Богд хаант Монгол Улсын үеийн тагнуулын үүргийг бадарчингууд голлон гүйцэтгэж байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 21

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар төрийн тусгаар тогтнолоо байлдан олсон монголчуудын үйл хэрэг эхний үед амжилтад хүрч, олон монгол угсаатан эвлэлдэн нэгдэж, нэгдмэл төр улсаа байгуулах талаар хийж эхэлсэн алхмууд нь юуны урьд хөрш их гүрнүүдийн зүгээс Монгол Улсыг хэрхэн үзэж, ямар чиглэл бодлого баримталж буйг мэдэх зорилгоор мэдээ, мэдээлэл олох, тэдгээрийн захиргаанд оршин байсан монгол угсаатнуудын байр суурийг тандан мэдэх ажил байв. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд  Богд хаан өөрийн итгэлт шадар түшмэдээр дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолд гаднаас учрах аюулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гадаад улс төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээлэл олох зорилгоор гадаад тагнуулын ажлыг тусгаар улсаа тунхаглан зарласан тэр үеэс явуулж эхэлсэн ажээ гэж Тагнуулын ерөнхий газрын эх сурвалжид дурдсан байна.. Гэхдээ тухайн үеийн тагнуулууд голчлон бадарчингууд байсан гэдэг нь түүхийн судалгааны явцад нотлогддог.

Хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэг орноор, япон хэмээх А.Данзан Япон, БНХАУ Гандан хийдийн аграмба лам Н.Хаянхирваа Орос, Халимаг, Туркт, барга лам Ц.Лувсанням Орос, Хятад, Төвд, нэрт түүхч, манжич Б.Буянчуулган Хаант Оросод удаа дараа, чин ван лам Л.Дашдэндэв Хятадад, “Цагаан” хэмээх хочтой лам Данзан Ил Тарвагатай болон Шинжааны нутгуудаар хэдэн жилээр явж байжээ. Тэд ихэвчлэн тэнүүлч бадарчингийн халхавчийг хэрэглэж байжээ.

Тагнуулч Хаянхирваагийн эхийг улсаас тэжээн тэтгэж байжээ

Богд хааны тагнуулын үйл ажиллагаанд тодорхой мэдэгдэж буй хүмүүсийн  нэг нь Их Хүрээний гавж лам, Богд хааны даалгавраар Орос болон Туркт тусгай үүрэг гүйцэтгэж, хожим нь улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах Дотоодыг хамгаалах газрын даргаар ажиллаж, их гүрний түрэмгий бодлогыг эсэргүүцэж, түүнийхээ золиос болон хэлмэгдсэн Намжилын Хаянхирваа юм.

1900 оны орчим Орос орныг зорьж, Халимагийн нэгэн хийдэд гурван жил орчим шавилан суужээ.

Судлаач  Г.Дүйнхэржэв “Намжилын Хаянхирваагийн улс төрийн намтар” судалгааны бүтээлдээ баримтуудыг харьцуулан судалсаны үндсэн дээр “Н.Хаянхирваад Богд хаант Монгол Улсын Засгийн газраас тагнуулын үүрэг өгч, зориуд бадарчин маягтай явуулсан бололтой. Түүнийг Орос улсад улсын тусгай зардлаар явуулаад эхийг нь улсаас тэжээж байсан гэж үзэх үндэстэй байна. Н.Хаянхирваа нь гавж зэрэгтэй эрдэмтний хувьд мартенист бүлэглэлд оролцож байсан нь улмаар тэр үеийн Оросоос дорно дахинд явуулах хэтийн бодлого, зорилготой ямар нэг хэмжээгээр холбогдож, нэвтэрч орсон бололтой. Тэрхүү мартенист бүлэглэлд оролцож явсан нь монгол төр, хаан эзнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж явсан албан ажил болж таарч байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Түүнийг Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед гадаадад тусгай үүрэг гүйцэтгэж байсан тухайд тодруулах бас нэгэн баримт нь тэрээр улс төрийн хэргээр баривчлагдан хоригдож байхдаа 1934 оны тавдугаар сарын 24-нд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Тэр үед тагнуулын ажлыг олон түмнээс нууцаар явуулах хэмээх явдалгүй. Харин эзэн хааны зарлиг хэмээн илэрхийгээр бүдүүлэг явуулж ирсэн.

Баатар захирагч тагнуулын бүх мэдээгээ өөрийн гараар бичдэг байсан

Олноо Өргөгдсөний хоёрдугаар оноос эзэн хаан Жибзундамба хутагт, шанзудба Бадамдорж, чин ван лам Дашдэндэв нар сүм хийдийн дотор тагнуулын байгуулалт хийж, Да амбан, Магсар бэйс харчуудын дотор тагнуулын ажил зохион байгуулж байхад Богдын дэргэд байсан Баатар захирагч тагнуулын ажилд товчлогчийн чанартай оролцож, гадаадаас ирсэн мэдээ зүйлийг Богдод нэвтрүүлэн өгөх ба Жибзундамба зэрэг дээд удирдагчдын гадаадад гарах ба дотоодын бүхий л бичиг хэргийг ерөнхийлөн эрхэлж байв. Баатар захирагч бүхий л мэдээг өөрийн гараар бичиж, Богдод өгдөг журамтай байв” хэмээснээс үзэхэд хаант төрийн энэ нууц ажлыг тодорхой мэддэг байсан,.

Судалгаанд мэдэгдэж буйгаар мэдүүлэгт дурьдагдан буй Баатар захирагч бол 1938 онд “японы тагнуул, хувьсгалын эсэргүү байгууллагын төв бүлгийн гишүүн” хэмээн хилс хэргээр хэлмэгдсэн лам Чойжамцын Баатар мөн бололтой. Тэрээр хилс хэргээр баригдан байцаагдахдаа “Богд Жибзундамбын дэргэд шадарлан 25 жил ажилласан” гэж мэдүүлсэн нь Н.Хаянхирваагийн мэдүүлэг дэх Баатар захирагчийн тухай мэдүүлсэнтэй таарч байгаагаас гадна Ч.Баатар нь Богдын сангаас хөрөнгө зарах эрхтэй байсан зэрэг нь түүнийг нэг хүн байсныг нотолж буй юм. Богд хаантай ойр байсныг батлах бас нэгэн баримт нь байцаагдаж байхдаа: “9 дүгээр Богдыг залах ажилд зориулан хувийн цагаан чулуун хөөрөг, 2 лангийн алтан бэлзэг 1-тэй туслах хэмээн санаж, хадгалан байсан нь үнэн” хэмээн мэдүүлснээс харж болох юм.

Мөн үеийн тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан тодорхой хэмжээнд мэдэгдэж буй хүмүүсийн нэг нь Жонон ван Ширнэндамдингийн тагнуулын үйл ажиллагааны асуудал бөгөөд  тухайн үеийн тагнуулын үйл ажиллагааг тодруулах баримт сэлт ховор бөгөөд Ширнэндамдин тайжийн 1931 онд улс төрийн хэргээр баривчлагдах үедээ өгсөн мэдүүлгээс зарим зүйлийг тодруулж болохоор байна. Тэрээр мэдүүлэхдээ: “... арван естэйгөөс эхлэн Манж амбан сайдын яамнаа алба гурван жил хааж, Чин Улсын эцсийн үед Хаалган хотноо Монгол-Дөрвөдийн албыг 40 жил шахам төлөөлж байсан. Ширнэндамдин би бол Монгол овогтны үндсийг хамгаалах бодлогыг хэдийнээс бодож эрмэлзсээр ирсэн нь одоо хэвээр болой. Миний бие Ардын засаг байгуулсны дараа Холбоот улстай гэрээ байгуулах хэргээр явахдаа бид Тагна Тува, Дотоод Монгол зэргийг монгол овогтонд нэгтгэх тухай уул гэрээнд оруулах саналыг гаргаж байсан боловч уг саналыг бусдад эзэрхэх гэсэн бодлого хэмээн хэрэгсээгүй болой” гэжээ.

Үүнээс үзэхэд Манжийн төрд итгэгдэж, томоохон албан тушаал хашиж, суурьшиж чадсан нь Монголын төр, түүний тагнуулын албаны алсыг харсан бодлого гэлтэй. Хожим Ардын Засгийн газраас түүнийг 1923, 1924, 1927 онд тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр Хятадад томилон илгээсэн бөгөөд Монгол Улсын гадаад байдал түгшүүртэй байсан тэр үед гадаад орны байдал, улс төрийн зүтгэлтнүүдийн санаа бодол, эрмэлзлийг тандан мэдэх даалгаврыг гурван удаа амжилттай биелүүлж, тухай бүр чухал мэдээ сэлт олж ирж байсны зэрэгцээ гадаадад амьдарч буй нөлөө бүхий монгол гаралтай хүмүүстэй холбоо тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан юм.   

1913 оны 1 дүгээр сард Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд “Японтой харилцаа тогтоох, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, Ар, Өвөр Монголыг хамаарсан тусгаар тогтнолын талаар Японы үзэл бодлыг лавлаж мэдэх”-ээр явсан хэрэг нь бүтсэнгүй буцан ирсэн байна.

Япон А.Данзанг Харбинд тагнуулаар явуулсан нь

Үүний дараа хэрэг явдлыг илээр явуулж болохгүйд хүрмэгц туршлагатай тагнуулч “япон” хэмээх А.Данзанг 1914-1915 оны үед Гадаад яамны сайд чин ван М.Ханддоржийн даалгавраар Харбинд явуулж, япончуудын Монголын талаарх байр суурь, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх болон дипломат харилцаа тогтоох боломж нөхцөл буй эсэхийг тандан мэдэхээр явуулж байв.

А.Данзан нь Богд хаант болон Ардын Засгийн хоёр төрийн нүүрэнд эх орныхоо үндэсний нэгдэл, тусгаар тогтнолын төлөө амь насаа хайрлалгүй зүтгэж явсан тагнуулч, “япон” хэмээн алдаршсан Москва, Бээжин, Токиод төрийн албаны өндөр зиндааны түшмэдээс эхлээд мэргэжлийн тагнуулчид, дипломатчид, худалдаачид хүртэл мэддэг байсан Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны харъяат бөгөөд Богд хаант Монгол Улсын тагнуулын томоохон төлөөлөгчдийн нэг юм.

А.Данзан Японд явсан тухайгаа хилс хэргээр баригдан 1932 оны хоёрдугаар сарын 24-нд мэдүүлэхдээ: “Миний бие урьд автономит засгийн үед Япон Улсад хувийн хэргээр зугаацан явахаар зохих газар мэдүүлэхэд тэр үеийн Гадаад яамны сайд Цэрэндоржоос чиний явах гэсэн чинь зүйтэй. Ер нь Монголоос Японд явсан хүн байдаггүй хэмээн хүлээн зөвшөөрч, тус хотноо байсан Сато хэмээх хүний хамтаар Японы нийслэл Токио хотноо очиж, Гадаад яамны зэрэг газруудаар очсон ба өөрийн хэргээр зугаацан явсан атал Японоос намайг их л хүндэтгэн үзэж, Гадаад яамандаа хүлээн авч, элдэв олон үзэсгэлэн ба цэргийн хэрэглэл, зэр зэвсэг тэргүүтнийг бүгдийг үзүүлсэн... Хамт явсан Сато бол урьд монгол газар тагнуулаар ирж байсан бөгөөд дараа 17 /1927/ онд Жанчхүү хотноо дахин учирсан” хэмээжээ. Үүнээс үзэхэд А.Данзан тэрхүү Сато гэгчийг Хүрээнд хэдэн жил суусан мэргэжлийн тагнуулч гэдгийг мэддэг байсан нь Богдын тагнуулын алба мэргэжлийн түвшингээр чамлалтгүй байсныг илтгэнэ.

Гурван улсын гэрээний дараа буюу 1916-1917 онд Монголын тагнуулын алба Монголын баяд, дөрвөдийн зарим ноёд бэйл Нацагдоржийн удирдлага дор нууцаар хуйвалдаж, Хятадын пүүсээр дамжуулан Үрэмч дэх Шинжаан мужийн захирагчтай холбоо тогтоон бэлэг сэлт, цалин пүнлүү шагнуулаад баруун хязгаарыг Монгол Улсаас салгаж, Шинжаан мужид нийлүүлэх гэсэн салан тусгаарлах гэсэн урвагчдын хэргийг шалган тогтоож, зорилго, үйлдлийг нь таслан зогсоож байсан байна.Хуйвалдагчдын хэргийг тагнуулын шугамаар “нарийвчлан сурвалжлан байцааж” бэйл Нацагдорж Хятадад захирагдахыг хүсч, Үрэмчийн захирагчаас ихээхэн шагнал авч, бусад ван, гүнгүүдийг ятган ухуулж, чуулган дарга, хошой чин ван Түгээмэл, туслагч жанжин Саруул, түгээмэл гүн Түмэнбаяр нарын хамт Хятадад дагаар орох бичиг зохион үйлдэж, уг бичигтээ Паньджунай, Бат-Ерөөлт далай хан Түмэндэлгэржав нарын гарын үсгийг хуурамчаар зураад Үрэмчийн захирагчаар дамжуулан Хятадын Ерөнхийлөгчид хүргүүлсэн болохыг тогтоожээ.  Хожим 1921 онд Ардын хувьсгалыг ялалтад хүргэх, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа сахин хамгаалах үйлсэд Богд хааны тагнуулын албанд зүтгэж явсан эдгээр хүн ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top