Ч.Улаан: Ж.Ганбаатарын санаачилсан Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 18

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан  үргэлжилж байна. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Жижиг дунд үйлдвэрийн хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. 5 дугаар сарын 4-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн юм.


УИХ-ын гишүүн Ч.Улаан: Жижиг дунд үйлдвэрийг цэгцлэх бодлого хэрэгжүүлэх гэж байгаад баярлаж байна. Ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулъя. Нийтийн хоолны салбар энэ хуулийн хүрээнд хамрагдах уу? Энэ нийтийн хоолны салбар төрийн бодлогын хаана нь байна вэ? Их онцлог салбар. Хамгийн түрүүнд хувьчлагдсан. Ажлын байр хамгийн ихээр бий болгодог, хамгийн уян хатан нөхцөлтэй. Үйлдвэрлэл борлуулалт хоёр нь хамт явдаг, хүмүүсийн хэрэглээнд шууд хүрдэг гээд хүнсний аюулгүй байдалд гол үүрэгтэй салбар. Хэрвээ энэ салбарт эрсдэл гарвал аюул үүснэ. Мөн тэдэнд төрийн анхаарал зайлшгүй хэрэгтэй. Цаашилбал татвар тайлан гаргах гээд. Тиймээс хэлэлцүүлгийн хүрээнд хамруулах ямар бодлого барьж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Нийтийн хоолны салбар бүрэн хамаарна. Гэхдээ 2.5 тэрбум төгрөгийн орлого олдог болсон тохиолдолд энэ хуульд хамаарахгүй болчихно. Хуулиндаа ийм байгаа. Хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэх ангилал бий. Аюулгүй байдлын тал дээр анхааруулж байгаа таны саналыг бид ойлгож байна. Цаашид анхаарал тавьж ажиллая.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Нийт ажиллах хүчний 53.8 энэ салбарт ажиллаж байна. Үүнээс 750 гаруй мянган хүн нийтийн хоолны салбарт ажилладаг. Манай салбар 3 сая иргэнээ экологийн цэвэр хүнсээр хангах үүрэг хүлээдэг. Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Харин 2.5 тэрбум гэж хязгаарлах нь зөв үү?  Их хязгаар тавихаар манай бизнес эрхлэгчид хөгжихгүй байгаа юм. Салбар удирдаж байгаа сайдын хувьд үүнийг таашаахгүй байна. Энэ хязгаарыг манай гишүүд бодоорой.


А.Түвшин




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top