Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн,нэрт найруулагч Б.Баатартай арваад жилийн өмнө ярилцаж байснаа хүргэж байна.
-Таны оюутан наснаас яриагаа эхлэх үү?
-Би оюутан насыг багшилж байж л мэдсэн. Нэг ийм онигоо бий л дээ. 70 гарчихсан өвгөнөөс та юу хийж байна гэсэн чинь би том болоод алж өгнөө гэсэн байхгүй. Оюутан нас нэг иймэрхүү л юм. Тэр одоо 70 хүрчихээд ахиад хэд наслах гэсэн юм бол. Хүн хөгширхөөрөө оюутныг хүүхэд гэж хардаг юм байна. Өөрөө оюутан байхдаа бол өөртөө их л том юм байсан байх даа. Би Киевт сурч байхдаа есөн давхарт байдаг байлаа. Тэгээд лифтэнд суухдаа Араб оюутныг тас тэврээд нэг давхарт буудаг байсан.
-Тэр нь яаж байгаа хэрэг вэ?
-Тэр нь Франц үнэртэй усны үнэрийг нь өөртөө шингээж байгаа хэрэг. Түүнээс биш би 60 рублийн цалинтай оюутан хүн 40 рублийн үнэтэй сүрчиг хэрэглэж чадахгүй шүү дээ. Тэгээд л ангидаа очиход Орос, Украйны охидууд чи ямар гоё үнэртэй ус хэрэглэдэг юм бэ гээд бөөн юм болно. Энэ нь эх орноо хамгаалж байна уу хамгаалж байна. Өөрийнхөө ядууг хамгаалж, аварч байна уу гэвэл тийм л гэсэн үг биз дээ. Арабууд Францаар дамжиж ирдэг байсан юм.
-Огт танихгүй хүнийг лифтэнд тэврэхэд чинь мэдээж дургуйцэж гайхна биз дээ?
-Тэдний дургуйцэх эс дургуйцэх хэнд хамаатай юм. Би тэдний усны үнэрийг л шингээж авсан бол болоо юм биш үү. Арабууд бяр муутай, сахалтай сахалгүй нөхдийг эгц урдаас тас тэврээд л нэг давхарт лифть зогсоход баярлалаа гээд буугаад явчихдаг байсан. Оюутан нас гэхээр заавал нэг дурсамж яриулах гээд байх шиг байна. Тэгэхээр энэ бол бүх зүйлийг агуулсан товчхон дурсамж мөн үү.
-Таныг харахад их ширүүн. Жүжигчидтэй ажиллахдаа бүр ч ширүүн байна биз?
-Би байгаагаараа л байдаг. Миний өөрийн араншин хүнд тэгэж харагддаг байх. Яагаад гэвэл юмыг өөрийнхөөрөө шууд хэлдэг. Би 20, 30 хүнтэй ажилладаг учраас тийм олон хүнд тохируулж ажиллана гэж байхгүй. Нэг л араншингаараа байх хэрэгтэй. Мэдээж би чиний дуу чинь ингэж ээрээд байна, дүрээ ингэж гаргаад байна гэж хэлэхгүй яах юм. Үнэндээ бол найруулагч хүн жүжигчний гал хамгаалагч, боол юм шүү дээ.
-Гэхдээ л олон жүжигчидтэй ажиллахад ямар нэгэн байдлаар бухимдах, уурлах үе гардаг байх аа?
-Нэг жүжиг тавихад их ажил болно. Нэг дүрийг гаргаж авах гэж жүжигчдийн дотоод эмзэг талруу нь хандах явдал байна. Жишээ нь нэг эмэгтэй жүжигчнийг уйлуулах, дүрийг нь амилуулах хэрэг гарч байгаа юм. Уйллаа ч нэг л сайн дүр нь гарч өгөхгүй болохоор нь “Чамд эр хүн тогтдоггүй” гэж хэлчихэд л тэр хүний эмзэг газар уруу нь хатгаад, тэр дүрийг гаргаад авчихаж байгаа юм. Тэр жүжигчин надад уйлаад та хүний зовлонгоор тоглолоо л гэж байсан ч дараа нь жүжиг тавиад дуусахад найруулагчаа баярлалаа л гэдэг байхгүй юу. Дүр гаргаж авахын тулд л ингэж байгаа болохоос биш тэр хүний дотоод амьдралд оролцоод байгаа юм биш. “Хөх чоно”-д тоглодог Дамдин нэг жүжгийн дүр авчихаад морин хуурыг буу шиг барьж яваад болдоггүй. Тэгэхээр нь би шоронгийн хулгайчаа наад морин хуураа аятайхан барьж яваач гэсэн чинь өнөөх чинь уурлаад сүйд боллоо. Тэгээд хэнээр заалгах юм гэнэ. Би энэ дээр хөгжимчид байгаа, очиж заалга гэсэн. Тэр надад Баатар аа чи ч шоронд орж болно ш дээ гээд их гомдсон. Нөхөр чинь буга агнасан хэргээр шоронд гурван жил суусан хүн. Мэдээж хүн өөрийнхөө амьдралд үлдсэн хар толбоос эмзэглэж л явдаг. Тэгээд л жүжиг сайхан болсоны дараа баярлалаа гэдэг л байхгүй юу.
-Тэгвэл найруулагчаас дүр авахын тулд жүжигчид тал засах явдал бол байна, тийм үү?
-Тийм зүйл огт байхгүй. Нябо хүн бол ажлаа хийгээд даргадаа таалагдаад явбал болоо. Жүжигчин хүн бол өөр. Хэрэв бусад албан тушаал шиг урлагт арын хаалга байх юм бол тэр мөхөл, үхэл.
-Таны хувьд хүүхдүүддээ хүртэл арай л өвөрмөц хэлж сургадаг байх даа?
-Би хүүхэд байхдаа тэднээс илүү нүгэл хийж байсан учраас юу ч хэлдэггүй. Юм хэлэх гэхээр өөрөөс заавал факт гардаг. Тиймээс огт юм хэлж сургадаггүй. Жүжигчдээ загнадаг шиг загнаж болдоггүй. Миний ганц уншаагүй ном бол миний хүүхдүүд.
-Тэднээс давсан нүгэл нь юу байхав?
-Би хүүхэд байхдаа бөглөө тоглоно, зодоон хийнэ, цонх хаглана. Би чинь халаасны хулгайчуудыг хүртэл зохицуулдаг хулгайч байсан учраас тэгэж хэлсэн хэрэг.
-Нөхөр Баатарын найз нар бол бас л өвөрмөц хүмүүс байгаа. Жишээ нь зохиолч найз нар бол олон бий байх?
-Надад нэг ч найз байхгүй. Би Б.Лхагвасүрэнгийн “Аав нь хүүгээ согтуу явахыг харахад Алтан ургийн багана ганхаж байх шиг харагдана” гэдэг шүлэгтэй л нөхөрлөдөг болохоос биш түүнтэй нөхөрлөдөггүй. Тэр төрийн шагналтай байна уу, алдар хүндтэй байна уу огт падгүй хэрэг. Тэгэхээр би зохиолчтой биш зохиолтой нь нөхөрлөдөг учраас надад найз байдаггүй.
-Б.Лхагвасүрэн найрагч бол сонин ертөнц. Та хоёр олон уран бүтээл дээр хамтарч ажилласан. Хоёр өвөрмөц ертөнцтэй хүний маргах муудах нь хүртэл сонин санагдаж байна?
-Их хэрэлдсэн, маргалдсан одоо ч маргалдаж, хэрэлдэж байна. Би түүнтэй хувийн ямар нэг зан чанарын асуудлаас болоод хэрэлдээд байгаа юм биш. Уран бүтээлийн төлөө хэрэлдэж байгаа юм.
-Найруулагч Баатар хайр сэтгэлийн асуудалд арай ингэж жүжигчидтэй болон бусадтай харьцдаг шиг ээ харьцаагүй байх аа?
-Дурлалын хувьд бол би ханиа вокзал дээрээс олсон. Анх таараад чи хаачих нь вэ гэхэд би нутаг буцаж байна гэсэн. Тэгээд л би энэ охинтой заавал уулзана гээд бодчихсон. Хайр гэдэг бол математик биш. Гэнэт л босоод ирдэг мэдрэмж. Одоо болтол тэр охинтой амьдарч байна. Би ер нь мэдрэмжээр амьдардаг.
-Урлагийн л хүн болсон хойно балгана. Бас болоогүй дээр нь жирийн бус харьцаа гаргана. Энэ үед хань чинь яаж хандах юм?
-Миний аав, ээж ч тэр, хань маань ч тэр. Баатараа чи ингэж хүнтэй хамаагүй харьцаж болохгүй гээд хэлдэг юм. Яахав эхлээд хоёр удаа зааснаар нь харьцахыг хичээдэг ч худлаа болдог. Нэг өдөр савж ирчихээд шөнийн хоёр цагт сэрлээ. Шартаад үхэх нь. Хөргөгч онгойлгоод хартал тал шил архи байна. Хийгээд л татах гэтэл манай хүн ар мөрөн дээрээс татаад Баатар аа чи долоо хоногт долоон удаа архи уудаг байсан бол одоо найман удаа архи уух болжээ гэсэн. Энэ бол намайг бусад шиг чи муу архичин хэтэрлээ, даварлаа гээд загнаж байгаа юм биш. Тэгээд би Т.Галсан гуайтай таараад “Галсан гуай таны тэр дөрвөн мөртүүд юу ч биш, манай хүн ингэж байна” гээд хэлсэн чинь Галсан гуай чи өөрөө наадхаа ойлгож байна уу гэсэн. Бас л ам уруугаа алагдуулж байхгүй юу. Ингэж л ах нь ханиараа яруу найраг хэлүүлсэн хүн дээ. Энэ бол аймаар үг. Харин би бусад шиг хүүхэн эргүүлээд худал хэлээд ханиа зовоож байгаагүй. Түүнээс биш би олон сайхан хүүхэнтэй ажиллаж байна шүү дээ. Би ийм гоё мэдрэмжийг анх удаа вокзал дээрээс олчихсон учраас хүүхний асуудлаас хол явдаг. Харин найман цагт очих байсан бол 10 цагт очиж, худлаа хэлдэг тал бий. Энэ бол яахав архиа л эргүүлж байгаа хэрэг. Би үе үе гоё болохсон гэж боддог ч тэгээд л мартдаг хүн байгаа юм.
-Ярих тусам их давилуу болох юм аа?
-Давилуу гэдэг чинь тэмдэг нэр. Ах нь давилуу биш. Би бусдыг дээрлэхдэг ч хүн биш. Гагцхүү бусад шиг хүнд ухаалаг болж харагдах ч юм уу, эсвэл үгээ цэнээд, хэлэх гэсэн зүйлээ хадгалаад байдаггүй. Шууд л хэлчихдэг нь бусдад ингэж санагддаг байх. Би бусад шиг худлаа тал засаад, үг хэлээ бодоод явж болох л доо.
-Сүүлийн үед жүжгийн зохиол гэж алга боллоо. Яах вэ, найруулагч аа. Ямар бодол байна?
-Яг үнэндээ миний хэлдэг зүйлийг асуучихлаа. Үнэхээр жүжгийн зохиол алга болсон. Л.Ванган, Д.Намдаг, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай гээд л болно. Тэгэхээр жүжгийн зохиолчийг мэргэшүүлэх хэрэгтэй болсон гэж боддог. Өнөөдөр ганганаж, гунганасан олон яруу найрагч залуу байна. Тэд ерөөсөө дотроо барьцаж бичээд байгаа юм. Өөрсдөө уншдаггүй. өөрийгөө л сонсгох, уншуулах гээд байдгаас биш хүнийг анзаарахгүй байгаа хэрэг. Ямар сайндаа надруу сониноос нэг сэтгүүлч утасдаад танаас ярилцлага авъя гэхгүй юу. Би ч тэг ээ л гэлээ. Тэгсэн чинь харин надаас драмын театр хаа билээ гэж байхгүй юу. Тэгэхээр нь би хуц, би чамд ярилцлага өгөхгүй гэсэн. Ийм байж яаж хүнтэй ярих юм бэ. Тэр новш театрт ирж ганц ч жүжиг үзээгүй байхгүй юу. Түүн шиг юу ч уншаагүй байж бичих гээд байгаа болохоор жүжгийн зохиол төрөхгүй байна. Манай аваргууд чинь өөрсөдтэйгөө биш Шекспиртэй барьцаж бичдэг байсан юм. Ч.Лодойдамба гуай Шолоховын “Дөлгөөн Дон”-ыг уншаад л Шолохов ийм юм биччихсэн байхад би яагаад чадахгүй гэж барьцаад л “Тунгалаг тамир”-ыг бичсэн. Иймээс тэд сайн байжээ. Ялангуяа жүжгийн зохиолыг бол маш сайн унших хэрэгтэй. Одоо тэр Д.Нацагдоржийн “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөртлөн ирнэ” гэдэг бол аймаар үг. Гаднаас технологи хулгайлж байгаа хэрэг. Гэтэл бид дотроосоо хулгай хийх юм. Яаж хөгжих вэ.
-Тэгэхээр таны хувьд бол хулгай хийж болно гэж үзэж байнаа даа?
-Шеспирээс, Пушкинаас, дэлхийн сонгодогуудаас яагаад хулгайлж болдоггүй юм. Жүжгийн зохиолчийн хоосон орон зай байна. Залуучууд маань тэгэхээр дэлхийн сонгодгуудыг уншаад тэдэнтэй барьцаж бичээч гэх байна. Үнэнийг хэлэхэд өөрөөсөө өөрийгөө олно гэж байдаггүй юм. Хүнээс л өөрийгөө олдог байхгүй юу. Би энд авьяасын тухай асуудал яриагүй. Мэргэших л хэрэгтэй.
-Киноны ертөнц бас л сүйрлээ. Сүүлийн үед хийсэн кинонууд үнэхээр хэцүү байна лээ шүү?
-Тэгэхгүй яах юм. Манайхан чинь өөрөө өөртөө найруулагч гээд нэр өгчихнө. Өөрөө өөртөө зохиолч, зураглаач, жүжигчин гээд нэр өгчих юм даа. Тэгээд худлаа рекламдаад шоуддаг. Үнэнийг нь хэлэхээр чи муу яахаараа дандаа ингэж хүн дарамталж байдаг юм. Хүний эрх гээд муу хэлдэг. Тэр ч бүү хэл хийсэн юмаа тэр чиглэл энэ чиглэл гээд нэр өгчихнө. Ийм байхад сүйрэл ирэхгүй яах вэ. Мөн л миний дээрийн хэлдэг шиг мэргэшүүлэх хэрэгтэй. Сайн зохиол байвал сайн найруулагч, сайн жүжигчид олон байна.
-Урлаг их харгис талбар. Хүний залуу нас, авьяас чадварыг аваад л хаядаг юм шиг ээ. Таны хувийн бодол юу байх юм?
-Урлагийн хамгийн харгис нь жинхэнэ уран бүтээлч байнга өөрийгөө занаж явдаг. Баатараа чи бусдыг хуулсан байна шүү, Баатар аа чи ингэх ёстой шүү гэж насан туршдаа өөрийгөө занаж явдаг.Түүнээс биш урлаг чиний нүдийг сохлох гээд, гэмтээх гээд байдаг харгис эд биш. Хүний өөрийн дайсан бол чи өөрөө л байдаг. Түүнээс чиний дарга биш, бусад тойрон хүрээлэгчид ч биш.
-Уран бүтээлч хүнд бүр нэг үхчихмээр тийм үе байдаг байх даа. Танд хэр олон тохиолдож байв?
-Үхэх гэж байгаа хүн хамгийн аймхай арчаагүй нөхөр байдаг. Үхээд өгье гээд хашгираад яваад байгаа нөхөр өөрт нь байгаа болж бүтэхгүй бүх зүйлээ орхиод өөрийгөө аваад явах гээд байгаа новш байхгүй юу. Тийм улсуудыг би үзэн яддаг. Тэгэхээр ахад нь үхэх тухай бодол орж ирж байгаагүй.
-Ингэхэд аль нутгийн хүн бэ?
-Би бусад шиг боржигон гэх ч юм уу, алтан ургийн хүн болох гээд байдаггүй. Хэрэв ингэж худлаа ярих юм бол ээж ааваа шийтгэсэн хэрэг болно. Миний ээж, аавын хаа төрсөн ч хамаагүй. Би өөрөө Улаанбаатарт төрсөн. Биеэ өвдөхөд нэгдүгээр төрөхөд очоод крантын ус уучихдаг юм.
-Та социализмийн үеийн жишгээр зүгээр л хуваарь аваад найруулагч болчихов уу. Эсвэл би найруулагч болно гээд зүтгээд байв уу?
-Надад найруулагч болох ямар ч сонирхол байгаагүй. Би 10 дугаар ангиа төгсөөд Электрон тооцооны машины инженерийн ангийн хуваарь авсан юм. Тэгээд зодоон хийж нэг нөхрийн толгой хагалчихаад хасагдсан. Тиймээс телевизид хоёр жил туслах найруулагчаар ажилласан. Тэнд хоёр жил болоход урлагийн бүхий л болох болохгүйг үзсэн. Түүний дараа Киевийн театр урлагийн дээд сургуульд явсан даа. Оросын школ дандаа ажиллаж байсан хүн авдаг. Урлагийн гал тогоонд байсан нөхрийг л авна. Урлаг эргээд нэхэх юм нь их хатуу учраас тэгэж байгаа хэрэг.
-Сурч байхад чинь манай алдартнуудаас хэн хэн байв даа?
-Манай телевизийн найруулагч хоёр Болд, Нарангэрэл бид дөрөв хамт очиж байсан. Хөгжмийн ангид Н.Жанцанноров байлаа даа. Намайг нэгдүгээр ангид очиход манай найруулагч Г.Доржсамбуу тавдугаар ангид суралцаж байв. Сургууль төгсч ирээд 1985 онд Э.Оюуны “Гарваа” жүжгийг тавьж байлаа. Харин дипломын ажлаа найруулагч Б.Мөнхдоржийн удирдлага дор Л.Ежовын “Гургалдайн дууч шөнө” жүжгээр хамгаалаад алж байлаа шүү дээ.
-Та дээр сайн жүжигчин олон бий гэсэн. Одоо энэ Т.Хуланг өсөх ирээдүйтэй сайн жүжигчин гэх юм. Үнэхээр сайн уу?
-Хулан шинэ залуу хүүхэд. Юутай ч ариухнаараа байгаа хүүхэд. Би бол одоогоор дундаж байна л гэж хэлнэ. Хэрэв тэр цаашаа задарвал мундаг жүжигчин болно. Би хайрладаг юм. Тэр хүүхдэд Ч.Түвшин ч дүр өгөөд, Н.Ганхуяг ч өгөөд, би ч өгөөд л байгааг бодоход тэр хүүхдэд нэг юм байнаа даа. Тэгэхээр Хулан илүү их задрах хэрэгтэй.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
chund tusarchuu, nileen yria bas argagui l jujigchinii aviyaas baijdee, arai l ert chorvoogoos yblaadaa,tengeriin orondoo sain aav bolooroi
Эр хүн байсан юм шүү.
ene ax zugeer l aav etseg hun mongoliin iim saihan AAVUUD xaa neg baigaadaa
huuhemseg obgon
Нас барчихсан ш дээ Юу бичээд байгаа юм бэ?
...жинхэнэ сайхан мужик байна даа...Баатар найруулагчид сайхан бүхнийг л хүсье дээ...