ. Монгол хэлээрээ дуулж байгаад би дэлхийд харагдъя л даа. Би тэгж л хэлсэн.
-Танд гадаад дуу дуулах санал тавиагүй гэж үү?
-Би “Отгонбаяр ахаа, би энэ шоунд дандаа Монгол дуугаа дуулмаар байна” гэж хэлсэн юм. Battle шатан дээр бид нарт цаанаас нь дуу өгсөн л дөө. Хоёр дуучин дуулна, тиймээс энийг дуул гэж өгсөн. Би тэр үед Монгол дуу таараасай гэж бодож байтал яг л таарсан. Би чинь battle шатан дээр маш хүчтэй охиныг ялсан шүү дээ. Үнэндээ манай Уранчимэг бол маш хүчтэй дуулалттай. Тэгээд Урнаатайгаа өрсөлдөөд сайн дуучин бүсгүйг ялж дараагийн шатандаа үлдсэн.
БИДЭНД ЕРДӨӨ НЭГ МИНУТ 30 СЕКУНД Л БАЙСАН. ЭНЭ ХУГАЦААНД ЧИ ХООЛОЙНХОО ЧАДАЛ ЧАНСААГ ҮЗҮҮЛ ГЭСЭН.
-“The Voice of Mongolia” шоунд яагаад орохоор болсон юм бэ?
-Дэлхийн контент анх удаа Монголд маань хэрэгжиж байна шүү дээ. Энэ тэмцээн бол миний анхны дууны тэмцээн. Бас үүнд ор гэж түлхэж шаардсан найз нөхөд байгаа учир би орсон.
-Тэгвэл танд их том түлхэц байсан учраас орох шийдвэр гаргажээ, тийм үү?
-Намайг Voice-д ороход хамгийн том түлхэц болсон найз минь бүр “Эрчүүд” гэдэг дууг дуул гэж зөвлөж байсан. Blind audition эхлэхийн өмнө гэнэтийн ослоор хорвоог орхисон. Гол түлхэц нь тэр найз маань байсан л даа...
-Knock out шатан дээр таны дуулсан “Аав ээж хоёр минь” дууг маш хүнд хэцүү дуу гэдэг. Тиймдээ ч тэр юм уу та яг сүүлийн бадаг дээрээ алдах шиг харагдсан. Тайзан дээр зогсож байгаад дуугаа алдахад танд юу бодогдсон бэ?
Алдаагүй шүү дээ.
-Дууны төгсгөл үе дээр хэсэг чимээгүй болчихсон. Тэрийг хүмүүс алдсан гэж харж байгаа байх лдаа?
/Инээв/. Алдсан байх аа. Гэхдээ алдсан ч байсан алдаагүй ч байсан хүн их огшдог юм байна лээ. Blind audition дөнгөж эхлэх гэж байхад надад маш хүнд хоёр зүйл тохиолдсон юм.
-Хүнд зүйл тохиолдсон гэлээ тэр нь яг юу юм бол, нууц биш бол?
-Энэ тэмцээний үеэр миний маш сайн хоёр найз нас барсан. Тайзан дээр гарахаасаа өмнө бодсон л доо магадгүй миний хоёр найзад тийм зүйл тохиолдоогүй байсан бол энд намайг дэмжээд зогсож байсан байх даа гэж бодсон. Иймэрхүү зүйл бодоод байхаар хүн маш их огшдог юм билээ. Сайн ч дуулсан бай, муу ч дуулсан бай өнөөдөр бол хасагдсан байна.
-Та Voice-ийн тайзан дээр анх гарахдаа сандарсан уу, Би тэнцэхгүй бол яана аа гэсэн бодол төрж байв уу?
-Би бол тэнцэнэ гэдэгтээ бардам, итгэлтэй байсан. Харин хэдэн шүүгч эргэж харах бол гэсэн бодол орж ирдэг юм байна лээ. Бид нарт ердөө нэг минут 30 секунд л байсан. Энэ хугацаанд чи хоолойнхоо чадал чансааг үзүүл гэсэн. Бид ердөө л минут 30 секунд л тэр тайзан дээр дуулж байгаа шүү дээ. Тэр хооронд харин яаж хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх вэ гэдгийг маш их боддог юм байна лээ. Түүнээс биш сандрал бол байгаагүй ээ. Энд тэнд арга хэмжээн дээр их очдог, намайг дуучин гэхээс илүүтэйгээр хөтлөгч гэдгээр хүмүүс мэддэг. Нэг зүйлийг бардам хэлэхэд надад авьяас гэж зүйл харин байдаг юм шүү.
-Энэ шоунаас та юуг олж харав, юу танд үлдсэн байна вэ?
-Надад сайхан хамт олон маань үлдлээ. Намайг дуугаа дуусгаад ортол манай багийнхан “Чи ингэж сайн бэлдчихээд, бид нар бүгд уйлж байсан шүү” гэж хэлж байхад нь сайхан хамт олонтой болсон юм байна даа гэж бодсон. Энд тэнд явахад хүртэл хүмүүс гоё дуулдаг шүү баяр хүргэе, дандаа Монгол дуу дуулж байгаа чинь гоё шүү гэх мэт зүйл хэлдэг. Тэгэхээр энэ шоунаас надад дандаа эерэг хандлагууд ирж байгаа тэр бүхэнд маш их баяртай байгаа.
БИ ӨӨРИЙНХӨӨ ДОТООД МЭДРЭХҮЙ ДОТООД ЕРТӨНЦӨӨРӨӨ, ӨӨРИЙНХӨӨ МӨН ЧАНАРААР Л АМЬДАРЧ БАЙГАА.
-Таны хувьд энэ шоу үүгээр дуусах уу. Аль эсвэл магадгүй сонгосон шүүгчтэйгээ хамтарч ажиллах ч юм уу, уран бүтээл гаргах бодол байгаа юу?
-Надад бодсон зүйл бий. Отгоо ахтай ярьсан ч зүйл байгаа. Отгоо ах баг дундаасаа надад их итгэл найдвар тавьж байсан байх. За Наранхүү “Чи насаар эд нарыгаа бодвол арай ахмад ч юм. Чиний дотоод сэтгэл арай өөр, үзэл чинь өөр, ярьж байгаа хэлж байгаа зүйл чинь өөр” гэдэг байсан. Тиймээс хийхээр ярьсан уран бүтээл байгаа. Манай шүүгч багийнхан дундаас надад хамгийн их сэтгэл гаргасан байх шүү. Отгоо ахтай хамтарч гоё уран бүтээл хийж Монголынхоо ард түмэнд хүргэхийн төлөө сайн зүтгэнэ ээ. Voice-ийн тайзан дээр алдсан алдаа бүхнийг уран бүтээлээрээ эргээд эерэг болгоно. Отгоо ах бид хоёр одоог хүртэл их сайхан харилцаатай байгаа.
-Та энэ талаараа дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Юм гэдэг чинь маш жижигхэн сэдлээс төрдөг юм байна. Нэг дуун дээр хамтарч ажиллах яриа яагаад гарсан юм бэ гэвэл Voice-ийн тайзан дээр гаралт, оролтоо үзэж байсан юм. Тэгсэн “Хурд” хамтлагийн маш олон хит дууг хийсэн Ишхүү хэмээх гайхамшигтай авьяастан, цэл залуухнаараа нас барсан, тэр хүнийг би урьд орой нь сайт дээрээс уншаад ямар хүн байсан юм бол доо гэж бодож байсан юм. Өглөө нь Voice-ийн бэлтгэл рүү явж байхдаа пост бичсэн л дээ. Тэрийг Отгонбаяр шүүгч үзсэн юм билээ. “Чи энэ найзын минь энэ зургийг хаанаас олов муу найзыгаа маш их саначихлаа” гээд Отгоо ах тайзны ард сэтгэлийнхээ зүйлийг л ярьж байсан юм. Тэгсэн “надад миний компьютер дээр яг нас барахынхаа өмнө шивээд үлдээсэн хоёр, гурван дуу байгаа. Тэдний нэг нь нэг ийм дуу байгаа чамд зохино хоёулаа энийг дуу болгоно оо. Энийг заавал хийнэ” гэсэн юм. Ингээд Ишхүү гэдэг хүний дууг дуулах нь гэж дотроо бодож байсан. Юм гэдэг их сонин уран бүтээл гэдэг бол сүртэй том зүйлээс төрдөг биш дандаа нэг жижигхэн зүйлээс төрдөг гэдэг нь энэ шүү дээ. Ер нь бол Отгоо ах руу би өөрөө ярихгүй бол намайг гэж тоохгүй шүү дээ. Тэр чинь гайхамшигтай хүн. Энэ бол миний сэтгэлийн хүндлэл. Тийм болохоор би өөрөө араас нь хөөцөлдөх ёстой, залуу хүн учраас. Тэр хүнээр дамжуулж би Монголын Рок попын маш олон гайхамшигтай хүмүүстэй танилцсан. Тиймээс хүн ер нь яаж эхэлсэн замаа мартаж болохгүй.
-Та Отгонбаяр шүүгчийн багт ороод харамссан уу?
-Харамсаагүй ээ. Би угаасаа л Отгоо ахыг сонгох байсан. Дөрвөн хүн эргэсэн ч, гурав ч эргэсэн байсан би анхнаасаа л Отгоо ахыг сонгох байсан. Би тайзны ард хэлсэн шүү дээ. Эр хүн бол эхэлж сонгосон сонголтондоо эзэн нь байх хэрэгтэй гэж. Тайз руу гарахаас өмнө манай найз чи хэнийг сонгох юм гэхэд нь “Би Отгонбаяр шүүгчийг сонгоно” гээд. Яг намайг тайзан дээр байхад манай найзаас Анхаа асуусан гэсэн. Танай найз хэнийг сонгох бол гэхэд нь найз маань Отгонбаяр шүүгчийг сонгоно гэж хэлсэн чинь Отгонбаяр шүүгчийг сонгохгүй Ука-г сонговол яах вэ гэхэд нь манай найз хэлсэн үгэндээ хүрэх байхаа гэж байсан юм байна лээ. Тэгээд намайг яг тайзнаас гараад ирсэний дараа Уугнаа “эр хүн хэлсэндээ байна гэдэг үнэхээр сайхан юм аа зөв сонголт байх болтугай , хол яваарай” гэсэн. Аугаа их “Хурд” хамтлагийн хүнээр дасгалжуулуулна гэдэг үнэхээр гайхалтай тохиол. Бид чинь Хурд хамтлагийн студид очиж бэлтгэл хийдэг байлаа. Тэнд чинь Монголын рок попын ертөнцийн хит бүтээлүүд төрөн гардаг газар шүү дээ. Тиймээс өчүүхэн бид бэлтгэл хийнэ гэдэг үнэхээр бахдалтай санагдаж байсан.
-Отгонбаяр шүүгчийн багт байх хугацаа их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэсэн. Багийнхныхаа талаар яривал?
-Бид анх 16-уулаа энэ шоунд нэг баг болсон юм. Нэг нэгнээ нэг их сайн танихгүй, бэлтгэлийн явцад бие биетэйгээ танилцаж дотно болцгоосон. Бид хасагдсан ч хасагдаагүй ч өлссөн үедээ хоолоо хувааж идээд л, нэг нь унааны мөнгөгүй байхад автобусны мөнгөө илүүчлээд л, ийм байсан. Удалгүй дараагийн шатаас наймуулаа үлдсэн хүмүүс чинь их сонин цөөрөх тусмаа бие биедээ хайртай болдог юм байна лээ. Би багийнхнаа бусад багаас илүү амь нэгтэй гэж боддог. Нөгөө багуудыг хүмүүс их ярина даруухан байна, даруулгагүй байна, хэтэрхий энтертайнмент байна, хэвийн байна, хэтэрхий биеэ тоож байна, гэх мэтчилэн ярьдаг. Харин манай баг бол тийм зүйл байхгүй бие биедээ хүлээцтэй ханддаг, сэтгэлтэй залуучууд бий.
-Танай багаас түрүүлэх боломжтой оролцогч хэнийг гэж харж байна вэ?
-Би Мөнх-Эрдэнийг л түрүүлэх байх гэж харж байгаа. Манай багийн Мөнх-Эрдэнэ бол жинхэнэ мэдрэмжийн туйл болсон залуу шүү дээ. Үнэхээр гоё барууны дуугаралтаар дуулдаг, яг баруун сонсогддог. Бүх шатных нь үзүүлбэрийг үзэх юм бол та бүхэн мэднэ дээ. Маш гоё Cool дуулалтай яагаад гэхээр өөрөө хөгжимчин залуу шүү дээ. Үүний дараагаар манай багийн Болормаа маш өвөрмөц, үнэхээр чадалтай хоолойтой. Цахилгаан хөрөө шиг л дугардаг. /Инээв/
-Харин бусад багаас таны харж байгаагаар?
-Ука шүүгчийн багаас Энгүүн.
-Яагаад?
-Ука шүүгчийн цор ганц шилдэг нь шүү дээ. Яагаад Энгүүн гэж байна вэ гэхээр Энгүүн Blind audition дээр үнэхээр тасархай дуулсан. Түүнээс хойш нийт масс Энгүүнд их анхаарал хандуулж байгаа. Их өвөрмөц хоолойтой юм байна лээ. Тэгсэн ч манай багийн Мөнх-Эрдэнийн түвшинд арай л хүрэхгүй ээ. Би үнэнийг л хэлье. Би Мөнх-Эрдэнийг байнга дэргэдээс нь сонссон учир үнэхээр шилдэг нь л гэж боддог.
-Та Voice-д орохоосоо өмнө уран бүтээл хийж байсан уу?
-2009 онд сургуулиа төгсөөд нийтийн дуучин болох гээд нийтийн дуугаар хийсэн хоёр, гурван клип байдаг юм. Ихэнх дуунуудаа өөрөө үгийг нь бичээд, өөрөө аяыг нь бичээд дуулсан. Миний зохиосон олон дуунуудыг дүү нар, найз нөхөд маань дуулдаг. Би өөрөө ая зохиох гэж оролддог юм.
-Таны цаашдын төлөвлөгөө юу вэ?
- Яг одоо дэлгэж болохгүй байна. Би чинь дөнгөж уржигдар л Voice-ийн тайзан дээрээс баяртай гээд буучихсан хүн шүү дээ. Надад урлагтаа зүтгэхээс өөр зүйл байхгүй. Яагаад гэвэл би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдарч байгаа. Би өөрийнхөө дотоод мэдэрхүй дотоод ертөнцөөрөө, өөрийнхөө мөн чанараар л амьдарч байгаа. Энэ нь ерөөсөө л урлаг. Шүлэг, дуу, яруу найраг, хөгжим юм шүү дээ. Мөн надтай уран бүтээл хамтарч хийе гэсэн санал ч ирсэн байгаа.
-Та анх урлагт яаж хөл тавьсан бэ?
-Би багаасаа л урлагийн хүн болно гэсэн бодолтой байсан. Арван жилээ төгсөөд хөгжим бүжгийн дуулаачын ангийн урилгатай, Монголын нууц товчоо, утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль Дэндэвийн Пүрэвдорж гуайн сургуулийн урилгатай конкурс гэж өгч үзээгүй хүүхэд шууд их сургуульд орж байсан. Тэгэхээр би яг юу болох уу? Мэдээж ойлгомжтой биздээ. Миний дуулаачийн багш Монгол улсын ардын жүжигчин, Төрийн шагналт зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан гэж манай нутгийн хүн бий. Ерөөсөө л урлагийн хүн болохыг чин зүрхнээсээ хүссэн.
-Voice шоунаас өмнө дууны тэмцээн маш олон болдог байсан шүү дээ. Яагаад тэр тэмцээнүүдэд ордоггүй байсан юм бэ?
-Яагаад ордоггүй байснаа ёстой мэдэхгүй юм. Хүний хувь тавилан гэж зүйл байдаг байх. Би анх Universe best songs-д орох гэж хоёр жил очиж бүртгүүлээд тэгсэн мөртлөө ороогүй. Ингээд би Voice-д орсон, маш гоё карьертай болсон. Сэтгэл үнэхээр сайхан байна.
-Та энэ шоунд орсноор амьдралд тань өөрчлөгдсөн зүйл бий юу?
-Сайхан карьертай боллоо. Яахав карьер гэдгийг бизнес гэж харахгүй байгаа урлагийнхаа зүйлийг хийхэд карьертай боллоо гэж харж байгаа. Ямарваа нэгэн урлаг хийх гэж байгаа хүн эхлээд бизнес харах хэрэггүй гэж боддог. Мөнгө харах хэрэггүй дандаа сэтгэл байх хэрэгтэй. Түүнээс биш хүмүүс бушуухан шиг од болоод мөнгөтэй болоод тансаг амьдрахыг бодоод байх шиг байгаа юм. Эхлээд гоё уран бүтээл хийх хэрэгтэй. Тийм зүйлийг дуулаачаар төгсөж байгаа, уран бүтээл хийж байгаа энэ залуучууд тархиндаа суулгах хэрэгтэй. Яавал гоё ясны уран бүтээлч болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Эхлээд хүн бай л гэсэн үг юм даа.
Ярилцсан: Б.Амирдаа
Эх сурвалж: www.ZINDAA.mn